Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2022/03590/И |
Дугаар | 101/ШШ2022/03579 |
Огноо | 2022-08-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/03579
2022 он 08 сары 18өдөр | 101/ШШ2022/03579 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УСУГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С СӨХ-д холбогдох
240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогсод:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.О,
хариуцагчийн төлөөлөгч Ц.
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“УСУГ нь нийслэлийн хүн амыг ундны цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах чиг үүрэгтэй. И Ө дугаар байрны барилгыг барьсан “О.Д” ХХК нь УСУГ-тай тухайн орон сууцыг цэвэр, бохир усаар хангах тухай гэрээ хийгээд, УСУГ 240249 дугаартай тоолуурын код олгосон. Тус компани нь барилга байгууламжаа барьчихаад шугам сүлжээний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж биш учраас барилгаа оршин суугчдадаа өгөөд орхиод явсан байдаг. Манай УСУГ нийслэл рүү хандаад орон сууцны контор луу шилжүүлж өгөөгүй байх хугацаанд цэвэр, бохир усны шугам, сүлжээ, ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хариуцуулж өгөөгүй учир айл өрхийн усны төлбөр тооцоог тухайн үед тус орон сууцыг хариуцан ажиллаж байсан “С” сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдаас усны төлбөрийг төвлөрүүлэн манай байгууллагад тушааж байсан. “С” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцан ажиллаж байсан дугаар байрны усны өр төлбөр 2013 оноос эхлэн үүссэн ба өнөөдрийн байдлаар 4,510,000 төгрөг болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс усны төлбөр тооцоогоо нэхэмжилж байгаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс усны үйлчилгээний төлбөрөө барагдуулж авах эрхтэй. “С” сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өр төлбөрөө төлөөгүй тул ..... дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ний үүрэгт 4,510,000 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“УСУГ”-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. “С” сууц өмчлөгчдийн холбоонд Баянзүрх дүүргийн дугаар хорооны , дугаар байрууд харьяалагддаг бөгөөд “И Ө” ХХК-ийн барьсан 1 дүгээр хороонд байрлах 52 дугаар байр бүртгэлгүй. Тус байрны оршин суугчид Төрийн банкны ........ тоот дансанд усны төлбөрийг төлж байгаагүй болно. “С” СӨХ-ийн албан ёсны бичиг баримт байгаа, бичиг баримтад нь 52 дугаар байр байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг яагаад нягталж шалгаагүй юм бэ. Б.Б-гийн УСУГт төлнө гэж бичиж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 2014 оны мөнгө 2017 оныг хүртэл явчихсан байгаа гэдэг дээр гайхаж байна. 2014 оноос хойших жилүүдэд нэхэмжлэх боломжтой байсан ч нэхээгүй нь эргэлзээ төрүүлж байна. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “УСУГ” СӨХ байгуулагдсан байна, гэтэл яагаад 2017 онд хүртэлх мөнгө нэхээд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. С СӨХ нь дугаар байртай ямар холбоо хамаарал байхгүй, тухайн үеийн газар нутаг, хорооны хувьд ч хамааралгүй байдаг. 2021 оны 12 дугаар сард “УСУГ” СӨХ-ийн захиралтай уулзсан. дугаар байрыг А гишүүн барьсан бөгөөд өөрөө хариуцаж явж байгаад нас барахад нь “О” СӨХ, “С” СӨХ нэрээ ашиглуулж байсан болохоос албан ёсоор хариуцаж байгаагүй,. айлуудын усыг хаагаад эхлэнгүүт энэ байранд амьдардаг хүний хувьд шинэ СӨХ байгуулъя, өмнөх өр төлбөрийг төлөхгүй, авсан цагаасаа хойш төлбөрөө төлөөд явъя гээд төлбөрөө төлөөд явж байгаа гэж хэлсэн. Манай сууц өмчлөгчдийн холбооны нэр яагаад орсныг мэдэхгүй байна. Нэхэмжлэлд манай сууц өмчлөгчдийн холбоотой дугаар бүхий Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээтэй гэж дурдсан байх боловч ийм гэрээ байхгүй. Иймд манай “С” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлд дурдсан гэрээний өр төлбөрийг хариуцах үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх-1-2/, итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2007.06.20-ны өдрийн 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /хх-6-7/, 2017.04.21-ний өдрийн 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /хх-8-9/, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.03.25-ны өдрийн 02/507 дугаартай тодорхойлолт /хх-10/, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо /хх-11-15/,”С” СӨХ-ны албан бичиг /хх-16/, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2021.03.11-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт /хх-17/, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022.05.02-ны өдрийн 03/328 дугаартай албан бичиг /хх-18/, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022.04.28-ны өдрийн 53 дугаартай тогтоол /хх-19/, хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлөлтийн өдрийн тайлан /хх-24-28/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-29-32/,
Хариуцагч талаас: гэрчилгээ /хх-36/, хариу тайлбар /хх-41/, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн 2021.06.13-ны өдрийн 194 дугаартай тодорхойлолт /хх-42/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “УСУГ” нь хариуцагч “С” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан .... хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбооны харьяалалд нэхэмжлэлд дурдсан 52 дугаар байр хамааралгүй, нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулаагүй тул гэрээний үүргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг; 3.1.14-т "хангагч" гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
УСУГ нь “О.Д” ХХК-тай 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-г байгуулсан, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг дүгнэж, гэрээний хугацааг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн 6, 7/
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “УСУГ” Сууц өмчлөгчдийн холбоотой дээр дурдсан гэрээг буюу хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8-9/
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой хаилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна”, 13.2-т “Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна” гэж заасан.
Нэхэмжлэгч УСУГ нь хангагч байгууллагын хувьд хэрэглэгч буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Их өргөө 52 дугаар байрны 2014 оноос үүссэн усны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “С” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Б 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр И Ө компанийн барьсан дугаар байрны усны өр төлбөр тооцоог барагдуулах талаар хүсэлт гаргасан, “УСУГ” Сууц өмчлөгчдийн холбоотой хийсэн тооцооны үлдэгдлийн тооцооллоор усны төлбөрийн үлдэгдэл 4,510,000 төгрөгийг “С” сууц өмчлөгчдийн холбоо хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдсон гэж тайлбарлан, мэтгэлцсэн.
“С” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 7, 8, 53, 54 дүгээр байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар оршин суугчдын хурлын тогтоолоор байгуулагдаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 23 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. Тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг байсан 53, 54 дүгээр байрны оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж “Х 53, 54” сууц өмчлөгдчийн холбоо байгуулан тусдаа холбоо болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 36, 42/
“Баянзүрх дүүргийн хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын тодорхойлолтоор нэхэмжлэлд дурдсан байр нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагддаг болох нь, тус дугаар байрны бүх гишүүдийн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “УСУГ” сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан болох нь, тус сууц өмчлөгчдийн холбоо нь байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байна. /хх-ийн 10, 17, 42/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар “С” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Б.Б 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан, ажиллаж байх хугацаанд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Их өргөө компанийн барьсан байрны усны төлбөр тооцоог барагдуулах талаарх хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч тухайн баримтыг үндэслэн хариуцагчийг дугаартай гэрээний үүргийг гүйцэтгэх үүргийг хүлээсэн гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, хариуцагч нь дээр дурдсан хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг сууц өмчлөгчдийн холбоо байх бөгөөд нэхэмжлэгчтэй хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-г байгуулж, хэрэглэгчийн үүргийг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаартай тогтоолд “....“УСУГ” болон “С” сууц өмчлөгчдийн холбооны хооронд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн нь тодорхойгүй байх тул... “ гэснээс үзэхэд хариуцагчтай 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ” байгуулагдаагүй, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнэж хариуцагч “С” сууц өмчлөгчдийн холбооноос хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С” сууц өмчлөгчдийн холбооноос 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР