| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/321 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/321
2025 01 28 2025/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Г.Булаг-Ундрал,
хохирогч Б.С,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн “*” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Б
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, * тоотод хохирогч Б.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч С.Б* нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Б нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, * тоотод хохирогч Б.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.С* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн *дугаар хороо *“*” гэх газарт цэцэрлэгт миний зүс таньдаг С.Б* гэх залуу эрүүл сууж байсан. Би өмнө нь 100 граммын хэмжээтэй нэрийг нь мэдэхгүй архи уугаад халамцуу явж байсан юм. Тэгээд тэр С.Б* гэх зүс таних ах ирээд 1 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи 2 шилийг, 0.33 литрийн хэмжээтэй шилтэй архи нэг шилийг хамт хувааж уусан юм. Гэтэл тэр С.Б* гэх ах гар утсаа ломбардад тавьж надтай 3 хоног архи уусан архины мөнгөө олсон байсан юм. Яг хамт архи уугаад зүгээр сууж байснаа ямар ч шалтгаангүй намайг үсдэж аваад хэл амаар доромжилсон. Дараа нь алгадаж гараараа цохисон. Юу болсныг нь асуухад “Чамаас болоод шал дэмий гар утсаа ломбардад тавичихлаа” гэж хэлээд хэл амаар доромжилж зодсон. Дараа нь тэр С.Б* гэх ах дэлгүүр ороод хоолны мах, архи, тамхи авч ирнэ гээд дэлгүүр явхаар нь би тэр хооронд нь гутлаа өмсөөд гараад явчихсан юм. Би тэр айлд 3 хоног хамт архи уусан. Тухайн үед гараараа миний нүүр рүү бараг 10 орчим удаа цохисон. Дараа нь миний зүүн гар руу гараараа цохисон. Миний чих, чамархай, дагз хэсэгт гараараа бас гурил элддэг модоор цохиж миний зүүн гарыг хөх няц болгосон...” /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
Гэрч Х.О* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би Чингэлтэй дүүргийн *-р хорооны хуучин автобусны буудлын эцсээс хойшоо яваад байдаг сааданд би С-тэй хамт архи уугаад сууж байсан юм. Тухайн үед С* бид хоёр мөнгөгүй байсан учир гудамжинд явж байх үед Б* гэх залууг дуудаад архи аваад өгчих гэж гуйсан юм. Тэр үед нэг шил архи авхуулж уугаад дараа нэмээд дахиж 2 шил архи авхуулж уусан юм. Гэтэл Б* намайг “Настай хүн байж гудамжинд тасарж унаад яваад байлгүй гэртээ харь” гээд явуулсан юм. Харин С*г угаасаа хоёр хөл муутай учир алхаж явж чаддагүй учираас тэндээ үлдсэн. Би тэр хавиар архи ууж байгаад л танилцсан. Ер нь нээх дотно таньдаг хүн биш, зүгээр архи уух үедээ л гудамжинд хамт архи уудаг юм. С* нь өрөөл татанхай бие муутай хүн учраас өрөвдөөд архинаасаа өгдөг л харилцаатай. Ер нь С* архи уусан хэрнээ харихгүй гудамжиндаа л суугаад байдаг нэлээн согтож байж л гэртээ харьдаг хүн байгаа юм. Би Б-ыг огт танихгүй тухайн үед С* өөрөө таньдаг гэж дуудаад архи авхуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн *дугаартай шинжээчийн “...Б.С-ийн биед зүүн чихний дэлбэнд шарх, хамрын нуруу, зүүн даланд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн дал, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, баруун шуу, баруун гуя, хэвлийд цус хуралт, зүүн хацар, шанаа, хүзүү хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Д-ийн өгсөн “... Б.С-ийн биед 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийхэд дээрх дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь үүссэн байсан. КТГ-д дурдагдсан хугаралуудтай шалтгаант хамааралгүй, КТГ-д дурьдагдсан зүүн дух чамархай, болон нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдүүдэд хаван хавдартай буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хугаралууд нь биш зөвхөн хаван хавдарууд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Дээрх хаван хавдар зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохиролын хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Хохирогч Б.С* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гомдолгүй, гэхдээ эм, тарианы мөнгө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Б* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэгүүд болон хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.С* нь “эм, тарианы мөнгө нэхэмжилнэ” гэх боловч баримт ирүүлээгүй болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.С-ийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.С-ийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД