| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/1097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1599 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1599
2025 06 16 2025/ШЦТ/1599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан,
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-т холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө.Б
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Иргэний бүртгэл мэдээллийн Ерөнхий газрын урд талын замд 2025 оны *дүгээр сарын 12-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.5-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Г.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ө.Б* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Иргэний бүртгэл мэдээллийн Ерөнхий газрын урд талын замд 2025 оны *дүгээр сарын 12-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.5-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Г.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэснийг шалгасан спиртийн агууламж 2.839% гэх баримт /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Хууль ёсны төлөөлөгч Г.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай хүргэн Ө.Б*, эгч Б*, манай охин Н* нар айлд очиж хоол идчихээд ирье гэсэн. Тэгээд би гэртээ эгчийн хоёр хүүхдийг гэрт хараад үлдсэн. Манай эгч, эгчийн нөхөр, манай охин тэр 3 айлд очих гээд яваад өгсөн. Тэгээд би эгчийн 2 хүүхэдтэй хамт тэр шөнө унтсан байсан. Маргааш нь манай ээж өглөө 10 цагийн үед гэрт орж ирээд эгч Б*, хүргэн Ө.Б*, манай охин Нарансолонго нар зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би зам тээврийн осол болсон талаар мэдсэн. Охин Н* биеийн байдал хэвийн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
Хохирогч Г.П- мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Сансарт байдаг А.М-ийн гэрийн гадаа очсон найз А.М-г аваад *дүүргийн нутаг дэвсгэр болох *орох гээд манай нөхөр * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож би жолоочийн хажуу талын сандал дээр суугаад ертөнцийн зүгээр зүүн хойд чиглэлтэй Иргэний бүртгэл мэдээллийн ерөнхий газрын урд зам дээр явж байсан. Тухайн зам тээврийн осол гаргах үед би гар утсаар юм үзээд явж байхад тухайн осол болсон. Тэгээд би машин дотор сууж байхад түргэн тусламж ирээд аваад явсан өөр ослын талаар юм мэдэхгүй байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: ...Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ юм угааж байхад гар утас дугаар манай найз Б* “Эхнэртэйгээ танилцсан 2 жилийн ойн баяр болж байна, та хоёр манай гэрт хүрээд ир” гэсэн. Тэгээд манай нөхөр, би, манай дүүгийн хүүхэд Н* бид 3 Б-ын гэрт очих гээд 16 цагийн үед гэрээсээ гараад 17 цагийн үед Б-ын гэрт очиж хоол идэж, “Эдэн” нэртэй 750 грамм болон 500 граммын 2 шил цагаан архийг бид 4 юм ярьж сууж байхдаа уусан. Тэгээд манай найз эхнэртэйгээ хардаад хэрүүл хийгээд байхаар нь нөхөр манай дүү бид 3 тэдний гэрээс 01 цагийн орчимд гараад явсан. Манай найз Б-ын хашаанд байсан * улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай Ө.Б* хашаанаас ухарч гарсан тэгээд би тэрнээс хойш би согтоод юм санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.С* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Сансарт байдаг А.М-г гэрээс нь очиж аваад тэгээд бид 3 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Хайлааст орох гээд би * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ертөнцийн зүгээр зүүн хойд чиглэлтэй Иргэний бүртгэл мэдээллийн ерөнхий газрын урд зам дээр явж байсан чинь миний жолоодож байсан тээврийн хэрэгслийн зүүн урд талаас урсгал сөрж ирж мөргөсөн. Тухай мөргөсөн тээврийн хэрэгсэл ямар нэгэн гэрэл асаагүй явж байгаад миний жолоодож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд би тээврийн хэрэгслээс буугаад түргэн тусламж дуудаж зогсож байсан *” маркийн авто машины хойд талаас 1 хүүхэд бууж гарч ирээд уйлаад байсан. Тэгээд би өөрийн жолоодож явж байсан тээврийн хэрэгслийн зүүн талыг хаалга онгойлгож яасан хайраа гэсэн чинь манай эхнэр “Би гараа мэдрэхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө мөргөсөн тээврийн хэрэгсэл дээр очоод хаалгыг нь онгойлгох гэсэн чинь хаалга түгжээтэй байсан. Тэгээд би цонхоор нь харсан чинь машин дотор урд суудал дээр хоёр хүн ухаан алдсан байсан. Унтаж байсан эсэхийг мэдэхгүй толгойгоо нийлүүлсэн нүдээ аньчихсан байж байсан. Тэгээд байж байхад цагдаа болон түргэн тусламж ирсэн. *улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан хохирлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч А.М* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байж байхад С*, П* хоёр манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийн хойд талд суугаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Хайлааст орох гээд би * улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын сандал дээр суугаад явж байхад Содбадмаараг тээврийн хэрэгслийн дууд дохио нэлээн олон удаа дуут дохио буюу чагнаал дараад явж байхад нэг тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Тэгээд би тээврийн хэрэгслийг мөргөсний дараа би тээврийн хэрэгслээс буугаад зогсож байхад түргэн тусламж ирж гэмтлийн эмнэлэг авч явсан. * улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээгээр гарсан 30,790,000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 01-02 цагийн үед манай бэр эгч Б-ийн төрсөн дүү Х* миний гар утас руу залгаад надад “Зам тээврийн осол гарсан байна” гэж хэлсэн. Тэгээд зам тээврийн осол болсон талаар мэдсэн. * улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Ө.Б-т жолоодох зөвшөөрөл өгсөн. Бусдад учирсан хохиролыг төлж барагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Дээрх гэмт хэргийн улмаас Г.П нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 сарын 12-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 446,461 төгрөг гарсныг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *дугаартай дансанд төлүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №*/*дугаартай: “Г.П-ийн биед баруун шуу ясны хугарал, дух, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцраг гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,
“Хас Үнэлгээ ХХК-/йн Автомашин техникийн үнэлгээний * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 28,030,000 төгрөгийн шууд, 30,790,000 төгрөгийн нийт хохирол учирсан гэх тайлан /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн *дугаартай: * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Б* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул. хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино: 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно:,” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...гэх магадлагаа /хавтаст хэргийн 105-107 дугаар тал/
Шүүгдэгч Ө.Б* шүүхийн хэлэлцүүлэгт “....Хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлж бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хүүхэд нь байнгын асаргаа шаарддаг зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Сонгинохайрхан дүүрэг болон ажил хөдөлмөр эрхэлдэг гэх Баянзүрх дүүргийн маршрутаар зорчихоос бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б* болон иргэний хариуцагч Ө.Б нараас нийт 30,790,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 15,395,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.П * /тоот/-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар иргэний хариуцагч Ө.Б* нь *улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ө.Б-т ашиглахыг зөвшөөрсөн /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/ тул хохирогч Г.П-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй этгээд мөн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан.
Эрүүгийн эрх зүйд аливаа материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд хохирол, хор уршиг нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэгт учирсан хохирлын хэмжээгээр тодорхойлогдон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй) нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж хохирол учруулсан хор уршиг бий болгосон эсэхэд шалтгаант холбооны онолын хүрээнд тайлбар өгч гэмт хэргийн объектив шинжид дүгнэлт өгдөг.
Хохирогч Г.П-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ө.Б-ийн шууд үйлдлийн үр дагавар болсон байх тул энэ үйлдлийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг тухайн хохирол хор уршиг учруулсан этгээд Ө.Б* мөн иргэний хариуцагч Ө.Б* нар хариуцах үүргийг хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Сонгинохайрхан дүүрэг болон ажил хөдөлмөр эрхэлдэг гэх Баянзүрх дүүргийн маршрутаар зорчихоос бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ө.Бя*, иргэний хариуцагч Ө.Б* нараас нийт 30,790,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 15,395,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.П /* тоот/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД