Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

Т.Од холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг   

Прокурор                                                   С.Алтай

Өмгөөлөгч                                                 Ө.Батболд

Шүүгдэгч                                                    Т.О нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор Т.Од холбогдох эрүүгийн 2121000000011 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1980 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, Х овогт Т.О.

Шүүгдэгч Т.О нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргад нэр дэвшихдээ өөртөө санал өгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Т.Оийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөг өгсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Х овогт Т.О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохыг дурдаж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цаасан дугтуйтай АН-7009796, АЕ-4686523, АF-7258329 AG-1145561, AG-8845855, AH-9852212, AG-6438969, AG-3963352, AG-4291519, AG-5074665, AC-8936588, AD-5150022, AD-1903822, AG-0303407, AG-4698870, AD-2691702, AG-7631040, AD-9298728, AF-3319388, AH-0685404, AC-5653436 серийн дугаартай нийт 21 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөн NZ-6547556, PS-9042101, AG-1066390, PS-0829874, AG-4078257 серийн дугаартай 5 ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөн GB-6174665, AL-9895707, AN-0824480, AN-1633773, AJ-5663244, AM-9007992 серийн дугаартай 6 ширхэг 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, нийт 500.000 төгрөгийг улсын орлого болгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Т.Оийн _______ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Т.О нь 2002 оноос хойш Дорнод аймгийн Чойбалсан сумын сургуулийн захирлаар ажиллаж байхаасаа Д гэгчтэй найз нөхдийн холбоотой гэр бүлийн сайхан найзууд төдийгүй бие биедээ мөнгө зээлдэг, нэг нэгнийхээ амьдралд тус дэмтэй явцгаадаг хүмүүс юм.

Тухайн сумын орон нутгийн сонгууль болж өөрийнх нь найз П.Д нь сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байх ба засаг даргад Т.О нь нэр дэвших болж сумын засаг даргыг сонгох хурал болсон. Ер нь П.Д Т.О нарын хооронд нэг нэгэндээ мөнгө зээлүүлсэн асуудлыг сумын засаг дарга сонгох хуралтай холбож жирийн нэгэн төрд зүтгэж яваа шударга албан хаагчийг бусдад хээл хахууль өгсөн мэт болгож ял шийтгэж байгаа асуудал нь учир дутагдалтай байгаа гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн суманд сонгогдсон хурлын төлөөлөгч гэх нэр бүхий хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд бөгөөд тэдгээр хүмүүсийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд хахууль авах гэмт хэргийн шинж байсаар байтал энэ асуудалд Авилгатай тэмцэх газрын комиссар болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм.

П.Дийн хувьд тухайн өгсөн гэх 500,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан талаараа тодорхой мэдүүлдэг. Т.Оийн нөхөртэй харилцсан зурвас болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаг. Хээл хахуульд өгсөн мөнгийг өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан байдаг. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас хэзээ хойно нь Авилгатай тэмцэх газарт хандсан зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.О гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгч Ө.Батболдын хэлсэн зүйлстэй санал нэг байна. Гэрч Анхзаяагийн хувьд ажлын шаардлага зэргээс шалтгаалж сүүлийн 1 жил гаруйн хугацаанд надтай тэмцэлдэж, зөрчилдөж ирсэн, ашиг сонирхлын зөрчилтэй хүн байгаа. Одоо үүссэн байгаа асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлэхийг хүссэн гэж ойлгож байна. ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын хувьд намайг нугачин дарах чин хүсэлтэй байсан. ...Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. ...Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар хүссэнээрээ аашилж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Би Д-той найз нөхдийн холбоотой. 500 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. ... Би бизнес эрхэлдэггүй. Цалингаа л хуримтлуулж зээлдүүлсэн гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: ...Мөнгө зээлсэн асуудлыг авлига болгож яриад байна. Дашзориг болон бусад хүмүүсийн мэдүүлгээр тухайн өдрийн асуудал бүрэн яригдсан. “Мөнгө зээлээч” гэдэг хүсэлтийг огт гаргаагүй. ...Мөнгө гуйгаагүй, хүсэлт тавиагүй байхад нь Оөөрөө Д-ийн халаасанд мөнгө хийж өгсөн байгаа. ...Ингээд ах Д-ын гэрт ирэхэд нь А, Т, М, Т нар байгаа таарсан. Дашзоригийн хувьд олон хүний өмнө “О сая намайг Засаг дарга болоход дэмжээрэй гээд мөнгө өгчихлөө” гэдгийг хэлсэн. Бэлэн мөнгийг гаргаж тоолоод зургийг нь дарж баталгаажуулсан байдаг. ...Бид энэ хэргийг хангалттай шалгасан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлага байхгүй. Үнэхээр буцаасан тохиолдолд ямар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байгааг зааж хэлсэнгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т.О нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргад нэр дэвшихдээ өөртөө санал өгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Дт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч П.Д, Б.А, Д.У, Г. М.М, Х.Т, П.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, П.Д, Б.А нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сонгуулийн хорооны тогтоол, Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дэх ялын хязгаарт багтсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын зорилго, шударга ёсны хэм хэмжээнд ноцтой харшлаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд “...П.Дийг хахууль авсан гэмт хэрэгт шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ. Тэрээр анхан шатны шүүх хуралдааны явцад мөн энэ асуудлаар мэтгэлцэж байсан боловч шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх, шүүгдэгч Т.Оийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн байх тул гомдлыг үндэслэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Авлига нь нийгмийн эдийн засгийн хүрээнд, улс төрийн хүрээнд, хууль зүй оюун санааны хүрээнд гээд нийгэмд бүхэлд нь хор хөнөөл авчирч чаддаг хортой үйлдэл тул шүүгдэгч  Т.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл нь материаллаг хохирол учруулсан байхыг шаардаагүй учир түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                      Ж.ДОЛГОРМАА