Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2022/0071

 

                                                                   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн  107 дугаар  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Г.Х

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Н

            Хариуцагч: Орхон аймгийн НДХУБ Д.Л, Д.Н нарын хоорондын

            Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн НДХУБийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/91 дугаартай актыг хүчингүй болгуулах” -ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н, хариуцагч Д.Л, Д.Н, гэрч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.       

        ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч  Г.Х нь Орхон аймгийн НДХУБ Д.Л, Д.Н нарт холбогдуулан “Орхон аймгийн НДХУБ-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/91 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

            2. Хариуцагч Орхон аймгийн НДХУБ Д.Л, Д.Н нар нь Г.Х-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 3 дахь хэсгийн 3.7.3-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 1721265 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх 20/91 дугаар “Улсын байцаагчийн акт”-ыг гаргажээ.  

            2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            1)  Г.Х “Г.Б хүүхдээ асрах чөлөөтэй байхдаа дахиад төрсөн ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн Зургаадугаар бүлэг 191 дүгээр зүйлд “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх” гэсний 3-т “Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.” гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад би Г.Б-т эмнэлэгийн хуудас бичиж олгосноороо ямар хуулийн заалт зөрчсөн болохоо ойлгохгүй байна.” гэжээ.

            4. Хариуцагч Д.Л, Д.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ”Нэхэмжлэгч иргэн Г.Х-ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Г.Х нь Орхон аймгийн НДХУБ Д.Л, Д.Н нарт холбогдуулан “Орхон аймгийн НДХУБ-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/91 дугаартай актыг хүчингүй болгуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.         

            2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч Д.Л, Д.Н нар нь Г.Х-ын “Орхон аймгийн НДХУБ-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/91 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж, зөвшөөрлөө бичгээр илэрхийлсэн.

            3. Хариуцагч нар нь иргэн Г.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үүнийгээ бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд тайлбарлан тэмдэглэлд тусгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Г.Х нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахгүй гэж тайлбарлан бичгээр илэрхийлсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ын Орхон аймгийн НДХУБ Д.Л, Д.Н нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн НДХУБ-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/91 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, 119/2022/0068/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

          3. Нэхэмжлэгч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА