Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/01859

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/01859

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Ю-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “О” ХХК -д холбогдох

 

“О” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Б.Юнь хариуцагч ”О “ ХХК-д холбогдуулан ”О” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Хариуцагч ”О “ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Юнь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бусадтай харьцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №Б 76 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

Б.Ю-ийниргэний үнэмлэхийн хуулбар,

“О “ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №Б 76 тушаал /Нотлох баримтын шаардлага хангахгүй дугаартай /

Б.Ю-ийн№ 0458014 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

зэрэг баримтуудыг өгсөн байна.

 

Хариуцагчаас:

 

20220 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1784/1 дугаартай итгэмжлэл,

“О “ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотлох баримтын шаардлага хангахгүй/

2022 оны 03 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар

“О “ ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №009 дугаартай тушаал

“О “ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №49/17/01 дугаар тушаал

“О “ ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм

“О “ ХХК-ийн хүнд машин механизмын операторын ажлын байрны тодорхойлолт

2014 оны 10 сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ

“О “ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №Б 76 тушаал

“О “ ХХК-ийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн HR/705 дугаартай тодорхойлолт

Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай баримт

Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 60/17/01 дугаар Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх олгох тухай тушаал

Гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн НR3725 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал

Гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн В272 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал

Б.Юхөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасантай холбоотойгоор компанийн шийдвэрииг Б.Юд 2020 оны 11 дүгээр сарын 29 өдөр танилцуулсан баримт Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б 4268 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал

Хянан шалгах ажиллагааны тайлан

Эс Си Си компанийн ажилтан Т. Оын 2021 оны 1 -р сарын 7-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл

Эс Си Си компанийн ажилтан Б. Оийн 2021 оны 1-р сарын 7-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Ютэй хийсэн ярилцлагын тэмдэглэл

О. Бын 2021 оны 1-р сарын 5-ны өдрийн Аюулгүй байдлын багт бичиж өгсөн тайлбар

Ч. Мын 2021 оны 1-р сарын 4-ний өдөр Аюулгүй байдлын багт бичиж өгсөн тайлбар

Б.Эын тайлбар 1 хуудас

Б.Ю-ийнамьсгал дахь спиртийн агууламжын сорилын хариу

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1588/1 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Юнь “О” ХХК-д холбогдуулан “О” ХХК-ийн2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “О” ХХК нь Б.Юг ажлаас чөлөөөлөхдөө сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд бусадтай харилцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болж байгаа кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм хуульд нийцээгүйкэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 130.1-т зааснаар ажилчдын саналыг авсан байхыг шаарддаг боловч энэ талаар баримт байхгүй, кэмпийн дотоод журмыг баталсан тушаал байхгүй, 2011 онд Б.Юг ажилд ороход нь энэ журмыг танилцуулсан гэх боловч тус дүрэм нь 2017 онд хүчин төгөлдөр болж, мөрдөгдөнө гэж заасан тул 2017 оноос мөрдөгдөж эхлэх дүрмээ 2011 онд танилцуулсан гэж байгаа нь эргэлзээтэй, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд цуцалсан тул тушаал хүчин төгөлдөр бус, Б.Юг хөдөлмөрийн гэрээнд заасан хуваарийн дагуу ажиллуулаагүйтасралтгүй өдөр, шөнийн ээлжинд хууль бусаар ажиллуулсан нь зөрчил гаргахад нөлөөлсөн, Корона вируст цар тахалаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэнд нөлөөлөх, буруулах тухай хуулийн 13.2.5-д заасныг зөрчиж ажилтанг чөлөөлсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нэмэлт тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Б.Юнь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн сануулах шийтгэлийн хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бусадтай харьцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.4.1.2-т заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №Б/76 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Б.Юхөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Өмнө нь хоёр удаа сахилгын шийтгэлийн зөрчилтэй байх хугацаанд буюу гурав дахь удаагаа сахилгын зөрчил гаргаж, нийт 4 удаагийн сахилгын шийтгэл гаргасан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа компанид тодорхой мөрдөгддөг дүрэм, журмыг танилцуулдаг ба тухайн зөрчилтэй холбоотой асуудлаар асуусан тэмдэглэл, тайланг Б.Юхүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Зөрчил нь тогтоогдсон.

Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг 2006 оноос хойш мөрдөж байсан. 2012 онд дахин хянаж зохих өөрчлөлтийг оруулсан. 2012, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Ютэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар холбогдох дүрэм, журамтай ажилтан өөрөө танилцах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргасан гэдэгтээ маргаагүй.

“О “ ХХК-ийн дагаж мөрдөх дүрэм, журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг удирдлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажилчдад байнга мэдэгддэг. Шинэ дүрэм, журам гарсан мөн нэмэлт, өөрчлөлт орсон талаарх мэдээллийг бүхий л боломжоор ажилчдад хүргэж, өөрдсөө уншиж, танилцаж, үүнтэй холбоотой эрх, үүргийг хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байдаг. ”О “ ХХК-д ажилчдыг зөрчил дутагдал гаргахгүй байх үүднээс 200 гаруй дүрэм, журам үйлчилж байгаа. Үүний дагуу кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг анх 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баталсан гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан Журамд өөрчлөлт оруулах тухай Гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаал, “О” ХХК-ийнХН-Ж7.1: Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Б.Ю-ийнАжлын байрны тодорхойлолт, Б.Ю-тэйбайгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн гүйцэтгэх захирлын №3275 тушаал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №В272 тушаал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №Б4268 тушаал, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2021 оны 01 сарын 13-ны өдрийн гүйцэтгэх захирлын №Б76 тушаал, “О” ХХК-ийн2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б.Ю-ийнажилласан хугацааны тодорхойлолт, хүлээн зөвшөөрсөн тухай баримт 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б.Югарын үсэг зурсан./хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн/, Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй танилцаж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн тухай Б.Ю-ийнгарын үсэгтэй 2011.05.23-ны өдрийн баримт, Хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх олгох тухай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №60/17/01 гүйцэтгэх захирлын тушаал, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан сахилгын шийтгэлийг танилцуулсан баримтад Б.Югарын үсэг зурсан, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хянан шалгах ажиллагааны тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б.О, Т.О, Б.Юнарын Ярилцлагын тэмдэглэл, амьсгал дахь спиртийн агууламж тогтоох сорилын тест/ 2021.01.04/, “О” ХХК-ийнАюулгүй байдлын албаны ажилчдын зөрчлийг хянан шалгасан 2021 оны 01 дүгээр сарын 04, 05, 10-ны өдрийн Б.О, Ч.Мягмаржав, Б.Очир, Э.Бямбасүрэн, Т.О нарын тайлбар хуудас, Гэрч Б.Г, Т.О, Б.О нарны шүүхэд гаргасан мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Б.Юнь 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “О” ХХК-д хүнд машин механизмын оператораар буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, улмаар албан үүргээ гүйцэтгэх явцдаа нийт 4 удаа буюу Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн гүйцэтгэх захирлын №HR3275 тушаал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №В272 тушаал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №Б4268 тушаалаар тус тус ажил олгогчоос сахилгын шийтгэлийг ногдуулж байсанд маргаагүй байна.

 

Б.Юнь хамгийн сүүлд ногдуулсан буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №Б76 дугаар тушаалаар сахилгын шийтгэлийн хугацаанд давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг эс зөвшөөрч маргасан ба сүүлд ногдуулсан сахилгын зөрчлийг эрх зүйн үндэслэлгүй гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.

 

“О” ХХК, Б.Юнарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, тогтвор суурьшилтай ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгч нь нийт 4 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсны сүүлд ногдуулсан 2 удаагийн шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацааны дотор дахин сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэл, мөн хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.1.2-д хамаарч байгаа нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болжээ.

Ажил олгогчоос 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Ю-ийнгаргасан үйлдлийг сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар талууд маргаж байгаатай холбогдуулан хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

Б.Юнь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Б.О, Т.О нартай хамт байсан ба, “О” ХХК-ийнажилчдын кэмпийн Т.Оийн байрладаг өрөөнд орж, маргалдан, Б.О болон түүний гэр бүлийн гишүүдийг ёс бус үг хэллэг хэрэглэн хэл амаар доромжилж, хэрүүл өдсөн, сүрдүүлсэн, сандал авч шидэх, шкафны хаалга өшиглөх зэрэг үйлдэл хийсэн, амралтын цагаар чимээ шуугиан гаргаж, бусдад саад учруулсан, хэрүүл маргаан үүсгэсэн, Т.Оийн биед халдсан /хацар дээр нь дарах, толгойг түлхэх/ зэрэг нь тус байгууллагын Оюутолгой сайтын аюулгүй байдлын баг/Б.Б, Г.Б, Б.Г нарын бүрэлдэхүүнтэй/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хянан шалгах ажиллагааны тайлан, тухайн үеийг гэрчилсэн Б.Эын тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б.О, Т.О, Б.Юнарын Ярилцлагын тэмдэглэл, амьсгал дахь спиртийн агууламж тогтоох сорилын тест, “О” ХХК-ийнАюулгүй байдлын албаны ажилчдын зөрчлийг хянан шалгасан 2021 оны 01 дүгээр сарын 04, 05, 10-ны өдрийн Б.О, Ч.Мягмаржав, О.Б, Б.Э, Т.О нарын тайлбар хуудас, гэрч Б.Г, Т.О, Б.О нарын шүүхэд гаргасан мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Ютэй хийсэн Ярилцлагын тэмдэглэлд холбогдох хэм хэмжээг зохицуулсан журамтай танилцсан, түүнийг мөн зөрчсөн талаар хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтаар нотлогдсон.

Улмаар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Ю-ийнгаргасан зөрчлийг Оюутолгой сайтын аюулгүй байдлын баг хянаад Компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, 10 дугаар зүйлийн 10.4.1.2, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 10.2.3, 12.4.1, 12.4.1.1. дэх залтуудыг тус тус зөрчсөн талаар, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан, бусадтай харилцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж, заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн талаар тэмдэглээд “О” ХХК-ийнажилтан Б.Ютэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг гаргасан нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хянан шалгах ажиллагааны тайлан-д тусгагдсаныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн №Б76 гүйцэтгэх захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, 10 дугаар зүйлийн 10.4.1.2, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 10.2.3, 12.4.1, .12.4.1.1 дэх заалтыг үндэслэн тушаал гаргахдаа Б.Ю-ийн2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан үйлдлийг зөрчил гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасантай холбогдуулан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Б.Ю-ийнёс зүйн алдаа гаргасан гэм буруутай үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журамд зааснаар зөрчилд тооцогдож байгаагаас гадна өмнө нь гаргасан сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд буюу нэг жилийн дотор дахин зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон зэрэг байдал нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон гэж үзнэ.

 

Тухайлбал, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн, 7.2-т Энэ журмыг уурхайн талбар дахь ажлын ба ажлын бус орчин, албан өрөө тасалгаа .....байрлагсдын унтаж амрах байр, байрны орчинд ... дагаж мөрдөнө гэж, мөн журмын 7.3-т энэхүү журмыг зөрчсөн байж болзошгүй эргэлзээтэй буюу сэжигтэй тохиолдлыг холбогдох эрх бүхий этгээд хянаж шалгана. Хянаж шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийн шинж чанараас хамааруулан ажилтанд зохих сахилгын шийтгэл ногдуулах гэж тус тус заасан тул Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-д заасан ёс зүйн зохистой хэмжээг зөрчсөн, мөн журмын 10.2.3, 12.4.1, .12.4.1.1 дэх хэсэгт заасан ёс зүйд зохисгүй хэм хэмжээг гаргасан нь эрх бүхий этгээдүүдийн хяналт шалгалтаар тогтоогдсоноор Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болж, ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол гэрээг цуцлах тухай хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.1.2-т заасан зохицуулалтад хамааруулан гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмийг батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 130.1-т зааснаар ажилчдын саналыг авсан эсэх нь тодорхой бус, уг дүрэм, журмыг тушаалын үндэслэх хэсэгт баримталсан нь хууль бус, ажилчдын санал эсхүл үйлдвэрчний эвлэлийн саналыг авсан баримт хэрэгт байхгүй, уг журмыг баталсан эрх бүхий этгээдийн тушаал хэрэгт авагдаагүй, 2011 онд Б.Юг ажил ороход нь энэ журмыг танилцуулж байсан гэдэг боловч Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм нь 2017 онд хүчин төгөлдөр болж, мөрдөгдөнө гэж заасан тул 2017 оноос мөрдөгдөж эхлэх дүрмээ 2011 онд танилцуулсан байх боломжгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй танилцаж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн тухай Б.Ю-ийнгарын үсэгтэй 2011.05.23-ны өдрийн баримтын доод хэсэгт дүрмийн батлагдсан огноог 2006.08.23-ны өдөр гэж тэмдэглэсэн, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм нь анх 2006 онд батлагдсан, явцын дунд хэд хэдэн удаа өөрчлөлт орсон талаар тайлбарласан ба өөрчлөлт орох бүрт ажилчдад цахимаар болон бусад байдлаар танилцуулдаг, дүрэмж, журамд нэмэлт, өөрчлөлт орсон тушаал, дүрэм журмын зохицуулалтын талаар ажил эхлэхийн өмнө нэгдсэн танилцуулгыг хийж мөрдүүлдэгээс гадна 10 мянга гаруй ажилчдаас гарын үсэг зуруулж авах боломж хомс байдаг талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй 7.1-т уурхайн талбарт нэвтрэх, байрлах хүн бүрт энэхүү журмын талаар ерөнхий мэдээлэл өгөх ба компанийн ажилтнууд гэрээт компани, тэдгээрийн ажилтнууд.... энэхүү журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан байх тул Б.Ю-гКэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй анх ажилд орохдоо танилцсан, уг дүрэм, журам, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэргийг мэдэх боломжтой, дотоодод дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байсан гэж үзнэ.

 

Түүнчлэн “О” ХХК-ийнХН-Ж7.1: Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмийн хавсралт хэсэгт 2012.10.27-ны өдөр боловсруулсан болохыг, мөн 2012.12.06-ны өдөр, 2017.10.30-ны өдөр тус тус өөрчлөлт оруулсан болохыг тэмдэглэж, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер нар гарын үсэг зурсан байх тул Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм нь “О” ХХК-ийнажилчдын нийтээр дагаж мөрдөх ёстой дотоод журамд хамаарахаас гадна мөн журмын 5.1-т Энэхүү журмыг 2017.10.30-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж заасны дагуу Б.Ю-гсахилгын зөрчил гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журам гэж дүгнэв.

 

Мөн Б.Ю-тэйбайгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.г-д компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүргийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан хүлээхээр харилцан тохиролцсон, 7 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх тул ажилтанд гэрээний дагуу хуулийн этгээдээс баталсан дүрэм, журамтай өөрөө танилцаж, дагаж, мөрдөх үүрэг ногдоно.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Б.Ю-гхөдөлмөрийн гэрээнд заасан хуваарийн дагуу ажиллуулаагүй буюу хууль бусаар ажиллуулж байсан, Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, амралтын хуваарийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанд маргасан боловч уг асуудлаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдоогүй, зохигч өмнө нь хууль бусаар хөдөлмөрлүүлсэн эсэх асуудалд гомдол гаргаагүй байх тул Б.Ю-ийнажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд энэ нь хамааралгүй ба, нөгөө талаас илүү цагаар ажиллуулсан нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 01 дүгээр сарын 13-ны №Б76 тушаалаар Б.Ю-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд цуцалсан тул тушаал анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд маргасан боловч тушаалд Гүйцэтгэх захирал Армандо Торрес гэсэн хэсэгт гарын үсэг зурсан, компанийн тамга дарагдсаныг хүчин төгөлдөр бус гэж шууд үзэх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны №Б76 тушаалд гүйцэтгэх захирал бус этгээд гарын үсэг зурсан гэж маргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, мөн нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээх ба Б.Ю-ийннэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох нэхэмжлэлд шүүх 2021 оны 2 дугаар сард иргэний хэрэг үүсгэснээс хойш тухайн шаардлагатай холбогдуулан нотлох баримт цуглуулах, шаардлагын үндэслэлээ нотлох зэрэг хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт, дүгнэлт хийж шүүх хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн хуулийн этгээдээс гаргуулан авахаар шүүхэд хүсэлт гаргах, үйлчлүүлэгчийн шаардлага, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах ... зэрэг эрх эдлэх бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийг хүсэлтээр төлөөлж буй өмгөөлөгч нарт хамаарна.

 

Мөн Коронавируст цар тахалаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэнд нөлөөлөх, буруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасан Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхдээ хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг нь хөдөлмөрийн хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №181/ШЗ2021/05405 дугаар захирамжийн дагуу хариуцагч талаас гаргаж өгсөн СиДи-нд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав. /хх 132-136/

 

Учир нь үзлэгт авагдсан бичлэгийг хийсэн Б.Оээс 2021 оны 01 сарын 07-ны өдөр авсан ярилцлагын тэмдэглэлд Та яагаад электрон бугуйн цагандаа бичлэг хийхээр шийдсэн бэ. Бичлэг хийж байгаа тухайгаа Юндэн, Оргил нарт мэдэгдсэн үү гэхэд Би өөрийгөө хамгаалахын тулд бичлэг хийсэн, бичлэг хийсэн талаараа мэдэгдээгүй гэж хариулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Хэргийн оролцогч нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно, мөн хуулийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул үзлэгийн тэмдэглэлийг шүүх үнэлэх боломжгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч “О” ХХК-д холбогдох “О” ХХК-ийн2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ю-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Юнь өмгөөлөгч Л.Б, Б.Т нарыг нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, үүргийг эдэлж оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Б.Ю-горолцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “О” ХХК-д холбогдох “О” ХХК-ийн2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ю-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Юнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД