| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/151 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004630157 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр багт байрлах “*******” караокед үйлчлүүлж байсан хохирогч *******ийн эзэмшлийн Самсунг А15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тэр өдөр би орой 23 цагийн орчимд 2 найзтайгаа ******* караоке орж пиво ууж дуулсан. Тухайн үед манай хажуугийн ширээн дээр сууж байсан 2 ах нэг мэдэхэд байхгүй байсан. Ширээн дээр нь Samsung А15 маркийн хар өнгийн утас байхаар нь би хажууд нь очоод нэлээн зогссон. Хүн харахгүй байхаар нь тэр утсыг нууцаар аваад халаасандаа хийсэн. Утсыг нь аваад өөрийнхөө ширээн дээр очоод суусан. Тэгээд байж байтал утасны эзэн орж ирээд утас алга болчихлоо гэж байгаад гараад явчихсан. Тухайн үед утсыг нь өгөх гэснээ айгаад больчихсон. Тэгээд тэндээс гарах ч дөхөж байсан болохоор нэг их удаагүй бид 3 гараад гэр гэртээ харьсан. Тэр өдрийн маргааш нь би тэр утсыг аваад яваад өгсөн. Тэрнээс хойш бараг 10 гаран хоногийн дараа ээжийгээ харж эмнэлэгт хэвтэхээр аймагт орж ирсэн. Тэгээд аймагт ирээд мөнгө хэрэг болоод байхаар нь Баруун бүсийн худалдааны төв ороод гар утас засдаг хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би буцаад сум руу явчихсан. Тэгээд хөдөө байж байтал 5 сарын дараа манай сумын цагдаа ******* над руу утсаар яриад 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр аймагт ******* гэдэг цагдаатай очиж уулзаарай гэхээр нь аймаг орж ирээд уулзсан. Тэгээд ******* цагдаагийн хамт утас зарсан хүнтэй уулзуулсан. Би энэ ахад утас зарсан гэдгээ бол хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах ******* караокед найзын хамт 23 цагийн үед сууж байгаад 00 цагийн үед би хоёр давхарт байрлах өрөөнд орж хүнтэй уулзсан. Тэгэхдээ би гар утсаа ширээн дээрээ үлдээгээд явсан. Тэгээд хүмүүстэй уулзаад хэсэг хугацааны дараа бууж ирэхэд миний гар утас байхгүй байхаар нь би алдсан гэдгээ мэдээд явсан. Тэгээд маргааш нь очиж хяналтын камерыг нь шүүж үзэхэд миний хажуугийн ширээнд сууж байсан эрэгтэй авсан байсан бичлэг байсан. ...Миний гар утас Самсунг А15 маркийн гар утас байгаа, кэйсгүй, хөх цэнхэр өнгийн гар утас байгаа, 650.000 төгрөгөөр лизингээр авч байсан.Миний алдсан гар утас мөн байна. Имэй код нь яг таарч байна. Миний А15 маркийн утас хэвийн ажиллагаатай байх тул цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 18-19/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Самсунг А15 маркийн гар утсыг 2024 оны 7 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төв 2-т байрлах гар утас зардаг газраас 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн утас гэдгийг мэдээгүй. Би Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төвийн утас засварчин аас 250.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27, 71-72 /
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баруун бүс 2 худалдааны төвд ажил дээр байхад нэг залуу ирээд аймагт гар утасны ломбард байхгүй байна мөнгөний хэрэг гараад гар утсаа зарах гэсэн юм гээд Самсунг А15 маркийн гар утсыг гаргаж ирээд дэлгэцийн кодоо хийгээд утсан дээрх өөрийнхөө зурагнуудыг устгаад миний утас байгаа гэж харуулсан. Би өөрөө кодоо хийгээд зургаа харуулаад байхаар нь өөрийн гар утас байна гэж бодоод 200.000 төгрөгөөр авахаар болж тохироод 140.000 төгрөгийг нь тоот данс руу шилжүүлж, бэлэн 60.000 төгрөг өгч уг гар утсыг худалдаж авсан. Би уг гар утсыг 7 хоног хадгалж байгаад 2024 оны 8 дугаар сарын эхээр 250.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн 2024 оны 11 дүгээр сард надаас Самсунг А15 маркийн гар утас худалдаж авсан хүн ирээд ах миний танаас авсан утас хулгайн утас байсан байна гэхээр нь хулгайн утас байна гэдгийг мэдсэн. Надаас Самсунг А15 маркийн гар утас худалдаж авсан *******д 250.000 төгрөгийг буцааж өгсөн .Бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. ...Самсунг А15 маркийн гар утсыг авч ирж зарсан *******эс 200.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33, 74/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би тэр үед өөрөө хариуцан ажиллуулж байсан. Тухайн үед гэх хүн манай караокед үйлчлүүлж байгаад гар утсаа ширээн дээр үлдээчхээд дээшээ 2 давхарт гарчхаад эргээд буугаад ирэхэд гар утас нь байхгүй болчихсон байсан. Тэр орой нь ажил хаах болоод манай хяналтын камерыг шүүж үзээгүй. Маргааш нь шүүж үзсэн чинь манай караокед үйлчлүүлж байсан ийн хажуу талын ширээн дээр сууж байсан цайвар шаргал хувцастай, түрийтэй гуталтай, сахалтай залуу нь ийг ширээн дээрээ гар утсаа үлдээчхээд хоёр давхарт гарч намайг гал тогоо руу орсон хойгуур гар утсыг ширээн дээрээс авч буруу харж зогсож байгаад өөрийнхөө ширээн дээр сууж байгаа бичлэг манай хяналтын камерт бичигдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/
Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 247 дугаартай “Самсунг А15 загварын гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн гэх дүгнэлт /хх-ийн 36-37/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 108-111/, CD дискэнд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 80-81/, депозит дансны хуулганууд /хх-ийн 89-91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-98/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр багт байрлах “*******” караокед үйлчлүүлж байсан хохирогч *******ийн эзэмшлийн Самсунг А15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ... ширээн дээр нь Samsung А15 маркийн хар өнгийн утас байхаар нь би хажууд нь очоод нэлээн зогссон. Хүн харахгүй байхаар нь тэр утсыг нууцаар аваад халаасандаа хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,
Хохирогч *******ийн... хүмүүстэй уулзаад хэсэг хугацааны дараа бууж ирэхэд миний гар утас байхгүй байхаар нь би алдсан гэдгээ мэдээд явсан, маргааш нь очиж хяналтын камерыг нь шүүж үзэхэд миний хажуугийн ширээнд сууж байсан эрэгтэй авсан байсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 18-19/
Гэрч *******ын ... Самсунг А15 маркийн гар утсыг Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төвийн 2-т байрлах гар утас зардаг газраас 250.000 төгрөгөөр худалдаж авсан, би хулгайн утас гэдгийг мэдээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 71-72/
Иргэний нэхэмжлэгч ын...гар утсыг 7 хоног хадгалж байгаад 250.000 төгрөгөөр зарсан, надаас Самсунг А15 маркийн гар утас худалдаж авсан хүн ирээд ах миний танаас авсан утас хулгайн утас байсан байна гэхээр нь хулгайн утас байна гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33, 74-75/
Гэрч гийн...гар утсаа ширээн дээр үлдээчхээд дээшээ 2 давхарт гарчхаад эргээд буугаад ирэхэд гар утас нь байхгүй болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/
Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 247 дугаартай “Самсунг А15 загварын гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн ...гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эзэшмлийн Самсунг А15 загварын гар утсыг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, далд аргаар авч өөртөө захиран зарцуулж бусдад нийт 550,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Уг гэмт хэргийн хохирогч *******ийн Самсунг А15 маркийн гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсыг хохирогч *******ийн Самсунг А15 маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй , гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Харин иргэний нэхэмжлэгч т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 160,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч 40,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч т олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...240 цагийн хугацаагаар нийтэл тустай ажил хийлгэх ял оногдуулж... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагаас... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж тус тус хуульчилжээ.
Учир нь шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан...ам бүл ганцаараа, ээж 12 сард нас барсан, ... суманд айлын малыг маллаж амьдардаг, жилд 2500000 төгрөгийн цалинтай, оршин суудаг газарт сүлжээ барьдаггүй,. .. гэх мэдүүлэг , гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /малчин, хөдөө айлын малыг хөлсөөр маллаж өөрийн амьдралаа авч явдаг, амьдралын байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, , шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******эс 40,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч т олгосугай.
7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА