| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/05073/И |
| Дугаар | 101/ШШ2017/04095 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/04095
| 2017 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/04095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Д /РД: /
Нэхэмжлэгч: Д.Д /РД: /
Нэхэмжлэгч: Д. С/РД: ЧН78050904/
Хариуцагч: Б. Г /РД: /
Хариуцагч: Б.Б /РД: /
орон сууц хөлслөх гэрээний үүрэгтэй холбогдуулан орон сууц хөлслөх төлбөрт 900,000 төгрөг, ашиглалтын зардалд 250,153 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохиролд 61,000 төгрөг, нийт 1,211,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагч Б.Г, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д, Д.Д, Д.Снар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,211,153 төгрөг гаргуулах. Нэхэмжлэгч бид өөрсдийн хамтан өмчлөх гэр бүлийн хөрөнгө болох Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 1-р хороолол 226 байр 90 тоотод байршилтай дугаартай гэрчилгээ, дугаарт бүртгэлтэй ЗО м.кв талбайтай орон сууцыг амьдрах зориулалттайгаар эгч дүүс гэж өөрсдийгөө танилцуулсан хариуцагч Б.Г, Б.Б нарт нэг сард 400.000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг cap бүрийн 10-ны өдөр төлөх, хугацааг нэг жилээр харилцан тохиролцож 2016.09.10-ны өдөр бичгээр гэрээ байгуулан түрээсийн байрыг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн. Түрээслэгч нар түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 10-аас хойш түрээсийн төлбөр болон талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2 дах хэсэгт заасан ашиглалтын зардлаа төлөөгүй өдий хүрлээ. Хөлслөгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар түрээслүүлэгчид бичгээр огт мэдэгдэж байгаагүй бөгөөд гэрээний төлбөр, ашиглалтын зардлаа төлөхийг удаа дараа утсаар шаардсан, арга ядаад түрээслэж байгаа байранд нь очиход хаалгаа тайлдаггүй, сүүлдээ утас нь холбогдохгүй байсан тул арга буюу гэрээний хугацаа дуусахад буюу 2017 оны 9 сарын 10-нд хаалгыг нь нээж ороход тэд нүүгээд явсан, банны өрөөны дүш, шүүрийг эвдсэн, обой урсан, толь, хулдаас зэргийг эвдсэн байсан.
Иймд хариуцагч нараас
1. Түрээсийн гэрээний 5.1-д зааснаар 2017 оны 7 сарын 10-наас 9 дугаар сарын 10 хүртэл төлбөр 800.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 100.000 төгрөг, нийт 900.000 төгрөг
2. Түрээсийн гэрзэний 5.2-т заасан ашиглалтын зардал болох СӨХ-ийн төлбөр 106.400 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн тул энэ зардлыг
3. Түрээсийн гэрээний 5.2-т заасан ашиглалтын зардал болох цахилгааны төлбөр 2017 оны 5 сарынх 20.641 төгрөг, 6 сарынх 17.980 төгрөг, 7-р сарынх 19.450 төгрөг нийт 58.100 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн тул энэ зардлыг
4. Түрээсийн гэрээний 5.2-т заасан ашиглалтын зардал болох ус, дулааны төлбөр 2017 оны 6 сарынх 37.847 төгрөг, 7 сарынх 40.005 төгрөг, 8 сарынх 7.800 төгрөг нийт 85.653 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн тул энэ зардлыг
5. Түрээсийн гэрээний 5.4-т зааснаар банны өрөөний дүш, шүүрийг эвдсэн байсан тул үүнийг шинээр худалдан авахад гарсан үнэ 61.000 төгрөгийг тус тус шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн нийт хэмжээ 1.211.153 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч нартай 2016.9.10-нд бичгээр гэрээ байгуулан 2 өрөө орон сууцыг хөлслүүлсэн. Сард 400,000 төгрөгөөр 1 жилээр гэрээ байгуулсан. Ингээд орон сууцыг хүлээлгэж өгсөн. 2017.7.10-с хойш түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүй. Хугацаанаас өмнө гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаагүй. Утсаар ярихад холбогддоггүй, хаалгаа тайлдаггүй байсан ба гэрээний хугацаа дуусаад ороход нүүсэн байсан. Иймд нэхэмжлэлд зааснаар нийт 1,211,153 төгрөг нэхэмжилнэ. Иргэний хуулийн 302-д зааснаар үүрэг үүссэн. Хариуцагч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдээгүй. 7.15-нд орон сууцыг сулалсан гэдэг нь баримтгүй, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Хариуцагч Б.Б нь 2017.1 сард уг байрнаас гарах болсон, хариуцагч Б.Г үргэлжлүүлэх хөлслөх болсон талаар мэдэж байгаа. Гэхдээ Б.Б хариуцагчаар татсан шалтгаан нь Б.Г олдохгүй байсан тул хамтран хариуцагчаар татсан юм гэв.
Хариуцагч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д.Д, Д.Д, Д.С нарын нэхэмжлэлтэй Б.Г, Б.Б нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг үүгээр гаргаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Г би Д.Д, Д.Д, Д.С нартай түрээсийн гэрээ байгуулж сарын 400,000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, 1-р хороолол, 226 байр 90 тоот хаягг байрлах 2 өрөө орон сууцыг түрээслэхээр тохиролцсон. 2016 оны 06 дугаар сараас эхлэн Б.Г, Б.Б бид 2017 оны 07 дугаар сараас эхлэн түрээслэх боломжгүй төлбөрийн чадваргүй болсноо хэлж орон сууцаа хүлээлгэж өгөх талаар хэлхэд гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлахгүй гээд уурлаад байсан. Ингээд удаа дараа хэлхэд орон сууцаа хүлээж авахгүй байсан тул арга буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бүрэн сулласан. Бүтэн 2 cap гаруй түлхүүрийг нь хүлээлгэж өгөх гээд чадаагүй бөгөөд тухайн үедээ түлхүүрээ авахгүй заавал чамаас түрээсийн гэрээ дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг шүүхдээд авна гэж уурлаж, загнадаг байсан. Шүүхэд нэхэмжлэл ирсэний дараа би өөрийн түрээслэж байсан орон сууцандаа очиход өөр хүмүүс түрээслэж байсан бөгөөд би учир байдлаа хэлж хэзээ түрээслэж эхэлсэн талаар асуухад 2017-08-18-наас уг орон сууцанд орсон гэхдээ түрээсийн гэрээгээ 2017-10-18-наас гэж бичгээр хийсэн. Анхнаасаа гэрээндээ түрээсийн төлбөрөө бэлнээр төлнө гэж тохиролцсон учраас cap бүрийн 18-нд гэрт нь түрээсийн төлбөрөө хүргэж өгдөг гэсэн. Хэсэг хугацааны дараа шүүхэд гэрчээр очооч гэж гуйж залгахад ...турээслэгч нар намайг та нартай дахиж уулзаж болохгуй гэсэн, би саяхан төрсөн нялх биетэй тул хэл аманд орооцолдмооргуй байна" гэж хэлсэн тул дараагын түрээслэгчийг 2017-08-18-нд орсон гэдгийг нотлох боломжгүй болоод байна. Гэвч 2017-07-15-нд түрээсийн байрыг суллаж, нүүлгэж өгсөн хүмүүс үүнийг гэрчлэх бүрэн боломжтой. Миний зүгээс 2017 оны 3 дугаар сарын түрээсийн үлдэгдэл 100,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 106,400 төгрөг, 5,6,7-р сарын цахилгааны төлбөр 58,100 төгрөг, ус, дулааны 6,7-р сарын төлбөр 77,853 төгрөг нийт 342,353 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусадыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ванны өрөөний дүш, шүршүүр эвдсэн зүйл байхгүй, 7,8,9-р сарын түрээсийн төлбөрийг амьдраагүй, орон сууцыг аль хэдийн суллаж өгсөн байсан учраас төлөх боломжгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардалагаас 342,353 төгрөгийг хангаж, үлдэгдэл 868,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
2016.9.10-2017.9.10 өдөр хүртэл гэрээ хийж түрээсэлсэн. 7.15-наас цаашид төлөх боломжгүй болсоноо утсаар хэлээд түлхүүрийг нь өгье гэхэд аваагүй. 8 сард дахин ярьж түлхүүрийг нь өгье гэж хүнээр өгүүлэхэд аваагүй. Суугаагүй 8, 9 сарын төлбөрийг төлөхгүй бусдыг нь төлнө. Душ нь анхнаасаа цоорхой байсан боловч 61,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 8 сараас өөр хүнд түрээсэлсэн байсан. Б нь энд ямар хамааралгүй бөгөөд 2016 оны 11 сард байрнаас гарсан. Би тайлбар дээрээ 7.15-нд Б цуг байрнаас гарсан гэж андуурч бичсэн байна гэв.
Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Г нийлж 2016.6.10-ны өдөр гэрээ байгуулан 90 тоотыг түрээслэн суусан. Миний бие 2016.9.10-наас эхлэн 2017.1.28 хүртэл хамт байсан бөгөөд тухайн өдөр гарах учир шалтгаанаа Б.Ганчимэгт хэлж түрээслүүлэгч талд энэ тухайгаа мэдэгдэж байрыг суллаж өгье гэхэд надад өөр байх газар байхгүй чи гардагаараа гар ээж хөдөөнөөс ирж байгаа ээжтэй нийлээд цааш нь үргэлжлүүлэн сууна гэж хэлсэн. Үүнээс хойш юу болсоныг би мэдэхгүй байна. 2017.7 сарын сүүлчээр түрээслүүлэгч талаас над уруу хамт түрээсэлсэн хүн чинь мөнгөө өгдөггүй ээ, утасаа ч авахаа байлаа чи нэг хэлдээ гэхэд би эмээтэй ярьсаан тохиролцсон удаахгүй өгнө гэх зүйлийг надад хэлсэн. Удалгүй түрээслэгч тал дахин энэ зүйлийн талаар надруу ярихад би дахин Гуруу залгасан. Утсаа аваагүй. Найз нөхдөөс нь сураг тавьж хайж явахад зугтаж, утсаа хүртэл олон сольж ор сураггүй болсон. Иймд нэхэмжлэгчийн мөнгөө авч чадаагүй хугацаанд би амьдраагүй тул Б.Ганчимэгээс нэхэмжлэлийн мөнгийг авна уу гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д, Д.Д, Д.С нар нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгтэй холбогдуулан орон сууц хөлслөх төлбөрт 900,000 төгрөг, ашиглалтын зардалд 250,153 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохиролд 61,000 төгрөг, нийт 1,211,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Гнь шүүхэд гаргасан тайлбартаа 342,353 төгрөгийг зөвшөөрч, үлдэгдэл 868,800 төгрөгийг төлөхгүй гэсэн боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед душны зардал буюу эд хөрөнгөд учирсан хохиролд нэхэмжилсэн 61,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Харин 2017 оны 08, 09 дүгээр сард амьдраагүй тул энэ хугацааны орон сууц хөлслөх төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Б.Б нь би орон сууц хөлслөх гэрээний харилцааг 2017 оны 01 дүгээр сард дуусгавар болгож энэ талаар хөлслүүлэгчид мэдэгдсэн, үүнээс хойш хариуцагч Б.Г үргэлжлүүлэн хөлсөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Б.Ганчимэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна. Гэрээгээр ,,,, тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг сарын 400,000 төгрөгөөр хөлслөх, хөлслүүлэхээр тохиролцсон байна. /хэргийн 5 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг хариуцагч нарын эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нар нь гэрээнд зааснаар төлбөр төлөх үүрэг үүссэн байна.
Улмаар хариуцагч нар нь уг байрыг хөлсөлж байсан үйл баримтын талаар маргаагүй. Гэрээний 5.2-т хөлслөгч нь ашилалтын болон СӨХ-ны зардал, 5.4-т эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч Б.Гнь орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 03 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 100,000 төгрөг, СӨХ-ний холбооны төлбөрийн үлдэгдэл 106,400 төгрөг, 2017 оны 05-07 дугаар сарын ашиглалтын зардал 58,100 төгрөг, 06-07 сарын ус, дулаан гэж нэхэмжилсэн 77,853 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол буюу душ худалдаж авсан төлбөр 61,000 төгрөг, нийт 403,383 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Харин 2017 оны 07 дугаар сарын 15-нд орон сууцыг чөлөөлсөн тул үлдэх хугацааны төлбөр буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хөлслөх төлбөр 800,000 төгрөг, 08 дугаар сарын ус, дулааны төлбөр 7,800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Улмаар хариуцагч Б.Гнь орон сууцыг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр сулласан бөгөөд хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хүлээж аваагүй гэж тайлбарласан. Гэвч гэрээний 5.3-т зааснаар энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ба баримтгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ганчимэгийг төлбөрөө төлөхгүй алга болсон, утсаар холбогдож чадаагүй гэж маргасан. Энэхүү үйл баримтын талаарх маргаанд хариуцагч Б.Ганчимэгийн тайлбар нь хариуцагч Б.Батсуурийн шүүхэд гаргасан нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ганчимэгийг удаа дараа хайж байсан гэх тайлбараар үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон гэж үзлээ. Мөн хариуцагч Б.Гнь орон сууцыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сулласан гэх тайлбараа нотлоогүй. Иймд хариуцагч Б.Ганчимэгийн тайлбар нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2-т нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нар болон хариуцагч Б.Гнарын хооронд үүссэн орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Гнь нэхэмжлэлд дурдсан 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу үүрэг хүлээсэн хэвээр байсан байна. Үүнийг дүгнэвэл нэхэмжлэгч нар нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэлх хугацаанд орон сууц хөлслөх төлбөрт 800,000 /400,000*2/ төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Мөн ашиглалтын зардлын хувьд нэхэмжлэгч Д.Д нь 2017 оны 08 дугаар сарын ашиглалтын зардалд 7,800 төгрөг төлсөн болох нь хэрэгт байгаа Төрийн банкнаас олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн хэдийгээр эд хөрөнгөнд учирсан хохирол болох 61,000 төгрөгийг хариуцагч Б.Г төлөхийг зөвшөөрсөн боловч энэ нь гэрээний 5.4-т хамаарна гэж үзсэн болно. Улмаар орон сууцны душыг гэмтээсэн нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтын зардлыг гэрээний 5.2-т зааснаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т нийцэж байна.
Иймд хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэсэг болох 403,353 төгрөг дээр нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж дүгнэсэн 807,800 төгрөгийг нэмж нийт 1,211,153 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б-н хувьд уг орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хөлслөх харилцааг дуусгавар болгосон нь түүний өөрийн тайлбар, хариуцагч Б.Г тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдсон. Хариуцагч Б.Б нь орон сууц хөлслөх гэрээний харилцааг өөрийн хувьд дуусгавар болгох талаар хөлслүүлэгчид мэдэгдэж, гэрээний 5.3-т зааснаар хөлслүүлэгч зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар хариуцагч Б.Б хувьд орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон байна. Иймд хариуцагч Б.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд буюу заасан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Г 1,211,153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д, Д.Д, Д.С нарт олгож, хариуцагч Б.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганчимэгээс 33,112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД