| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1208/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1532 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
хохирогч Р.О, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч И.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410038440192 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овогт Б-ийн Ө, Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Р.О-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 70-71, 76, 103, 106-107, 110-112 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргийн 74-76, 102, 76 дахь талд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримт зэргийг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г ресторанд НӨАТ-ын баримт нэхэн маргаан үүсгэж тус газрын ажилтан болох хохирогч Р.О-ийн хамар хэсэг рүү гартаа барьсан утсаараа цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “...согтуу хүмүүс агсраад зодолдоод байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-24 дэх тал),
- Хохирогч Р.О-ийн “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Г ресторанд бармен хийдэг. Манай ресторанд 2024.09.07-ны өдөр 3 хүн орж ирж үйлчлүүлсэн. Ногоон өнгийн цамцтай, жинсэн өмдтэй 1 эрэгтэй, хар өнгийн даашинзтай 1 эмэгтэй, цагаан цамц юубкатай 1 эмэгтэй гэх 3 хүн орж ирсэн. Манай ресторан нь 22 цаг 30 минутад сүүлийн захиалгаа авдаг ба тухайн хүмүүс 2 шил архи уучихсан их согтсон байсан учир дахиж архи өгөхгүй гэж хэлсэн. Манайхаас тухайн хүмүүсийг 22 цаг 50 минутад тооцоогоо хийх талаар сануулахад мөнгө өгөхгүй, байхгүй гэж хэлсэн. Дахин манай зөөгч тооцоогоо хийх талаар сануулсан чинь бидэнд мөнгө байхгүй гэж хэлээд нэг эрэгтэй нь надад байгаа нь энэ гээд 150,000 төгрөг шилжүүлж өгсөн. Манайх 00 цагт хаах ёстой учир тооцоогоо хийх талаар сануулсан чинь нэг эрэгтэй, нэг эмэгтэй нь ямар ч ухаан байхгүй, суудал дээрээ тасраад уначихсан. Нэг эмэгтэй нь гараад явахаар нь манай 2 зөөгч охин араас нь очоод гар утсыг нь барьцаанд авч үлдэхээр дагуулаад ирсэн байсан. Тэгтэл цагаан цамц юубкатай эмэгтэй орж ирээд над руу чам шиг авгай ийм газар ажиллахаасаа ичээч гэх зэргээр доромжилсон. Тэр эмэгтэй ресторан дотор орилоод манай зөөгч охидыг хэл амаар доромжлоод байж байтал цуг явж байсан залуу нь өөр хүнтэй ярьж байгаад үлдэгдэл мөнгөө шилжүүлээд өгсөн. Тэгээд гарах гэж байгаад дахин НӨАТ-ын баримтаа нэхээд маргаан үүсгээд байсан. Бид баримтыг нь өгсөн байсан ба тухайн эмэгтэйн цүнхнээс гараад ирэхээр нь би 200,000 төгрөгийн баримтын төлөө маргаан хийгээд сайхан байна уу гэтэл тэр эмэгтэй манай У гэх зөөгч охины нүүр хэсэгт 2 удаа 2 гараараа ээлжлэн цохисон ба энэ үед нь би тухайн эмэгтэйг гар гэж хэлээд түлхтэл урагш харж яваад хойшоо эргэж хараад гартаа утас барьсан чигээрээ утасныхаа булангаар миний хамар тус хэсэгт нэг удаа цохисон. Миний хамар цөмөрсөн хугарал гэсэн онош тогтоогдсон. Бага зэргийн мурийлт үүссэн байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),
- Гэрч Ч.У-гийн “...нэг эрэгтэй хүн үлдсэн тооцоогоо төлөхөөр нь бид гаргах гэтэл баримтаа авна гээд бас маргаан үүсгэсэн. Тэгээд нэхээд байсан баримт нь цүнхнээс гараад ирэхэд би баримтыг нь аваад О эгчээ баримт нь энэ байна гээд бармен эгчийг дуудтал тухайн эмэгтэй миний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиход О тухайн эмэгтэйг гар гээд таттал гар утсаараа О эгчийн нүүр хэсэгт цохисон. Эхлээд тооцооноос болсон ба дараа НӨАТ-ын баримтаас болж маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
- Гэрч Э.А-ын “...нэг эрэгтэй хүн нь 150,000 төгрөг гаргаж шилжүүлсэн. Харин нөгөө хоёр эмэгтэй нь хоорондоо тооцоогоо төлөх дээрээ маргалдаад байсан. Тэгээд бид нартай бас маргалдаад, бид арга ядаад гар утсаа үлдээгээд маргааш ирээд авч болно гэж хүртэл хэлсэн. Цуг явсан эрэгтэй нь тасарчихсан байсан ба буцаж сэрээд хүнтэй ярьж байгаад тооцоогоо шилжүүлсэн. Тэгээд бид и-баримтыг нь өгсөн боловч цагаан подволк, урт хар өнгийн юубкатай, саравчтай малгайтай эмэгтэй манай ажилтнууд маргаан үүсгээд, утсаараа бичлэг хийгээд л бид нарыг цохиж аваад хашхираад яваад байсан. Тэгээд бид камераас баримтыг нь өгч байгаа бичлэг харуулаад цугтаа цүнхийг нь үзээд баримтыг нь гаргаж өгөхөд үгүй, энэ биш гээд манай У-гийн хацар нүүр хэсэгт нь нэг удаа цохих юм уу алгадах шиг болсон. Энэ үед О салгах гээд очсон. Би энэ үед нэлээн зайтай харж байсан. Тэгээд би ажилчдын өрөө рүү очиж хувцсаа сольчхоод буцаж 1 давхарт бууж ирэхэд нөгөө нэг эмэгтэй нь гадаа хаалгыг татаад орох гээд, хаалга эвдэх гээд ч байгаа юм шиг нааш цааш нь савлаад байхаар нь үүд хэсгийн хаалга руу очиж тэр эмэгтэйг болиулсан. Нөгөө цагаан подволктой, хар өнгийн юубкатай, хар өнгийн саравчтай малгайтай эмэгтэй О эгчийг цохих гээд байгаа юм шиг зууралдаад, түлхээд рестораны тайзны урд хэсэгт очсон. Тэгээд бид нар гүйж очиж салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Гэрч Д.Н-гийн “... Би Г ресторан барменаар ажиллаад 8 жил орчим болж байна. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 23 цаг 40 минут орчмын үед би ажил дээрээ ирсэн /Манай рестораны урд талын хэсэгт засварын ажил явагдах гэж байсан ба би заалаа харж хонох байсан/. Намайг ирэхэд хоёр ширээн дээр үйлчлүүлэгчтэй байсан ба нэг ширээнд нь байсан хосууд тооцоогоо хийгээд цагтаа гараад явчихсан. Харин нөгөө ширээнд нь хоёр эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүнтэй гурвуулаа байсан ба тэдгээр хүмүүс их муудсан тооцоогоо хийхгүй орилж хашхирч манай ажилчидтай маргаан үүсгэж загнах байдалтай байсан. Нэлээдгүй хугацаа өнгөрч тэдгээр хүмүүс тооцоогоо хийгээд гарахдаа и-баримтаа нэхэж хэрэлдээд байсан. Манай ажилтан охин камер шүүгээд тэр эгчид харуулах гэж оролдоход хар өнгийн юубка, цагаан өнгийн подволктой, хар өнгийн малгайтай, хоёр үүргэвчтэй цүнхтэй эмэгтэй хүн битгий худлаа ярь. Надад баримт өгснийг санахгүй байна, надад байхгүй байна гэж манай ажилтан руу давшлаад байсан. Тэгээд маргаан хурцдаад эхлэхэд цуг явсан эрэгтэй хүн нь гараад явчихсан байсан. Урт хар даашинзтай, дээгүүрээ хар өнгийн нимгэн цамцтай эмэгтэй маш их согтсон байсан ба ресторанд сууж байсан 18 дугаар ширээнийхээ доор бөөлжихөөр нь би үйлчлэгч эгч С-тэй хамт тухайн эмэгтэйг гаргах гээд гараас нь дэмжиж өргөөд хаалга руу явсан. Тэгээд хаалган дээр очоод гарах гэхэд тэр эмэгтэй миний цүнх хаана байна гээд намайг 2-3 удаа түлхсэн ба цүнх нь маргаан үүсгээд байсан эгчид байсан болохоор эхлээд бөөлжиж байсан эмэгтэйг гаргаад араас нь маргаан хийгээд байсан эмэгтэйг гаргая гээд нэлээн хугацаанд зууралдаж байгаад гаргах гэж байхад ард гэнэт их дуу гараад хүмүүс орилолдоод байхаар нь эргэж хараад тэнд байсан бүх хүмүүс гүйгээд очтол О эгч хамраа барьчхаад миний хамар аймар болчихлоо хамар өвдөөд байна гээд уйлж байсан. Тэгээд энэ үед бөөлжиж байсан эмэгтэйг манай үйлчлэгч эгч гаргасан байхад нөгөө эмэгтэй нь хаалга эвдчих гээд балбаад байхаар нь тийшээ очсон. Түүнээс цааш би бөөлжиж байсан эмэгтэйтэй гадаа гараад байж байсан ба болсон явдлыг хараагүй. Маргаан үүсгэж байсан эмэгтэй О эгчийг яг цохиж байхыг нь хараагүй. Гэхдээ шууд гүйгээд очиход цохиулсан байдалтай хамраа бариад уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
- Гэрч Ц.М-ийн “...Тэр өдөр найз Ө болон Э нартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г ресторанд 18 цагийн орчим уулзсан. Ороод хоол идчихээд 21 цагийн үеэс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид гурав хүний 3 лааз шар айраг болон 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан ба нэлээн согтолттой байсан. 23 цагийн үед тооцоогоо хийх гэтэл мөнгө төгрөг дутаад хэрүүл маргаан болсон. Тухайн үед Ө мөнгө дутаад байгаа болохоор гар утсаа барьцаанд тавиад үлдээе гээд хоорондоо хэрүүл маргаан хийж байсан ба миний дотор муухай оргиод би гараад гадаа хүлээж зогссон. Энэ үед цагдаа ирсэн ба буцаж орох гэтэл Г ресторан хаалгаа түгжсэн байсан. Ө-ыг Г рестораны ажилчидтай маргалдаж байх үед Э нь надтай хамт гадаа зогсож байсан ба бид хоёр болсон явдлыг хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 12012 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Р.О-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 187 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №12012 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Р.О-ийн биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх (хавтаст хэргийн 67-69 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 12012 дугаартай дүгнэлтээр хохирогч Р.О-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, тэрээр хохирогч Р.О-тэй НӨАТ-ын баримтаас үүдэлтэй маргаан үүсгэж, түүний эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.
Шүүгдэгч Б.Ө-ын хохирогч Р.О-ийн биед халдсан үйлдэл, хохирогчийн биед учирсан “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн боловч шүүгдэгч Б.Ө нь хохирогч Р.О-ийн биед санаатайгаар халдаагүй, миний биед хүрэх үед түлхэлцэх үед гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 187 дугаартай дүгнэлтэд “...Р.О-ийн биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэж, гэрч Ч.У-гийн “...нэхээд байсан баримт нь цүнхнээс гараад ирэхэд би баримтыг нь аваад О эгчээ баримт нь энэ байна гээд бармен эгчийг дуудтал тухайн эмэгтэй миний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиход О тухайн эмэгтэйг гар гээд таттал гар утсаараа О эгчийн нүүр хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Н-ийн “...ард гэнэт их дуу гараад хүмүүс орилолдоод байхаар нь эргэж хараад тэнд байсан бүх хүмүүс гүйгээд очтол О эгч хамраа барьчхаад миний хамар аймар болчихлоо хамар өвдөөд байна гээд уйлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.М-ийн “...Ө-ыг *** рестораны ажилчидтай маргалдаж байх үед Э нь надтай хамт гадаа зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.А-ын “...цагаан подволк, урт хар өнгийн юубкатай, саравчтай малгайтай эмэгтэй манай ажилтнуудтай маргаан үүсгээд, утсаараа бичлэг хийгээд л бид нарыг цохиж аваад хашхираад яваад байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Р.О-ийн “...тэр эмэгтэй У гэх зөөгч охины нүүр хэсэгт 2 удаа 2 гараараа ээлжлэн цохисон ба энэ үед нь би тухайн эмэгтэйг гар гэж хэлээд түлхтэл урагш харж яваад хойшоо эргэж хараад гартаа утас барьсан чигээрээ утасныхаа булангаар миний хамар тус хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Ө хохирогч Р.О-ийн биед санамсаргүйгээр цохиж гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ө нь *** ресторанд ажилтнуудтай маргаан үүсгэж, хашхирч, хохирогч болон гэрчийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Р.О нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба эмчилгээний төлбөрт баримтаар 1,310,150 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлого 1,666,600 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,960,000 төгрөгийг, нийт 6,936,810 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүх шинжилгээний тухай хуулиар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Иймд хохирогч Р.О-ийн сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.
Түүнчлэн, хохирогч Р.О нь *** рестораны барменаар ажилладаг ба 2024.09.08-2024.09.28-ны өдрийн хооронд өвчний улмаас цалингүй чөлөөтэй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн Look Mongolia Travel Group ХХК-ийн албан бичгээр тогтоогдож байна.
Гэвч хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт, цалингийн хүснэгт зэрэг зайлшгүй шаардлагатай баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Р.О-ийн хэдэн төгрөгийн цалин авдаг эсэх, ажлаас чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн эсэх, дутуу авсан цалингийн зөрүү зэргийг тооцох боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар баримтаар тогтоогдсон 1,120,150 төгрөгийг шүүгдэгч Б.Ө-оос гаргуулж хохирогч Р.О-д олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө-оос 1,120,150 төгрөгийг хохирогч Р.О-д шилжүүлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээх саналтай байна. ..” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарна биз...” гэв.
Хохирогч: “...Би өсвөр насны 2 хүүхэдтэй. Б.Ө манайд ирж уулзахдаа нүүр чинь зүгээр байгаа юм биш үү. Нүүр чинь зүгээр байгаа зургаа өгчих үзье гэсэн байдал нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж харж байна. Би 10 хоногийн ажилгүй байсан цалингаа гаргуулж авмаар байна. Би худлаа яриагүй. Би гомдолтой байна. Энэ хүн надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг. Гэм буруутай холбоотой баримтаар учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид гарах хохирлыг баримтаар иргэний журмаар жич нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй. Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн тухайд охины хамт амьдардаг зэргийг харгалзан 450 нэгжээр торгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч: “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд уучлалт гуйсан. Тэгтэл миний өөдөөс 4-5 сая төгрөг өгчих гэсэн. Би зодоогүй юм чинь тийм мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), иргэнд олгох тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /олон нийтийн газар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хөнгөн зэргийн гэмтэл учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ө-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Б-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон сэтгэцэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР