| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002150151 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжнаас 6 дугаар багийн 3 дугаар гудамж хүртэлх зайд ******* улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 3,04 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оройн эргүүлд Олон нийтийн цагдаа *******ийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хүмүүс архидан согтуураад байна гэх дуудлага мэдээлэл дамжуулсан бөгөөд Олон нийтийн цагдаа *******ийн хамт тухайн дуудлага мэдээлэл дээр түргэн шуурхай очиж ажиллахад тухайн хаяг дээр очиж шалгахад хүмүүс архидан согтуураад байж байсныг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, хэсгийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Тухайн үед ******* гэх иргэн нь эхнэрийн хамт Баянхонгор сумын 5 дугаар багийн 10-12 тоотоос гараад тухайн гудамжаар уруудаад алхаад явж байсан бөгөөд би дараагийн дуудлагад явсан юм. Тэгээд би тухайн гудамжаас гараад Баянхонгор сумын 5 дугаар багт явж байтал ******* гэгч нь ******* улсын дугаартай марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 5 дугаар багийн 10 дугаар гудамжнаас гараад ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсох дуут дохио өгч зогсооход ******* нь машинаа зогсоохгүйгээр араатай нь орхиж жолоочийн суудлаасаа арын суудал руу дамжиж сууж улмаар жолоочийн хажуу талын суудалд сууж явж байсан. *******ын эхнэр нь жолоочийн суудал дээр суугаад машиныг зогсоосон. Тэгээд очиж шалгахад жолооны хүрд дээр. Ц *******ын эхнэр, арын суудалд ******* нар байсан өөр хүн байгаагүй юм. ******* гэх хүн нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд жолоодож явсан нь Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжнаас гарч ирж байхыг нь би болон хамт үүрэг гүйцэтгэж явсан Олон нийтийн цагдаа ******* нар харсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг зогсоох дуут дохио өгөх үед ******* нь машиныг зогсоохгүйгээр машин дотроо суудлаа сольж байгаа нь илт харагдаж байсан.Тэгээд шалгах явцад *******оос яагаад жолооны суудлаа сольсон талаар асууж ярилцахад би өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолооны эрхээ хасуулсан юм. Тэгээд дахиад баригдах юм бол асуудал хүндэрнэ гэж хэлээд жолоогоо эхнэртээ шилжүүлсэн гэдгээ хэлж байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 13),
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би томилгоот хуваарийн дагуу цагдаагийн дэд ахлагч *******ын хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор сумын 5 дугаар багийн дугаар гудамжны тоотод архидан согтуурсан тухай дуудлага дамжуулсан бөгөөд тухайн дуудлага мэдээлэл дээр очиж ажиллаад тухайн дуудлагаас гараад явсан. Тус дуудлагаас гараад цагдаагийн машинтайгаа тухайн гудамжнаас нь гараад Баянхонгор сумын 5 дугаар багт явж байтал тухайн дуудлага дээр согтуу байсан иргэн ******* гэгч нь ******* улсын дугаартай марк 2 маркийн машин унаад явж байгаа тааралдсан юм. Тэгээд тухайн машиныг зогсох дохио өгөөд маяакаа асаагаад чанга яригчаар зогсох талаар сануулж хэлсэн. Тэгэх үед зогсохгүй байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хажуу талаар очиход жолооны хүрд дээр ******* гэх хүн байсан бөгөөд машинаа зогсоохгүйгээр жолоочийн суудлаасаа хойд талын суудал руу шилжиж суугаад жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан *******ын эхнэр нь гэж эмэгтэй хүн жолоочийн суудал дээр суугаад тэгээд машиныг зогсоосон. Тэр үед эхнэр нь гэх эмэгтэй суудлаа солиод их удаан хол газар буюу ойролцоогоор 50-60 орчим метр газарт явсан. ******* гэгчийн эхнэр нь гэх эмэгтэй жин ихтэй хүн байсан бөгөөд суудлаа сольж суух гээд их удсан. Алаг тэрэгний буюу цагдаагийн машины маяакны гэрэл нь их тод туссан тул машин дотор болж байгаа зүйл тод тодорхой харагдаж байсан юм. Мөн тухайн машин дотор жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь цонхны теньгүй байсан...Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ыг цагдаагийн байгууллага дээр авч ирж согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж шалгахад 3.04% согтолттой гарч байсан юм. Тухайн ******* гэх иргэнтэй болсон зүйлийн талаар асууж ярилцахад эхлээд би жолоодоогүй манай эхнэр жолоодож явж байсан хэмээн эхлээд хэлж байсан ч гэлээ бага зэрэг ярилцаж байгаад ******* нь өөрөө жолоодож явж байсан хэмээн хэлж ярилцаж байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл дотор бол ******* болон түүний эхнэр нараас өөр хүн байгаагүй.******* жолоодож явсан. Би болон хамт үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч ******* бид 2 суудлаа сольж байхыг нь шууд харсан мөн өөрөө жолоодож явсан хэмээн хэлж ярилцаж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 51-54),
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол/хх-ийн 02-05/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 09/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/,шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58/, депозит дансны хуулгууд /хх-ийн 6-70/, шүүгдэгчийн оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71/,
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн оройн 23 цаг 42 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжнаас 6 дугаар багийн 3 дугаар гудамж хүртэлх зайд ******* улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 3,04 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Гэрч *******ын...тухайн тээврийн хэрэгслийг зогсох дуут дохио өгч зогсооход ******* нь машинаа зогсоохгүйгээр араатай нь орхиж жолоочийн суудлаасаа арын суудал руу дамжиж сууж улмаар жолоочийн хажуу талын суудалд сууж явж байсан. *******ын эхнэр нь жолоочийн суудал дээр суугаад машиныг зогсоосон,.. би өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолооны эрхээ хасуулсан юм. Тэгээд дахиад баригдах юм бол асуудал хүндэрнэ гэж хэлээд жолоогоо эхнэртээ шилжүүлсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч ийн...тухайн машиныг зогсох дохио өгөөд маяакаа асаагаад чанга яригчаар зогсох талаар сануулж хэлсэн. Тэгэх үед зогсохгүй байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хажуу талаар очиход жолооны хүрд дээр ******* гэх хүн байсан бөгөөд машинаа зогсоохгүйгээр жолоочийн суудлаасаа хойд талын суудал руу шилжиж суугаад жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан *******ын эхнэр нь гэж эмэгтэй хүн жолоочийн суудал дээр суугаад тэгээд машиныг зогсоосон.... ******* бид 2 суудлаа сольж байхыг нь шууд харсан мөн өөрөө жолоодож явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 51-54/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч *******ын цусан дахь спиртийн агууламж 3.04 промиль гарсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс өдөр 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн оройн 23 цаг 42 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг дугаар гудамжнаас дугаар багийн 3 дугаар гудамж хүртэлх зайд ******* улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 3,04 хувийн согтолттойгоор жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...
Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагаас... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү ...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ , хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал / Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 3 дугаар баг, тоотод бүртгэлтэй боловч Уд механикч ажилтай/, өмнө уг зөрчлийн гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин зөрчил гаргасан, өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгдөггүй, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ихэр Дэрс ХХК-ийн хашаанд оршин суудаг ба эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч *******ын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хасаж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ихэр Дэрс ХХК-ийн хашаанд оршин суудаг ба эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хассугай.
7. Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА