| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/1325/Э/220/2025/0233 |
| Дугаар | 2025/ШЦТ/1453 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Х.М, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408027031275 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Т овогт Х-ын М, Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарны 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Б овогт Э-ын Э, Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М, Э.Э нар нь бүлэглэн хохирогч Д.Б-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Х.М, Э.Э нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр *** тоотод хохирогч Д.Б-ыг “айраг үнэтэй зарлаа” гэх шалтгаанаар шүүгдэгч Х.М нь хохирогч Д.Б-ын нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.Б-ын дух хэсэгт шилэн хундагаар цохиж биед нь “баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, духанд шарх, баруун, зүүн, нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
- “...ганц бие ахыг маань согтуу эхнэр, нөхөр 2 зодсон байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Хохирогч Д.Б-ын “...Би 2024.07.15-ны өдрийн 16 цагийн орчим байшиндаа ганцаараа сууж байтал манай баруун урд байрлалтай нийтийн байрны зүс таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай гэр рүү шууд орж ирээд нөхөр нь бололтой залуу нь намайг өмсөж байсан цамцнаас маань заамдаад “чи муу 5000 төгрөгт айраг өгч чадахгүй, арчаагүй өвгөн” гээд нүүр рүү 3-4 удаа баруун гараараа цохисон. Тэр үед нь би газар унасан ба нөхөр нь гэх залуу миний цээжин дээр дараад уначихсан. Харин эхнэр нь гэх Э гэх эмэгтэй манай гэрийн ширээн дээр байсан шилэн хундагаар миний духны гол хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед миний духнаас маш их цус гарч арга ядаад би өөрийн дүүгээ дуудсан. Харин тухайн 2 эрэгтэй, эмэгтэй хүний хүүхдүүд нь ааваа, ээжээ та хоёр хүн алчихлаа ш дээ гэж хэлээд манайхаас аваад гарсан. Удалгүй манай дүү ирж миний цусыг арчиж өгөөд түргэн дуудсан. Түргэний эмч ирээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмчид үзүүлэн 6 оёдол тавиулж боолт хийлгэсэн. Намайг сүү цагаан идээгээ тохирсон үнээрээ өгсөнгүй гэж уурлаад зодсон. Би 1 литр айргийг 5000 төгрөгөөр өгч болно гэж тохирсон боловч манай дүү Ц 6000 төгрөгөөр өгсөн байсан...Би эрүүл мэндэд учирсан хохиролдоо гомдолтой байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11-12 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 9504 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Д.Б-ын биед баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, духанд шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Гэрч Ө.Г-ын “...2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б намайг гэртээ дуудаад очсон. Б нь Хар хочит Б-ийн хамт 1 шил архи ууж байсан. Бид гурав 1 шил архийг нь хувааж уугаад байшингийн сүүдэрт сууж байсан чинь саарал өнгийн probox загварын машинтай эхнэр, нөхөр хоёр ирсэн. Би тухайн эхнэр, нөхөр хоёрыг би танихгүй. Нөхөр нь бид гурав дээр хүрч ирээд Хар хочит Б-ээс мөнгө нэхээд хэрүүл маргаан үүсгэсэн. Мөнгө нэхэж ирсэн залуу болон түүний эхнэр согтуу байсан. Эхнэр нь газар байсан сэнжтэй аягаар Б-ын нүүрэн тус газарт цохисон. Би тухайн эмэгтэйг болиулаад салгах гэсэн чинь миний хамар руу гараараа цохиод миний хамраас цус гараад цусаа тогтоогоод сууж байх хооронд нөхөр нь Б-ыг газар хэвтүүлж дээр нь гарч сууж байгаад нүүрэн тус газарт нь гараараа нэлээн хэдэн удаа цохиж байсан. Уг залуугийн хүүхэд нь ааваа болиоч ээ, хүн аллаа гэж хэлсэн. Эхнэр нь хүүхдээ дагуулаад гэр рүүгээ явган алхсан. Удалгүй уг эрэгтэй Б-ыг зодохоо больж машинаа унаад тоос татуулаад гэр рүүгээ давхисан. Б-ийн хувьд зодоонд оролцоогүй, зодооныг салгах гэж ч оролдоогүй, зүгээр хараад зогсож байсан. Б-ын нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),
- Шинжээч Б.Д-ийн “...Д.Б-ын биед учирсан баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, духанд шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт, зүүн тохойд зулгаралт гэмтэл 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Х.М, Э.Э нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Д.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Х.М, Э.Э нар нь эхнэр, нөхөр ба зүс таних хохирогч Д.Б-ыг “айраг үнэтэй зарлаа” гэх шалтгаанаар шүүгдэгч нарын хохирогч Д.Б-ыг цохиж зодсон үйлдэл, хохирогч Д.Б-ын биед учирсан дух хэсэгт шилэн хундагаар цохисон үйлдэл биед нь “баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, духанд шарх, баруун, зүүн, нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол“ гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” үйлдсэн бол гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.Б-ын дух хэсэгт шилэн хундагаар цохиж, шүүгдэгч Х.М нь хохирогч Д.Б-ын нүүр хэсэгт 3-4 удаа цохиж зодсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Х.М, Э.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 11-12 дахь тал), шүүхийн шатанд шүүгдэгч нараас 124,762 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Э.Э нарт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хавтаст хэрэгт шүүгдэгч Х.М-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (хавтаст хэргийн 53-55 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтууд,
Шүүгдэгч Э.Э-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 156 дахь тал) зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан болно.
Шүүгдэгч Х.М, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Э.Э, Х.М нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог зэрийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М, Э.Э нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Х-ын М, Б овогт Э-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Э-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Э.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М, Э.Э нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.М, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР