| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/05932/И |
| Дугаар | 101/ШШ2022/00786 |
| Огноо | 2022-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/00786
2022 02 22 101/ШШ2022/00786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххх дүүргийн 00 хороо, хххх гудамжны хххххх байранд оршин байх Б.И.Х ХХК /00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххх дүүрэг, ххх хороо, ххххххх хотхоны 0000 байрны 0000 тоотод оршин суух хххх овогт Д.Д /000000000 /-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, татгалзсантай холбоотой хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хххххх дүүргийн хххх хороо хххххх хотхоны 000 байр, 0000 тоот 4 өрөө 148,75 м.кв талбайтай орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, хариуцагч нь тус орон сууцны 1 м.кв тутмыг 2,600,000 төгрөгөөр авахаар болж нийт 386,750,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 150 сая, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 236,750,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд хариуцагч орон сууцын төлбөрийг бүрэн төлөөгүй. Нийт төлбөрөөс 2018 оны 08 дугаар сарын 31, 12 дугаар сарын 31, 2019 оны 11 дүгээр сарын 31, 2020 оны 05 дугаар сарын 06, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд нийт 279,000,000 төгрөг төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр дуусах ёстой байсан боловч өдийг хүртэл дуусаагүй. Бид нэхэмжлэгчид олон удаа хандсан, утсаар ярьж шаардлага хүргүүлэхэд уурладаг, тоодоггүй тул Иргэний хуулийн 225.1, гэрээний 3.7-д зааснаар гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байна. Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5.1-д зааснаар хохиролд 20 хувь буюу 279 сая төгрөгийн 20 хувьд нь 55,800,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 39 сарын хугацааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул орон сууцыг хөлслүүлэх үнийн дүнгээр буюу 01 сарын 2 сая төгрөгөөр тооцож 78 сая төгрөг нэхэмжилсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргадаг Тэнхлэг зууч гэх компаниас тодорхойлолт авахад одоогоор 4 өрөө байрын түрээс нь сарын 3 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа юм байна. Орон сууцны өмчлөгч компани нь гэрээнээс татгалзсан тул хариуцагч тус орон сууцыг эзэмших эрхгүй тул чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Төлбөр төлөгдсөний дараа холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч бүрдүүлж, хариуцагчид шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. Төлбөр төлөгдөж дуусаагүй тул эзэмшил, ашиглалтад саад учруулахгүй байж байгаа. Иймд манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн дагуу, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Е-0-00/00 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ, Ү-0000000 дугаартай, хххххх дүүргийн 00 дугаар хороо, ххххххххххх хотхоны 0000 байрны 000 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, Т.З ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 00/00 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 7-10, 37 дахь тал/-ыг хариуцагч татгалзлаа нотлох үүргийн дагуу бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, нэхэмжлэлээс татгалзсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүхэд гаргажээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.И.Х ХХК, хариуцагч Д.Д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, хариуцагчийг ххххххххх дүүргийн ххххххх хороо, ххххх хотхоны 000-р байрны 000 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.И.Х ХХК, хариуцагч Д.Д нар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Е-1-00/000тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан, гэрээний 1.1, 1.2-т зааснаар хариуцагч 148.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр, мөн гэрээний 2.1, 2.3-т заасан хуваариар нэхэмжлэгч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Хариуцагчийн эзэмшилд орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн, хариуцагч тус өдрөөс эхлэн өнөөг хүртэл эзэмшиж байгаа талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч маргаагүй буюу хариу тайлбартаа энэ талаар дурджээ.
Нэхэмжлэгч Б.И.Х ХХК нь маргаж буй орон сууцны өмчлөгч болох нь бүртгэх байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг Ү-000000 дугаартай, хххххххх дүүргийн ххххххх хороо, ххххххх хотхоны 0000 -р байрны 0000 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Улсын бүртгэлд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл талууд барилгын үйл ажиллагаа нь явагдаж байгаа ирээдүйд бий болох орон сууц бус барилгын ажил дуусч ашиглалтад орсон орон сууцыг хариуцагч худалдан авахаар сонгож нэхэмжлэгчтэй тохиролцон гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, зохигчийн хооронд байгуулсан гэрээг харьцуулан судалж үзэхэд нэхэмжлэгч нь дээрх барилгыг хариуцагчтай гэрээ байгуулахаас өмнө барилгын ажлыг эхлүүлж, хариуцагчийн ямар нэгэн оролцоо, хамааралгүйгээр барьж ашиглалтад оруулсан нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг гүйцэтгэх тул хариуцагч мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Хариуцагч “барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах” зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь хариуцагчийн захиалагч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй.
Иймд хариуцагч талын зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэлтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний 1.1, 3.1-д заасны дагуу орон сууцыг хариуцагчийн эзэмшилд 2018 оны 08 дугаар сард шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу гэрээний үнийг бүрэн төлж дуусгаагүй байна. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 3.9, 4.7-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлснөөр маргаж буй 1501 тоот орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах, үнэ бүрэн төлөгдөөгүй нөхцөлд орон сууцны өмчлөх эрх худалдагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр хадгалагдахыг талууд гэрээгээр тохиролцжээ.
Хариуцагч гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзан хариуцагчаас орон сууцыг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч үгүйсгэх, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхэд нотлох баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан Е-0-00/000 тоот гэрээнээс татгалзаж түүний үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийг баримтаар үгүйсгээгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх ерөнхий зарчмыг заасан ба Е-0-00/000 тоот гэрээний 2.3-т гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөрт багтаан 236,750,000 төгрөг төлснөөр гэрээний үүрэг бүрэн биелэгдэхээр заажээ, гэвч хариуцагч гэрээ байгуулснаас хойш нийт 279,000,000 төгрөг төлсөн, хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд гаргасныг хариуцагч үгүйсгэн маргаагүй байна.
Хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрснээс хойшхи хугацаанд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д нийцэх ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан нөхцөл бий болсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарласан ба Е-0-00/000 тоот гэрээний 2.3-т заасан үүрэг зөрчигдсөнөөс хойш 2 жил 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 236,750,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, тус хугацаанаас хойшхи 17 сарын хугацаанд 129,000,000 төгрөг төлж, 107,750,000 төгрөгийн үүргээ биелүүлээгүй нь мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т заасан зөрчлийг бий болгожээ.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан Е-0-00/000 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзах шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх ба гэрээний татгалзсаны үр дагаврыг арилгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу зохицуулагдана.
Зохигчийн хооронд байгуулсан Е-0-00/000 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.1-д захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээ цуцлагдсан нөхцөлд захиалагчийн төлсөн төлбөрийн 20 хувийг гүйцэтгэгч торгуульд суутган авахаар заажээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч 55,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Талууд Е-0-00/000 тоот гэрээний 5-р зүйлд гэрээний хариуцлага, эрсдэлийг хэрхэн тооцож тодорхойлох, үр дагаврыг арилгах нөхцөлийг тохиролцон тусгасан гэж үзэхээр байна. Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны үр дагаврыг гэрээний 5.4-т, захиалагч буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагааны үр дагаврыг гэрээний 5.1-5.3-т заасны дагуу арилгахаар тус тус зохицуулжээ. Хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шаардлага гаргасныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн учир гэрээний 5.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсаны үр дагаврын хариуцлагыг хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хариуцан арилгах үүрэгтэй.
Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд тухайн шалтгаанаар нөгөө тал нь гэрээнээс татгалзсан бол буруутай тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцлагыг хүлээхээр гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч, хариуцагчаас анз шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5-д заасантай нийцнэ. Талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор гэрээний хариуцлагын хэлбэр, хэмжээг тодорхойлжээ. Хариуцагч орон сууцны үнэд 279,000,000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагч маргаагүй ба тус дүнгийн 20 хувь нь 55,800,000 төгрөг байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын нэг төрөл болох алдангийг гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болдог агуулгаар шаардах эрх дуусгавар болдог бол торгууль нь зохих ёсоор гүйцэтгэгдээгүй үүрэгт тодорхой хувиар тооцон нөхөн төлүүлэхээс гадна гүйцэтгээгүй үүргийн нь тодорхой хувиар тогтоон хариуцлага хүлээлгэж болдог агуулгатай. Талууд гэрээний үүрэг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэрээ цаашид хэрэгжихгүй болсон тохиолдолд гэрээний эрсдэл, хариуцлагыг аль тал нь хэрхэн хариуцахыг урьдчилан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх учир хариуцагч Д.Д-ээс торгууль 55,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Х ХХК-д олгож шийдвэрлэв.
Хариуцагч орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа хугацаа буюу 39 сарын хөлсийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр тооцон 78,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч орон сууцыг 39 сар үнэгүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа учир Т.З ХХК-ийн тодорхойлсноор хххххххххх хотхонд хариуцагчийн эзэмшиж байгаатай адил м.кв бүхий 4 өрөө орон сууцны жишиг үнээр тооцон нэхэмжилж байгаа гэжээ. Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд талууд маргаж буй орон сууцыг худалдах-худалдан авах зорилгоор гэрээ байгуулан улмаар хариуцагч орон сууцыг эзэмшиж байгаа, түүнчлэн талууд гэрээний эрсдэл, хариуцлагыг гэрээнд тодорхой заасан учир хариуцагчаас орон сууц ашигласан хугацааны хөлс шаардах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд тооцогдох зайлшгүй орох байсан орлогыг шаардах эрхийг олгосон. Гэрээг хэрэгжүүлэх боломжгүй буюу нэг тал нь гэрээнээс татгалзсан нөхцөлд үр дагаврыг хэрхэн тооцох, буруутай тал нь хохирлыг хэрхэн арилгахыг талууд гэрээгээр урьдчилан тохиролцож “торгууль” төлөхөөр заасан учир нэхэмжлэгч орон сууц ашигласан хугацааны хөлсийг хариуцагчаас нэмж шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Д-ээс гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдон гарсан үр дагаварт 55,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.И.Х ХХК-ийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн учир үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр орон сууцыг ашигласан хугацаагаар тооцон хөлс 78,000,000 төгрөгийг давхардуулан гаргах үндэслэлгүй учир энэ шаардлагыг хангахгүй орхив.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн ххххх дүүргийн хххх хороо, ххххх хотхоны 000 байрны 0000 тоот орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй болохыг өмнө дүгнэсэн, энэ нөхцөлд талууд гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хариуцагч тус орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлэх үүргийг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хүлээнэ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан буюу орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээс татгалзжээ. Иймд хариуцагчийн эзэмшлээс ххххххххх дүүргийн ххххххх хороо, ххххххххххх гудамж, 000000 байрны 0 орцны 000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаар, 148.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагчаас 55,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийг хххххххххх дүүргийн ххххххх хороо, ххххх хотхоны 000000 байрны 0000000 тоот орон сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэлээс 78,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ба хариуцагч талын хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хурлыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр товложээ. Хариуцагчийн төлөөлөгчид түүний 000000 дугаараар дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, мөн 22-ны өдөр тус тус товыг мэдэгдсэн, сануулсан байна. Төлөөлөгч товыг хүлээн авсан бөгөөд өөр газар шүүх хуралдаантай тухай шүүхэд мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлтийг зохих баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Дондовцэрэн /0000000 /-ээс 55,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Х ХХК /0000000/-д олгож, хариуцагч Д.Д-г хххххххх дүүргийн хххххххх хороо, ххххххххх гудамж, 000 байрны 000 орцны 000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаар, 148.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэлээс 78,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 897,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Д-ээс 826,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ