Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 29

 
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Мөнхцэцэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие ХХҮЯ-ны харьяа Чойбалсан хотын ноос угаах үйлдвэрийн даргын тушаалаар 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс угаах цехийн лабазчинаар ажилд орж 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд 1985 оны 12 сарын 1-ний өдрөөс ******* аймгийн Нефть хангамжын баазад түгээгчээр ажилд орсон. Нефть хангамжын баазад ажиллаж байх үед манай боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр дээр маань бензин асгачихсан гэсэн. Нороод ямар ч тэмдэглэгээ нь харагдахгүй болсон байсан. Нефть хангамжын баазад ажиллаж байсан үеийн баримтуудыг олж өгсөн. Харин ноосны үйлдвэрт ажиллаж байсан тушаалууд бүрэн олдохгүй байна. Аймгийн архиваас ажилд орсон, чөлөө авч байсан тушаалууд олдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Ноосны үйлдвэрийн үйл ажиллагаа 1985 оноос зогсож хэдхэн хүнтэй ажиллаж, бусад хүмүүстээ чөлөө өгч байсан. Энэ үед би ажлаасаа гараад нефтэд орсон юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан болохоор цалингийн түүвэр авья гэж бодоогүй. Сүүлд хөдөлмөрийн дэвтрээ норгочихоод хөөцөлдсөн боловч олон хүний гар дамжаад бичиг баримт нь олдохоо больсон байна лээ. Тус үйлдвэрт хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуусан. Иймд миний шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг ХХҮЯ-ны харьяа Чойбалсан хотын ноос угаах үйлдвэрийн угаах цехэд 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл лабазчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь ХХҮЯ-ны харьяа Чойбалсан хотын ноос угаах үйлдвэрийн угаах цехэд 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл лабазчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох ******* аймгийн архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталгаажуулсан ХХҮЯ-ны харьяа Ноос угаах үйлдвэрийн даргын 1982 оны 11 сарын 29-ний өдрийн Ажилд авах, ажил өөрчлөн ажиллуулах тухай 144 дүгээр тушаал, ХХҮЯ-ны харьяа Ноос угаах үйлдвэрийн даргын 1985 оны 11 сарын 14-ний өдрийн Цалингүй чөлөө олгох тухай 205 дугаар тушаал, 1982-1985 онуудад төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Оюунчимэг, П.Мөнхжаргал нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч ******* нь ХХҮЯ-ны харьяа Чойбалсан хотын ноос угаах үйлдвэрийн угаах цехэд 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл лабазчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Мөнхцэцэгийг ХХҮЯ-ны харьяа Чойбалсан хотын ноос угаах үйлдвэрийн угаах цехэд 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл лабазчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тус шүүхийн 2017 оны 1 сарын 4-ний өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *******ийг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.ГАНЧИМЭГ