Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1073

 

 

 

 

 

 

 

 

 

С.Мн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01014 дүгээр шийдвэртэй, С.Мн нэхэмжлэлтэй, Г.Дд холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хохирол 22 176 304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхад хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Зөв.мн /www.zuv.mn/ сайтаар “ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг Боловсролын яаман дээр дахин давтагдах уу” гарчиг бүхий нийтлэлд “...тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.М гэгч яамныхаа болон харъяа байгууллагынхаа удирдлагуудад ажлаа өг гэж завсар зайгүй шахаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа. Мөн ажилчдаа загнан хашгичих, дорд үзэх, доромжлох нь хэргээс хэтэрч, эсэргүүцэл үзүүлсэн, өөрт нь таалагдахгүй байгаа ажилтнуудаа элдвээр дарамтлах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, гүтгэх, захиалгаар бичиг бичүүлэн шахалт үзүүлдэг аргатай нэгэн, ...С.М нь өөрт таалагдахгүй хүмүүсийнхээ жагсаалтыг гаргачихсан, тэдгээр хүмүүсийг ажлаас нь хал гэж сайддаа танилцуулдаг, ...С.М, Т.Ням-Очир, Б.Мөнхбат, Х.Галсанхүү, Н.Отгонбаатар нарын албан тушаалтнууд төрийн тендерээр хэрхэн тоглож, өөрсдийн кармаагаа дүүргэж байгаа талаар яамныхан ярьж байгаа” гэх агуулгатай зүйлсийг нийтэлж, Монголком.мн, Онцлох.мн, Чухам.мн, Инфо.мн зэрэг сайтууд мэдээллийг эх сурвалжаа болгон нийтэлсэн. Түүнчлэн, тус мэдээлэл фэйсбүүк, твиттер зэрэг сошиал хэрэглэгчдийн хүрээнд тархсан.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасны дагуу эдийн бус хохирлыг дундаж цалин хөлс болох 1 386 019 төгрөгийг дээрх сайтад мэдээлэл байршсан хугацаа буюу 4 сарын хугацаагаар тооцож, 5 544 076 төгрөгийг тархсан сайтын тоогоор үржүүлж 22 176 304 төгрөгийг гаргуулж, миний ажил хэргийн нэр хүндийг сэргээн, тараасан Зөв.мн сайтаар залруулга хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөрцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зөв.мн сайтын нийтлэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд гарсан шударга бус үйлдлийн талаар нийтэлсэн бөгөөд мэдээлэл нь бодит байдалтай нийцнэ. Тус яамны удирдлага солигдсон цагаас эхлэн сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад дарга удирдлагууд нь ажил хэргээ хэвийн явуулахаасаа илүүтэй талцал маргаан, зарга тасралтгүй үргэлжилж байсан нь олон нийтэд илэрхий болсон байдаг. Үүний үр дүнд олон шударга төрийн албан хаагч ажил хийх нөхцөлгүй болж, ажлаасаа халагдаж байсан. Уг үйл явдалд С.М холбоотой нь худал биш. Хариуцагч татгалзлаа нотлохоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, харъяа байгууллагад ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчдын тушаал, холбогдох утасны дугаар зэргийг гаргуулахыг хүссэн боловч шүүх хангаагүй. С.М нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын даргаар ажиллаж байх хугацаанд түүний талаарх сайтад нийтлэгдсэн мэдээлэл нь төрийн албан хаагчийн зан харилцаа, биеэ авч яваа байдалд нь шүүмжлэлтэй хандсан агуулгатай, захиалгаар орж ирсэн төлбөртэй нийтлэл юм. Бидний зүгээс бусдын нэр төрд санаатай халдан ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго агуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Мн ажил хэргийн нэр төрийг сэргээж, түүний нэр төрийг гутаасан мэдээ тараасан Зөв.мн сайтаар залруулж, няцаалт хийхийг хариуцагч Г.Дд үүрэг болгож, хариуцагч Г.Дгээс 22 176 304 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Долгосүрэнгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.М, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх эдийн бус гэм хорын шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорын шаардлагыг тодорхойлохдоо дундаж цалин хөлсийг үндэслэсэн байхад шүүх ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардсан мэт дүгнэлт хийсэн нь буруу юм. Дундаж цалин хөлсийг сэтгэл санааны хохирлыг тодорхойлоход ашигласан бөгөөд цалин хөлс буюу эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн шаардлага гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл, хуульд сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэхээр зааснаас биш нотлох баримтаар тогтоогдох ёстойг заагаагүй юм. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус хохирлын шаардлага хангагдах ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээллийг баримтжуулах зорилгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гар утасны бичлэгийг сидинд буулган хэрэгт өгч, гар утсанд үзлэг хийлгүүлэн нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт өгсөн боловч шүүх үндсэн эх сурвалж бус хуулбар болох сидинээс үзлэг хийж, дүгнэлт өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэдийгээр дээрх ажиллагаа нь үзлэг хийснийхээ хувьд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлоход ашигтай, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүлйин 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Г.Дд холбогдуулан ажил хэргийн хэр хүндийг сэргээлгэн, эдийн бус гэм хорын хохиролд 22 176 304 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...тараасан мэдээлэл бодит байдалд нийцсэн, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй” гэж маргажээ.

Зөв.мн домайн нэр бүхий мэдээллийн сайт Г.Дгийн нэр дээр бүртгэлтэй болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/452 дугаар албан бичгийн хавсралт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 104-105, 119 дэх тал/

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Зөв.мн мэдээллийн сайтад “ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг боловсролын яаман дээр дахин давтагдах уу” гэсэн гарчигтай нийтлэл тавигдаж, улмаар Чухам.ком, Монголком.мн, Онцлох.мн, Инфо.мн, Фэйсбүүк.ком, Твиттер.ком зэрэг мэдээллийн сайтуудад уг нийтлэл тараагдсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх 106-108 дахь тал/

Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй, харин нийтлэлд бичигдсэн С.Мн талаарх мэдээллийн үнэн зөв эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээхээр заасан.

Хэргийн баримтаас үзэхэд Зөв.мн мэдээллийн сайтад тавигдсан “ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг боловсролын яаман дээр дахин давтагдах уу” гарчиг бүхий нийтлэлд “...С.М нь яамны болон харъяа байгууллагын 20 гаруй ажилчдыг дарамтлан ажлаас халуулсан..., ...ажилчдаа доромжилдог..., ...өөрт таалагдахгүй хүмүүсийн жагсаалт гаргасан...., ...хуурамч орон тоо гарган өөрийгөө томилсон..., ... С.М, Т.Ням-Очир, Б.Мөнхбат, Х.Галсанхүү, Н.Отгонбаатар нарын албан тушаалтнууд төрийн тендерээр хэрхэн тоглож, өөрсдийн кармаагаа дүүргэж байгаа...” гэж бичигдсэн байна. Хариуцагч Г.Д нь уг мэдээлэл үнэн зөв, бодит байдалд нийсэн гэдгийг баримтаар нотолж чадаагүй учир түүнд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан үүрэг үүсчээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгч С.Мгийн ажил хэргийн нэр хүндийг сэргээн, түүний нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр залруулан, няцаалт хийхийг хариуцагч Г.Дд үүрэг болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч С.М нь сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөөр тооцон хариуцагчаас 22 176 304 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоохоор заасан. Нэхэмжлэгч С.М нь өөрийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсаны улмаас сэтгэл санааны хямралд орж улмаар хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлыг цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцсон мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлын үндэслэлээ “...үндсэн эх сурвалж болох гар утсанд үзлэг хийх ёстой байтал сидинд үзлэг хийсэн...” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сидинд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна. /хх 90, 99-101, 106-108 дахь тал/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн гар утсанд хийсэн бичлэгээ сидинд буулгасан гэж тайлбарлаж байх тул уг гар утсанд байгаа бичлэгт сидинээс өөр мэдээлэл агуулагдаж байгаа, тэр нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 339 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                 ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

            Ч.ЦЭНД