Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 192

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Д.Мөнхцэцэг

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбатын өмгөөлөгч Б.Баясгалан,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сэлэнгэ, Э.Уянга, тэдгээрийн өмгөөлөгч Т.Мөнгөнхүү,

шүүгдэгч Д.Туяа, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Н.Цэнгүүн,

шүүгдэгч С.Түмэнбаяр, түүний өмгөөлөгч Р.Баярмагнай,

шүүгдэгч Х.Цогтжаргал, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа,

шүүгдэгч Я.Бүрэнбаяр, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

шинжээч А.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Их мэргэд овогт Дашдондогийн Туяа, Боржигон овогт Сүхбаатарын Түмэнбаяр, Улаалзай хөвдүүд овогт Хүнбишийн Цогтжаргал, Арслант овогт Яруутунгалагийн Бүрэнбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030054 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усан сэлэлтийн багш дасгалжуулагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Орчлон” дунд сургуулийн усан бассейны багшаар ажиллаж байсан, ам бүл 4, эх, 0-17 насны 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 44А дугаар байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Их мэргэд овогт Дашдондогийн Туяа /РД: ЦА79052501/.

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Орчлон” дунд сургуулийн усан бассейны аврагчаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр 1-17 насны 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-365А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Түмэнбаяр /РД: ХА85040612/.

 

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Виста” клубын аврагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 3-7 насны 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 53 дугаар байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаалзай хөвдүүд овогт Хүнбишийн Цогтжаргал /РД: УБ89120713/.

 

4. Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Орчлон” хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн багшаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр,  6 сартай хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын В-4-10 дугаар тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай  Арслант овогт Яруутунгалагийн Бүрэнбаяр /РД: ЛД90092401/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч Дашдондогын Туяа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлонгийн хүүхдүүд цэцэрлэг”-ийн усан бассейнд усан сэлэлтийн багшаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэгт ажилдаа хайнга хандсанаас ахлах 1 бүлгийн 4 настай эрэгтэй, Э.Оргил нь Виста Орчлон клубын жижиг усан бассейнд живсний улмаас нас барсан,

2. Шүүгдэгч Сүхбаатарын Түмэнбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” дунд сургуулийн усан бассейнд аврагчаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэгт ажилдаа хайнга хандсанаас ахлах 1 бүлгийн 4 настай эрэгтэй, Э.Оргил нь Виста Орчлон клубын жижиг усан бассейнд живсний улмаас нас барсан,

3. Шүүгдэгч Хүнбишийн Цогтжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” дунд сургуулийн усан бассейнд аврагчаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэгт ажилдаа хайнга хандсанаас ахлах 1 бүлгийн 4 настай эрэгтэй, Э.Оргил нь Виста Орчлон клубын жижиг усан бассейнд живсний улмаас нас барсан,

4. Шүүгдэгч Яруутунгалагын Бүрэнбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлонгийн хүүхдүүд цэцэрлэг”-ийн усан бассейнд усан сэлэлтийн багшаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэгт ажилдаа хайнга хандсанаас ахлах 1 бүлгийн 4 настай эрэгтэй, Э.Оргил нь Виста Орчлон клубын жижиг усан бассейнд живсний улмаас нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

                                                             

Шүүгдэгч Д.Туяа: “...Өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан, нэмж мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, маш их харамсаж байгаа...” гэв.

Шүүгдэгч С.Түмэнбаяр: “...Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан зүйл дээр нэмж мэдүүлэхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Я.Бүрэнбаяр: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү, үнэхээр их харамсаж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Х.Цогтжаргал: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шинжээч А.Оюунцэцэг : “...Дүгнэлтийг бүрэлдэхүүнтэйгээр гаргасан, Монгол улсад бага насны буюу 4 настай хүүхдийг усанд харгалзах хүнгүйгээр оруулдаггүй. Заавал эцэг, эх асран хамгаалагч байх ёстой. Онцгой байдлын газрын даргын тушаалаар аврагчийг 1 сарын хугацаатай бэлддэг, өөрөөр манайд аврагч бэлддэг сургалт байхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний талийгаач хүү 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. ...2015 оны 12 дугаар сарын 22-ны өглөө би 09 цаг 15 минутанд хүүгээ цэцэрлэгт нь оруулаад ...ангийн багшийг нь дуудаад хүүгээ хүлээлгэж өгөөд бүртгэлийн дэвтэр дээр нь гарын үсгээ зураад гарахад миний хүү гараа угаагаад үлдсэн. Өдөр 10 цаг 22 минутанд 77113399 дугаараас над руу нэг эмэгтэй хүн залгаад Оргил ус залгиж хахаад ухаан алдчихлаа, хурдан ир гэсэн. Би тухайн үед хүүгийнхээ цэцэрлэгийн замын урд талд байрлах Оргил худалдааны төв дотор явж байсан болохоор дэлгүүрээс гарч гүйгээд зам хөндлөн гараад цэцэрлэг рүү гүйж орсон. Би хүүгээ ус ууж байгаад хахаад ухаан алдчихсан гэж бодсон. Гэтэл усан бассейн рүү ор гээд ороход бассейны хажуу талын жижиг өрөөнд миний хүү дээш харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд толгойг нь хажуу тийш харуулсан байдалтай, тэнд байсан хүмүүс хахчихлаа гээд хамрыг нь сороод байхаар нь яагаад сороод  байгаа юм бэ гэхэд нэг эрэгтэй багш нь миний хүүг ус залгиад идсэн хоолондоо хахаад амьсгалыг нь боогоод байх шиг байна, тэрийг нь хуруугаараа гогдож авсан гэж надад тухайн үед ойлгуулж байсан. Би тухайн үед тэнд байсан хүмүүсээс эмч чинь хаана байгаа юм бэ гэж асууж байсан. ...Тэгээд хүүгийнхээ 2 хөлнөөс бариад гэдэс рүү нь шахах үйлдлийг 2-3 удаа хийсэн бөгөөд миний хүүгийн нүүр, уруул нь цэлдэн хөх болчихсон байсан хөлнөөс нь түлхэхэд бага зэрэг ус ам хамарнаасаа гаргасан. Тэнд байсан хүмүүс аав нь тайвшраад хол байж бай гэж хэлж байсан. ...Би хугацааг нь санахгүй байна, удалгүй түргэний эмч нар ирсэн. Эрэгтэй эмч нь миний хүүг доош нь харуулаад өвдгөн дээрээ тавиад нурууг нь тогшиж байсан. Тэгэхэд нь нэг эмэгтэй эмч чагнаж үзээд байгаа юм уу гэж хэлж байсан. Тэгээд зүрхэнд нь массаж хийж байгаад тариа хийсэн. Тэрний дараа шууд эмнэлэг явсан. ...ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Эмнэлэгт миний хүү амьсгалын аппаратанд байсан бөгөөд ухаан орохгүй 16 хоног байж байгаад 2016 оны 01 сарын 07–нд амьсгал хураасан...” /1хх-ийн 34-35/ гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: “...Бидний хайртай хүү насан эцэслэж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиосон. Иймээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хэзээ ч арилшгүй тул үрээ алдсан эцэг, эхийн хувьд бид гомдохгүй байхын аргагүй. ...Бидэнд бодитоор гарсан хохирол 35 сая төгрөгийг Орчлон цэцэрлэгийн зүгээс бүрэн төлсөн. Сэтгэл санааны болон бусад хохирлыг тус цэцэрлэгийн удирдлагууд харилцан ойлголцож шийдвэрлэсэн болно. ...Энэ эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хамтатган шийдвэрлүүлэх иргэний нэхэмжлэл байхгүй болно...” /3хх-ийн 156/ гэсэн,

Гэрч Ж.Бурмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Орчлонгийн хүүхдүүд цэцэрлэгийн эрхлэгчээр ажил томилогдсон. ...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08:30 минутанд ажилдаа ирсэн. ...Манай цэцэрлэгийн ресепшин Ариунжаргал /88091757/ ирээд “Та яаралтай бассейн дээр хүрээд ирээ ч” гэж дуудсан. Тухайн үед цаг 10 цаг 20-30 минут болж байсан байх. ...Би бассейн дээр гүйгээд очиход талийгаачийг багш нарын жижиг вакум шилэн өрөөнд оруулсан, газар хэвтүүлээд бассейны багш нар тойроод зогссон, нэг нь хиймэл амьсгал хийгээд цээжин дээр нь дараад байж байсан. ...Би очоод хүүхдийнхээ царайг харчихаад буцааж цэцэрлэгийн эмч рүү гүйсэн. Эмчид очоод “манай хүү тэнд амьсгалахгүй байна” гээд эмчийгээ дагуулаад очсон. Эмчийг дагуулаад буцаад очих үед сургууль цэцэрлэгийн удирдлагууд бүгд ирсэн, талийгаачийн аав нь ирсэн нилээн сандарсан байдалтай байсан. ...Талийгаач манай цэцэрлэгийн ахлах 1 бүлгийн ангид явдаг байсан. Ангийн багш нь Бүрэнбаяр гэж байдаг. ...Хичээлийн хуваарь нь 09 дүгээр сарын 2-ны өдөр батлагдсан. Талийгаачийн анги хуваарийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр даваа гарагт 09:50-11:50 хооронд бассейнд хичээл орох ёстой байсан. Гэтэл тэр өдөр талийгаачийн анги шинэ жилээ хийгээд маргааш өдөр нь буюу мягмар гарагт бассейнд орох байсан. Ахлах 2 бүлгийн ангийг оронд нь оруулсан юм. Тэгээд маргааш өдөр нь талийгаачийн анги нь өмнөх өдөр цагийг нь сольсон ангийнхаа оронд цагийн хуваарь дээр нь бассейны хичээл орсон юм. ...Шинэ жил эхлэхээс 7 хоногийн  өмнө энэ зохицуулалтыг хийгээд төлөвлөсөн байсан. Гэхдээ бассейнд орох ангийг зөрж оруулах талаар ямар нэгэн баталсан хуваарь байхгүй. 7 хоногийн өмнө ингэж зөрж оруулах гэж байгаа шүү гэж багш нартаа мэдээлэл өгөөд хүүхдүүд маань бассейныхаа хувцсыг тэр өдөр тааруулж авч ирсэн байсан. ...Би бассейнд оронгуутаа Туяа багшид хандаад “өчигдөр орох ёстой байсан ангийг өнөөдөр оруулж байгаа юм, эдний анги өчигдөр шинэ жилтэй байсан болохоор ороогүй” гэж хэлсэн. ...Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс хамгаалах урьдчилан сэргийлэх журмыг Сүхбаатар дүүргийн Орчлон цэцэрлэг болон Хан-Уул дүүргийн Орчлон цэцэрлэгт нэг журмыг баталсан. ...Миний мэдэж байгаагаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарыг үсэг зурж тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан журмаа хэрэгжүүлсэн. ...Хичээлийн хуваарийг өөрчлөх эрхтэй байдаг. Тэр үед шинэ жилийн үйл ажиллагаа давхардаад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ахлах 1 дүгээр бүлэг шинэ жилтэй буюу усан бассейн орох цаг давхарддаг өдөр байсан ба маргаашийн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ахлах 2 дугаар бүлэг шинэ жилийн үйл ажиллагаа давхардаагүй өдөр байсан. Энэ 2 ангийг зөрүүлэхдээ 7 хоногийн өмнө шинэ жилийн өдөр давхцуулахгүйгээр мэдээллээ өгсөн...” /1хх-ийн 41-42, 2хх-ийн 241/ гэсэн,

Гэрч Ш.Соёлзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Орчлон сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Манай Орчлон сургууль цогцолборт Дашдондогийн Туяа нь усан сэлэлтийн багшаар, Сүхбаатарын Түмэнбаяр нь аврагч багшаар ажиллаж байсан. Яруутунгалагийн Бүрэнбаяр нь бүлгийн багш хийдэг юм. ...Манай Орчлон сургууль усан сэлэлтийн багшаар Туяа, Бямбасүрэн нар ажиллаж байсан. Сургууль, цэцэрлэгийн усан сэлэлтийн багш гэж тусдаа байдаггүй. Манай Хан-Уул дүүргийн Орчлон сургууль, цэцэрлэг нь хамт байдаг учраас усан сэлэлтийн багш нар усан бассейн хичээл орохдоо сургуулийн насны хүүхэд болон цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээлийн хуваарийн дагуу хичээл ордог. Тусдаа багш орно гэж заагаагүй...” /2хх-ийн 242-243/ гэсэн,

Гэрч Д.Банзрагчмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Соёлзул Виста клубтэй гэрээг баталгаажуулсан. ...Манай Орчлон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд орох сургалтыг усан сэлэлтиийн багш Туяа хариуцдаг, харин аврагч нар давхар аврах талаас нь хариуцаж байдаг. Тэрнээс тусдаа цэцэрлэгийн усан бассейн багш, аврагч гэж байхгүй. ... 2015 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд усан бассейн хичээлд орж эхэлсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдэд нь 3-5 нас хооронд байдаг. ...Усан сэлэлтийн багш Туяатай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр 4-5 насны хүүхдүүдийг бассейнд оруулахаар харин 3 настай хүүхдүүдийг оруулахгүй байхаар хичээлийн хуваарийг хөтөлбөртөө тусгаж оруулсан. 2015 оны 10 дугаар сарын дунд үеэс бассейн хичээл орж эхэлснээс хойш Туяа багш хариуцаж хичээл орж эхэлсэн. Туяаг багшийг байхгүй үед хүүхдийг хэзээ ч оруулахгүй. ...2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж, ажиллах журмыг боловсруулж баталж гаргасан. ...Энэ журмыг гаргаж, боловсруулахдаа усан сэлэлтийн багштай ярилцаж гаргаад эцсийн байдлаар гарын үсэг зурж танилцуулсан. ...Туяа багшийн өгсөн өгсөн журам нь анхны төсөл, ноорог л байна. ...Би хоёр цэцэрлэгийг ерөнхийд нь хариуцаж ажилладаг бөгөөд цэцэрлэг бүрт цэцэрлэгийн эрхлэгч байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч нар цэцэрлэгийн ямар хичээл орох хуваарийг өөрчлөх, солих, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг...” /1хх-ийн 45-46/ гэсэн,

 

Гэрч Д.Дэлхийсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ 08:00 цагийн үед ирсэн. ...Би ахлах -1 дүгээр бүлгийн туслах багшаар ажилладаг ба ангийнхаа хүүхдүүдийг аваад 09:10 цагт цайнд оруулчихаад анги руугаа оруулж хүүхдүүдэд ус уулгаж бие засуулчихаад бассейний хувцсыг нь авхуулаад 20 хүүхэд ирснээс 3 хүүхэд нь бассейний нүдний шил малгайгүй гээд үлдэж 9 хүү 8 охин нийт 17 хүүхдийг бассейн рүү оруулж бүлгийн багш Бүрэнбаярт хүлээлгэн өгчихөөд цэцэрлэгийн эрхлэгч Бурмаагийн өгсөн үүргийн дагуу шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаа өөр бүлгийн хүүхдүүдийн хувцсыг солиход нь туслахаар явсан. Тэгээд 30-40 минутын дараа ирэхэд манай бүлгийн хүүхдүүд ангидаа суучихсан Бүрэнбаяр багш уйлчихсан хүүхдийн хувцас эвхээд зогсож байхаар нь юу болсон талаар асуухад “манай ангийн Оргил усанд живчихсэн, эмнэлэг рүү аваад явчихлаа” гэж хэлж байсан. Би тэрнээс хойш ангидаа хүүхдүүдээ өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулаад орой цэцэрлэг тарж хүүхдүүдээ эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн. ...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярихад Орчлонгийн хүүхдүүд цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан захирал Банзрагчмаагийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр баталсан Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс сэргийлэх ажиллах журмын “...2.1-д 2015 оны 09-р сарын 01-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг хүртэл усан сэлэлтийн багш нарт дасгах үүднээс бүлгийн багш усан сэлэлтийн багштай хамт бассейнд орно...” гэж заасан. “...2.2-д 12-р сарын 31-ний өдрөөс хойш бүлгийн багш ангидаа үлдэж цэцэрлэгийн туслах багш нар, усан сэлэлтийн багш, душны үйлчлэгчтэй хамт хүүхдийг душинд оруулж хичээлийг усан сэлэлтийн багш ганцаар явуулах ба туслах багш бассейний гадна байна. Зөвхөн 3 настай бүлгийн багш нар усан сэлэлтийн багштай хамт хүүхдүүдийг авч хичээлд орно...” энэхүү журамд заасны дагуу бүлгийн туслах багш нар хүүхдүүдтэй хамт бассейнд орох үүрэг байхгүй. ...Цэцэрлэгийн эрхлэгч Бурмаа багш ахлах 2 дугаар бүлэг, бэлтгэл 2 дугаар бүлгийн хүүхдүүдийн Шинэ жилийн арга хэмжээ болж байсан болохоор намайг хүүхдүүдийн хувцас солиход тусал гээд явуулсан байсан. ...Би нэг удаа хүүхдүүдийг усан бассейний хичээлд нь дасгах журмаар хамт орсон. Дахин бассейнд ороогүй. Ийм учраас хүүхдүүд усан бассейн хичээлд хэн нь сайн, муу байгаа талаар нь мэдэхгүй, би өөрөө усанд сэлж чадахгүй...” /4хх-ийн 4-6/

 

Гэрч Н.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборын боловсрол сургалтын байгууллагын Хан-Уул дүүрэг дэх салбарын гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах. ...Усан сэлэлтийн багш Д.Туяа нь Орчлон сургууль, цэцэрлэгт 2005-2006 оноос хойш л тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаандаа цэцэрлэг, сургуулийн аль алинд нь багшилж ирсэн. Хичээлийн хуваарь хөтөлбөр, аюулгүй ажиллагааны зааварчилга дээр бүгд дээр нь орох анги, нас, цэцэрлэг, сургууль бүрэн тодорхой байсан. ...Түмэнбаяр нь манай байгууллагад ажиллаад 4-5 жил болсон. Сүхбаатар дүүргийн клубд үйлчлэгч, аврагч хийж байгаад Хан-Уул дүүрэгт ирэхэд ажлын байрыг цэцэрлэгчээр 1 жил хадгалаад үргэлжлүүлээд аврагчаар ажилд авсан. ...Түмэнбаяр нь миний ойлгож байгаагаар Онцгой байдлын ерөнхий газраас аврагчийн үнэмлэхтэй, усанд сэлдэг болохоор аврагчаар ажилд авсан. 2015-2016 оны хичээлийн жил эхлэхэд бүх аврагч, багш нарыгаа нэгтгээд сургалт зохион байгуулсан...” /4 хх-ийн 7-8/

 

Гэрч Б.Мөнхсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орчлон сургуульд дээр байсан Виста клубын менежерээр ажиллаж байсан бол одоо Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах салбар Виста Клубын менежерээр ажиллаж байгаа. ...Клубын хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдаа удирдлагаар хангах, ажил үүргийг хувиарлах зэрэг бүхий л ажиллагааг хариуцдаг. Чийрэгжүүлэх, бялдаржуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “М Си Эс Стэйс” ХХК-ны хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу Виста клуб хичээлийн хэрэгсэл буюу усанд сэлэлтийг дэмжих хэрэгслээр хангах үүрэгтэй. Манай клуб усан сэлэлтийн хичээлийг хангах хэрэгслээр хангалттай хэмжээгээр хангасан байсан. Ер нь бол 60-70 орчим хүүхдийг хангахуйц усан сэлэлтийг дэмжих хэрэгсэл байсан. ...Виста клубын хувьд аврах хэрэгсэлд заагч мод 2 ширхэг, цагираг 4 ширхэг, аврагчийн сандал 1 ширхэг зүйлүүд байсан. Усан сэлэлтийг дэмжих хэрэгсэлд хөвөгч бүслүүр 28 ширхэг, хөвөгч тавцан 40 орчим ширхэг, хөвөгч бүслүүр 8 ширхэг, хантааз 12 ширхэг, бугуйн хөвөгч, хөлний хавчуурга 20 орчим зэрэг зүйлүүд байсан. ...2015 оны 09-р сарын 07-ны өдрөөс 2016 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т сурагчдыг хичээлийн хэрэгслээр хангаж ажиллахаар заасан байгаа...” /4хх-ийн 11/

Гэрч Г.Ариунжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2015 оны 12-р сарын 22-ны өдөр “М Си Эс Эстэйтс” ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, эрсдлийн менежерээр ажиллаж байсан. Орчлон Виста клуб нь бялдаржуулах, чийрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...2015 оны 12-р сарын 22-ний өдөр ажлаа хийгээд байж байтал Хйи-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М Си Эс Стэйтс” ХХК-ны Орчлон Виста клубын менежер Мөнхсүрэн над руу утасдаад “бассейнд цэцэрлэгийн 4 настай хүүхэд живсэн талаар надад тайлбарлаж хэлээд эмнэлэг аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэр үед ажлаа үргэлжлүүлж байгаад Орчлон Виста клуб дээр очоод тухайн нөхцөл байдлыг судлаж үзээд хариуцсан менежер ажилчдад хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвөлгөө өгсөн. ... “М Си Эс Стэйтс” ХХК-ны хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйг би хариуцдаг. ...Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад манай байгууллагад шинээр орсон ажилтангуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгыг өгдөг. Урьдилсан зааварчилга авсан ажилтан нь ажиллах ажлын байран дээрээ очоод ажлын байрыг ахлаж байгаа албан тушаалтнаас анхан шатны зааварчилгыг авч ажлаа хийж эхэлдэг. Аюултай ажил хийж гүйцэтгэдэг ажилтангуудад өдөр тутмын зааварчлагыг өгөх ёстой. ...Усан бассейний аврагч, багш нарын хувьд өдөр тутмын зааварчилгааг хариуцсан менежер нь өгдөг. Виста клубын хувьд менежерээр Мөнхсүрэн ажиллаж байсан...” /4хх-ийн 12/,

 

Гэрч А.Долгормаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... “М Си Эс Стэйтс ХХК”-нд Захиргаа, хүний нөөцийн ажилтангаар 2015 оны 08 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна. ...Бакалавр зэрэгтэй боловсрол мэргэжил шаардахгүй, усан спортоор 1-ээс дээш жил хичээллэсэн байх шаарлага хангасан хүнийг аврагчаар ажилд авдаг юм. ...Х.Цогжаргалын хувьд усан сэлэлтийн багш ОУ-ын хэмжээний мастер багш А.Тамир усан сэлэлтийн арга техник, ур чадварыг нь шалгаж авсан. Тэр нь болохоор 50 метр ар, өврөөр даллаж сэлэх, 100 метрийн бассейнд шумбах байдлаар чадварыг шалгаад авч байсан юм...” /4хх-ийн 13/,

 

Гэрч В.Болдмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1996 оноос хойш Энх-Орчлонхүү авто сургуулийн захирлаар одоог хүртэл ажиллаж байна. ...Архиваас шүүгээд үзэхэд манай сургуулийг Сүхбаатар овогтой Түмэнбаяр гэх хүн 2011 онд төгссөн нь үнэн байна. Ерөнхий болон дээд боловсрол эзэмшсэн хүнийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн хүнийг сургалтанд хамруулах үүрэгтэй. Энэ утгаараа төлбөр мөнгө төгрөгөө төлөөд орсон байх гэж бодож байна. Замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг онлайнаар болон гэрээр хувиараа сурч болно гэсэн заалт байдаг. Тийм учраас дүрэмд заавал хичээлд хамруулах шаардлага байдаггүй. ...Тестийн журмаар бодлогыг бичгээр шалгалт авдаг. Ерөнхий боловсрол эзэмшээгүй хүн уг тестийн бодлогуудыг нүдээрээ тогтоох, зургаар нь цээжлэх тохиолдол байдаг. Эсвэл сайн сурдаг сурагчидтай хамт нэг ширээнд сууж нөгөө хүнээрээ гуйж бөглүүлэх...” /4хх-ийн 14/,

 

Шинжээч Ц.Бадмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжээчид тавьсан асуултад хариулж, №2016/03 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан юм. Ажлын байрны тодорхойлолт боловсруулж мөрдүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 Ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах гаргах, 51 дүгээр зүйлийн 51.1 Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно“ гэсэн заалтуудыг биелүүлэх шаардлагатай эрх зүйн акт юм. ...Дээрхи дүгнэлтэнд  тусгагдсан усан сэлэлтийн багш Д.Туяа, аврагч Түмэнбаяр, бүлгийн багш Бүрэнбаяр, Орчлон цогцолборын СӨБ хариуцсан захирал Банзрагчмаа нар нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байдаг. Үүнд 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм технологийн гормыг чанд мөрдөх үүрэгтэй, мөн 18.2.8 дэх хэсэгт ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагын биелүүлж ажиллах үүрэгтэй гэж заасны дагуу “Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам” холбогдох заалтуудыг биелүүлж ажилаагүй байна...” /1хх-ийн 49/ гэсэн,  

 

Шинжээч А.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03-р сарын 17-ны өдрийн цагдаагийн байгууллагаас ирсэн тогтоолын дагуу Монголын усан спорт сонирхогчдын холбооны багш, дасгалжуулагч Сүхбат, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Дамдинрагчаа, Бямбасүрэн, Хонгорзул нарын хамтаар 2015 оны 1-р сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Орчлон Виста клубын усан бассейнд 4 настай Э.Оргил нас барсан хэрэгтэй уншиж танилцан шинжээчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг хэргийн материалд хавсарган баримтад тулгуурлаж гаргасан. Усанд сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтэлээс урьдчилан сэргийлж ажиллах журам гаргаж түүнийгээ баталж мөрдүүлэн ажилласан байдаг. Журам анхнаасаа гарахдаа учир дутагдалтай гаргасан. Жишээ нь уг бассейнд хүүхдийг оруулахдаа 1 удаадаа 12-15 бага насны хүүхдүүд орох ёстой гэж үзэж байгаа боловч албан ёсоор хүүхдийн тоо заасан дүрэм, журам байхгүй. Журмынхаа 2.2, 2.6, 2.7 дахь заалтыг усан сэлэлтийн багш , аврагч, бүлгийн багш зөрчсөн байсан. ...дүгнэлт гаргахдаа шалгаж үзэхэд аврах болон дэмжих хэрэгслүүд байсан, гэхдээ талийгаач хүүхдийн дэмжих хэрэгсэл болох бүс нь дундаа ганцхан тогоочтой харагдсан, тэр нь усанд сэлэх, урагшлах мөчид хойшлоод бөгсрүүгээ орсон. ...Дэмжих хэрэгслийг хүүхдэд зүүж хэрэглүүлэхдээ сул байна уу, чанга байна уу гэдгийг тохируулах ёстой, бичлэг дээрээс харахад шалгаж үзээгүй хийж байгаа харагдсан...” /4хх-ийн 15-16/

 

Шинжээч Д.Цэцэгбадам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Туяа нь усан сэлэлтийн багш гэсэн албан тушаалтай. Энэ албан тушаал дээр ажиллаж байсан. Сургуулийн, цэцэрлэгийн усан сэлэлтийн багш гэсэн албан тушаал байхгүй байна. Зөвхөн усан сэлэлтийн албан тушаал байна. Тэгэхээр нь Д.Туяа нь тухайн хүүхэд осолдсон өдөр болон 4 настай хүүхдүүд усан сэлэлтээр хичээллэж эхэлсэн анхны өдрөөс нь усан сэлэлтийн багшаар ажиллаж байсан байна...” /3хх-ийн 82-83/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Туяа мөрдөн байцаалтын шатанд  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хүүхдийг асран хамгаалах үүрэг бүхий ажилтан биш, сургуулийн 1, 3, 5, 7, 9, 11 дүгээр ангид усан сэлэлтийн багшаар хичээл ордог, гэрээ тэгж байгаа. ...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...хуваарийн дагуу 1Б, 7А, 7Б, 3Б ангид хичээл орж эхэлж байсан. 1Б анги анги хичээл ороод байж байтал цэцэрлэгийн дүүшинд хүүхдүүд орж ирээд бужигнаад байсан. ...Манай цэцэрлэгийн эрхлэгч Бурмаа явж байхаар нь энэ юу болж байгаа юм бэ гэж хэлэхэд Бурмаа эрхлэгч бассейн рүү орж ирээд бүтан сар хичээл орохгүй, эцэг, эхийн хэл ам аймар, энэ ангийн оруулчих гэхээр нь үгүй хуваарийн дагуу орох ёстой гэж хэлээд оруулахгүй байж байтал тус ангийн багш Бүрэнбаяр эмэгтэй хүүхдүүдийг аваад ороод ирсэн. ...Бурмаа багшид хандаад хуваарь сольж хүүхдүүдийг оруулаа гэж байгаагаа урьдчилаад хэлж мэдэгдэхгүй яасан юм бэ гэж хэлтэл Бурмаа баг өөрөө ганц удаа оруулчих л даа гээд гуйгаад байхаар нь оруулсан. ...Тэгээд хүүхдүүдийг хүлээж аваад усан бассейн луу оруулахдаа тухайн үед манай бассейн дээр хангагдсан байсан хөвөгч бүсийг хүүхдүүдийн бүсэлхий хэсэгт нь зүүж өгсөн. Тэр үед 1-р анги орж байсан болохоор 1-р анги, цэцэрлэгийн хүүхдүүд усан бассейнд орж байгаа талаар хяналт үргэлжлүүлж тойроод явж байгаад цаана орж байсан 1-р ангийн хүүхдүүдийг гаргаад цэцэрлэгийн хүүхдүүдийг орж ирнэ гэж тооцоолоогүй болохоор би өөрөө ариун цэврийн өрөө орох зайлшгүй шаардлага гарсан тул аврагч Түмэнбаярт хэлээд явсан. Ариун цэврийн өрөө ороод сууж байтал эмэгтэй дүүшний үйлчлэгч Насантогтох намайг Туяа нэг хүүхэд гээд хэлэхээр нь сандраад гүйгээд гарсан. Тэгсэн харин багш нарын өрөөнд Түмэнбаяр хүүхдийг өвдгөн дээрээ доош нь харуулчихсан нуруунд нь массаж хийж байсан. Тэгэхээр нь дээш харуулж хэвтэж байгаад хүзүүн доор нь юм эвээд толгойг нь гэдийлгээд хамрыг нь чимхээд ам руу нь хиймэл амьсгал хийгээд Түмэнбаярыг цээж хэсэг дээр нь даруулсан. Тэгсэн харин хоолой хэсэг дээр нь хоол хүнсний зүйл гарч ирээд буцаад орохоор нь тэрийг нь сороод гаргаж байсан. Энэ хооронд Виста клубын аврагч Цогтжаргалд удирдлагуудыг бүгдийг нь дууд гэж хэлээд түргэн иртэл Түмэнбаяр бид хоёр хиймэл амьсгал хийж байсан. Түргэнээс түрүүлээд Э.Оргилын  төрсөн эцэг ирсэн харагдаж байсан. Хамаг анхаарлаа хүүхдэд төвлөрүүлсэн байсан. ...Э.Оргилын орж байсан усан бассейн  нь жижиг усан бассейн байгаа юм. Уг усан бассейнд цэцэрлэгийн 4 настай, 5 настай, сургуулийн 1, 2, 3 дугаар ангийн хүүхдүүд ордог бассейн. ...Би усан бассейнд орж байсан хүүхдүүдийг нийтэд нь харж байсанаас хүүхэд нэг бүрийг анзаарч хараагүй юм. Миний урдхан талд хөдөлгөөн байхгүй явж байхыг тэр үедээ анзаарч хараагүй, дараагаар нь камерын бичлэгээр үзээд маш их харамссан. ...Харин энэ хүүхэд живсэн нь миний хайхрамжгүй, алдаанаас болсон маш их харамсаж байна.  ...Захирал Банзрагчмаа над руу майл хаягаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр журам явуулсан. Би тэр журмыг хэвлэж гаргаад мөрдөж ажиллаж байсан. Энэ хэрэг гарсаны дараагаар мөрдөн байцаагч материалаа авчирж өгөхийг шаардахад цэцэрлэгийн эрхлэгч Бурмаа захирал Банзрагчмаагийн тэмдэг, гарын үсэгтэй Орчлон-1 сургууль дээр хэрэгжиж, мөрдөгддөг журмаа өөрчилсөн хуулбар материалыг авчирж өгсөн байсан. Надад өмнө өгсөн журамтай солигдсон байсан. Энэ хоёр журам нь ялгаатай. Орчлон-1 дээр хүүхдүүд нь эрэгтэй, эмэгтэйгээр хуваагдаж 14 хоногт 1 удаа ордог. Орчлон-2 дээр хүүхдүүд нь эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүйгээр бөөндөө 7 хоногт 1 удаа ордог. Тухайн 1 дүгээр бүлгийн хичээлийн шинэ жил нь 1 дэх өдөр болсон учраас 2 дахь өдрийн хичээлийг нөхөж оруулсан гэж л Бурмаа эрхлэгч хэлж байсан. ...Надад мэйлээр явуулсанаа танилцуулаад хэвлэж гаргаж ирсэний дараагаар бүх багш нараар гарыг үсэг зуруулаад Виста орчлонгийн багш нарын ширээний дээд талын буланд байрладаг байсан. Сүхбаатар дүүргийн журам дээр Хан-Уул дүүргийн журмын төгсгөл хэсгийг нэмж оруулаад Хан-Уул дүүргийн журам гэж үзүүлээд надад огт танилцуулаагүй журмыг танилцуулсан мэтээр гарын үсэг зурсан хүснэгтийг ард нь хавсаргасан байна. ...Би Виста клуб болон Орчлонгийн хүүхдүүд цэцэрлэгтэй ажиллах хөдөлмөрийн гэрээ байхгүй. Зөвхөн Орчлон Олон Улсын дунд сургуультай ажиллах хөдөлмөрийн гэрээтэй. ” /1хх-ийн 103-104, 2хх-ийн 244-245/ гэсэн,

  

Шүүгдэгч С.Түмэнбаяр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  “...Би 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 11 дүгээр хороололд байрлах Орчлон сургууль, клубт анх дүүшний үйлчлэгчээр ажилд орсон. ...2015 оны 8 дугаар сард усан бассейн аврагчийн 2 өдрийн 2 цагийн сургалт явагдсан. Тэр сургалт төгссөн, надад Орчлон сургуулиас гарын үсэггүй, албан ёсны бус сертификат олгосон байсан. ...Намайг усанд сэлж чаддаг, өмнө аврагчийн сургалтад хамрагдсан болохоор аврагч хий гээд Орчлон сургуулийн захирлын тушаал гараад аврагчаар томилогдсон. ...2015 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 1В ангийн 20 гаруй хүүхэд 09 цаг 10 минутад орж ирсэн. ...Туяа багшаас өнөөдөр цэцэрлэг орохгүй биз дээ гэхэд Туяа багш орохгүй гэж хэлсэн. ...Удалгүй цэцэрлэгийг хүүхдүүдийг багш нь дүүшинд оруулаад ирсэн. Туяа багшид хандаад өнөөдрийн цагийн хуваарь биш хүүхдүүд оруулаад ирсэн байна гэхэд Туяа багш асуугаад ирье гэхээр нь эрэгтэй хүүхдүүдийн хувцасыг нь тайлуулахгүй, оруулахгүй зогсож байтал ангийн багш Бүрэнбаяр өнөөдөр оруулна, Туяа багштай ярьсан гэхээр нь Туяа багшаас лавлахаар очтол цэцэрлэгийн эрхлэгч Бурмаатай ярилцаад зогсож байсан бөгөөд Бурмаа багш энэ удаадаа оруулчих, 1 сар хүүхдүүд амарна гээд гуйгаад байсан. ...Туяа багш оруулчих гэхээр нь хүүхдүүдийг хүлээж аваад Бүрэнбаяр багш хүүхдүүдийг усанд оруулаад үлдсэн. ...Хуваарийн дагууд 1 дүгээр ангийн хүүхдүүдэд анхаарлаа хандуулаад байж байтал Туяа багш надад чи сэлж чаддаг хүүхдүүдээ самбарыг нь бариулаад том бассейн рүү оруулчих гэхээр нь 1 дүгээр ангийн сэлж чаддаг хүүхдүүдийг самбарыг нь бариулаад том бассейнд оруулаад сэлж чаддаггүй хүүхдийг жижиг бассейнд үлдээсэн. Тэгтэл цэцэрлэгийн хүүхдүүд орж ирээд холилдсон. Туяа багш цэцэрлэгийн хүүхдүүдийн хөвөгчийг зүүлгээд оруулж байсан. ...1 дүгээр ангийн хүүхдүүдийг бүгдийг нь гаргаад цэцэрлэгийн хүүхдүүд тал нь орж ирээд, тал нь цуваад орж ирж байсан. Тэгэхэд Виста клубын жижиг усан бассейны аврагч Цогтжаргал ажилдаа хоцроод ирсэн. Цогтжаргалын хамтаар цаад талын баганаас хүүхдүүдийг хараад зогсож байсан. Нөгөө ээлжийн усан сэлэлтийн багш Бямбасүрэнтэй тоглоод ноцолдож байгаад больсон чинь Цогтжаргал хүрээд ирсэн. Цогтжаргалтай юм яриад цаашаагаа хүүхэд үсрээд байна гээд очихын хооронд Цогтжаргал хүүхэд живсэн байна гээд бассейнаас татаад гаргаад ирсэн. Туяа ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд явсан байсан. Хүүхдийг Цогтжаргал аваад багш нарын өрөө рүү оруулаад хиймэл амьсгал хийгээд аман дотор нь байсан хоол ундыг нь бүгдийг гаргах, аврах ажиллагаа хийсэн. Тэр нь хиймэл амьсгал, цээж хэсэг дээр нь дарж иллэг хийх эрэг арга хэмжээ авч байсан. ...Орчлон олон улсын дунд сургуулийн 1, 3, 5, 7, 9, 11 дүгээр ангиудад усан сэлэлтийн багш Туяагийн хамтаар усан сэлэлтийн хуваарийн дагуу хичээл ороход усан бассейнд аврагчаар ажиллаж, хүүхдийг живэх тохиолдолд аврах үүрэгтэй. Би цэцэрлэгийг хүүхдүүд усан бассейн орж ирсэн тохиолдолд авран хамгаалах үүрэг байхгүй. ...Туяа багш Э.Оргилын бүсэлхийгээр хөвөгч бүсийг зүүж өгсөн. Усан бассейнд орсон бүх хүүхдийн бүсийг зүүж өгдөг. ...Орчлон ОУ-ын дунд сургуулийн Э.Оргилын орж байсан жижиг усан бассейны аврагчаар Виста Орчлон клубын аврагч багш Цогтжаргал хариуцаж, би сургуулийн 1в ангийг хариуцаж байсан. ...Надад сургуулиас гаргасан журмын талаар албан ёсоор танилцуулж, гарын үсэг зуруулаагүй...” /1хх-ийн 106-107/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Цогтжаргал мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Виста клубд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс усан бассейн аврагч багшаар ажилд орсон. ...2015 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажилд дээрээ ирсэн. ...Орчлон бүрэн дунд сургуулийн усан сэлэлтийн багш Туяа, аврагч Түмэнбаяр нарын усан сэлэлтийн хуваарь дээр 1 дүгээр ангийн хүүхдүүд орохоор байсан 1 дүгээр ангийн хүүхдүүд орж жижиг усан бассейн оруулсан. Оруулаад удаагүй байж байтал 10 цаг 20 минутын үед дараагийн анги орж ирэх ёстой байж байтал хичээлийн хуваарьт байхгүй цэцэрлэгийн 4 настай хүүхдүүдийг оруулсан гэж Туяа багш, Түмэнбаяр багш нар ярьж байсан. Тэгээд удаагүй байж байтал жижиг бассейнд нэг хүүхэд хөвж байгаа хүүхдийг барьчихсан байхаар нь хараад шууд уснаас татаж гаргаж ирээд анхны тусламжийг үзүүлсэн. ...Миний ажил үүргийн хуваарийн хувьд Виста клубт төлбөрөө төлөөд явж байгаа гишүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Манай Виста клуб Орчлон бүрэн дунд сургуульд усан байсныг түрээслэдэг. Сургуулийн насны хүүхдүүдийг орж ирэхэд усан сэлэлтийн багш, аврагчийн хамтаар орж ирдэг. Би клубын аврагч учраас сургуулийн хүүхдүүдийг орж ирэхэд бассейнд байсан бөгөөд эд хөгшил, гадны хүн орох, халуун жакуз, хүйтэн жакуз, уурын сауныг түрээслэгч нар түрээсийнхээ дагуу орж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байх ёстой юм. ...Цэцэрлэгийн анги орж байсан болохоор Орчлон сургуулийн аврагч нар өөрсдөө хариуцах ёстой байдаг. Харин тэр үед хүүхэд жижиг усан бассейнд орж байсан болохоор Орчлон бүрэн дунд сургуулийн аврагч Түмэнбаяр хариуцах ёстой. ...Би сургуулийнхан нь багш, аврагч нар байсан болохоор хүүхэд нэг бүрт анхаарлаа хандуулаагүй нь миний буруу...” /1хх-ийн 109-110/ гэсэн,

 

Шүүгдэгч Я.Бүрэнбаяр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай ангийн хүүхдүүд усан бассейнд орох ёстой байсан боловч ангийн шинэ жилтэй байсан учраас 22-нд усан бассейнд орох ёстой байсан ангитай солигдож орсон. Тухайн өдөр манай ангийн 17 хүүхэд усан бассейнд орсон. Үүнээс 8 эмэгтэй, 9 эрэгтэй хүүхэд байсан. Би ангийнхаа охидуудыг 9 цаг 35 минутанд дүүшинд оруулсан. Би охидуудаа усанд оруулчихаад Туяа багш Түмээ аврагч багш хоёрт 8 охиноо гаргаж өгөөд хөвгүүдийн дүүш рүү орж хөвгүүдээ угаачихаад гарч ирсэн. Тэгэхэд Туяа багш, Түмээ аврагч хоёр бэлхүүсээр нь аврах бэхэлгээг зүүж байсан. Хүүхдүүдээ хүлээлгэж өгөөд багш нарын өрөө рүү явж ирцээ бүртгүүлээд байж байтал Туяа багш араас орж ирсэн. Тэгээд би дүүш рүү орж хүүхдүүдийнхээ юм нарыг цэгцэлчихээд гараад ирэхэд хүүхэд осолдсон байсан. Тэгээд түргэн дуудаад дараа нь захирал эрхлэгч нарыг ресепшнээр дуудуулсан, аав руу нь ярьсан. Тэгээд буцаад орж ирээд бассейнд байсан хүүхдүүдээ авч ангидаа орсон. ...Тухайн өдөр усан сэлэлтийн багш Туяа эхлээд оруулахгүй, энэ анги чинь 1 дэх өдөр орох ёстой байхад яагаад өнөөдөр оруулж байгаа юм бэ гэхэд цэцэрлэгийн эрхлэгч Бурмаа уулзаж энэ анги нөгөө ангитайгаа солигдож байгаа гэж хэлээд оруулахаар болсон. ...Би ангийн хүүхдүүдийг усан бассейн хичээл орж байхад багшийнхаа хувьд байх үедээ хараа хяналт тавих л ёстой. Усан бассейн хичээл орж байхад усан сэлэлтийн багш, аврагч нар бол тасралтгүй хараа хяналт тавих ёстой. ” /1хх-ийн 36/ гэсэн,

Шүүгдэгч Я.Бүрэнбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  талийгаач Э.Оргилыг түүний эцэг Эрдэнэбат 09 цаг 10 минутын үед авчирж өгсөн. ...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу даваа гарагт манай ахлах 1 дүгээр бүлгийн хүүхдүүд усан бассейнд орох хуваарьтай байсан. Тэр өдөр манай ангийн шинэ жилийн үйл ажиллагаа хуваарийн дагуу тавигдсан байхаар нь эрхлэгч Бурмаагаас 21-ний өдөр манай анги бассейнтэй байна яах вэ гэж асуухад 21-ний анги 22-ны өдөр усан бассейнд ор, 22-ны өдөр орох ёстой анги нь 21-ний өдөр усан бассейн ор гээд гараараа хуваарь гаргасан байсан. ...Хүүхдүүдийг дасгах журмаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамт зааланд байна гэсэн үг. Түүнээс хамт усанд орно гэсэн үг биш. Намар усанд орохгүй гэсэн зөндөө хүүхэд байсан учраас хүүхдүүдийг тэврээд хөл гарыг нь усан оруулж дасгаж байсан. ...Миний ажлын байрны тодорхойлолтод хүүхдийг хүлээж аваад хуваарийн дагуу сургуулийн өмнөх боловсролыг суралцагчдад эзэмшлүүлэх, тэднийг сурган хүмүүжүүлэх сургуулийн өмнөх насныг хүүхдийг асран хамгаалах, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилготой...” /1хх-ийн 100-101, 112/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-16/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 26/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 27-31/,

- Эмгэг судлалын шинжилгээний протокол № ХЭ-06 /1хх-ийн 57-60/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 322 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Талийгаач Э.Оргил нь живэлтийн улмаас тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн хурц дутагдалд орж тархи үхжиж, ухаангүй, амьсгалын аппараттай байснаас цагаан мөгөөрсөн хоолойн идээт үхжилт үрэвсэл, уушигны бөглөрөл үрэвсэл, тархины аалзан бүрхүүлийн судасны идээт үрэвсэл үүсч үжил болон тархи, уушигны хаван, төвийн гаралтай амьсгал, зүрх, судасны дутагдлаар нас баржээ.

2. Талийгаач Э.Оргилын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлчээр үүсгэгдэх бөгөөд үхэлд нөлөөлөхгүй.

3. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Шинжилгээнд цус ирүүлээгүй тул цусны бүлгийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 63-66/ гэсэн,

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №2016/03 тоот дүгнэлтэд “...Хариулт 1. “Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан санд тавих ерөнхий стандарт MNS 6182:2010” стандартын 1-д хамрах хүрээг нь /барилга байгууламж дотор байрлах бүх төрлийн усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангийн эрүүл ахуйн шаардлага хангах үйл ажиллагааг зохицуулахад хэрэглэнэ./ гэж заасны дагуу уг стандарт нь бүх төрлийн усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангийн эрүүл ахуйн шаардлага хангах үйл ажиллагааг зохицуулна.

Хариулт 2. “Орчлон” бүрэн дунд сургуулийн ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборт усанд сэлэлтийн хичээлийг оруулах тухай“ 108 тоот тушаалаар Орчлон сургууль, цэцэрлэгийн сурагчдыг 2015-2016 оны хичээлийн жилд усан сэлэлтийн хичээлд хамруулах шийдвэр гаргасан байна. Удирдлагын шийдвэрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн усанд сэлэлтийн хичээлийн хуваарь гарч, багш Д.Туяа нь ажлын байрны тодорхойлолтод заасан /хичээл ба хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх ажлыг сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу чанартай зохион байгуулах/ үндсэн чиг үүргийн хүрээнд ”Орчлонгийн хүүхдүүд” цэцэрлэгийн хүүхдүүдэд 2015 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн усан сэлэлтийн хичээл зааж эхэлсэн байна. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Орчлонгийн хүүхдүүд” цэцэрлэгийн Ахлах-1 бүлгийн хүүхдүүдийг усанд сэлэлтийн хичээлийг усан сэлэлтийн хичээлд оруулахаар усан сэлэлтийн багш Д.Туяа, бассейн аврагч багш С.Түмэнбаяр нар хүлээн авч хүүхдүүдийн бэлхүүсээр нь аврах бэхэлгээг зүүж жижиг бассейнд оруулсан байх ба бассейнд орсон хүүхдүүдэд багш, аврагч нар байнгын хараа хяналт тавьж, соргог ажиглан ямар ч үед тусламж үзүүлэхэд бэлэн байх үүргээ хангалтгүй биелүүлсэн нь “Орчлон” бүрэн дунд сургуулийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг: /Багш нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих орчинг бүрдүүлэх, хяналт тавих, эрүүл амьдрах дадал хэвшилд сургах, зөвлөх, үлгэрлэх/, “Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам”-ын Усан сэлэлтийн багш нарын үүрэг хариуцлага: 3.6 /Усан сэлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах, цагираг авран хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж байх/, Аврагч багш нарын үүрэг хариуцлага: 4.1 /Хүүхэд усанд байгаа үед сурагчдыг байнга анхаарал болгоомжтойгоор соргог ажиглан ямар ч үед тусламж үзүүлэхэд бэлэн байна./, бүлгийн багш Я.Бүрэнбаяр осол гарах өдөр бүлгийн хүүхдүүдийг усан бассейнд усан сэлэлтийн багштай хамт авч ороогүй нь дээрх журмын 2.1 /Орчлон цэцэрлэгийн бүлгийн багш нар 09 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ийг хүртэл хүүхдийг бассейны ус, усан сэлэлтийн багштай хамт орно./ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 3. “Орчлон” цогцолборын СӨБ хариуцсан захирал нь цэцэрлэгийн хүүхдүүдийг усанд сэлэлтийн хичээлд хамруулах ажил, аюулгүй байдлыг бүрдүүлж байгаа эсэхэд хангалтгүй хяналт тавьж ажилласан нь “Орчлон” цогцолборын СӨБ хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: /Хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлж, осол аюулгүйн дүрмийг мөрдөж ажиллаж байгаад хяналт тавих/ заалтыг зөрчсөн байна. “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Уранцэцэг, “Орчлон” бүрэн дунд сургуулийг төлөөлж ерөнхий захирал Д.Батмөнх  нарын баталсан OR-15-001 тоот “Түрээсийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.7-д /Усанд сэлэлтийн хичээл нь сурагч шүгшүүрийн өрөөнд орсоноос эхлүүлээд хичээлийн танхим руу гарах хүртэлх үйл явц ба энэ хугацаанд Орчлон сургуулийн багш, ажилчид сурагчдынхаа аюулгүй байдалд анхаарал тавьж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ./ гэж заасны дагуу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг усанд сэлэлтийн хичээлд хамрагдах үед “Орчлон” сургуулийн усанд сэлэлтийн багш, аврагч нар ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хэмжээнд мөрдөж буй журмыг баримтлан ажиллах үүрэгтэй байна. “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийн Орчлон Виста клубын зүгээс аюулгүй ажиллагааны дүрмийн дэвтрийг нээн багш, аврагч нарт өдөр тутам тогтмол зааварчилга өгөөгүй, зааварчилгааны дагуу хяналт тавьж ажиллаагүй, сурагчдын аюулгүй байдалд анхаарал тавих ажлаа хангалтгүй биелүүлсэн нь “Түрээсийн гэрээ”-ний  Түрээслүүлэгчийн үүрэг: 7 дугаар зүйлийн 7.11-д /Түрээслүүлэгч аюулгүй ажиллагааны дүрмийн дэвтрийг нээн багш, аврагч нарт таниулан тогтмол хяналт тавина./, 7 дугаар зүйлийн 7.13-д /Сурагчдын болгоомжгүй үйлдлээс гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, сурагчдын аюулгүй байдалд анхаарал тавина./ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Хариулт 4: “Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан санд тавих ерөнхий стандарт MNS 6182:2010” стандартын 8.1-д /Спорт, сургалтын усан бассейнд мэргэжлийн гэрчилгээтэй сургагч-багш, дасгалжуулагч, аврагч, эмч болон бусад ажилтан, албан хаагч ажиллана./ гэж заасны дагуу “Орчлон” бүрэн дунд сургуулийн усан сэлэлтийн багш Д.Туяа нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүйн магистрын зэрэгтэй, 0030264 тоот багшлах эрхийн үнэмлэхтэй, “Орчлон” бүрэн дунд сургуулийн бассейн аврагч багш С.Түмэнбаяр нь Орчлон цогцолбор, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран зохион байгуулсан ”Аврагч усчин” бэлтгэх сургалтанд хамрагдан сертификат авсан байна. Харин Орчлон Виста клубын аврагч Х.Цогтжаргал нь МУССХ-ны зохион байгуулсан “Усанд сэлэлтийн аврагч”-ийн анхан шатны тусламж”-ийн сургалтанд хамрагдан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сертификат авсан байна...” /1хх-ийн 69-71/,

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №2016-02/03/01 тоот дүгнэлтэд “...Хариулт 1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016-03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариулт 2. Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд /х/х-1.0180 хуудас/ усанд сэлэлтийн багш гэсэн албан тушаалд ажиллуулахаар тохиролцож Д.Туяа нь усанд сэлэлтийн багшаар ажиллаж байсан нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалт/ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй/-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариулт 3. “Орчлон” цогцолборын сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтод /2хх-ийн 110-111/ сургалтын хөтөлбөр төлөвлөх, сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахаар заасан байна. Усан сэлэлтийн хичээлийн ачааллыг зохицуулсан буюу энэ асуудлын хүрээнд Монгол Улсад мөрдөгдөх ямарваа стандарт, эрх зүйн зохицуулалт байхгүй байсан учир бассейнд байсан хүүхдийн тоо /1хх-ийн 27-30/ хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд усан орсон хүүхдийн тоо тэмдэглэгдсэн байна. Усанд сэлэлтийн хичээлийн ачааллыг хүндрүүлсэн, багш хүүхэд бүртэй ажиллах бүрэн боломжтой байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Хариулт 4. “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыш зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан байх бөгөөд хуулийн 4.1.9-т “Хувилбарт сургалт” гэж үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “ээлжийн бүлгийн”, “явуулын багшийн”, “нүүдлийн бүлгийн” сургалтын үйл ажиллагаа гэсэн утгаар ойлгоно гэж заажээ. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/401 захирамжаар олгосон №0001601 “Сургалт эрхлэх тусгай зөвшөөр гэрчилгээ”-ний /2хх-ийн 67-68/ хавсралт “Сургалт эрхлэх нөөц шаардлага” цэцэрлэгийн хэв шинж-ердийн, сургалт явуулах чиглэл-үндсэн гэж заасан байна.

Хариулт 5. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм болон аюулгүй байдлын дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана” гэж заасан байх бөгөөд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2008.11.13-ны өдрийн №68 дугаар тушаал /Дүрэм батлах тухай/-ын хавсралтаар хүүхдийн цэцэрлэгийн аюулгүйн дүрмийг баталсан байна.

Хариулт 6. Орчлон бүрэн дунд сургуулийн “Орчлон” хүүхдийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, “М Си Эс Эстэйтс” ХХК, Виста клубын эрх бүхий албан тушаалтнуудын буруутай ажиллагаа байгаа эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Хавтаст хэрэгт хавсрагдсан бичлэгээс үзэхэд хүүхдүүдэд усан сэлэлтийн үед хэрэглэх дэмжих хэрэгслийг өмсөж байсан байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг усан сэлэлтийн багш, аврагч нарт өгч байсан байна /2хх-ийн 133-137/...” /3хх-ийн 85-87/,

 

- Шинжээчийн 2017 оны 03-р сарын 17-ний өдрийн №02-06-035/01 тоот дүгнэлтэд: “...Хариулт 1. Эрүүгийн 201626030054 тоот хэрэгт гаргасан 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 2016-02/03/01 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 1-6 асуултууд нь үндэслэлтэй гарсан байна.

            Хариулт 2.Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан захирал Д.Банзрагчмаагийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Усанд сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам баталж мөрдүүлсэн байна. ...Хавтаст хэргийн материалаас үзэхэд  дээрх журмын 2.6-д ..., усан сэлэлтийн багш, аврагч багш, үйлчлэгч нар хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдийг шаардлагын дагуу усанд оруулж хүүхдийг хальтарч унахаас сэргийлэх, хүүхэд бүрт хяналт тавьж ажиллана. 2.7-д Усан сэлэлтийн багш, дүүшний үйлчлэгч, туслах багш нар “Хүүхэд бүрийн бассейний хэрэглэлийг сольж хэрэглүүлж болохгүй ба бүрэн бүтэн байдлыг хангана гэсэн заалтыг дээрх албан тушаалтнууд мөрдөж ажиллаагүй байна.

            Хариулт 3. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын сайдын тушаалаар баталсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй дүрэм болон бусад, дүрэм, журам, заавар, баримтуудад дээрх насны хүүхдэд усан сэлэлтийн хичээл орох талаар насны хязгаарлалт заасан зохицуулалт байхгүй байна.

            Хариулт 4. Хавтаст хэргийн материалаас үзэхэд Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан захирал Д.Банзрагчмаагийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журмын 2.2-д ...Зөвхөн 3 настай бүлгийн багш нар усан сэлэлтийн багштай хамт хүүхдүүдийг авч хичээлд орно гэсэн заалтыг бүлгийн багш, усан сэлэлтийн багш нар зөрчсөн байна...” /4хх-ийн 18-19/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Талийгаач Э.Оргилын өвчний түүх /1хх-ийн 114-119, 121-175/,

  • Шүүгдэгч Д.Туяагийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 177, 178/,

- Багшлах эрхийн үнэмлэх /1хх-ийн 181/,

- “Орчлон” бүрэн дунд сургууль, Д.Туяа нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 180-184/,

- Ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 185-186/,

- Бакалавр, магистрын диплом /1хх-ийн 188-189/,

- Тодорхойлолт /1хх-ийн 196/,

- гэрч Д.Мэндсайхан /2хх-ийн 233/, Д.Чулуунцэцэг /2хх-ийн 234/, Р.Бадрах /2хх-ийн 237/ нарын мэдүүлгүүд,

  • Шүүгдэгч С.Түмэнбаярын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 199, 200/,

- “Аврагч усчин” Сертификат /1хх-ийн 201/,

- “Орчлон” бүрэн дунд сургууль, С.Түмэнбаяр нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 202-203/,

- Тодорхойлолт /1хх-ийн 212/,

- Гэрч Х.Сүхбаатар /2хх-ийн 235/, Ц.Саруулцэцэг /2хх-ийн 236/,

  • Шүүгдэгч Х.Цогтжаргалын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 214, 215/

- “М-Си-Эс Эстэйтс” ХХК, Х.Цогтжаргал нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 216-223/,

- “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийн Х.Цогтжаргалыг ажилд авах тушаал

- Ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 226-231/,

- Зааварчилгааны хяналтын хуудас /1хх-ийн 234/,

- “Усанд сэлэлтийн аврагчийн анхан шатны тусламж”-ийн сургалтад хамрагдсан Сертификат /1хх-ийн 236, 237/,

  • Шүүгдэгч Я.Бүрэнбаярын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 239, 240/,

- “Орчлон” цэцэрлэг, Я.Бүрэнбаяр нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 241-242/,

- Я.Бүрэнбаярыг ажилд шинээр томилох тухай тушаал /1хх-ийн 243/,

- “Орчлонгийн хүүхдүүд” хувийн хэвшлийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 245-246/,

- Бакалаврын диплом /1хх-ийн 247-248/,

- Гэрч С.Отгончимэг /1хх-ийн 50/, С.Нарангэрэл /1хх-ийн 51/ нарын мэдүүлгүүд,

- “М-Си-Эс Эстэйтс” ХХК, “Орчлон Олон Улсын Сургууль” нарын хооронд байгуулсан OR-15-001 дугаартай Түрээсийн гэрээ /2хх-ийн 9-16/,

- Виста клубын Хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны бүртгэлийн дэвтэр /2хх-ийн 19-21/,

- Монгол Улсын стандарт MNS 6182:2010 /2хх-ийн 30-36/,

- Виста клубын ажилтнуудын ажлын байранд мөрдөх дотоод журам /2хх-ийн 37-45/,

- Орчлонгийн хүүхдүүд цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2хх-ийн 67-68/,

- “Орчлон монтессори цэцэрлэг” Ахлах 1 бүлэг Хүүхэд хүлээлцэх дэвтэр /2хх-ийн 69-70/,

- Сургалтын гэрээ /2хх-ийн 72/,

- “Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборт Усанд сэлэлтийн хичээлийг оруулах тухай” Орчлон бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 108 дугаар тушаал /2хх-ийн 112/,

- Орчлон сургуулийн усан сэлэлтийн хичээлийн зааланд баримтлах журам /2хх-ийн 113/,

- Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам /2хх-ийн 120-124/,

- Талийгаач Э.Оргилын төрсний гэрчилгээ, гадаад паспорт, нас барсны гэрчилгээний хуулбарууд /3хх-ийн 25-27/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Виста Орчлон клубын усан бассейнд 4 настай эрэгтэй Э.Оргилыг живүүлж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд:

Талийгаач Э.Оргилын эцэг /эх/ нь Хан-Уул дүүргийн “Орчлон” цэцэрлэгийн захиргаа сурагчийн эцэг, эх /асран хамгаалагчтай/-тэй хийх төлбөртэй сургалтын гэрээг /2хх-ийн 72/ 2015 онд байгуулж тэрээр “Орчлон” цэцэрлэгт хүмүүжих болсон.

Талийгаач Э.Оргил 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийн Виста клубд усанд сэлэлтийн хичээлд орж байхдаа усанд живж, живэлтийн улмаас тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн хурц дутагдалд орж тархи үхжиж, ухаангүй, амьсгалын аппараттай байснаас цагаан мөгөөрсөн хоолойн идээт үхжилт үрэвсэл, уушигны бөглөрөл үрэвсэл, тархины аалзан бүрхүүлийн судасны идээт үрэвсэл үүсч үхжил болон тархи, уушигны хаван, төвийн гаралтай амьсгал, зүрх, судасны дутагдлаар /1хх-ийн 63-66/ 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр нас баржээ.

Шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Я.Бүрэнбаяр, Х.Цогтжаргал нарын тухайд:

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “хүүхдийн цэцэрлэг” гэж (цаашид “цэцэрлэг” гэх) хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг.” ойлгоно гэж заасан ба 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр талийгаач Э.Оргилыг түүний эцэг Н.Эрдэнбат “Орчон” цэцэрлэг, ахлах 1 дүгээр бүлэг, багш Я.Бүрэнбаярт хүлээлгэн өгснөөр /2хх-ийн 169-170/ Орчлон цэцэрлэгт талийгаач Э.Оргилыг асрах, хамгаалах үүрэг шилжсэн байна.

            Орчлон, сургууль цэцэрлэгийн цогцолборт Усан сэлэлтийн хичээлийг оруулах тухай Орчлон бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 108 дугаар тушаал гарч, Орчлон сургуулийн усан сэлэлтийн хичээлийн зааланд баримтлах журмыг холбогдох хүмүүст танилцуулжээ /2хх-ийн 112, 113/.

 

            Шүүгдэгч Д.Туяа нь “Орчлон” бүрэн дунд сургуультай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж усанд сэлэлтийн багшаар ажиллаж байсан ба 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд усанд сэлэлтийн хичээл орж эхэлсэн /Хөдөлмөрийн гэрээ 1хх-ийн 194-195, 2015-2016 оны хичээлийн жилийн усан сэлэлтийн хичээлийн хуваарь 2хх-ийн 124, Орчлон цэцэрлэгийн бүлгүүдийн “Усан сэлэлтийн хичээл”-д хамрагдсан талаарх мэдээлэл 2хх-ийн 125-131/ байна.

            Шүүгдэгч С.Түмэнбаяр нь “Орчлон” бүрэн дунд сургуультай  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан бассейны аврагч багшаар ажиллаж эхэлсэн ба 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд усанд сэлэлтийн хичээл орход аврагчаар ажиллаж байсан байна. /Хөдөлмөрийн гэрээ 1хх-ийн 202-203, 2015-2016 оны хичээлийн жилийн усан сэлэлтийн хичээлийн хуваарь 2хх-ийн 124, Орчлон цэцэрлэгийн бүлгүүдийн “Усан сэлэлтийн хичээл”-д хамрагдсан талаарх мэдээлэл  2хх-ийн 125-131/.

            Шүүгдэгч Я.Бүрэнбаяр нь “Орчлон” цэцэрлэгтэй бүлгийн багшаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, талийгаач Э.Оргилын сурч байсан ахлан 1 дүгээр бүлгийн багшаар ажиллаж байжээ. /Хөдөлмөрийн гэрээ 1хх-ийн 241-242/. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам /2хх-ийн 120-124/-ын 2.1 дэх хэсэгт “Орчлон цэцэрлэгийн бүлгийн багш, туслах багш нар 9 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31 хүртэл бассейны ус, усан сэлэлтийн багш нарт дасгах үүднээс хичээлд бүлгийн багш, усан сэлэлтийн багштай хамт орно” гэж заасан.

шүүгдэгч Х.Цогтжаргал нь  “М-Си-Эс Эстэйтс” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 216-223/ байгуулан аврагчаар ажиллаж байсан.

“М-Си-Эс Эстэйтс” ХХК, “Орчлон Олон Улсын Сургууль” нарын хооронд байгуулсан OR-15-001 дугаартай Түрээсийн гэрээ /2хх-ийн 9-16/-ний 6 дугаар зүйлийн 6.7-д “Усанд сэлэлтийн хичээл нь сурагч шүршүүрийн өрөөнд орсоноос эхлүүлээд хичээлийн танхим руу гарах хүртэлх үйл явц ба энэ хугацаанд Орчлон сургуулийн багш, ажилчид сурагчдынхаа аюулгүй байдалд анхаарал тавьж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.” гэж заасны дагуу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг усанд сэлэлтийн хичээлд хамрагдах үед “Орчлон” сургуулийн усанд сэлэлтийн багш, аврагч нар ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хэмжээнд мөрдөж буй журмыг баримтлан ажиллах үүрэгтэй байна /шинжээчийн дүгнэлт 1хх-ийн 69-71/.

Шүүгдэгч Д.Туяа нь дээр дурдсанаар усан сэлэлтийн багшаар ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 192/-ын үндсэн чиг үүрэгт: “...хичээл ба хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх ажлыг сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу чанартай зохион байгуулах...” гэсэн,  “Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам”-ын Усан сэлэлтийн багш нарын үүрэг хариуцлага: 3.6 “...Усан сэлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах, цагираг авран хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж байх...” гэсэн,

шүүгдэгч С.Түмэнбаяр нь “Усан сэлэлтийн хичээлийн үед хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах журам”-ын аврагч багш нарын үүрэг хариуцлага: 4.1 “...Хүүхэд усанд байгаа үед сурагчдыг байнга анхаарал болгоомжтойгоор соргог ажиглан ямар ч үед тусламж үзүүлэхэд бэлэн байна...” гэсэн,

шүүгдэгч Я.Бүрэнбаяр нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилго “...Сургуулийн өмнөх насны хүүхдийг асран хамгаалах...” гэсэн, “...Хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, тэдний амь нас эрүүл мэндийг хамгаалах...” гэсэн,

шүүгдэгч Х.Цогтжаргалын хувьд “М-Си-Эс Эстэйтс” ХХК, “Орчлон Олон Улсын Сургууль” нарын хооронд байгуулсан OR-15-001 дугаартай Түрээсийн гэрээ /2хх-ийн 9-16/-ний Түрээслүүлэгчийн үүрэг: 7 дугаар зүйлийн 7.13-д “Сурагчдын болгоомжгүй үйлдлээс гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, сурагчдын аюулгүй байдалд анхаарал тавина./ гэж, шүүгдэгч Х.Цогтжаргалын Ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 226-231/-ын үндсэн үүрэгт “...бассейны аюулгүй байдлыг бүрэн хангаж, сурагч болон гишүүд живэх, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлж шаардлагатай анхны тусламж үзүүлж арга хэмжээ авах, ажлын байранд байнга байж, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллах...” гэсэн тус тусын хууль болон хэлцлээр үүрэг хүлээсэн этгээдүүд байх ба  хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 27-31/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди /хяналтын камерын бичлэг бүхий/-д дэх бичлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Туяа /хар юбка, цагаан цамцтай/, С.Түмэбаяр /цэнхэр шорт, цагаан футболктой/, Я.Бүрэнбаяр /цэнхэр дүрэмт хувцастай/, Х.Цогтжаргал /хар шорт, цагаан футболктой/ нар нь дээр дурьдсан албан үүрэгтээ хайнга хандаж, талийгаач Э.Оргилыг усанд живж байхад анхаарал болгоомжгүй, хяналтгүй байсны улмаас түүний амь нас хохирсон болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус зааснаас дүгнэхэд шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарыг хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбат хавтас хэрэгт гаргаж өгсөн тайлбартаа “...Бидэнд бодитоор гарсан хохирол 35 сая төгрөгийг Орчлон цэцэрлэгийн зүгээс бүрэн төлсөн. Сэтгэл санааны болон бусад хохирлыг тус цэцэрлэгийн удирдлагууд харилцан ойлголцож шийдвэрлэсэн болно. ...Энэ эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хамтатган шийдвэрлүүлэх иргэний нэхэмжлэл байхгүй болно...” гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.  

 

Шүүгдэгч Я.Бүрэнбаяр нь 6 сартай хүүхэдтэй, шүүгдэгч Д.Туяа нь 5 сартай  хүүхэдтэй  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн болон 4 дүгээр хавтаст хэргийн 186 талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Я.Бүрэнбаяр, Д.Туяа нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Цогтжаргал, С.Түмэнбаяр нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар  хорих ялыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Х.Цогтжаргал, С.Түмэнбаяр нарт усанд сэлэлтийн аврагчаар ажиллах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар  хориглосон албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 201626030054 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Их мэргэд овогт Дашдондогийн Туяа, Боржигон овогт Сүхбаатарын Түмэнбаяр, Улаалзай хөвдүүд овогт Хүнбишийн Цогтжаргал, Арслант овогт Яруутунгалагийн Бүрэнбаяр нарыг хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.   

           

            3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, шүүгдэгч Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

            5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Туяа, Я.Бүрэнбаяр нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлууулж, ялтан Д.Туяа, Я.Бүрэнбаяр нарт хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Цогтжаргал, С.Түмэнбаяр нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Х.Цогтжаргал, С.Түмэнбаяр нарт усанд сэлэлтийн аврагчаар ажиллах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хориглосон албадлагын арга хэмжээ авсугай.

           

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн 201626030054 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Туяа, С.Түмэнбаяр, Х.Цогтжаргал, Я.Бүрэнбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР