| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04473/И |
| Дугаар | 101/ШШ2022/03525 |
| Огноо | 2022-08-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/03525
| 2022 08 15 | 101/ШШ2022/03525 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Н
Хариуцагч: Ш.У-холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Н,
Хариуцагч Ш.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Н миний бие 2001 онд Ш.У танилцаж, улмаар 2006 онд охин Н.Д төрсөн. Одоогоос 10 жилийн өмнө зан харьцааны таарамжгүй байдлаас болж тус тусдаа амьдраад өдийг хүрсэн. Ш.У нь өөр хүнтэй амьдраад хүүхэдтэй болсон, охин Н.Д нь Д.Н миний асрамжид одоог хүртэл байдаг. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний хувьд охиноо өөрийн асрамжид байлгаж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ш.У нь Д.Н 2001 онд танилцаж, 2006 онд охин Н.Д төрсөн. Одоогоос 10 жилийн өмнө бид хоёр тийш болж, тус тусын амьдралтай болсон. Охин Н.Д асрамжид байдаг, ямар нэгэн асрамжийн, эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Улсын тэргүүнийн 48 дугаар сургуулийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эмчийн тодорхойлолт, гэрлэгчдийн 0000000 №31 дугаартай гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 725, 726 дугаартай тодорхойлолт, Ш.У болон Д.Н нарын иргэний үнэмлэх, охин Н.Д-гийн 000000 №16 дугаартай төрсний гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбараа ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь эхнэр Ш.У-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д “... Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, ... асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг гаргаагүй боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт хүүхдийн асрамжийн асуудал заавал шийдвэрлэгдэх учиртай.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ш.У нар нь 2008 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Н.Д төрсөн болох нь гэрлэгчдийн 000000 №31 дугаартай гэрчилгээ, хүүхдийн 000000 №16 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 256 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар дуусгавар болгосон.
Зохигчдын хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх бөгөөд 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар гэрлэгчид тодорхой арга хэмжээ аваагүй, хоорондын зан харилцаа таарамжгүй болсон зэрэг нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, хэн хэн нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Охин Н.Д нь насанд хүрээгүй хүүхэд ба одоо эцэг Д.Н-ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн хувьд эх Ш.У маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамж дээр маргахгүй, хүүхдийн санал авхуулахгүй гэх тайлбар, хүсэлтийг гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн санал авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Ш.У нь охин Н.Дөлгөөнөөг эцэг Д.Н-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Мөн эцэг Д.Н нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж зааснаар эх Ш.У-ийн хүүхэдтэйгээ уулзах зэрэг өөрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н /регистрийн дугаар ГГ000000/, хариуцагч Ш.У /регистрийн дугаар АА00000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Д төрсөн эцэг Д.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ