2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1499

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,      

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2410012370270 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 1..... байрны . тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт *******ын ******* /РД:./

 

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч Т.******* нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-нд 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр өөртөө цалингийн урьдчилгаа гэж 8,200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ..тоот дансаар шилжүүлэн авсан, мөн 2023 оны 02 дугаар сард 2000 кг хивэг авч компанид мөнгийг тушаалгүйгээр 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр компаниас олгосон бензин талоны 620,000 төгрөгийг буцаан төлөөгүй зэрэг компанийн өмч, хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан, хувьдаа завшиж, нийт 10,240,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хивгийг компаниас зээлээр худалдаж авсан. Төлбөрийг нь төлж амжаагүй байхад би ажлаасаа халагдсан. Шатахууны талоны хувьд надад хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Надад 620.000 төгрөгийн шатахууны талон хүлээлгэж өгсөн баримт сэлт байхгүй, өмнөх нягтлан нь ажлаа хүлээлгэж өгсөн баримт сэлт байхгүй боловч би хүлээн зөвшөөрөөд төлье гэсэн байр суурьтай байгаа. Тухайн үед хүний нөөцөөс дуудаад “та өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарах хэрэгтэй” гэхээр нь өргөдлөө бичээд гарсан. Эдгээр төлбөрүүдийг төлж барагдуулах, бензин талоныг тулгаж амжаагүй ажлаас гарсан. Цалингийн урьдчилгаа 8.200.000 төгрөгийн хувьд би өөрөө мэдэж шилжүүлсэн тул зөвшөөрнө гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Т.******* нь “******* *******” ХХК-д 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий нягтлан бодогчоор үндсэн цалин 3.000.000 төгрөг, улирлын урамшуулал 1.500.000 төгрөгийн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Энэ хугацаанд үндсэн цалин 3.000.000 төгрөгийг сар болгон тогтмол холбогдох татвар хураамжийг нь төлөөд  олгодог байсан. Мөн улирлын урамшууллыг тухайн хүний ажлын үзүүлэлттэй уялдуулж олгодог. Тухайн урамшууллыг олгохдоо эрх бүхий хүмүүс тайлан мэдээг нь хянаж хувийн хэмжээг тогтоодог, эсвэл олгохгүй байхаар шийдвэрлэх талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Үүнтэй холбогдуулан ажиллаж байх хугацаандаа Т.******* нь яллах дүгнэлтэд тусгаснаар 8.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Мөн албаны дугаар болох .. дугаарыг барьцаалан Iphone 14 Promax гар утсыг зээлээр авч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Энэ утсыг зээлээр авсан төлбөрийг компани төлсөн. Энэ талаар баримт нь байгаа. Компанид Т.******* нь тухайн утасны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн хивгийн төлбөр 1.420.000 төгрөг, шатахуун талоны 620.000 төгрөгийн төлбөр зэрэг хохирлыг Т.******* нь компанид учруулсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...” ХХК-ийг хөлсөлж аудитын дүгнэлт гаргуулсан төлбөр 4.000.000 төгрөг, мөн гар утасны төлбөр 3.266.870 төгрөг буюу нийт 17.466.871 төгрөгийн бодит хохирлыг компанид учруулаад байна. Энэ хохирлыг учруулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр бид холбогдох Цагдаагийн байгууллагад гомдол өгч өнөөдөр шүүх хурлаар хэлэлцэгдэж байна. Дээрх хохирлоос 6.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл төлбөрүүдээ төлж барагдуулаагүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2410012370270 дугаартай хавтаст хэргээс:

******* *******” ХХК-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, итгэмжлэл, хавсаргасан баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 10-39 дэх тал/,

Хохирогч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43, 2-р хавтас 62-63, 70-72 дахь тал/,

Гэрч З.*******ь, С.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 45-46, 2-р хавтас 75-76 дахь тал/,

“******* ******* ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24/192 тоот тайлан /хэргийн 1-р хавтас 62-228 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 237-250, 2-р хавтас 1-55 дахь тал/,

******* милк ХХК болон шүүгдэгч Т.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 2-р хавтас 64-70 дахь тал/,

******* милк ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 92-95 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 85-86 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 51 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 52 дахь тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 53 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 54 дэх тал/, иргэнд олгох татварын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 55 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 56 дахь тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Т.******* нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байжээ.

Шүүгдэгч Т.******* нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр цалингийн урьдчилгаа гэж 8,200,000 төгрөгийг өөрийн харилцах данс руу шилжүүлсэн,

мөн 2023 оны 02 дугаар сард 2000 кг 1.420.000 төгрөгийн үнэ бүхий хивэг авч мөнгийг тушаагаагүй,

мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр компаниас олгосон бензиний талоны 620,000 төгрөгийг буцааж төлөөгүй зэргээр компанийн өмч, хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж, нийт 10,240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

******* *******” ХХК-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, итгэмжлэл, хавсаргасан баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 10-39 дэх тал/,

Хохирогч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ..овогтой ******* гэх хүн нь ******* ******* ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ба нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удаа дараагийн үйлдлээр захирлын зөвшөөрөлгүйгээр өөрийн хувь дансанд компанийн мөнгийг шилжүүлэн хувьдаа ашигласан байсан. Мөн албанд хэрэглэх ёстой Т.*******т хүлээлгэн өгсөн шатахууны талоныг хувьдаа завшиж компанид нийт 26.666.206 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнийг манай байгууллага мэдээд Т.*******т цахимаар болон утсаар нь удаа дараа мессеж бичиж төлбөрийг төлөх талаар мэдэгдэхэд ямар нэгэн хариу ирүүлээгүй, сураггүй алга болсон. Ийм учраас уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43 дахь тал/,

2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: Т.******* нь ******* милк ХХК-ийн ..тоот харилцах данснаас өөрийнхөө Хаан банкны ..тоот данс руу 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 1.600.000 төгрөгийг урьдчилгаа цалин гэж, мөн 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цалингийн урьдчилгаа гэж 6.600.000 төгрөгийг өөртөө авч ашигласан байдаг. Манай компанийн зүгээс Т.*******т дээрх мөнгийг цалингийн урьдчилгаа хэлбэрээр өгч байгаагүй, харин өөрөө дур мэдэн албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж өөртөө авсан байдаг. ******* ******* ХХК-ийн зүгээс ..дугаарыг Т.*******т албан хэрэгцээнд зориулан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ашиглуулахаар өгсөн. Гар утасны лизингийн төлбөр болох 3.226.871 төгрөгийг байгууллагад төлөөгүй. Төлбөрийг байгууллага төлж барагдуулж байна.  “******* *******” ХХК нь 2023 оны 02 дугаар сард харилцагч байгууллагаас 10 тонн хивэг худалдан авсан. Т.******* нь 1.420.000 төгрөгийн үнэ бүхий хивгийг өөрийн хувийн хэрэгцээндээ авч хэрэглэсэн байдаг. Төлбөрийн мөнгийг компанид одоог хүртэл төлөөгүй байна. Т.******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрт нь байгууллагаас өгсөн 620.000 төгрөгийн шатахууны талоны тооцоог компанид хүлээлгэн өгөөгүй, өөртөө ашигласан. Манай байгууллагад ажиллаж байсан хүмүүс ажлаас гарах үедээ компанид төлбөр тооцоогүй гэж тойрох хуудсыг  ерөнхий нягтлан бодогч баталгаажуулдаг. Гэтэл санхүүгийн баримтад тулгалт хийхэд Т.*******ийн баталгаажуулсан тойрох хуудаснаас буруу баталгаажуулсан, компанид 1.557.505 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Т.******* нь ажил үүргийн хувьд .. ХХК-ийн санхүүгийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг татварын улсын байцаагчид заагдсан хугацаанд илгээгүйн улмаас 2023 онд 200.000 торгууль оногдуулсан. Уг төлбөрийг компани Т.*******ийн өмнөөс төлсөн. Т.******* нь 2023 онд компанийн нэр бүхий 18 хүний нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварын тооцоог буруу хийсний улмаас компанид 1.893.384 төгрөгийн тооцоо үүсгэж ажлын хариуцлага алдсан. Уг төлбөрийг компанид төлөөгүй байна. Т.******* нь 2023 онд компанийн ажилчдын хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийн мөнгө болох 9.533.378 төгрөгийг буруу бодож олгоогүйн улмаас байгууллагад хохирол учруулсан төлбөрийг барагдуулаагүй байна. Т.******* нь ажил үүргийн хувьд хариуцан ажиллаж байсан .. ХХК-ийн 2022 оны татварын тайланг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хүргүүлээгүйн улмаас байгууллагад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Уг төлбөрийг барагдуулаагүй байгаа учраас Т.*******ээс дээрх мөнгийг нэхэмжилж байна. ...Миний зүгээс ******* милк ХХК-д Т.******* нь ажиллах хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсан мөн ажлын хариуцлага алдаж компанид учруулсан хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилж байгаа учраас нийт 27.798.222.78 төгрөгийн хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 62-63 дахь тал/,

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: Манай компани нь нягтлан бодогч Т.*******тэй сарын цалин 3.000.000 төгрөгөөр тохирч ажиллуулсан. Т.*******ийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилд авсан байдаг. Т.******* нь үндсэн сарын цалингаа сар бүр бүрэн авч байсан. Харин манай компани нь цалингийн урамшууллыг улирлаар олгогдог ба 2023 оны 03 дугаар улирлын урамшууллыг олгох болоогүй байсан. Иймд Т.******* нь өөрөө дур мэдэн албан тушаалын байдлаа ашиглаад нийт 8.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ..тоот дансаар шилжүүлэн хувьдаа авсан ба уг мөнгийг компанид буцаан төлөөгүй. ... байгууллагын ..дугаарын эрхээр Ай фоне 14 про макс гар утсыг зээлээр авсан. Гар утасны ярианы эрхийн төлбөр болон төхөөрөмж болон утасны зээлийн төлбөрийг манай компани барагдуулж байна. Энэ зээлийн гэрээг манай компанийн ажилтан *******гийн нэр дээр төлөөлж байгуулсан байдаг. Тухайн үед Т.*******ийн ярианы төлбөр болон утасны төлбөрийг компаниас төлсөн. Т.*******ээс тухайн нягтлангууд төлбөрийг эргүүлэн төлүүлээгүй байдаг. Ингээд Т.*******ээс 3.226.871 төгрөгийг нэхэмжилж байгаа. Утасны дугаар бол манай компани дээр ашиглагдаж байгаа, харин гар утсыг Т.******* нь өөртөө авч явсан. ...Т.*******т 2000кг хивгийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Гэхдээ авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжилж байна. Хивгийг Т.*******т хүлээлгэн өгсөн жолооч байдаг, албаны дарга ******* хивгийн талаар Т.*******тэй харилцаж байсан баримтууд байгаа. ...Манай компанийн зүгээс Т.*******т 1.390.000 төгрөгийн шатахууны талон өгснөөс зарцуулсан зарцуулалтыг хасаж бодоод үлдэгдэл 620.000 төгрөгийн талон дутагдсан. Энэ 620.000 төгрөгийн талоны зарцуулалттай холбоотой баримт компанид байхгүй. Тийм учраас Т.******* нь дээрх талоныг өөртөө ашиглаад баримтыг компанид үлдээгээгүй. ...Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн тэтгэмж болон нийгмийн даатгалын санд тооцооны алдаа гаргасан үйлдэл нь санхүүгийн зөрчил юм. Яагаад завшиж хохирол учруулсан гэхээр Т.******* нь ажил үүргийн хувьд дээрх алдаа дутагдлыг гаргасан учраас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж төлүүлэх ёстой гэж үзэж байгаа, тухайн үед Т.*******т хариуцлага хүлээлгэсэн тушаал байгаа, тушаалыг хэрэгт баримтаар гаргаж өгнө. ...Тойрох хуудасны 1.557.505.26 төгрөгтэй холбоотой үйлдэл дээр Дуламсүрэн, Банзрагч, Энхцэцэг, Мөнх-Эрдэнэ, Сүмбэрэл, Сэргэлэн нарыг одоо манай компанид ажиллаж байгаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар өр төлбөр болох талаарх баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулна. ...Эн ...ХК-ууд нь манай ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэртэй компаниуд байгаа юм. Т.******* нь .. ХХК-ийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь явуулаагүй учраас 1.500.000 төгрөгийн торгууль тавигдсан нь Т.*******ийн буруутай ажлын алдаа гаргаснаас болсон. Торгуулийн төлбөрийг компани төлсөн учраас Т.*******ээс дээрх мөнгийг нэхэмжилж байна. Мөн 200.000 төгрөгийн торгууль манай компанийн зүгээс төлсөн байна. Ажиллах хугацаандаа ажлын алдаа гаргаж санхүүгийн зөрчил гаргаж компанид хохирол учруулсан учраас дээрх мөнгийг Т.*******ээс нэхэмжилж байна. ...Би хохирлын талаар урд нь мэдүүлэг өгөхдөө мөнгөн дүнг буруу хэлсэн байна. Харин анх гомдол гаргахдаа хэлснээр 26.666.206 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Одоо шинжээчийн дүгнэлтээр баримтаар тогтоогдсон 21.126.762.74 төгрөгийн хохирол дээр гар утасны 3.226.872 төгрөг болон, хивгийн 1.420.000 төгрөг, бензиний талоны 620.000 төгрөгийг нэмж, нийт 26.393.635 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс зөрүү мөнгө болох 275.571 төгрөг байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 70-72 дахь тал/,

Гэрч З.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 онд тооцооны нягтлан бодогчоор ажилд орж 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ахлах нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Би Т.*******ийг танина. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Т.******* нь манай ******* ******* ХХК-д 2022 оны 10 дугаар сард ажилд ороод 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллах хугацаандаа компанийн цалингийн ..тоот данснаас Т.******* нь өөрийнхөө Хаан банкны .. тоот данс руу 8.200.000 төгрөгийг хувьдаа авсан байдаг, энэ нь манай байгууллагын санхүүгийн баримтаар тогтоогдсон. Т.******* нь албан хэрэгцээнд ашиглах зорилгоор компанийн нэр дээр зээлээр авсан Ай фоне 14 про макс загварын гар утсанд .. дугаарыг хийж барьж байгаад үлдэгдэл төлбөр болох 3.226.871 төгрөгийг төлөөгүй ажлаас гарсан. Манай компани нь харилцагч, байгууллагаас хивэг тэжээл бөөнөөр авдаг ба сүү хүлээн авах цэгүүд дээр байрлуулж сүү өгдөг малчдад ҳивгээ зардаг. Т.******* нь ажиллах хугацаандаа 1.420.000 төгрөгийн хивгийн хувьдаа авсан байдаг. Т.******* нь ажиллах хугацаанд 620.000 төгрөгийн шатахууны талоны дутагдал гарган өөртөө ашигласан байсан. Т.******* нь манай байгууллагад ажиллаж байсан хүмүүс ажлаас гарч тойрох хуудас зурахад хамгийн сүүлд тооцоог нь нягталж баталгаажуулдаг. Тэгтэл Т.*******ийн тооцоогүй гэж зурсан баримт нь зөрчилтэй 1.557.505 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Т.******* нь ажил үүргийн хувьд хариуцдаг ....и ХХК-ийн санхүүгийн тайланг татварын улсын байцаагчид заагдсан хугацаанд илгээгүйн улмаас байгууллагад 200.000 төгрөгийн хохирол учруулсан. Т.******* нь ажилчдын хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу суутгалын мөнгө болох 1.893.384 төгрөгийг хувьдаа ашигласан. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн мөнгө болох 9.533.378 төгрөгийг хувьдаа авсан. Т.******* нь 1.500.000 төгрөгийн татварын тайланг хуулийн хугацаанд илгээгүйгээс хохирол учруулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 45-46 дахь тал/,

Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Сүү бэлтгэлийн алба нь малчдаас авдаг алба учраас малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Оросын холбооны улсаас малын хивэг захиалж авдаг. Орос улсаасаа Төв аймгийн Батсүмбэр суманд вагоноор ирээд тэндээсээ машинаар зөөж бусад сумандаа хүргэгддэг. 2024 оны 01 дүгээр сарын үед Төв аймгийн Борнуур суманд 10 тонн хивэг хүргэхэд ерөнхий нягтлан байсан Т.******* нь “2 тонн хивгийг бэлэн аваад ирээрэй, би компанийн данс руу бэлнээр хийчихнэ, би хөдөө мал аж ахуйтай хэрэг болчхоод байна” гэж хэлээд 2 тонн хивгийг манай тухайн үед түрээсэлсэн жолоочоор Төв аймгийн Баян суманд байх *******ийн аав, ээжийн хөдөө гэрт нь хүргэж өгсөн байсан. Манай алба тооцоогоо санхүүгээр бодуулдаг учраас 2 тонн хивгийн мөнгийг ******* өгнө гэж тооцоогоо өгсөн. ******* нь өөрөө ерөнхий нягтлан учраас бид нарын тооцоог хянана, мөнгийг нь өөрөө төлчих байх гэж бодоод би төлсөн эсэхийг нь нягтлаагүй. Би нягтлан биш болохоор 2 тонн хивгийг хэдэн төгрөгөөр бодож *******т өгсөн талаар мэдэхгүй байна....гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 75-76 дахь тал/,

“******* ******* ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24/192 тоот тайланд: Вита ******* ХХК-нд нийт 27,798,222.78 төгрөгийн хохирол учруулсан гэх /хэргийн 1-р хавтас 62-228 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтэд: ******* ******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 24/192 дугаартай Шинжээчийн дүгнэлт тайланг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь дээрх дүгнэлт тайлангийн хариулт 1.1, 1.2, 2, 3.4, 3.5, 3.7 нь үндэслэлтэй, хариулт 3.1, 3.2, 3.3, 3.6, 3.8 нь мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

Нийт  8,200,000.00 төгрөгийг Хаан банкны 5033127525 тоот дансанд урьдчилгаа цалин гэх утгатайгаар илүү авсан.

 ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, "Мобиком Корпораци" ХХК-ийн борлуулалтын албыг төлөөлж Олонсайхан нар "Үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөр үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ /№.. дугаартай/-г 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байна. Гэрээнд Ажилтны хувийн мэдээлэлд ..овогтой ******* /РД:../, гар утас, төхөөрөмжийн мэдээлэлд 5,619,000.00 төгрөгийн үндсэн үнэтэй Iphone 14 pro max маркийн гар утас, 24 сарын хугацаатай, утасны дугаар ..гэсэн байх тул Т.******* нь зээлээр гар утас авсан гэх баримт.

 Т.******* нь 2,000 килограмм хивгийг авсан гэх баримтыг шинжилгээнд ирүүлээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

 Т.******* нь Ерөнхий нягтлан бодогчоор томилогдох үед хэдэн төгрөгийн үнийн дүнтэй шатахууны талон хүлээлцсэн баримт ирүүлээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

 ".." ХХК-ийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь илгээгээгүй, хоцроосны улмаас төлсөн гэх 200,000.00 төгрөгийн баримтууд

 Т.*******тэй холбоотой өдөр тутмын тооцоо, авлагаас суутгасан буюу буцаан төлсөн мөнгөн дүн гэх 352,916.37 төгрөгийн баримт

Шинжилгээгээр Т.******* нь “******* *******” ХХК-д нийт 21,126,762.74 төгрөг хариуцан төлөхөөр байна гэх /хэргийн 1-р хавтас 237-250, 2-р хавтас 1-55 дахь тал/,

******* милк ХХК болон шүүгдэгч Т.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 2-р хавтас 64-70 дахь тал/,

******* милк ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 92-95 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилд ороод ажиллаж байх хугацаандаа 2023 онд Ай фоне маркийн утсыг байгууллагын дугаар барьж байсан болохоор тухайн дугаар дээр лизингээр авч байсан. Малын хивэг 2 тонныг байгууллагаас зээлээр авч байсан, нийгмийн даатгал, тэтгэмж, тайланг хоцроосон.  ..ХХК-ийн санхүүгийн тайланг өгөөгүй, ажлаас гарсан хүний тойрох хуудас буруу зурсан, тайлан хоцроосон гэх асуудлуудын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...5.000.000 төгрөгийн гар утас байсан, хивэг нь 600.000 төгрөг орчим байсан, шилжүүлэг хийсэн 6.200.000 төгрөгийн дүн байгаа, тухайн зүйлсийг хүлээн зөвшөөрч байгаа тул төлнө. ...Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй, даруй өөрийн авсан гар утасны дүн, хивгийн төлбөр зэрэг авсан зүйлийнхээ төлбөрийг гүйцээж төлнө. ...Өөрийн авсан хүлээн зөвшөөрсөн зүйлсийн төлбөрийг төлнө, бусад хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйлээ төлж чадахгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 85-86 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшдаг.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч “******* *******” ХХК-нд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулахдаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн буюу уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд …хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон гүйцэтгэх удирдлагаас томилогдсон ерөнхий нягтлан бодогч нар нь …аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд нэг, хоёрдугаар гарын үсэг зурах этгээд… байхаар хуульчилсан ба шүүгдэгч Т.******* нь тухайн хуулийн этгээдэд санхүүгийн шийдвэр гаргах эрх бүхий эрхтэй этгээд мөн болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.*******ийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус компанийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтаас үзэхэд Т.******* нь ерөнхий нягтлан бодогч буюу тухайн албан тушаалд томилогдсоны дараагаар албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.*******ийг ******* *******” ХХК-нд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа цалингийн урьдчилгаа гэж 8,200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ..тоот дансаар шилжүүлэн авсан, мөн 2023 оны 02 дугаар сард 2000 кг хивэг авч компанид мөнгийг тушаалгүйгээр 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр компаниас олгосон бензиний талоны 620,000 төгрөгийг буцаан төлөөгүй зэргээр компанийн өмч, хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр хувьдаа завшиж, нийт 10,240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцон үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заасан.

Шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн 2410012370270 дугаартай хэрэг  2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд шилжиж ирсэн ба 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр товлосон.

Шүүгдэгч Т.******* нь 2025 оны 5 дугаар сарын 05, 13-ны өдрүүдийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан байна.

Гэтэл шүүгдэгч Т.******* нь 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд дахин “өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Шүүгдэгч Т.*******т холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 1-р хавтас 56 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлагаас шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Т.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй”

Шүүгдэгч Т.******* нь өөрийгөө өмгөөлөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцохдоо “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Т.*******т ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.*******ийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “…, шинжээч, мэргэжилтэн, …-д төлөх зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал” гэж заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч “******* *******” ХХК-нд нийт 10.240.000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд хохирогч байгууллага нь “******* ******* ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24/192 тоот тайлан гаргуулахад 4.000.000 төгрөгийн зардал  гарсан хохирогч байгууллага нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “******* ******* ” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ..тоот дансанд тушаасан байна.

Шүүгдэгч Т.******* нь “...2025.05.04-ний өдөр 3.500.000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.05.13-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг “******* *******” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны .. тоот данс руу шилжүүлж нөхөн төлсөн болох нь баримтуудаар тогтоогдож байна.

Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Т.*******ээс хохирогч байгууллагад учирсан шууд хохирлоос төлөгдөөгүй 3.740.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох аудитын дүгнэлт гаргуулахаар төлсөн 4.000.000 төгрөг, нийт 7.740.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “******* *******” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Т.*******ээс хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, хохирогч “******* *******” ХХК-нд 3.740.000 төгрөг нөхөн төлсөн байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4.000.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, ******* ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

  ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.*******ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.******* нь хохирогч ******* ******* ХХК-нд 10.240.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөгдөөгүй 4.000.000 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-нд олгосугай.

 

5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.    

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.         

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР