Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Зулаа

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000169 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******,

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод хохирогч *******ын толгой руу галын төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******,******* бид гурав *******ийн гэрт нь 1 шил 0,75 граммтай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд******* тасраад унтаад өгсөн. ******* намайг чи машин барьж үзсэн үү машинтай байж үзсэн үү гээд байхаар нь би чи машин авчхаад юу гэж бодоод байгаа юм гэж хэлчхээд гараад гэр рүүгээ орсон. Тэгээд байж байгаад эргээд бие засах гээд гэрээсээ гарсан чинь ******* намайг гал хутгадаг дэгээ төмрөөр толгой руу цохиж авсан. Тэгээд толгойдоо 4 оёо тавьсан. Бид нэг хашаанд байдаг, манай дүүгийн нөхөр байгаа юм. Гомдол санал байхгүй, сэтгэцийн хохирол тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9/

Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...19 цагийн үед ******* ******* бид гурав *******ийн гэрт нэг шил архи гурвуулаа хувааж уусан..Би согтоод унтсан байсан нэг мэдсэн хүн татаад байхаар нь сэрсэн чинь ******* байсан. *******ийн гар нь цус болсон байхаар нь яасан талаар асуухад *******тайгаа зодоон хийгээд цагдаад оччихоод ирлээ гэсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нийт 110484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна. Буруутай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

 Шүүх шинжилгээний ерөнхий газар Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 259 дугаартай:

1.*******ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 26-27/

 - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 84-87/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/, депозит дансны хуулгууд /хх-ийн 66-70/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/,шүүгдэгч Б.Балжинямын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 65-66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  нь согтуурсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод  хашаанд хохирогч *******ын толгой руу галын төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ын... бие засах гээд гэрээсээ гарсан чинь ******* намайг гал хутгадаг дэгээ төмрөөр толгой руу цохисон, толгойдоо 4 оёо тавьсан...гэх мэдүүлэг (хх-ийн 5-9),

Гэрч*******ын...нэг мэдсэн хүн татаад байхаар нь сэрсэн чинь *******ийн гар нь цус болсон *******тайгаа зодоон хийгээд цагдаад оччихоод ирлээ гэсэн..гэх мэдүүлэг (хх-ийн 14),

Иргэний нэхэмжлэгч *******ын... ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 110484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна. Буруутай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг (хх-ийн 70-71),

Шүүх шинжилгээний ерөнхий газар Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 259 дугаартай...*******ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт (хх-ийн 26-27),  шүүгдэгч ******* нь 2,09 хувийн, хохирогч ******* нь 1,70 хувийн согтолттой байсан талаар мөрдөгчийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед зулайд шарх бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 26-27/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын толгой руу галын төмрөөр цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн ба Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ба уг  ял биелэгдсэн тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******оос хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаараа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 110,484 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 110.484 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ..1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал/ өндөр нөсны тэтгэвэрт байдаг, сард 560,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, насны байдал/,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж , уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийг хэсэгчлэн  буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай

5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар даалгасугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 110.484 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.БАЙГАЛМАА