2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1621

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Мөнхбаяр,

шүүгдэгч А.*******э, түүний өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2410035271981 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, “Г... ” ХХК-нд хүргэлтийн ажилтан ажилтай, ам бүл 6, хамтран амьдрагч, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ... тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт *******ийн *******э /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.*******э нь 2024 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, .. *******-р байрны 03 тоотод согтуугаар хохирогч У.*******тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт цаасны хутгаар 1 удаа хутгалж элгийг нь гэмтээн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж учруулсан” гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч А.*******э шүүхийн хэлэлцүүлэгт: Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ******* намайг буйдан руу авчраад шидсэн. Гэтэл ******* намайг боогоод “яагаад буйдангийн араар шээгээд байгаа юм бэ” гэхээр нь шээгээгүй гэж хэлсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2410035271981 дугаартай хэргээс:  

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Хохирогч У.*******ий мөрдөн байцаалтад мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 20 дахь тал/,

Гэрч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Хохирогчийн амбулаторийн картны хуулбар /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11886 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1156 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 61-85 дахь тал/, ..ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 114 дэх тал/, бусад /хавтаст хэргийн 115-116 дахь тал/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, бусад зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч А.*******э, хохирогч У.*******, гэрч М.******* нар нь нэг байгууллагад хамт ажилладаг этгээдүүд бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч У.*******ий гэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, .. ******* дугаар байрны 03 тоотод хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.*******э нь согтуурсан үедээ хохирогч У.*******г “гэрт шээгээд байна уу гэж хэллээ” гэж шалтаглан түүний цээжин тус газар нь цаасны хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн элэг гэмтээсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Хохирогч У.*******ий мөрдөн байцаалтад 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Би 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажлын газрын хоёр найз *******, *******э нарыг дуудаад бид 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт уулзаад Шүрт хотхоны доор байрлах биллиард орж тоглосон. Тэндээ хоёр хоёр лааз пиво уугаад орой 23 цагийн үед манай гэр болох Хан-Уул дүүргийн 21-р хороо ..тоотод ирсэн. Бид замаасаа СU сүлжээ дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай 4 том Сэнгүр пиво аваад бид 3 хувааж уусан. Бид пиво ууж байхдаа хоорондоо нэгнээрээ тоглоом хийгээд цагийг хөгжилтэй өнгөрөөж байсан. Тэгтэл *******э том өрөөний буйдангийн ард цаашаа хараад бие засаж байгаа мэт зогсож байхаар нь би араас нь очоод "шээгээд байгаа юм уу андаа" гэж асуутал эргэж хараад "би айлд шээхээр тийм эргүү пизда биш" гэж хэлээд *******э баруун гараараа миний цээжний зүүн хөхний товчноос доош хэсэг рүү цохиод авах шиг болсон. Тэгтэл миний амьсгаа давчдаад, халуу дүүгээд, толгой эргээд сөхрөөд суусан. Тэгээд би *******ийн цохисон хэсэг рүү харсан чинь миний гэдэс рүү цус урсаж байсан. Тухайн үед би унтах гээд хувцсаа тайлсан нүцгэн байсан юм. Тэгээд би арай гэж босоод ширээн байсан гар утсаа авч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. *******э намайг хутгалчхаад цус хараад сандарсан юм уу яасан нь мэдэхгүй манай гэрийн том өрөөний цонхийг гараараа цохиод хагалсан. Тэгээд хагарсан шилнээс нэг хэсгийг гартаа барьж байгаад хоолойн дээрээ тулгаад “би үхлээ, амиа хорлолоо” гээд байсан. ******* гүйж ирээд *******ийг болиулаад нүүр рүү нь 2-3 удаа алгадаад "тэнэг пизда минь сэргээч, чи хүн аллаа ш дээ" гэж хэлээд байсан. Энэ үед би цусаа тогтоохоор гараараа цээжин дээрээ дараад хэвтээд байсан. Миний амьсгал давчдаад байсан тул би өөр хөдөлгөөн хийж чадаагүй. Тэгээд хэвтэж байтал яаралтай түргэн тусламжийн эмч нар ирээд надад боолт хийж өгөөд эмнэлгийн байгууллага руу авч явсан. Намайг эмнэлэг рүү явж байхад цагдаа нар ирсэн байна гээд залгаж байсан. Би түргэн тусламжийн машинаар явсаар шөнийн 03 цагийн үед Цэргийн төв эмнэлэг дээр очоод тэндээ яаралтайгаар хагалгаанд орсон. Миний биеэс 4-5 см орчим урттай цаасны хутганы ир гаргаж авсан. Тэгээд би тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгээс гараад өнөөдөр цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгч байна. ...Миний бие маш хүнд байна, би одоогийн байдлаар хэвийн хөдөлгөөн хийж чадахгүй байна. Маш их өвдөлтийн мэдэрсэн өвчин намдаах эм ууж байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...*******этэй танилцаад 1 жил орчим болж байна. Нэг компанид хамт ажилладаг...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн: ...*******э манай гэрийн том өрөөний цонхыг цохиж хагалсан боловч хэрэг болдог өдрийнхөө маргааш нь засварчин дуудаж авчраад 250,000 төгрөгөөр шиллүүлсэн байсан. Би энэ гэмт хэргийн улмаас ажилдаа явж чадалгүй 10 гаран хоног болсон тул энэ бүх цалингийн тооцоог *******ээс гаргуулж авмаар байна. Нийт 1,500,000 төгрөгийн алдагдал хүлээсэн, мөн хагалгааны зардал 3,117,000 төгрөг гарсан ба нийгмийн даатгалаас 800,000 төгрөгийг төлөөд би өөрөөсөө 2,317,000 төгрөгийг гаргасан, бас эм тариа, цагдаа сэргийлэх гэж явсаар нийт 350,000 төгрөг болсон. Ингээд нийт 4,167,000 төгрөгийг бодит зардал гараад байна. Одоогийн байдлаар *******э надад 1,800,000 төгрөг төлсөн. ...Надад гомдол санал байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Анх удаагаа л ийм их өвдөлтийг мэдэрч байна. Одоо хүртэл хэвийн алхаж явж чадахгүй байна. Сэтгэл санаа хэцүү байна. Би ганцаараа өөрийн хүүгээ асран хамгаалдаг ганц бие өрх толгойлсон эцэг тул одоо ажилгүй хөдөлмөр хийх боломжгүй тул сэтгэл санаа хямраад байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Гэрч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 8 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед гэртээ байж байтал ******* над руу залгаад хэдүүлээ нийлж биллиард тоглоё гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 21-р хороонд очиход *******, *******э хоёртоо уулзаад .. доор байрлах Анд нэртэй биллиард орж тоглосон. Бид 3 тоглож байхдаа хүний хоёр хоёр лааз пиво уугаад тэндээсээ шөнийн 23 цагийн үед гараад замаасаа СU сүлжээ дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай 4-н том пиво аваад Хан-Уул дүүргийн 21-р хороо Буянт-Ухаа 2 хорооллын ******* дугаар байрны 03 тоот болох *******ий түрээслэн амьдардаг гэрт нь ирсэн. Бид пиво уугаад нэг нэгнээрээ тоглоом шоглоом хийгээд инээж хөөрөөд байж байтал *******э маргааш ажилтай гэж хэлээд пивоноос хэдэн аягыг уучхаад жижиг өрөө рүү ороод унтаад өгсөн. ******* бид хоёр ууж сууж байгаад нөгөө өрөө рүү орж *******ийг сэрээгээд том өрөөний буйдан дээр унтуулсан. Тэгээд ******* бид хоёр буцаад ширээндээ суугаад үргэлжлүүлэн пиво уугаад байж байтал *******э босоод буйдангийн цаана нь шээж байгаа юм шиг хана руу хараад зогсож байсан. Тэгсэн ******* *******ээс "хөөе, чи гэрт шээгээд байгаа юм уу” гээд яваад очтол *******э эргэж хараад *******ий цээжин хэсэгт 1 удаа түлхсэн. Тэгсэн ******* доошоо сөхрөөд суусан. Би гайхаад яваад очтол *******э баруун гартаа улаан хар өнгийн иштэй цаасны хутга барьчихсан, тэр цаасны хутгаараа *******ийг хатгаад унагаасан байдалтай зогсож байсан. Би *******ийг барьж аваад нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаад "яаж байгаа тэнэг вэ, хүн аллаа ш дээ" гэж хэлсэн чинь *******э муухай орилоод гараараа гэрийн том өрөөний цонхийг цохиж хагалаад тэндээсээ 1 ширхэг хэлтэрхийг гартаа атгаж байгаад хоолойгоо зүснэ гээд байсан. ******* хойшоо мөлхөж байгаад ширээн дээр байсан гар утсаа аваад цагдаагийн байгууллага болон яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн. Би *******ийг "яаж байгаа юм бэ андаа, наад үйлдлээ боль" гэж тайвшруулаад байж байтал Яаралтай түргэн тусламжийн эмч ирээд *******д боолт хийгээд гэрээс аваад гарсан, араас нь цагдаа нар ирсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Хохирогчийн амбулаторийн картын хуулбар /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11886 дугаартай дүгнэлтэд: У.*******ий биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн элэг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1156 дугаартай дүгнэлтэд: Хохирогч Уянга овогтой *******ий сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын болон байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэгт орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна гэх /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажлын газрын *******, ******* гэсэн 2 найзын хамт *******ий ээжийнх нь байр болох Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын *******-р байрны 03 тоотод ирээд бид гурав том савлагаатай Сэнгүр пиво уусан. Би маргааш нь ажилтай байсан тул нэг сав Сэнгүр пивоноос л уусан. Тэгээд унтахаар том өрөөний буйдан дээр хэвтсэн чинь ******* ирээд миний нүүр рүү 8-9 удаа алгадаад байхаар нь энийгээ ав л даа гэж хэлсэн. Тэгээд би явах гэсэн чинь ******* намайг “чи хаашаа явах гээд байгаа юм” гэж хэлээд намайг татаад байсан. ******* *******өөс намайг салгаж авахгүй байхаар нь халаасанд байсан цаасны хутгаар *******ий цээжин хэсэгт 1 удаа хутгалсан. Гэтэл *******ий цээжнээс цус гарахаар нь би сандарсандаа гэрийнх нь том өрөөний цонхийг хагалаад, хагархайн дундаас жижиг шил авч байгаад өөрийгөө хороох гэж оролдсон. Энэ үед ******* ирээд миний нүүр рүү алгадаад байсан. Тэгж байтал эмнэлэг болон цагдаа нар хүрээд ирсэн. Маргаан болоогүй, би уусан зүйлдээ хэтэрхий согтоод тухайн үйлдлийг хийсэн байсан. ...Миний зүгээс хэрэг явдал гарснаас хойш буюу 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч У.*******ий эзэмшлийн Голомт банкны 130514**** тоот данс руу нийт 4,947,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгаас “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг шүүх хуралдаанаар тогтооно” гэж заасан ба анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1952 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжтай санал нэг байна. Хохирогчийн өвчний түүх, А.*******ийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд биед нь үзлэг хийсэн баримт зэргийг хэрэгт хавсаргуулахаар шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хойшлуулах санал гаргасан.

Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1952 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “шүүх хуралдаанд талуудыг оролцуулан мэтгэлцээний зарчмын үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч оролцуулахаар талуудаас хүсэлт, санал гаргаагүй, энэ ирцтэйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх зохицуулалт тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан “нэмж баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******эд холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 850 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин энэ гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлнэ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.*******э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч А.*******э нь хохирогч У.*******ий биед цаасны хутга хэрэглэж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч А.*******э нь гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч А.*******э, түүний өмгөөлөгч Г.Тулга нар нь гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.

 

Шүүгдэгч А.*******э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 52 дахь тал/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай, хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч А.*******ийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшин, түүний улмаас учруулсан хохирол, хор уршиг, үр дагаврыг ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлсэн ба гэмт хэргийг улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч А.*******э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд харин түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч А.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр ам бүл 6, хамтран амьдрагч болон түүний 4 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын /гурван жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.*******э нь анх удаа хорих ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг нь харгалзан түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 03 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч А.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас

а/ хохирогч У.*******ий биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11886 дугаартай дүгнэлтээр “...хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн элэг гэмтээсэн шарх”  бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдсон ба хохирогч У.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

б/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1156 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...хохирогч Уянга овогтой *******ий сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын болон байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэгт орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна гэх /хавтаст хэргийн 36-38 дахь тал/ гэжээ.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.

Гэмт хэрэг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан ба Үндэсний хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон ба шүүгдэгч А.*******э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 4.947.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч У.*******ий сэтгэцэд учирсан хор уршигт оруулан тооцож, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин хохирогч У.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цаасны хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.*******э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******ийг 3 жил 4 сарын /гурван жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан 03 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******э нь хохирогч У.*******д 4.947.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч У.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цаасны хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүгдэгч А.*******э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР  

 

              ШҮҮГЧ                                                     Т.АЛТАНТУЯА

 

              ШҮҮГЧ                                                      Л.БААТАР