2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1471

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Тээврийн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Марал /томилолтоор/,

хохирогч Н.*******,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч П.*******,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2503001040374 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, халх, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Баянзүрх дүүргийн 1.. тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дууссан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 25/378 дугаартай тогтоолоор торгох ял дуусгавар болсон, Монгол овогт *******ын ******* /РД: ../

                            Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 25 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоо гудамжинд байрлах зам дээр "Тоёота Приус" маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, эсрэг урсгал сөрж Тоёота Приус маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Н.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Би хохирогч Э.*******т 1.000.000 төгрөг, Н.*******т 400.000 төгрөг тус тус нөхөн төлсөн гэв.

Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 20 минутын орчимд эгчтэй таараад машин бариад явж байтал Мандал Овоогийн замын эргэлт дээр өөдөөс гэнэт гэрэл тусаад машин гараад ирсэн. Тэгээд осол гарсан ба тухайн машины жолооч нь согтуу байна гээд хүмүүс тусалж, түргэн тусламж дуудсанаар Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн гэмтлийн зэргээ тодорхойлуулж, эмчилгээ хийлгэсэн. Намайг 6 сар хүнд зүйл өргөж болохгүй гээд эмчийн хяналтад байлгасан. ...Би гомдолтой байна. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд: машиныг минь бүрэн бүтэн болгож өгөхийг хүсэж байна, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг минь нөхөн төлж өгнө үү гэж хүсэж байна. Манайх уулын орой дээр байдаг. Хүүхдүүд маань 8-н буудал газар дамжиж явдаг учраас хичээлдээ явахад хүндрэлтэй байгаа. Машингүй болсноос хойш бага хүү маань цэцэрлэгтээ яваагүй чөлөө авсан гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ машин нь Д.*******гийн нэр дээр байсан машин. Урьдчилгаанд банк бусаас 6.000.000 төгрөгийг нь манай эгч  П.******* өгөөд Д.*******гийн нэр дээр авсан. Тэгээд Д.******* унаж явж байх хугацаандаа удаа дараа согтуу машин барьсан гэсэн. Мөн яндан, явах эд ангийн ганц нэг юмыг нь зарж, үрж тэр машиныг тоносон байсан. Манай эгчийг зодож нүдсэн асуудал гарсан. Эгч нэг удаа машинаа авч явчхаад, энэ машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд өгөөч гэж надаас хүссэн. Тэгээд би банк бус дээр нь очиж машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Д.*******гийн 1, 2 сар машины мөнгө гэж төлсөн мөнгийг нь би Д.*******д өгсөн. Өөр хүний дансаар надаас авсан. Хас банкны данстай боловч Хаан банкны апплейкшн байгаа гээд надаас шилжүүлж авсан. Одоо энэ машин нь миний нэр дээр байдаг. Тухайн осол болсон өдөр би хотод байгаагүй. Аяллаар Хөх хот руу явсан байсан тул Д.******* миний зөвшөөрөлгүйгээр машиныг авч яваад гэмт хэрэгт холбогдсон байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2503001040374 дугаартай хэргээс:  

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 5-1 дэх тал/,

******* УАЕ /Н.*******/ болон ******* УАК /Д.*******/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Хохирогч Н.*******, Э.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 24-25 дахь тал/, 

Иргэний нэхэмжлэгч П.*******, Д.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 37-38 дахь тал/, 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 48-49 дэх тал/, 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ЕГ0725/2163, ЕГ0725/2164 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 54-55, 61-62 дахь тал/,

Хохирогч Н.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Хохирогч Н.*******, Э.******* нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 129-132, 134-135 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 25356, 25270 дугаартай тайлан /хавтаст хэргийн 71-73, 84-87 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн гаргасан 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтас хэргийн 110-111 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 136 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 138-145 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 147-156 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 151 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 152 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 153 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 154 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 155 дахь тал/ бусад зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 25 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоо гудамжны замаар “..” ХХК-ийн эзэмшлийн "Тоёота Приус-30" маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгал сөрж Тоёота Приус-20 маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Приус-20 маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.*******ын эрүүл мэндэд “зүүн мөрний булчингийн шөрмөс атгаалын толгойд бэхлэгдэх хэсгийн хэсэгчилсэн урагдал, 2 өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.*******ийн эрүүл мэндэд нь “духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, тус тус учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 5-1 дэх тал/,

Тоёота Приус маркийн ******* УАЕ /Н.*******/ болон Тоёота Приус маркийн ******* УАК /Д.*******/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Хохирогч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 10 минутын үед хуурай эгч ирээд түлшгүй болчихлоо, түлш борлуулах цэгээс түлшээ авъя гэхээр нь өөрийн эзэмшлийн ******* УАЕ улсын дугаартай Приус маркийн машинтай Э.******* эгчийн хамт түлш авахаар явсан. Бид хоёр Их наранд байдаг түлш борлуулах цэг рүү очъё гэж яриад Мандал Овоо гудамжны зам уруудаад явж байтал гэнэт эсрэг урсгалаас хар өнгийн Приус-30 маркийн машин яг урдаас ирээд мөргөсөн. Тухайн зам нь нарийн байсан болохоор тэр мөргөлтөөс зугтах ямар ч боломж гараагүй. Э.******* эгч бид хоёр бууж ирээд хартал миний машиныг явган хүний зам руу гартал мөргөсөн байсан. Миний машиныг мөргөсөн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээс нэг согтуу залуу бууж ирээд би жолооч биш гээд худлаа хэлээд инээгээд байсан. Тэгсэн миний ард явж байсан нэг машинтай ах "чи өөрөө барьж явсан биз дээ, битгий эмэгтэй хүн дээрэлхээд байгаарай" гэтэл нөгөө залуу чимээгүй болчихсон. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. ...Надад ил харагдах гэмтэл байхгүй байна. Харин 2 өвдөг, зүүн гар чинэрч өвдөөд байна. Хүзүү хөшөөд байна. ...Би тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан байх. Уруу явж байсан болохоор болгоомжлоод удаан явж байсан. ...Toyota Prius маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ...Үзэгдэх орчин хэвийн, Замын нөхцөл байдал хэвийн, гулгаа гээд байх зүйл байхгүй байсан. ...Би хуурай эгч Э.*******ийн хамт явж байсан. ...Миний машинд ямар нэгэн дуу, дүрс бичигч төхөөрөмж байхгүй. ...Би эрүүл мэнд, тээврийн хэрэгслээрээ хохирсондоо их гомдолтой байна. Гэр орны бух ажлыг машинаараа амжуулдаг байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Хохирогч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 10 минутын үед хуурай дүү Н.******* руу залгаад "манайх түлшгүй болчихсон байна, түлшинд явах уу" гэтэл "тэгье" гээд Н.******* манайд намайг гэрээс ирж аваад бид хоёр "Их наран" орох санаатай явж байтал өөдөөс нэг хар өнгийн Приус-30 маркийн машин шууд урсгал сөрж орж ирээд бид хоёрын машины яг урдаас мөргөсөн. Машин маань мөргүүлээд хойшоогоо явган хүний зам руу түрэгдээд гарчихсан байсан. Манай хуурай дүүгийн ******* УАЕ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн залуу бууж ирээд юу ч болоогүй юм шиг инээгээд хараад зогсоод байсан. Бид нар тэр даруй түргэн тусламж, цагдаа дуудсан. Манай машиныг мөргөдөг залуу бууж ирэхдээ согтуу байх шиг байсан. Мөн тухайн хар машины зорчигч талаас нэг эмэгтэй бууж ирж байсан. ...Миний толгой маш ихээр өвдөж байна, баруун хөлийн шагай цууралттай, баруун гарын долоовор хуруунд оёдол тавиулсан. ******* бид хоёроос өөр хүн хамт яваагүй. ...Миний сууж явсан тээврийн хэрэгсэл бага хурдтай явж байсан. Учир нь бага зэрэг налуу, эргэлттэй хэсэг болохоор удаан явж байсан. Өөдөөс ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай гарч ирээд эсрэг урсгалд орж ирээд мөргөсөн. Яг хэдэн км/цагийн хурдтай явж байгааг хараагүй. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Ослын улмаас эмчилгээ болон унааны зардал, сэтгэл санааны хохирол гэх мэт зардлуудыг нэхэмжилнэ. ...Надад гомдол санал байхгүй. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, 

Иргэний нэхэмжлэгч П.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн өдөр би ажил дээрээ буюу 152 дугаар сургууль дээр ажил дээрээ байхад ******* над руу залгаад машинаас чинь юм авах хэрэгтэй байна, одоо яваад очъё гээд байхаар нь тэг тэг гэж хэлсэн. Д.*******г ирэхэд нь би гарч очоод юмыг нь авч өгөх гээд би машиныхаа жолооны хүрд дээр суусан. Тэгсэн ******* "машинаа буцааж авлаа" гэж уурлаад бид хоёр маргалдаад би машинаас буусан. Тэгсэн ******* зөрж жолооны хүрд дээр суухаар нь машинаа өгөхгүй гэж хэлээд жолоочийн эсрэг талд урд суудалд суусан. Тэгтэл ******* машин асаагаад аймар хүчтэй хаазлаад шууд хөдлөөд Төгөлдөр дэлгүүрийн чулуун замаар дээшээ өгсөөд урсгал сөрөөд сигналдаад их хурдтай явж байхаар нь би *******д хандаж... ингэж хурдтай, урсгал сөрж явж болохгүй, би бариад хажууд чинь явъя чи согтуу байна... гэсэн ******* уурлаад урдаа байгаа машиныг гүйцэж түрүүлээд давхиж байгаад яг эргэлт дээр өөдөөс ирж байсан машинтай мөргөлдчихсөн. ...Энэ машиныг анх авахдаа урьдчилгаанд 5.700.000 төгрөгийг би гаргаж *******гийн нэр дээр гэрээ хийж авсан юм. Авсан цагаас хойш үе үе унадаг байсан, би зээлийн гэрээг төрсөн дүүгийнхээ нэр шилжүүлж авсан. Тэгсэн энэ гэрээнээс болоод ******* надаас машинаа авна гэж хэлээд маргалдсан. Энэ машин одоо ".." ББСБ-н эзэмшилд байдаг.  *******тэй машин дотор байхад уурлаад байхаар нь согтуу гэж бодсон. Хаашаа ямар зорилгоор явах гэж байгааг нь мэдээгүй. Би машинаа асаагаагүй, миний халаасанд байсан смарт түлхүүртэй болохоор машинд дотор түлхүүр байхад асаах товчлуур дарахад шууд асчихдаг юм. ******* өөрөө асаагаад шууд хөдөлсөн. ...Машинд ямар нэгэн дуу, дүрс бичигч төхөөрөмж байхгүй. ...Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, мөрдөгч надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгсөн, би шүүх эмнэлэгт үзүүлэх хэмжээний бэртэл гэмтэл аваагүй тул үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Тоёота Приус ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нэт капитал нэр дээр байдаг. ...Тухайн үед би гадуур ажилтай явж байгаад гэртээ ирсэн чинь ээж надад зам тээврийн осол гарсан талаар хэлсэн. Зам тээврийн ослын улмаас  тээврийн хэрэгслийнхээ эвдрэлийн мөнгийг гаргуулж авмаар байна. Жолоодож явсан *******гээс нэхэмжилнэ. ...Би бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Надаас машин гуйж авсан эгч *******, тухайн үед жолоодож явсан ******* нар хариуцах ёстой...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 48-49 дэх тал/, 

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн:  Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоо гудамжинд байрлах зам дээр 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 25 минутын орчимд "Тоёота Приус" маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь "Тоёота Приус" маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой мөргөлдсөний улмаас тээврийн хэрэгслийн жолооч Н.*******, зорчигч Э.******* нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэх хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс 2025 оны 01 сарын 14-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 271.300 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсэн байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Тоёота Приус 30 маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Нэт Капитал мобайл” ХХК гэх /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд: Э.******* нь 246.300 төгрөг гэх /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0725/2164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.*******ын биед зүүн мөрний булчингийн шөрмөс атгаалын толгойд бэхлэгдэх хэсгийн хэсэгчилсэн урагдал, 2 өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0725/2163 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******ийн биед духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

Хохирогч Н.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Хохирогч Э.*******ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 129-132 дахь тал/,

Хохирогч Н.*******оос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25270 дугаартай тайланд: Тоёота Приус-20 маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 5.798.000 төгрөг, шууд бус зардалд 930.000 төгрөг, нийт 6.728.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25356 дугаартай тайланд: Тоёота Приус-30 маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 6.872.000 төгрөг, шууд бус зардалд 1.160.000 төгрөг, нийт 8.032.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 84-87 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн гаргасан 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаартай магадалгаанд: “Тоёота Приус" маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. "Тоёота Приус" маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.*******, зорчигч Э.*******, "Тоёота Приус" маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч П.******* нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэх /хавтас хэргийн 110-111 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тухайн өдөр ганцаараа 2 шил 0.5 граммын пиво уусан байсан. Би ******* УАК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машиныг 300-400 метр орчим жолоодсон. Миний хажууд ******* сууж явсан. Би *******тэй уулзахаас өмнө 2 ширхэг пиво уучихсан байсан, тэгээд *******тэй уулзаж машинаас юм авах гэж очоод маргалдаад уурандаа жолоо бариад гэртээ харих гээд явж байгаад зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас надад болон *******д ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. ...Яг эргэлттэй зам таарчихсан өөдөөс машин ирж байгааг хараагүй 40-50 км/цагийн хурдтай явсан байх, сайн санахгүй байна. Машинаа зогсоох арга хэмжээ авсан. ...Би машины үнэлгээгээр гарсан мөнгийг өгч чадаагүй. Эрүүл мэндтэй холбоотой зардалд нэг хүнийх нь зардлыг гаргаж өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 445 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр Д.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №1121794 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн ******* УАК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх ба түүнийг жолооч гэж үзнэ.

Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.

 

 “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.******* нь “Тоёота Приус-30” маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо 1,088 хувийн согтолттой байсан нь Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/-ээр батлагдаж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэдэг нь хууль, шүүх, эсвэл захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу жолоодох эрх нь тодорхой хугацаагаар эсвэл бүрмөсөн хасагдсан, өөрөөр хэлбэл тухайн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох хууль ёсны эрхгүй болсон хүнийг хэлнэ.” гэж зохицуулсан ба Д.*******д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэсэн байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтуудыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас Тоёота Приус-20 маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар жолооч хохирогч Н.*******ын эрүүл мэндэд нь “зүүн мөрний булчингийн шөрмөс атгаалын толгойд бэхлэгдэх хэсгийн хэсэгчилсэн урагдал, 2 өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.*******ийн эрүүл мэндэд нь “духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 1,088 хувийн согтолттой согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Э.Баяржавхлан нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.******* нь урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дууссан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 25/378 дугаартай тогтоолоор торгох ял дуусгавар болсон хэдий ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, мөн шүүгдэгч Д.******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба 2.700.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын үлдэгдэлтэй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 06 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 9 сар 06 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулах,

Хохирлын хувьд: шүүгдэгч Д.*******гээс нийт 16.439.300 төгрөг гаргуулах саналтай байна. Үүнээс Эрүүл мэндийн даатгалын санд 271.300 төгрөг, хохирогч Н.*******т 8.190.000 төгрөгийг олгох ба үүнээс эрүүл мэндэд учирсан эмчилгээ үйлчилгээнд 1.462.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 6.728.000 төгрөг олгох, харин иргэний нэхэмжлэгч П.*******ид тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ буюу 8.032.000 төгрөгийг олгох саналтай байна. Мөн хохирогч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас гаргасан нөхрийн цалин 9.000.000 төгрөг, хүүхдүүдийн хичээлд явуулахад унааны зардал 1.760.000 төгрөг, өөрийнх нь дутуу авсан цалин 840.000 төгрөг, нийт 11.600.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг хохирогч Н.******* нь иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн хүсэлтээ гаргасан учраас мөн сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх дүгнэлт гаргасан.

Хохирогч Н.*******, иргэний нэхэмжлэгч П.******* нар “Д.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй ба өөрт учирсан хохирлуудаа, гаргуулах хүсэлтэй байна” гэсэн тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас: Д.******* нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Хохирлын хувьд: Хохирогч Н.*******т 1.463.000 төгрөгийн хувьд маргахгүй тул төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Э.******* эрүүл мэндийн даатгалын сангаас 271.300 төгрөгийн  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул түүнийг Д.*******гээс гаргуулах нь зүйтэй. Харин хохирогч Н.*******, иргэний нэхэмжлэгч П.******* нарын автомашинд учирсан хохирол болон хохирогч Н.*******ыг бусад нэхэмжилж байгаа хохирлуудыг гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1,088 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрж автомашинтай мөргөлдөж, улмаар нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

Шүүгдэгч Д.******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасуулсан  үедээ 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой дээрх зам тээврийн осол гэмт хэргийг үйлджээ.

Иймд шүүгдэгч Д.******* 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 85 хоног буюу 02 сар 25 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдэлсэн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 05 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж нэгтгэн нийт 5 жил 9 сар 05 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг тоолох нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

           Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас:

1. а./ Хохирогч Н.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0725/2164 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...зүүн мөрний булчингийн шөрмөс атгаалын толгойд бэхлэгдэх хэсгийн хэсэгчилсэн урагдал, 2 өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

б./ хохирогч Н.*******ын эд хөрөнгө болох Тоёота Приус-20 маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25270 дугаартай тайлангаар ...шууд зардалд 5.798.000 төгрөг, шууд бус зардалд 930.000 төгрөг, нийт 6.728.000 төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

в./ хохирогч Н.*******ын сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд /хавтаст хэргийн 56 дахь тал/, тус тус тогтоогдсон.

 

Хохирогч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээнд 2.700.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 1.462.000 төгрөг нь баримтаар тогтоогдсон. Мөн Н.******* нь ажилгүй байсан 01 сар 10 хоногийн цалин болох 840.000 төгрөг, нөхөр нь асарсан тул нөхрийн нэг сарын цалин 4.500.000 төгрөг*2 сар=9.000.000 төгрөг, машингүй болж хүүхдүүдээ таксигаар хичээл сургуульд нь хүргэж өгсөн 16.000 төгрөг*110 хоног=1.760.000 төгрөг, машинд учирсан хохирол 6.728.000 төгрөг, нийт 19.790.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ. ...Үүнээс шүүгдэгч Д.******* нь 400.000 төгрөг нөхөн төлсөн” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: хэргийн 134-135 дахь талд авагдсан хохирогчийн эмчилгээ оношлогоонд зарцуулсан баримтаар нотлогдож байгаа 731.000 төгрөг болон Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25270 дугаартай тайлангаар Тоёота Приус-20 маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан ...шууд зардалд 5.798.000 төгрөг, шууд бус зардалд 930.000 төгрөг, нийт 6.728.000 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 71-73 дахь тал/, ний 7.459.000 төгрөгийн нотлох баримтыг нэхэмжлэлээс хангах үндэслэлтэй гэж үзлээ. Үүнээс шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад хохирогч Н.*******т төлсөн 400.000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгчээс 7.059.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.*******т олгох нь зүйтэй.

Хохирогч Н.******* нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч түүний эмнэлгийн магадалгаатай хөдөлмөр эрхлэх боломжгүй байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн нөхөр Г.Идэрмөнхийн 2 сарын цалин 9.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч хохирогч Н.******* нь хүний асаргаанд байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 12.331.000 төгрөгийн гэм хорын хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Н.*******ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

 

2. а./ Хохирогч Э.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0725/2163 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Хохирогч Э.******* нь мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн нотлох баримтуудаас 19.000 төгрөгийн /хэргийн 132 дахь тал/ баримтыг хангах үндэслэлтэй ба шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******т 400.000 төгрөг төлсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд: Э.******* нь 246.300 төгрөг гэх /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн “...Дээрх гэмт хэргийн улмаас Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 271.300 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсэн байгаа...гэжээ. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 271.300 төгрөг гарсан талаарх нэхэмжлэл баримтаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг ирүүлсэн ба гэмт хэрэг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой гарсан байтал тус албан бичигт 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 271.300 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэжээ. Иймд дээрх үнийн дүнгээс  2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тусламж үйлчилгээ авсан 25.000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Д.*******гээс 246.300 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. а./ Иргэний нэхэмжлэгч П.*******ийн эзэмшлийн эд хөрөнгө болох Тоёота Приус-30 маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25356 дугаартай тайлангаар “...шууд зардалд 6.872.000 төгрөг, шууд бус зардалд 1.160.000 төгрөг, нийт 8.032.000 төгрөгийн хохирол учирсан. /хавтаст хэргийн 84-87 дахь тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Тоёота Приус 30 маркийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Нэт Капитал мобайл” ХХК гэх /хавтаст хэргийн 26 дахь тал/ боловч тус компанийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0050 дугаартай албан бичигт “...үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөх, шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу манай байгууллага хамааралгүй тул Пүрэвдагва овогтой ******* оролцоно.” гэсэн тул шүүгдэгчээс 8.032.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.*******ид олгох нь зүйтэй.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.*******гээс нийт 15.337.300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нараас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоног хүртэл хугацаагаар  завсарлуулах хүсэлт гаргасан хэдий ч шүүгдэгч нь ямар эд хөрөнгийн болон орлогын эх үүсвэрээр хохирлыг хэрхэн төлж барагдуулах нь тодорхойгүй, зөвхөн бусдаас зээл авна гэх тайлбар гаргасан тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Хохирогч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон бусад зардал, мөн сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой, мөн цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 9 сар 05 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                          

1. Монгол овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 5 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж нэгтгэн, нийт 5 жил 9 сар 05 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 5 жил 9 сар 05 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******т 1.000.000 төгрөг, Н.*******т 400.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.*******гээс нийт 15.337.300 төгрөг гаргуулж, хохирогч Н.*******т 7.059.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.*******ид 8.032.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 246.300 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Хохирогч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон бусад зардлаа, мөн сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой хохирлоо, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР