Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/372

 

 

 

 

 

 

  2021             4              13                                          2021/ДШМ/372

 

 

Г.Х, Х.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Сундуй,

хохирогч Ч.Н, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа,

            яллагдагч Г.Хгийн өмгөөлөгч Б.Батбаяр,

            яллагдагч Х.Згийн өмгөөлөгч Б.Нямдорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/378 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Сундуйн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Х, Х.З нарт холбогдох 2009007741266 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн Х, 1960 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо .... дугаар хороолол ... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Б овогтой Хгийн З, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ... хоолны газарт ажилладаг, ам бүл 4, эмэг эх, эх, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо ... дугаар хороолол ... байр ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Яллагдагч Г.Х, Х.З нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бат энд” Инвест ББСБ-тай 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а сайрны 129 тоот орон сууцыг иргэн Ч.Нт худалдахаар гэрээ байгуулахдаа “орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаа, урьдчилгаа мөнгийг авч зээлийн төлбөрийг барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг шилжүүлнэ” гэж хуурч 2018 оны 8 дугаар сарын 30, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд өөрийн 5003872100 дугаартай, Г.Хгийн 5003642789 дугаартай дансаар нийт 94.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч гэрээнээс үүдэлтэй үүрэг болох “Бат энд” Инвест ББСБ-ын зээлийн төлбөрийг төлж барагдуулалгүй улмаар 2018 ны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Бат энд” Инвест ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дээрх орон сууцаар хангуулахаар эвлэрч, иргэн Ч.Нийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 94.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Х, Х.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтэнд гарсан техникийн шинжтэй алдаа, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь ойлгомжгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн тодруулахад ач холбогдол бүхий гэрчүүдийг олж тогтоон, мэдүүлэг авах зэрэг нөхцөл байдлууд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүхийн шатанд залруулах боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д заасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хэргийг прокурорт буцаах нэгэн үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх ба яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах зэрэг ажиллагаа нь шүүхийн шатанд бус прокурорын шатанд хийгдэх ажиллагаа юм. Хэрэг прокурорт очтол яллагдагч Г.Х, Х.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Сундуй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/378 дугаартай шүүгчийн захирамжид прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолд ямар техникийн шинжтэй алдаа гарсан нь ойлгомжгүй нөхцөл байдалд хүргэсэн талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдалгүйгээр буюу хэргийн ямар нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн тодруулахад хэн гэдэг гэрчүүдийг олж тогтоон, мэдүүлэг авахыг дурдаагүй, хэргийг хэт ерөнхий байдлаар дүгнэж прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн дүгнэлт тодорхойгүй, ойлгомжгүй, захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Мөн түүнчлэн прокурорын зүгээс Г.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалгаж дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэрч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Г.Х, Х.З нарт гомдолтой байна. Бүтэн 2 жил түрээсийн байраар явж байна. Анхнаасаа ийм байр гэж нотариат дээр байхад мэдэгдсэн бол ийм зүйл болохгүй байсан. Нотариатчтай хуйвалдаж ийм үйлдэл хийсэнд гомдолтой байна. Намайг гадуур явж байхад манай гэрийн бүх зүйлийг хураан авсан. Би гарсан хувцастайгаа одоо болтол явж байна” гэв.

Хохирогч Ч.Нийн өмгөөлөгч Б.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 378 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг буцаасан. Буцаасан үндэслэлийг манай талаас хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Н 90.000.000 төгрөгөөс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэрийн бүх тавилгыг нь 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хураан авсан. Тухайн гэрийн тавилга хэн дээр байгаа болох нь ойлгомжгүй. 378 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрийн бүх тавилгыг хэн хүлээж авсан болох нь ойлгомжгүй. Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч эд хөрөнгө нь хаана байгаа талаар хэлж байгаагүй. Энэ асуудлыг тодруулж өгнө үү гэж манай зүгээс шүүхэд хандсан. 90.000.000 төгрөгөөс гадна гэрийн тавилга эд хөрөнгийг ямар хүмүүс хурааж авсан, гэрт нь хууль бусаар нэвтэрч орсон талаар ойлгомжгүй байна” гэв.

Яллагдагч Г.Хгийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Г.Хгийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас ажиллаж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт 2-3 үндэслэлээр хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн талаар:

Мөрдөгч тус хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Гэвч өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад прокурорын даалгаварт тусгагдсан зарим ажиллагаа болон бусад хэрэгт чухал ач холбогдол бүхий мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогдлоо.

Өмнө нь тус хэргийг мөрдөгч хоёр ч удаа шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бөгөөд тус бүрд нь прокуророос нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 362 дугаартай нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоолд “...Ч.Нээс шилжүүлэн авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн явагдсан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 129 тоот орон сууцны өмчлөгчийг тогтоож мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул мөрдөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. Прокурорын тогтоолд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг хийгээгүй атлаа дахин хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн байна.

Мөн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт маргаан бүхий орон сууц нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19/28 дугаартай Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг үндэслэн Б.Ц/УМ90011914/-ийн өмчлөлд, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 76 дугаартай нотариатын гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр иргэн В.Отгонболд /ШЕ68110277/, Л.Отгонбаяр /ЦД74110266/ нарын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогддог. Гэтэл мөрдөгч нь дээрх өмчлөгч нарыг дуудаж мэдүүлэг аваагүй байна.

Түүнчлэн хохирогч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ /хх 19/ “...Хтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан тул итгээд урьдчилгаа төлбөр 90.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Ингээд Мишээл экспо төвийн нэг цэгийн үйлчилгээнд Хтэй очиж байрны гэрчилгээг шилжүүлж авах гэтэл” гэж, мөн 2020 оны 2 дугаар сарын 14-нд өгсөн мэдүүлэгтээ “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул төв дотор байх нотариатын газарт очиж тухайн байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд яг тухайн гэрээг байгуулж байх үед тэр байрыг барьцаанд байгаа байр юм байна гэдгийг нь мэдсэн” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Дээрхээс харахад хохирогч тухайн орон сууцыг худалдан авах гэрээ байгуулах үедээ банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа болохыг мэдсэн талаараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Гэвч дээрхээс нэг зүйл тодорхой байгаа нь худалдан авагч орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгааг мэдсээр байж гэрээ байгуулсан, түүнийг нотариат мэдсээр байж баталсан байна.

Мөн хохирогчийн хувьд мөрдөн байцаалтын бүхий л хугацаанд “Хг маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд эвлэрсэн гэдгийг 2019 оны 10 дугаар сард мэдсэн” гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч нь 2018 оны 8 дугаар сарын сүүлчээр тус байранд нүүж орсон бөгөөд үүнээс хойш 2019 оны 10 дугаар сар хүртэл тэндээ амьдарсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус орон сууцанд очиж эд хөрөнгө хураах тогтоол, тэмдэглэл бичсэнээс харахад хохирогч орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бусдад шилжиж байгааг эрт мэджээ. /хх 72/ Гэтэл мөрдөгч дээрх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг хохирогчоос нарийвчлан тодруулж, түүний мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй, тодруулаагүй зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгдээгүй байна.

2. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний талаар:

Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлд “Уг орон сууц худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно” гэж заасан. Тус гэрээний 6 дахь зүйлийн нэмэлт нөхцөлд “2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 90.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 25.000.000” төгрөгийг эхний 5 сард, 4.000.000 төгрөгийг сүүлийн 1 сард буюу 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөгийг төлнө. Төлбөр дууссаны дараа банкны барьцаанд байгаа орон сууцыг чөлөөлж шилжүүлэхээр харилцан тохиролцов” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөлдөө тус орон сууцыг худалдаагүй, барьцаалаагуй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй болно гэж заасан хэрнээ яагаад нэмэлт нөхцөлдөө барьцаанаас гаргаж өгөхөөр тохиролцов гэж заасан гэдэг нь ойлгомжгүй. Яагаад нотариатч ийм гэрээг баталж байгаа нь ойлгомжгүй байна.

Нотариатын тухай хуулийн 46.7-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно” гэж заасан. Мөн хуулийн 46.2, 46.3-д заасныг нягталж шалгасан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл нотариатч илэрхий утга агуулгын алдаатай, хууль зөрчсөн гэрээ, хэлцэл баталсан мэт харагдаж байна. Мөрдөгч тус гэрээг баталсан этгээдийг дуудан ирүүлж мэдүүлэг авч нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

Тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, очиж үзэх зэрэгт хамт явсан хохирогчийн хүү Баяраагаас гэрчийн мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй байна. Мөн хохирогч тухайн орон сууцыг Remах гэх зуучлалын байгууллагаар дамжуулан худалдан авсан гэжээ. Тухайн зуучлалын компанийн тухайн орон сууцыг борлуулахад зуучилсан ажилтнаас хэргийн талаар тодруулах асуудлууд байна. Тухайлбал орон сууцыг барьцаатай байхад нь худалдаж байгааг мэдсэн эсэх, хэдэн төгрөгөөр худалдагдсан, зуучлалын хөлс хэдийг авсан... гэх мэт.

Дээрхээс дүгнэхэд хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд явуулаагүй төдийгүй прокурорын тогтоол, мөрдөгчийн хугацаа сунгах тогтоолд заасан ажиллагаанууд гүйцэд хийгдээгүй, яллах дүгнэлт нь алдаатай, ойлгомжгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон байх ба харин прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.” гэв.

 

Яллагдагч Х.Згийн өмгөөлөгч Б.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 378 дугаартай шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Харин прокурорын эсэргүүцэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан. Хэргийн бодит байдлыг тогтооход ямар гэрч асуух, ямар ажиллагаа хийхийг шүүгчийн захирамжид дурдаагүй гэж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчих алхам руу хүргэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт авагдсан баримтын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлгийн явцад 4.000.000 төгрөг шилжүүлсэн данс нь Г.Х, Х.З нарын данс биш. Энэ хэний данс болох нь үл мэдэгдэх данс руу 4.000.000 төгрөг шилжсэн. Прокурорын хэлж байгаа данснууд Г.Х, Х.З нарын данс биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Арилжааны банкнаас авсан тодорхойлолтоор энэ хүний данс биш гэдгийг нотолсоор байхад прокурор Г.Хгийг данс гэж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Г.Х, Х.З нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзэв. Учир нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагч Г.Х, Х.З нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын,  2а байрны 129 тоот орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон “***” ББСБ-тай 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, /1хх 28-32/, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон ипотекийн гэрээний хугацааг сунгажээ /1хх 25/.

 Гэрээний дагуу зээлийн төлбөр төлөгдөж дуусаагүй байх хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч Г.Х нь хохирогч Ч.Нт  зээлийн гэрээний барьцаанд байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 2а байрны 129 тоот орон сууцыг 115.000.000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ /1хх 21/, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх 22/-г тус тус байгуулжээ. Хохирогч Ч.Н гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 90.000.000 төгрөгийг яллагдагч Х.Згийн дансанд /1хх 23/, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Г.Хгийн өгсөн дансанд 4.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн /1хх 24/ байна.

“***” ББСБ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Х, Х.З нараас зээлийн гэрээний үүрэг 98.189.220 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Харин хариуцагч Г.Х, Х.З нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 2а байрны 129 тоот орон сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01943 дугаартай шүүгчийн захирамж /1хх 39-40/-аар, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө хураах тухай тогтоол /1хх 71-73/-оор Х.Зд шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. Яллагдагч Х.З нь шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр  байрыг 158.000.000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан бөгөөд  анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /1хх 178-184/-д иргэн Б.Ц үл хөдлөх хөрөнгийг худалдан авах эрхтэй болсон талаарх баримт хэрэгт тус тус авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Н “...хамгийн анх очиж үзэж байхад Г.Х, Х.З нар нь тухайн байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэдэг талаар хэлж байгаагүй, ...гэрээ байгуулах үед Г.Х, Х.З нар нь “байрыг нэг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан байгаа, одоо бид нар таниас мөнгө аваад тухайн банк бус санхүүгийн байгууллагынхаа өрийг дараад барьцаанаас суллаад байрыг таны нэр рүү шилжүүлж өгнө...” гэж хэлж байсан. ...” /1хх 24-26/ гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж яллагдагч Г.Х, Х.З нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотолж хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой юм.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд прокурор Г.Сундуйн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Х, Х.З нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/378 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Х, Х.З нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч Г.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ