Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Зулаа

 Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000155 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар

  Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 5******* тоот өөрийн гэртээ хохирогч *******г тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хацар хэсэгт алгадаж, зүүн талын нүд рүү цохиж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,

       Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай нөхөр ******* 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад явсан. Тэгээд би орой 17 цаг өнгөрөөд утсаар залгаад хаана байна гэртээ ирэхгүй юм уу гэсэн чинь миний урдаас ууж байна гээд тасалсан. Удаагүй 18 цагийн үед гэртээ согтуу орж ирээд над руу чи чинь ямар маягтай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө архи уугаад юу хийгээд алга болчихдог юм гэсэн чинь намайг гэрээс гар гээд гарнаас татаад, миний толгой руу баруун гараараа 2, 3 удаа цохиод, хацар луу алгадаж, үснээс зулгаасан. Тэгээд би тонгойсон байж байгаад өндийсөн чинь миний зүүн талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. .Тухайн хэргээс шалтгаалан миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би сэтгэцэд учирсан хор уршгийн талаар дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 19-20),

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би гэртээ өрөөндөө байж байсан чинь аав миний өрөөнд хамт байж байгаад аав нэг хүнтэй гар утсаар яриад тэгээд хувцсаа өмсөөд эхэлсэн. Тэгээд би аав хаачих гэж байгаа юм гэсэн чинь айлд оччихоод ирье гэж хэлсэн. Тэгээд би битгий удаарай гэж хэлсэн. Аав зөндөө удаад байсан. Тэгээд ээж аав руу утсаар залгаад ямар уддаг юм, хурдан ирээч гээд жаахан ууртай аавд ээж хэлсэн. Тэгээд аав хэдэн минутын дараа гэртээ аймар ууртай орж ирээд ээж рүү чи чинь одоо юундаа утсаар хашигчаад байгаа юм гэж хэлээд аав ээж хоёр унтлагын өрөө рүү орсон юм. Би хэрүүл зодоон харж чаддаггүй юм. Тэгээд унтлагын өрөөнд баахан хэрэлдээд хашгираад ээж аав руу дайраад байсан чинь аав ээжийг цохичихсон юм шиг байсан. Тэгээд ээж унтлагын өрөөнөөс гараад ирсэн чинь нүд нь хавдаад бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгээд тэр үед айгаад дүүгээ тэврээд л сууж байсан. Тухайн асуудал болохоос өмнө аав ээж хоорондоо маргалдаж байгааг би яг харж байгаагүй...гэх мэдүүлэг (хх-ийн 22-23),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаартай”

1.*******гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй,

3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал босон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

6.Дээрх гэмтлүүд нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт (хх-ийн 29-30),

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 84-87/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/, депозит дансны хуулгууд /хх-ийн 66-70/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/,шүүгдэгч Б.Балжинямын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ж ******* нь согтуурсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 5******* тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хацар хэсэгт алгадаж, зүүн талын нүд рүү цохиж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,  

 Хохирогч *******гийн...намайг гэрээс гар гээд гарнаас татаад, миний толгой руу баруун гараараа 2, 3 удаа цохиод, хацар луу алгадаж, үснээс зулгаасан,.. би тонгойсон байж байгаад өндийсөн чинь миний зүүн талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20/

Насанд хүрээгүй гэрч *******...унтлагын өрөөнд баахан хэрэлдээд хашгираад ээж аав руу дайраад байсан чинь аав ээжийг цохичихсон юм шиг байсан, унтлагын өрөөнөөс гараад ирсэн чинь нүд нь хавдаад бага зэрэг цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаартай...*******гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт (хх-ийн 29-30), болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч ******* нар нь  тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 29-30/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн толгой хэсэгт 2-3 удаа цохисон, хацар руу алгадсан, зүүн талын нүд рүү цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч  ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаараа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, / *******анд эдийн засагч ажилтай, сарын 2,200,000 төгрөгийн цалинтай/ ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, шүүгдэгч , хохирогч нар хоорондоо эвлэрсэн, шүүгдэгчээс цаашид дахин алдаа гаргахгүй талаар илэрхийлсэн, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ч.БАЙГАЛМАА