2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Х, О.О,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр  нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408014060984 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Б-ийн Х, Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар:***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Г овогт О-ын О, Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар:***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүгдэгч Б.Х-тэй холбоотойгоор хавтаст хэргийн 23, 26, 29, 52 дахь тал, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтыг,

Шүүгдэгч О.О-тэй холбоотойгоор хавтаст хэргийн 37, 79, 154 дэх талд авагдсан  нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х, О.О нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** тоотод хохирогч Т.Б-н Хаан банкны данс руу хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, 12,501,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- “...нэг хүүхэнтэй танилцаад гэртээ авч ирсэн найз хүүхнээ дагуулж ирээд миний дансанд байсан 10 гаран сая төгрөг аваад явсан байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

- Хохирогч Т.Б-н “...Өчигдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу ирж байхдаа Б.Ү гэдэг нэртэй фейсбүүк хаягтай эмэгтэй хүнтэй харилцахад тэр эмэгтэй 100,000 төгрөг өгчих гээд 5024*** тоот дансыг миний чат руу явуулахаар нь би тухайн данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал хоолонд орчхоод пиво уумаар байна гэхээр нь дахиад 200,000 төгрөг тухайн данс руу шилжүүлсэн. Тэгээд би шөнийн 00 цагийн орчимд гэртээ ирээд тухайн эмэгтэйг дуудсан чинь тэр эмэгтэй манайд нэг найзтайгаа хамт хүрээд ирэхээр нь бид нар архи, пиво хувааж уусан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө бид нар 10 цагийн орчимд сэрсэн чинь тэр хоёр эмэгтэй архи уумаар байна гэхээр нь би дэлгүүрээс 1 шил архи, 5 лааз пиво авч ирээд бид нар хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал миний данс руу хувьцааны 250,000 төгрөг орж ирэхээр нь би 200,000 төгрөгийг нь Б.Ү-ий данс руу шилжүүлчхээд гар утсаа ширээн дээр тавиад мартчихсан байсан. Тэгээд 1 цаг орчмын дараа би гар утсаа аваад интернэт банк руугаа орох гэсэн чинь миний интернэт банк блоклогдсон байсан. Тэгсэн чинь Б.Ү гэдэг эмэгтэйтэй хамт ирсэн эмэгтэй манайхаас зугтаад гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би данс руугаа ороод харсан чинь миний данснаас 15,000,000 төгрөг алдагдсан байсан. Би шууд банк руу залгаад интернэт банк болон мобайл банкаа хаалгасан. Миний Хаан банкны нэг дансанд нь нийт 57,500,000 төгрөг байсан ба сүүлд үзэхэд 42,000,000 төгрөг үлдсэн байсан. Би тухайн дансныхаа дугаарыг мэдэхгүй байна. ...Тухайн үед миний интернэт банк болон мобайл банк аль нь блоклогдчихсон байсан юм. Эхлээд О гэх хүн надад хандаж та 20.000 төгрөг өгөөч гэхээр нь би за гэж хэлээд өөрийнхөө гар утсыг ширээн дээрээс аваад Х-тэй хамт сууж байгаад өөрийнхөө мобайл банк руу нэвтэрч ороод О гэх хүний Хаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед би Х гэх хүнтэй хамт сууж байгаад мобайл банк руугаа нэвтэрч ороод гүйлгээний нууц үг буюу 6 оронтой тоогоо хийж шилжүүлсэн. Тэгэхэд Х гэх хүн миний мобайл банкны нууц үгийг харсан. Тэгээд би мөнгө шилжүүлчхээд бид 3 байж байхад Х гэх хүн надад хандаж гар утасныхаа дэлгэцийн кодыг гаргаад өгчих гэхээр нь би Х-д гар утасныхаа кодыг гаргаад өгсөн юм. Тэгээд байж байгаад харахад миний гар утсыг ширээн дээр тавьсан байсан ба би ширээн дээрээс утсаа аваад үзэхэд миний интернэт банк болон мобайл банк блоклогдчихсон байсан. Энэ талаар Х-ээс асуухад би мэдэхгүй ээ, Хаан банкны лавлах руу залгаад мобайл банкны кодоо гаргуулж болно гэхээр нь би Х-тэй хамт сууж байгаад Хаан банкны лавлах руу залган мобайл банкны кодоо гаргуулсан. Тэгээд банк руугаа ороод үзэхэд 12,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байсан.Тухайн үед би би мобайл банкныхаа блокыг гаргуулсан ба интернэт банкны кодыг гаргуулаагүй юм. Миний интернэт банкнаас 12,500,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Мобайл банкнаас гараагүй байсан. Тухайн 2 хүн миний хохирлыг 2025 оны 07 дугаар сар гэхэд бүрэн төлж барагдуулахаар ярилцаж тохирсон байгаа. Тиймээс надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12, 149 дэх тал),

- Хохирогч Т.Б-н Хаан банкны 5606***, 5019*** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 40-46 дахь тал),

- Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29/3751 дугаартай хохирогч Т.Б-н 5606*** тоот дансны интернэт банк дээр нэвтрэх төлөвийг унтраасан асаасан логуудын талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 162 дахь тал)

- Шүүгдэгч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн үед би Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй бөгөөд манай найз Х-ийн ээжийнх нь биеийн байдал муу байсан. Дээрээс нь Х нялх хүүхэдтэй байсан учир би Х-г хамгаалах зорилгоор, мөн тухайн мөнгө нь миний төрсөн охины 5925*** тоот дугаарын данс руу орчихсон байсан учир би мэдүүлгээ тэгээд өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),

- Шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би Б гэх хүнтэй 2024 оны 03 сард фейсбүүкээр танилцаж байсан ба хааяа уулздаг. Өмнө нь 2 удаа бэлгийн харилцаанд орж байсан. Тухайн хэрэг учрал болсон өдөр Б, О бид гурав хамт байсан. Өөр хүн байгаагүй. Тэр өдөр Б-н Хаан банкны данснаас манай найз болох О миний Хаан банкны данс руу 1,000,000 төгрөг, мөн өөрийнхөө данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай найз О Б гэх хүнээс 20,000 төгрөг асуухад Б О-т хандаж надад байгаа гээд Б бид 2 хамт сууж байгаад түүнй мобайл банк руу нэвтэрч 20,000 төгрөг шилжүүлсэн. Энэ үед би нууц үгийг нь хараад цээжилж авсан. Тэгээд О бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Б-н данснаас мөнгө авахаар тохиролцоод би нэвтрэх нууц үгийг нь О-т хэлчхээд Б-г саатуулсан. Энэ хооронд манай найз О Б-н мобайл банкнаас мөнгө авсан. О миний Хаан банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлээд өөрийнхөө Хаан банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр 11,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд О гараад явахаар нь би араас нь гараад явсан. Тухайн үед О, Б 2 бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дахь тал),

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 163-164, 165-167, 168-170, 171-172 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг нь хувийн мэдээлэл агуулсан дата бааз бүхий мэдээллийн сүлжээнд компьютерын техник хэрэгсэл ашиглан, эсхүл тусгай программаар дамжуулан хууль бусаар халдаж, мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль, журмыг зөрчиж, цаашилбал төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллээ өмчлөх, халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдаж буй үйлдлийг,

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч О.О, Б.Х нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Т.Б-н гар утсаар түүний Хаан банкны данс руу нэвтэрч 5606*** тоот данснаас 12,501,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Хохирогч Т.Б-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд (хавтаст хэргийн 40 дахь тал) 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 17:57, 19:20, 19:35, 19:42, 20:07 цаг, минутад 1,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх зарлагын гүйлгээний хураамжид “Мобайл банкны гүйлгээний хураамж”, “Ухаалаг банкны гүйлгээний хураамж”  гэсэн утгаар зарлага мөн гарсан байна.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Б.Х нь хохирогч Т.Б-тай хамт байх хугацаандаа түүний мобайл банк, интернэт банк руу нэвтрэх нууц үг, гар утасны дэлгэцийн түгжээ зэргийг нууцаар олж мэдээд шүүгдэгч О.О-т тухайн нэвтрэх нууц үгнүүдийг хэлж өгсөн. Шүүгдэгч О.О нь хохирогч Т.Б-н гар утсыг ашиглан түүнийг Хаан банкны данс руу нэвтэрч Б.Х-ий Хаан банкны 5024*** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,001,000 төгрөг, өөрийн охин О.М-гийн Хаан банкны 5925*** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 11,500,000 төгрөгийг тус тус шилжүүлж, улмаар хохирогч Т.Б-н Хаан банкны мобайл банк, интернэт банк руу нэвтрэх боломжгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж хууль ёсны зарчмыг заасан.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “"кибер орчин" гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг” ойлгоно гэж тодорхойлсон.

Дээр дурдсан хохирогч Т.Б-н Хаан банкны мобайл банк, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” заасан.

Улсын яллагчаас шүүгдэгч О-ийг гэмт хэрэг үйлдэхдээ гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч Б.Х-г  гэмт хэрэг үйлдэхдээ хамжигчаар хамтран оролцсон гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.О-ийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Х-г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ. 

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч О.О, Б.Х нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-д 12,501,000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нараас шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч Б.Х-ээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Харин шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнээс 6,250,500 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-д олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан харгалзан дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Х-ийн хувьд хохирлоо төлсөн байгаа. Шүүгдэгч О.О нь хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгаа. Холбогдсон гэмт хэргийн хувьд богино хугацаанд хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан байгаа. Шүүгдэгч Б.Х-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч О.О-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлөхөө илэрхийлж байгаа,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нарын хувьд ганц бие ээж, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тодорхой нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оногдуулах нь шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлд орж, хүүхдийн эрх зөрчигдөнө гэж үзэж байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 23 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26, 189 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 52-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х-ийн хувийн байдлыг, 

- иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 73 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75, 190 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 177 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.О-ийн хувийн байдлыг тус тус тогтоов.

Шүүгдэгч Б.Х, О.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.

Шүүгдэгч Б.Х-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч О.О-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Шүүгдэгч нарт энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Х, О.О нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг,

Мөн шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

2.3.  Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Б.Х, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт О-ын О-ийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

- Шүүгдэгч Б овогт Б-ийн Х-г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, Б.Х нарт энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус бүр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 260 (хоёр зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, Б.Х нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг,

- Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.О, Б.Х нарт тус тус сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ээс 6,250,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-д олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.О, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР