2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1548

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Өлзийжаргал /томилолтоор/,

хохирогч Ү.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авсай овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2410038670196 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “..” ХХК-нд менежерээр ажилладаг, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 27 дугаар байрны 30 тоотод оршин суух,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21/350 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 3.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 367 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Авсай овогт *******гийн ******* /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл цогцолборын 1 давхарт хохирогч Ү.*******ийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана, хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би бааранд шоудаж байсан. Тэгээд гараад хүнтэй утсаар ярьж байхад ******* манай ******* гэх найзтай муудалцаж байхаар нь би тэр хоёрыг салгаж байсан. Би тухайн үед жаахан согтуу байсан. Тэр үед ******* намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Гэхдээ олон цохиогүй, 1-2 удаа л цохисон гэв.

Хохирогч Ү.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.*******ийн найз *******тэй ******* клубд эхлээд муудалцсан. Ариун цэврийн үүдэнд зөрөхдөө н.******* миний эмзэг эрхтэн рүү санаандгүй байдлаар цохисон. Үүнээс өмнө намайг текэн дээр нэг эмэгтэйд уух зүйл авч өгсөн гэдэг нь худлаа. Энэ талаар би эсэргүүцэж байна. Яагаад гэвэл тухайн эмэгтэй нь манай клубын ажилтан байсан тул надаар ус авхуулж байсан юм. Тухайн залуутай муудалцаад манай хамгаалагч нар гадаа коридорт гаргасан ба нийт 4 залуу байсны нэг нь миний биед гар хүрээгүй. Тухайн үед Б.******* байгаагүй. Хойноос нь ирсэн, маргалдааны үеэр байгаагүй. Тухайн гурван залуутай маргалдаад хоёр нь намайг цохиж байхад нэг нь салгаж байсан. Гэтэл Б.******* ирж оролцсон. Камерын бичлэгт байгаа. ...Би нийт 5,400,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс хагалгааны зардалд 4,500,000 төгрөг, эмнэлэгт 6 хоносон ба 6 хоногийн 900,000 төгрөг болсон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2410038670196 дугаартай хэргээс:  

Дуудлага лавлагааны хуудас: /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Хохирогч Ү.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30, 35-36 дахь тал/,

Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12824 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Хохирогч Ү.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дэх тал/, иргэнд олгох татварын ерөнхий газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 72 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 81-83 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1250 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 149 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.*******, гэрч Б.******* нар нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын ******* шөнийн клубээр үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Хохирогч Ү.*******, гэрч Б.******* нар нь үйл ойлголцлын улмаас маргалдаж байх үед шүүгдэгч Б.******* нь найз Б.*******ийг өмөөрч хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана, хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, цээж, нуруу цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Дуудлага лавлагааны хуудас: /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: ...Бичлэгийн цагаар 9 дэх секундэд Б.*******, Ү.******* нар нь хоорондоо маргалдсан байдалтай байв. ...16 дахь секундэд Б.******* нь хохирогч Ү.*******ийн нүүрэн тус газарт зүүн гараараа цохив. ...29 дахь секундэд Ү.******* нь зүүн нүдээ гараараа барьсан байдалтай Б.*******ийг хар өнгийн футволка, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн араас нь тэврээд салгасан байдалтай байгааг харуулав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Хохирогч Ү.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Би 2024 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Хилл төвийн ******* нэртэй бааранд үйлчлүүлж байсан. Шөнө 02 цагийн үед үл таних урт үстэй залуутай нойлын өрөөний үүдэнд зөрөх гэж байгаад миний төмсөг хэсэгт өвдгөөрөө санаандгүй хүрсэн. Тэгээд тухайн залуутай чи намайг ингэчихлээ, тэгчихлээ гээд маргаан үүссэн. Нойлын өрөөний үүдэн хэсэгт маргалдаж байгаад тухайн залуу миний баруун талын шанаа хэсэгт нэг удаа тохой хэсгээрээ нударсан. Тэгээд нэг хамгаалагч ирээд бид хоёрыг Зайсан Хиллийн урсдаг шатны хэсэгт гаргасан. Тэр залуутай дотор болсон асуудлын талаар тайлбарлаж ярилцах гээд зогсож байтал тухайн залуугийн гурван найз нь ирсэн. Найзуудынх нь нэг болох өндөр, хар хувцастай залуу миний нүүр рүү 3-4 удаа цохисон байх. Хамгаалагч нар ирээд салгаж байхад бас өөр нэг цагаан цамцтай залуу миний нүүр рүү цохиод намайг боогоод доош нь дарсан. Тухайн залууг бас хамгаалагч нар салгасан. Надтай анх ******* бааранд муудалцсан залуу миний нүүр рүү цохисон, тухайн залуучууд дөрвүүлээ байсан. Нэг залуу нь намайг зодоход оролцоогүй, нөгөө гурван залуу буюу урт үстэй цагаан майк өмссөн залуу, өндөр хар хувцастай залуу бас цагаан цамцтай залуучууд намайг цохиж зодсон. Тухайн үед үүдэнд байсан таксны ажилтан болсон зүйлийн талаар бичлэг хийгээд цагдаа дуудсан. ...Тухайн залуучуудыг огт танихгүй өндөр хар хувцастай залууг Ариука гэдэг  бусдыг нь бол мэдэхгүй байна. ...Хяналтын камер байгаа бас үүдний ажилтан гар утсаараа бичлэг хийсэн байсан. ...Тухайн гурван залуу миний хамар болон нүүр хэсэгт удаа дараа цохисон, хамрын хугарлыг хэн нь учруулсан болохыг мэдэхгүй байна. Бичлэгээс харахад хар хувцастай залуу миний хамар болон нүүрэн тус газарт маш хүчтэй хэд хэдэн удаа цохисон. ...Миний хамар хугарсан эмчилгээ болон хагалгааны зардал. Мөн би ажилдаа 14 хоног явж чадаагүй дахин хагалгаанд орохоор 14 хоног орчим дахин явж чадахгүй, энэ өдрүүдийн цалингаа гаргуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: ...Хэвтэн эмчлэгдээгүй, гэрээрээ эмчилсэн, хамарны хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн гэмтлийг 190 см орчим өндөртэй ******* надад учруулсан. ******* нь миний нүүр рүү гурваас тав орчим удаа цохисон. Тэр цохилтоос үүдэж миний хамар гэмтэж, цөмөрсөн. ...Би хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгээгүй. Гэхдээ цаашид хамрын хагалгаа хийлгэх шаардлагатай гэх эмчийн заалт байгаа. Тийм учраас ******* гэх хүнээс хохирлын мөнгөө авч хагалгаа хийлгэх хүсэлтэй байна. Надад эмнэлгийн баримт бичиг байхгүй. ...Тухайн хүн надад хохирлын мөнгө огт өгөөгүй. ...Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12824 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ү.*******ийн биед зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана, хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, цээж, нуруу цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

          Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн өдөр би найзуудын хамт Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах ******* нэртэй баараар үйлчлүүлж байхад текэн дээр миний харьцдаг эмэгтэй байсан. Тэр залуу миний таньдаг эмэгтэйг өдөж байснаа над руу муухай хараад муухай үг хэлээд миний харьцдаг эмэгтэйд уух зүйл авч өгөөд байхаар нь би очоод “чи больчхооч” гэж хэлсэн. Тэгээд над руу духаараа мөргөх гээд байхаар нь би хана руу түлхсэн чинь уг баарны 2 хамгаалагч намайг өргөөд аваад гарсан. Уг залуу гарч ирээд над руу дайраад намайг 2 удаа толгой руу цохисон. Би уурлаад хариу үйлдэл үзүүлээд цохих гэж дайрсан. Хамгаалагч ах нар намайг цохиулаагүй, салгасан. Гэтэл миний хувцаснаас зуураад хамаг хувцас урчихаар нь би дахиж маргалдалгүй гараад явсан. Тэгээд шууд гэр рүүгээ явсан. ...Би цохих гэж оролдсон боловч ерөөсөө оноогүй, хамгаалагч нар намайг салгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найзуудтайгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын ******* клуб орж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад утсаар ярих гээд хальт гартал хамт явж байсан найз ******* нэг үл таних залуутай муудалцаад зогсож байсан. Би уг нь тухайн үед салгах гээд очсон боловч тэр танихгүй залуу миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уураа барьж чадахгүй зөрүүлээд зүүн нүд, шанаа хавьцаа нь нэг удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. ...Би 400 грамм орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба нэлээн согтолттой байсан гэж өөрийгөө бодож байна. ...Хишигбаяр тэр хоёр зүгээр муудалцаад зогсож байсан. Тэнд байсан хүмүүсээс тэр үл таних залуугийн биед халдаж цохисон хүн байхгүй. Би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Гэхдээ миний биед ноцтой хохирол учрахаар, гэмтэл шарх үүсээгүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж  баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.*******, гэрч Б.******* нар нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын ******* шөнийн клубээр үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Хохирогч Ү.*******, гэрч Б.******* нар нь үйл ойлголцлын улмаас  маргалдаж байх үед шүүгдэгч Б.******* нь найз Б.*******ийг өмөөрч хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана, хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, цээж, нуруу цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

           Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ү.*******ийг цохихоор халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ү.*******ийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21/350 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 3.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 367 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Хохирогч Ү.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Б.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо: ...торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргав.

 

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт шүүхээс 2 удаа торгох ялаар шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлөгдөөгүй болон тэрээр “..” ХХК-нд менежерээр ажиллаж, орлого олдог гэх боловч нотолсон баримт хэрэгт авагдаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.     

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Энэ гэмт хэргийн улмаас:

А./ хохирогч Ү.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12824 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана, хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, цээж, нуруу цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон.

Хохирогч Ү.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хагалгааны зардалд 4.500.000 төгрөг, эмнэлэгт 6 хонох ор хоногийн 900.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн хэдий ч мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Б./ Хохирогч Ү.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд /хавтаст хэргийн 55 дахь тал/ тогтоож, түүнд танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Ү.*******ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Хохирогч Ү.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Авсай овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.     

 

            4. Хохирогч Ү.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны \шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР