Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/03082

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр                           Дугаар 183/ШШ2021/03082                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х сургууль нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г-д холбогдох,

 

Сургалтын төлбөр 8 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х сургуульБСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г  нь манай сургуультай гэрээ байгуулж өөрийн хүү Г.Ч , охин Г.********* нарыг суралцуулсан бөгөөд сурагч Г.Ч  2019-2020 оны хичээлийн жилд, сурагч Г.С 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд тус тус суралцаад сургуулиас шилжсэн. Сурагч Г.Ч  нь 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1 750 000 төгрөг, сурагч Г.********* нь 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 250 000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 500 000 төгрөг тус тус төлөөгүй байна. Хүүхдүүдийг сургуулиас шилжих үед Б.Г  нь сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулж дуусгах талаар сургуулийн захиргаанд өргөдөл бичиж үлдээж байсан боловч дээрх үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай сургуулийн зүгээс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын Засгийн газар болон Боловсрол Шинжлэх ухааны сайдын шийдвэрийн дагуу сургалтын хөтөлбөр боловсруулан хичээлийг танхимаар болон цахимаар явуулж сурагчдыг суралцах нөхцөл бололцоог хангаж, багш ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байсан. Цахим сургалтад хүүхдүүдээ бүрэн оролцуулах нь эцэг, эхийн үүрэг юм. Мөн хариуцагч Б.Г  нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус сургуульд гаргасан өргөдөлдөө 8 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо зөвшөөрсөн байдаг. Иймд сурагч Г.Ч ий 2019 оноос 2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 750 000 төгрөг, сурагч Г.С-ын 2019 оноос 2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 250 000 төгрөг, 2020 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 500 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Г  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ковид 19 халдварт өвчний улмаас Хишиг сургуулийн үйл ажиллагаа зогссон. Тухайн үед эцэг эхийн зөвлөлөөс сургалтын төлбөрийг багасгах талаар санал гаргаж байсан боловч сургалтын төлбөрийг багасгаагүй. Хүүхдүүд маань сурсан зүйлгүй хохирч үлдсэн. Мөн сургуулиас нь очиж сурах бичиг авах гэтэл сургалтын төлбөрөө төлж байж сурах бичгээ аваарай гээд өгөөгүй. Сургуулиас нь хүүхдүүдээ цахим сургалтад нь хамруулаарай гэж нэг ч залгаж байгаагүй харин сургалтын төлбөрөө нэхэж олон удаа залгаж байсан. Хүү Г.Ч ий 2019 оноос 2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 750 000 төгрөг, охин Г.*********ын 2019 оноос 2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 250 000 төгрөг зэргийг төлөхийг зөвшөөрдөг. Гэхдээ дээрээс сургалтын төлбөрөөс хөнгөлнө гэж ярьж байсан боловч хөнгөлөөгүй байна. Харин охин Г.С-ын 2020 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х сургуульБСБ нь хариуцагч Б.Г од холбогдуулан сургалтын төлбөр 8 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хишиг дунд нь Нийслэлийн боловсролын газраас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгосон “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн дагуу гэрчилгээний хавсралтад заасан нөхцөл шаардлагыг ханган тухайн түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэх эрхтэй байх бөгөөд хавсралтад, эзэмшүүлэх боловсролын түвшин бага, суурь, бүрэн дунд гэснээс үзвэл сургуулийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

 

            Хэргийн баримт, талуудын тайлбараар, хариуцагч Б.Г  нь хүү Г.Ч , охин Н.С нарыг 2019-2020 оны хичээлийн жилд Хишиг дунд сургуульд суралцуулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд дээрх хугацааны хүү Г.Ч ий төлбөрийн үлдэгдэл 1 750 000 төгрөг, охин Г.С-ын төлбөрийн үлдэгдэл 3 250 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг төлөх талаар хариуцагч маргаагүй.  

 

Харин хариуцагч нь “...Охин Г.С-ын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Сургуулийн зүгээс цахим сургалт зохион байгуулсан гэж байгаа боловч охин Г.С цахим сургалтад хамрагдаагүй” гэж маргасан.

 

Хавтаст хэрэгт, хариуцагч Б.Г  болон Хишиг сургуулийн захирал Д.Б нарын хооронд байгуулагдсан, охин Г.С-ыг 2020-2021 оны хичээлийн жилд Х сургуульд суралцуулахаар харилцан тохиролцсон “Нийслэлийн ерөнхий боловсролын Х сургууль, сурагч, түүнийг эцэх эх, асран хамгаалагчтай байгуулах боловсролын үйлчилгээний гэрээ” авагдсан байх бөгөөд дээрх гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны хувьд, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаанд хамаарна.

 

Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэдэг онцлогтой бөгөөд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Үүний дагуу дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас цахимаар сургалт явуулахаар гэрээний нөхцөл өөрчлөгдсөн болох нь тогтоогдох боловч хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын Хишиг сургуулийн 2б ангийн сурагч Г.С-ын хичээлд оролцсон идэвх гэх баримтад 2020-2021 оны хичээлийн жилийн 1 дүгээр хагас 45.8-86.5 хувийн идэвхтэй, 2 дугаар хагасын идэвх 0 хувиар дүгнэгдсэн байх тул жилийн 2 дугаар хагасын хичээлд Г.С-ыг цахимаар хамруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Иймд Г.С-ын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3 500 000 төгрөгийг 50 хувиар бууруулж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б.Г оос хүүхдүүдийн сургалтын төлбөрт нийт 6 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г оос 6 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х сургуульБСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ