Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

 

  2025          05             28                                                 2025/ШЦТ/164                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч хяналтын прокурор Х.Ууганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин

Өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн *******т холбогдох 2530000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн тоот хашаанаас *******гийн эзэмшлийн "Ferrari cxso" гэх саарал өнгийн бичиглэлтэй хар өнгийн өнгийн, 27 инчийн дугуйтай, урдаа 3 араатай, хойд талдаа 8 араатай унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 727,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 05-06 цагийн хооронд Соёмбо хотхоны зүүн талаас ахын гэр рүүгээ Баруун-Урт сумын 9 дүгээр баг тоот руу алхаж явж байсан. Тэр үед хромон гутал өмсөөд, гутал хөл холгоод явж байсан. Дэнжийн гудамжинд явж байхад нэг айлын хашааны үүдэнд /хаалга нь нээлттэй байсан/ хар унадаг дугуй байхаар нь би унаад гэр рүүгээ явсан. Тэр оройноо дугуйг нь айлд нь хүргэж өгнө гэж бодож байгаад машин янзалж байгаад амжаагүй. 04 дүгээр сарын 09-ний өдөр эзэнд нь дугуйг нь хүлээлгэн өгсөн. Би унадаг дугуйг эзэн нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцаан өгсөн. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг,

 

хохирогч *******гийн “ Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Батзолбоогийн унадаг дугуйг гарааш дотроосоо гаргаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг тоот хашаандаа тавьсан. 04 дүгээр сарын 08-ны 08 цагт ажилдаа явах гээд гэрээсээ гарахдаа унадаг дугуйгаа байхгүй байгааг мэдсэн. Гэрийнхээ тэр хавиар хайж байгаад бүр олоогүй. Уг унадаг дугуйгаа 2024 оны 07 сард 850,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хулгайд алдсан гэх унадаг дугуй Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн аралтай, Firrari гэсэн саарал өнгийн бичигтэй, 27-той дугуйтай, урдаа 3 ардаа 8 ширхэг араатай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй унадаг дугуй байсан. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр улгайд алдсан гэх дугуйгаа цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тийм учраас одоо надад гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх мэдүүлэг,

Эд зүйлийг  хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд зүйл /баримт бичиг бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2502088 дугаартай “1. 2025 оны 4-р сарын байдлаар 27-той дугуйтай, урдаа 3 ардаа 8 араатай унадаг дугуйны зах зээлийн үнэ ь 726,666.7 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Хууль зүйн ойлголтоор “Хулгайлах” гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч *******гийн өмчлөлийн унадаг дугуйг авсан үйлдлийн улмаас хохирогчид 727,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч *******д 727,000 төгрөгийн  хохирол учирсан, шүүгдэгч 27-той дугуйтай, урдаа 3 ардаа 8 араа бүхий унадаг дугуйг буцаан өгсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн хулгайд алдсан гэх дугуйгаа цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тийм учраас одоо надад гомдол санал байхгүй” гэх хүсэлтээр нотлогдох тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон тэнсэж, албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч *******гийн 727,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх”  албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч *******т   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.             

  

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

6.  Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН