| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
2025 05 29 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530001470119 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
******* регистрийн дугаартай, *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Исгэрээ" хүнсний дэлгүүрийн баруун талд байх "Мандал" байрны зүүн талын авто машины зогсоолоос ухрах үйлдэл хийхдээ "Тoyota Prius Alpha-XW40 маркийн улсын дугаартай хар өнгийн хэрэгслийг 0,36 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэв.
Эрүүгийн 2530001470119 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой өөрийн 39-94 УНВ улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг Баруун- Урт сумын 1 дүгээр багийн Исгэрээ хүнсний дэлгүүрийн баруун талын Мандал хотхоны зүүн талын авто машины зогсоол дээр байрлуулж үлдээсэн юм. Тухайн орой машингүйгээр найзуудтайгаа гадуур гарсан юм. 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш 14.00 цагийн орчим найз Алтан-Одын хамт очиж машинаа авсан. Эхлээд бид хоёр дэлгүүр ороод 0.5 литрийн лаазтай пиво нэг нэгийг аваад зогсоол дээр үлдээсэн байсан машиндаа суугаад нэг нэг лаазтай пивоо уучхаад гэр рүүгээ явах гээд хойш ухрах үйлдэл хийж байтал цагдаагийн алба хаагч хойноос алхаж ирээд намайг шалгасан. Намайг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу” гэж асуухаар нь би “нэг лаазтай пиво уусан” гэдгээ үнэнээр нь хэлсэн. Тэгсэн намайг “согтолт хэмжигч багажаар шалгах хэрэгтэй байна” гэж хэлээд миний машиныг журамлаад намайг цагдаагийн газар руу авч ирж согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгасан. Би 0,36 хувийн согтолттой гэж гарсан. Миний өмнөх орой уусан архи сайн гараагүй байсан юм шиг байсан. Би жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгслийн жолооны ард сууж ухрах үйлдэл хийж замын хөдөлгөөнд оролцсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хэргийн 33-35 дугаар хуудас),
- Гэрч : Би 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус Замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг "Исгэрээ" хүнсний дэлгүүрийн хойд талын засмал зам дээр замын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 39-94 УНВ улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгсэл нь "Исгэрээ" хүнсний дэлгүүрийн баруун талын Мандалын байрны зүүн талын авто машины зогсоол дээрээс хойшоо ухарч гараад урагшаа дөнгөж хөдлөөд зогсчихоор нь очоод тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад Батцэнгэлийн Элбэгзаяа гэх жолооч байсан. Уг жолооч нь согтуурсан байж болзошгүй байсан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, 31.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн ******* регистрийн дугаартай түр саатуулан цагдаагийн газарт авчирч Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд 14 цаг 12 минутад согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад 0.36%-ийн согтолттой гарсан тул улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг саатуулж журамласан. Жолооч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж арга хэмжээ тооцуулсан байсан. Согтолт хэмжигч драйгер багажаар шалгах үйл явцыг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн баталгаажуулж ажилласан. Намайг тухайн тээврийн хэрэгслийг анх очиж шалгахад жолоочоос гадна Алтан-од гэх нэг зорчигч байсан. Өөр зорчигч байгаагүй. Тухайн зорчигч жолоочийн эсрэг талын суудалд зорчиж явсан. Тухайн зорчигч мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. 39-94 УНВ улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгсэл нь “Бичил глобус финанс” гэх банк бусын байгууллагын нэр дээр байсан. ******* нь хэлэхдээ “найзтайгаа 2-лаа машиндаа 1 бүтэн, 1 тал лаазтай пиво уусан” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хэргийн 18-19 дүгээр хуудас),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хэргийн 04 дүгээр хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хэргийн 05-06 дугаар хуудас),
- Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 11 дүгээр хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 13-15 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/181 дугаартай шийтгэврийн хуулбар (хэргийн 82-85 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 62-66 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 67-80 дугаарр хуудас),
- Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ДШМЗ/01 дугаартай магадлал (хэргийн 87-91 дүгээр хуудас)
- 39-94 УНВ улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хэргийн 9 дүгээр хуудас),
- Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 11 дүгээр хуудас),
- *******гийн Иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа лавлагаа (хэргийн 41-42 дугаар хуудас),
- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 43 дугаар хуудас),
- Цагдаагийн сангийн лавлагаа (хэргийн 47-59 дугаар хуудас),
- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 60 дугаар хуудас) зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Исгэрээ” хүнсний дэлгүүрийн баруун талын авто машины зогсоолоос Тояота Приус Альфа 40 загварын 39-94 УНВ улсын дугаартай автомашиныг амьсгал дахь спиртийн агууламж 0,36 промиль спиртийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би 2025 оны 02 дугаар сарын 22-ний 14.00 цагийн орчимд найз Алтан-Одын хамт 0.5 литрийн лаазтай пиво нэг нэгийг аваад “Исгэрээ” хүнсний дэлгүүрийн баруун талын авто машины зогсоол дээр үлдээсэн Тояота Приус Альфа 40 загварын 39-94 УНВ улсын дугаартай машиндаа суугаад нэг нэг лаазтай пивоо уучхаад гэр рүүгээ явах гээд хойш ухрах үйлдэл хийж байхад цагдаагийн алба хаагч ирээд шалгасан. Би нэг лаазтай пиво уусан гэдгээ үнэнээр нь хэлсэн. Намайг цагдаагийн газар руу авчирч Драгер багажаар үлээлгэн шалгахад 0,36 хувийн согтолттой гэж гарсан. Миний өмнөх орой уусан архи сайн гараагүй байсан юм шиг байсан ” гэх,
гэрч “2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа хамт Баруун-Урт сумын 1 дүгээр багийн "Исгэрээ" хүнсний дэлгүүрийн хойд талын засмал зам дээр замын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 39-94 УНВ улсын дугаартай Тоёота приус-40 маркийн машин дэлгүүрийн баруун талын зогсоол дээрээс хойшоо ухарч гараад урагшаа дөнгөж хөдлөөд зогсчихоор нь очоод шалгахад ******* регистрийн дугаартай ******* гэх жолооч согтуурсан байж болзошгүй байсан тул Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд 14 цаг 12 минутад согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад 0.36%-ийн согтолттой гарсан. Жолооч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж арга хэмжээ тооцуулсан байсан. ******* нь “найзтайгаа 2-лаа машиндаа 1 бүтэн, 1 тал лаазтай пиво уусан” гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүд,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/181 дугаартай шийтгэврийн хуулбар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ДШМЗ/01 дугаартай магадлал,
39-94 УНВ улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
*******гийн иргэний оршин суугаа хаягийн лавлагаа,
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл,
Цагдаагийн сангийн лавлагаа,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******гийн зүгээс “гэм буруугийн талаар маргаангүй” гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
5. Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, уг гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2025.02.27-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/181 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр,
тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,36 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 001797 дугаарын гэрчилгээтэй Alcotest-7510 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.
6. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota. Prius Alpha-XW40” маркийн 39-94 УНВ улсын дугаартай хар өнгийн хэрэгслийг 0,36 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэх саналтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоолгох саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн хэргийн шинж буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл дуусаагүй байхад дахин энэ төрлийн зөрчилд холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, энэ байдалдаа дүгнэлтий хийхгүй байгаа, өмнө удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух хаягтай болох хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг байнга оршин суух Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн хаягаар гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 минут 20 секундын бичлэг бүхий “2530001470119, Эд мөрийн баримт” гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 420 ( дөрвөн зуун хорин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн "2530001470119" гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай
8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН