| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1358/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1567 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч Я.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000606 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Я-ын А, Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Я.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн амбулаторын эмчлүүлэгчийн карт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Я. А нь 2025 оны 4 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын *** дугаартай өрөөнөөс хамт хоносон хохирогч Б.Б-ыг унтсан хойгуур түүний эзэмшлийн Самсунг S21 загварын гар утас, цэнэглэгч, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 670,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),
- “...намайг унтсан хойно утас бүх бичиг баримтыг минь аваад явчихжээ...” гэх утга бүхий гараар бичсэн хүсэлт (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- *** зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн гар бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Хохирогч Б.Б-ын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны *** тоотод байхдаа өөрийн эхнэр Б.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаад 18 цагийн орчимд гараад явсан. Гэрээс гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппора худалдааны төвийн ойролцоо А гэж надад хэлсэн эмэгтэйтэй танилцаад хамтдаа хонохоор тохиролцож тэр хавьцаа байрлах хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай ногоон “Экс” нэртэй архинаас би өөрөө худалдаж авахдаа хажуугаар ундаа, гар утасны Си цэнэглэгчийг худалдаж авсан. Тэгээд тухайн өдрийн танилцсан А гэх эмэгтэйтэй такси бариад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй буудлын *** тоотод А бид хоёр орж миний авсан архийг хувааж уугаад би тухайн эмэгтэйг мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн Голомт банкны данснаас 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг түүний “Хаан” банкны MN7100*** данс руу бэлэглэж шилжүүлээд хамтдаа хоносон. Би 2025 оны 4 дүгээр сарын 14-ний шөнийн 5-6 цагийн орчимд буудлын өрөөнд сэртэл миний өөрийн Самсунг эс 21 загварын гар утас, гар утасны цэнэглэгч,банкны карт байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон... Надтай анх уулзахдаа мөнгөний хэрэг байна гээд мөнгө асуугаад байхаар нь дансанд байсан 100,000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. ...Миний гар утас, банкны карт, цэнэглэгч зэрэг бүрэн байна. Харин хаан банкны интернет банк блоклогдсон байна. ...Цагдаагийн байгууллагаас үнэлгээ хийлгэх тогтоолоор миний алдагдсан эд зүйлийн үнэлгээг нийтдээ 670000 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд надад хохирлын үнэлгээтэй маргах зүйл алга байна. Надад цагдаагийн байгууллагаас эд зүйлийг маань хурдан шуурхай олж өгч бүрэн хүлээлгэж өгсөн болохоор надад одоо тухайн эмэгтэйгээс нэхэмжлэх зүйл алга байна. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзах байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28, 30, 32-33 дахь тал),
- Гэрч Ш.О-ийн “… Би 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 08 цагийн үед өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** тоотоос гараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** гэх нэртэй зочид буудалд очиж ресейпшний ажлаа хийж эхэлсэн. Намайг ээлж аваад байж байхад *** тоотод өрөөнд хоносон туранхай шар, казах залуу гарч ирээд би буудлын өрөөнөөс гар утсаа хулгайд алдчихсан байна гэсэн. Тэр залуу надаас тэр хүүхнийг хаанаас олж авах уу? гэхээр нь би тэр хүүхэнтэй хаана таарсан тэр газраасаа хайгаад үз болохгүй бол цагдаад ханд гэж хэлсэн. Харин миний нөгөө ээлжийн хүн тэр эмэгтэйг зүс танина, нэрийг нь мэдэхгүй гэж байсан. Бүртгэлийн дэвтэрт бүртгэхдээ Б *** гэж алдаатай бичсэн байна. Үйлчлүүлсэн иргэнийг бүртгэдэг гар бүртгэлийг хуулбарлаж өгнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн Т-25/261 дугаартай Хохирлын үнэлгээний тайлангаар “...1.Samsung s21 загварын гар утас-1 ширхэг, нэгжийн үнэ 650,000 төгрөг, 2. Цэнэглэгч СИ-1 ширхэг- нэгжийн үнэ 10,000 төгрөг, 3. Хаан банкны алтан /виза карт/- 1 ширхэг нэгжийн үнэ 10,000 төгрөг, нийт 670,000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 42-45 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Я.А-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Я.А-ийн 2025 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын *** дугаартай өрөөнөөс хамт хоносон хохирогч Б.Б-ыг унтсан хойгуур түүний эзэмшлийн Самсунг S21 загварын гар утас, цэнэглэгч, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 670,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Я.А-ийн хохирогчийн өмчлөлийн эд зүйлсийг шунахайн сэдэлтээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 670,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Я.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Я.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох Самсунг эс 21 загварын гар утас, си оролттой цэнэглэгч, Хаан банкны виза карт зэргийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Я.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Я.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт Я.А-ийн хувьд баруун хөлийн дунд чөмгийн толгой хагарч үе солиулсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дахь тал), хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 60-67 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 72-93 дэх тал), оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 68-69 дахь тал), гэрч Б.О-ийн “… Манай ээж Я.А нь тайван дөлгөөн зантай, үр хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай, архи уудгаас өөрөөр янз бүрийн буруу зуршилгүй. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдлоо гэж сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрч Б.Ч-ын “… Я.А нь хамтын амьдралын хугацаанд хааяа архи согтууруулах ундаа хэрэглэчихдэгээс өөрөөр элдэв зан араншин байхгүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай байдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Я.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй бөгөөд шүүгдэгч Я.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Я-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Я.А-д сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР