2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/301

 

   

                                                           

 

 

 

 

                               

                 2025        01         27                                     2025/ШЦТ/301

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч  С.Баяр-Эрдэнэ,

хохирогч Н.С,  

шүүгдэгч О.И нарыг оролцуулан,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.И -д холбогдох эрүүгийн “*” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.И 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.И нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Си Юү" (CU) сүлжээ дэлгүүрийн орчим явж байхдаа хохирогч Н.С-г үл ялих зүйлээр шалтлаж буюу "Чи юу хараа вэ?, наад нүдийг чинь сохолно шүү" гэж түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, биед нь зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн хацар, эрүү, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч О.И-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч О.И* нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.И* нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Си Юү" (CU) сүлжээ дэлгүүрийн орчим явж байхдаа хохирогч Н.С-г үл ялих зүйлээр шалтгаж буюу "Чи юу хараа вэ?, наад нүдийг чинь сохолно шүү" гэж түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, биед нь зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн хацар, эрүү, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Н.С* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**”-н лоунжаар үйлчлүүлээд 02 цагийн үед гараад ертөнцийн зүгээр баруун тийш алхаад “*”-ийн байруудын уулзвар дээрх "Си Юү" сүлжээ дэлгүүр орж юм идэх гээд явж байх үед замд 1 эрэгтэй, 1 эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад байсан. Гэтэл эрэгтэй нь намайг “Чи юу хараа вэ?, наад нүдийг чинь сохолно шүү” гэж хэлсэн. Би тухайн залуугийн эсрэг ямар нэг үйлдэл хийлгүй, үг хэлэлгүй хажуугаар нь өнгөрөөд алхаж байх үед миний нүдний доод хэсэг рүү нэг зүйлээр хэн нэгэн шовх зүйлээр хатгачих шиг болсон ба миний нүд хэсэг рүү хатгасан хүнтэй барьцалдаж аваад хоёулаа газар унасан. Тэгээд бага зэрэг сөхөө аваад харахад "Юугаа хараа вэ? нүдийг чинь сохолно шүү” гэж надад хэлсэн залуу байсан. Тэгээд тэр залуу надтай хамт газар ноцолдож байх үедээ хөлөөрөө миний нүүр хэсэг рүү жийсэн. Би тухайн залууг цохих болон өөр халдах үйлдэл хийгээгүй. Манай 3 дүү тэр залууг надаас татаж холдуулаад хажууд байсан хайсан дээр суулгасан. Би газраас босож ирэх үед миний нүдний доод хэсгээс цус гоожоод өвдөж эхэлсэн. Би хатгасан зүйлийг нь хараагүй надтай хамт явж байсан 3 дүү маань “Модны мөчир байх шиг байсан” гэж хэлсэн. Тэгээд тэр мөчрөө хайсан дээр суух үедээ цаашаа хаячихсан гэсэн. Тэр залуу ягаан өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй байсан. Тухайн үед маргалдаад зогсож байсан эмэгтэй хаана байсныг мэдэхгүй байна. Гэхдээ ноцолдож байх үед салгахгүй байсан хэр нь нөгөө залууг татаад хайсан дээр суулгаад цагдаа нарыг хүлээж байх зуур зураг дараад байсан. “**”-ын ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байх үед байдаг “Си юү”- сүлжээ дэлгүүрийн үүд хэсэгт байсан. Миний зүүн нүдний доод хэсэгт хурц иртэй зүйлээр хатгуулсан юм шиг цус гоожиж байсан, хацар, эрүү хэсэгт зүсэгдсэн, зүүн хөмсөгний дээд талд хавдсан байна...” /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Гэрч Г.А* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ах Н.С*, найз Б.А*, Г.Н* нартай уулзсан юм. Гэтэл эрэгтэй ах Н.С* руу "Юугаа хараад байгаа юм бэ?” гэж хэлэх шиг болсон. Бид нар тухайн хүмүүстэй зөрж өнгөрөөд уулзвар руу дөхөөд алхаж байтал нөгөө үл таних эрэгтэй гартаа модны мөчир бариад ах Н.С-ийн нүүр рүү цохисон. Уг модны мөчир нь ахын нүдний доод хэсгийг нь ураад цус гаргасан байсан. Ах Н.С* тухайн эрэгтэй хүний биед ямар нэгэн байдлаар халдаагүй. Үйл явдал их хурдан болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Б.А* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ах Н.С*, найз Г.А*, Г.Н* нартай уулзсан. Гэтэл нэг үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүс муудалцаад зууралдаж байсан. Эрэгтэй нь Н.С* руу "Инээдтэй байна уу? хоёр нүдийг чинь сохолно шүү" гээд ахыг хараагаад байсан. Бид нар тухайн хүмүүстэй юм ярилгүй зөрж өнгөрөөд уулзвар руу дөхөөд алхаж байтал нөгөө үл таних эрэгтэй гартаа модны мөчир бариад ах Н.С-ийн нүүр рүү цохисон. Тухайн эрэгтэй Н.С* руу хандан "Хүн шоолоод байхаар тэгдэг юм, яасан нэг нүд чинь сохорчихсон уу? нөгөө нүдийг бас сохолчих уу? Би чиний 2 нүдийг чинь сохолчихвол 10 жил шоронд суугаад гарч ирнэ" гэж хэлсэн. Тухайн эрэгтэйг зугтааж магадгүй гэж бодоод найз Г.Н* барьж байсан ба Г.А* цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирж тухайн эрэгтэйг машиндаа суулгаж авч явсан. Тухайн үл таних эрэгтэй модны мөчрөөр ах Н.С-ийн нүүр рүү цохисон. Мөн газарт зууралдаж хамт уначхаад нүүр рүү нь хэд хэдэн удаа модны мөчрөөрөө цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Ч-ын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №*дугаартай "...Н.С-ийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн хацар, эрүү, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Хохирогч Н.С* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би О.И-ийн хажуугаар өнгөрөхдөө түүнд хандаж юу ч хэлээгүй. Тэгээд өнгөрөөд явсан чинь араас ирээд намайг цохисон. Одоо би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний төлбөр болон куртканы 406,464 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.И* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэгүүд болон хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

            Шүүгдэгч О.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж,

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.  

Хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.И-ээс нийт 696,866 төгрөгийг гаргуулан хохирогч Н.С /тоот/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *О.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч О.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.И-ээс нийт 696,866 төгрөгийг гаргуулан хохирогч Н.С* /* тоот/-д олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        П.АРИУНБОЛД