Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/423

 

 

 

 

 

 

  2021             4              27                                          2021/ДШМ/423

 

 

Б.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШТ/62 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Жд холбогдох 2006015891552 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б-ын Ж, 1971 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... хэсэг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Шүүгдэгч Т.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо *** тоотод байрлах иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч В.М нь шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг, тус зүйлийн 4 дэх хэсэгт “Хохирогч ...худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг танилцаж, гарын үсэг зуран баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Б.Ж намайг хутгалсан” гэсэн мэдүүлгээ эрс өөрчилж, би өөрийгөө хутгалсан гэж мэдүүлэгт ноцтой зөрүү гарсан байна. Хохирогч мэдүүлгээ ямар учраас өөрчилсөн, хэргийн оролцогч, бусад оролцогчдоос нөлөөлсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв болох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр Б.Жы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон тул хэргийг прокурорт буцааж, Б.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хохирогч мэдүүлгээ ямар учраас өөрчилсөн, хэргийн оролцогч бусад оролцогчдоос нөлөөлсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв болох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгаж ажиллагаа явуулах болсон тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүгдэгч Б.Жы гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хурал бүрэн хэлэлцэгдэж дууссан. Хэргийг прокурорт буцаасан дээрх тогтоолыг харахад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй бус гэм буруу нь тогтоогдохгүй байгааг илэрхийлж байна гэж үзэж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл илэрвэл тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурор шийдвэрийн үндэслэл болгож болохгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хууль зүйн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэх ёстой атал, чухам ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл агуулга нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасан байхад анхан шатны шүүх Б.Жд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч Б.Жд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үүгэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогч хоёр удаагийн мэдүүлэг өгөхдөө “Ж намайг хутгалсан, түгхийх шиг болсон, тэгээд цээжнээс цус гарсан” гэдэг. Дараа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хууль сануулж мэдүүлэг авахад хохирогч “өөрийгөө хутгалсан” гэж мэдүүлдэг. Тиймээс хохирогчийн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн аль нь үндэслэлтэй эсэхэд эргэлзээ гарч байна. Мөн тухайн үед байсан гэрч мэдүүлэхдээ Ж хутгалсан талаар хэлдэг. Мөн гэрийн гадна байсан гэрч “гэрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад байсан. Эрэгтэй нь дуугүй бол гэхэд эмэгтэй нь чи хүн хутгалчихлаа шүү дээ гэсэн” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Хэдийгээр хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмнө өгсөн мэдүүлгээсээ буцсан боловч бусад нотлох баримтуудаар үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хэргийг прокурорт буцааж шинжээч эмчийг асуух ажиллагааг хийх шаардлагатай болсон. Хохирогч өөртөө гэмтэл учруулах боломжтой эсэх, гарын байрлал ямар байсан зэрэг асуудлаар шинжээчээс мэдүүлэг авч байж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй. Түүнчлэн хохирогч худал мэдүүлсэн эсэх, эсхүл хохирогчид ямар нэг байдлаар нөлөөлсөн эсэхийг шалган тогтоох шаардлагатай учраас анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Т.Жыг иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...хохирогч мэдүүлгээ ямар учраас өөрчилсөн, хэргийн оролцогч, бусад оролцогчдоос нөлөөлсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв болох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр Б.Жы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Мын “...Мөнгөнцэцэг бид 2 унтаж байсан байхаа, би сайн санахгүй байна, Б.Ж зүүн орон дээр унтдаг, нэг мэдэхэд Б.Ж цээж рүү цохих шиг болохоор нь сэрэхэд миний цээжнээс цус гарч байсан. ...би түргэн дуудаад ирье гээд гараад явсан, би цус гарч байгаа газраа дарж байгаад ухаан алдсан, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн.” /1хх 17/,

анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Ж өөрийгөө өмөөрөөд түлхэхэд нь би өөрийгөө хутгалсан байсан. Би өөрөө сайн санахгүй байгаа, эргээд санахад би өөрийгөө хутгалсан асуудал болсон. ...” /1хх 190/ гэх зөрүүтэй мэдүүлгүүд хэрэгт тус тус цугларсан байна.

Шүүгдэгч Б.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоох зайлшгүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд эдгээр асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж дүгнэлт гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн шүүхийн тогтоол болон магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШТ/62 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт очих хүртэл шүүгдэгч Б.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ