2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1631

 

   

                                                           

 

 

 

   

   2025       06         18                                     2025/ШЦТ/1631

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Ууганбаяр,

хохирогч Д.Э,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-т холбогдох эрүүгийн “*” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.У

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, * тоотод хохирогч Д.Э-ны зүй бус үйлдэл буюу Т.У-ийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг “ална” гэж заналхийлж, түүний гадаад паспортыг урж устгаж, заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас Т.У* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Д.Э-ны бүсэлхийн дээд хэсэг цээж, хэвлийн орчим хутгалж Д.Э-ны  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.У*нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Ж.Б* нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Т.У нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, * тоотод хохирогч Д.Э-ны зүй бус үйлдэл буюу Т.У-ийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг “ална” гэж заналхийлж, түүний гадаад паспортыг урж устгаж, заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас Т.У* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Д.Э-ны бүсэлхийн дээд хэсэг цээж, хэвлийн орчим хутгалж Д.Э-ны  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  насанд хүрээгүй гэрч Э.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө цагийг нь санахгүй байна, гэртээ буюу Баянзүрх дүүргийн *тоот гэртээ унтаад байж байтал ах Э* намайг цохиж сэрээгээд цаашаа гүйхээр нь би араас нь гүйгээд жижиг өрөө рүү ортол ээж, аавыг хутгалсан байсан ба ээжийг би болон ах, аав дараад ээж босож ирэх гээд чичрээд нүд нь улаан буюу өөр болсон юм шиг санагдсан юм. Аав ээжээс хутгыг булааж аваад “Хүн аллаа” гэтэл ээж сууж байснаа “Яана би тэгсэн үү?” гээд уйлаад яваад байсан юм. Юунаас болж маргалдсаныг бол мэдээгүй. Унтаж байхад уг асуудал болсон байсан юм. Манай ээж бол даруу төлөв тайван уурлаад байдаггүй хүн ба би яагаад ийм асуудал гаргасан гэдгийг гайхаж байна. Манай ээж архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм..." гэх /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Гэрч Э.Н* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Манай аав түргэн зантай, уурлахаараа гартаа баригдсан юмаа авч шиддэг, элдэв бусаар хараадаг. Тэрнээс архи уудаггүй хүн байгаа юм. Намайг жоохон байхад гэрт буу аваад ирсэн “Бүгдийг чинь буудаж ална” гээд ээж болон ээжийн дүүтэй маргалдаад цагдаа ирж байсан юм. Тэрнээс хойш уурлахаараа “Буудна шүү, та нар барахгүй шүү” гээд байдаг байсан юм. Т.У* нь манай ээж байгаа юм. Зан авирын хувьд төлөв даруу. Сандрахаараа тэвдээд байдаг хүн байгаа юм. Манай ээж уурлахаараа дуугаа хураагаад дотогшоо байдаг. Ер нь уурлаж байгаа нь хараад мэдэгдэхгүй, царайны хувирал багатай хүн. Манай ээжийн дүү саяхан нас барсан болохоор ээжийн сэтгэл санаа маш тавгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

Хохирогч Д.Э* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Эхнэрийн Солонгос улс руу зорчих виз гараад харин миний виз гараагүй. Тэгээд ажил нь тарж ирээд эхнэртэй орой гэртээ тэр талаар маргалдсан. “Чиний дүү чинь миний виз гарахад нөлөөлчихлөө, одоо өр ширтэй байхад намайг хаяад нөгөө нэг юмтайгаа явах гэж байна” гээд би хардаад яг үнэндээ бол би эхнэрийгээ жаахан янз бүрээр хэлж ярьсан. Эхнэр нөхрийн хооронд байдаг нэгнийгээ янз бүрээр хэлсэн.Тэгээд “Танай дүү чинь надад дандаа гай болж байх юм. Би танай дүү Б-ийг 7,000 доллар, эгч О-ийг 6,000,000 төгрөг зарлагдаж байж Солонгос улс руу татаж авч ирж байсан, талийгаач дүү Б-ыг мөн адил “Монголньюс” гэдэг компанийн шугамаар гэрээгээр явах гээд чадахгүй байхад нь би хүнтэй уулзаж Солонгос улс руу 7 хоногийн дотор явуулж байсан. Гэтэл танай ах дүү нар, танай ээж чинь миний ээжийг бурхан болоход “Үхээрийн бузар болно” гээд ээжийн ажил явдалд очихгүй гэж хэлсэн нь надад сонсогдсон. Мөн долларыг миний сүлжээ дэлгүүрийн Б* эгчид зээлүүлчихсэн байхад өмнөөс очиж авч ашиглачихсан байсан. Энэ мэтээс авхуулаад одоо хүртэл дүү Б* чинь миний визийг гаргуулсангүй. Одоо ер нь би танай дүүтэй тооцоо бодно, буудна гээд би ерөөсөө өмнө амжаагүй үйлээ гүйцээнэ” гээд буу хайсан.Тэгээд эхнэрийн хамаатны Б* гэдэг залуу руу утасдаад “Буу байна уу? ах нь хойшоо гачуурт руу чононд явах гэсэн юм” гэсэн. Б* надад “Буу байхгүй, талийгаач М* ахын буу охин М-т байж магадгүй, та М-тэй утасдаж асуу, би тань руу дугаарыг нь явуулъя” гэсэн. Удалгүй над руу Б-аас мессеж ирсэн. Би гэхдээ тэр дугаар руу яриагүй. “Чи намайг өчнөөн өр ширтэй үлдээх гэж байгаа юм чинь чи өр шир дарчхаад яв” гээд эхнэрийн паспортыг, визтэй нь хамт ураад хүүгээ дуудаж “Наадхаа галд хий” гээд хийлгэсэн. Тэгээд унтсан. Өглөө 07 цагийн үед “Би одоо ер нь буундаа явлаа, одоо би ирж байгаад дүүг чинь буудна” гээд суугаад доошоо тонгойгоод өмдөө авах гэхэд эхнэр араас цохих шиг болсон. Би босоод эргээд хартал баруун гарт нь хутга байсан. Би тойрч очиход нөгөө гартаа хутгаа бариад би орон дээр дээрээс нь дараад унасан. Тэгээд хүүгээ “М*” гээд дуудаад “Ээж чинь намайг хатгачихлаа, хутгыг нь салгая” гэж хэлэхэд манай эхнэрийн нүд маш сонин болчихсон, хэвийн биш харагдаад аймар хүч чадалтай болчихсон байсан. Тэгээд би орон дээр дарж том хүү баруун гарыг нь харин би зүүн гарыг нь дарж унаад, бага хүү орж ирээд ноцолдоод дараад хэвтчихсэн. Тэгээд хутгаа тавихгүй болохоор нь хүчтэйхэн шиг цохиод “Чи хүн хатгачихлаа, яах гээд байгаа новш вэ?” гэхэд гэнэт ухаан орсон. Тэгээд надад хутгаа өгч босоод миний хутганы шархыг хөвөн бинтээр наагаад хувцаслаад эмнэлэг рүү явахын өмнө би хутгыг нь угаагаад далд хийлгээд, гэрээ жаахан цэгцлээд цагдаа дуудалгүйгээр бид нар шууд эмнэлэг явсан. Одоо бодоод байхад миний хэлсэн ярьсан зүйлээс их цочирдсон юм шиг байна. Одоо бодоод байхад миний буруугаас болсон гэж бодоод байгаа юм. 2008 онд бас нэг бууны асуудал болоод би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиход би торгуулж байсан. Одоо эхнэр маань надад хэлэхдээ “Дүү маань өнгөрчихсөн, одоо бага дүүг нь алах гэж байна, тэгээд би балмагдаад ёстой юу хийсэн гэдгээ мэдэхгүй байна” гэж надад сүүлд манай эхнэр хэлсэн. Миний эхнэр бол дуугүй дотогшоо, дөлгөөхөн хүн. Би одоо болтол итгэхгүй байгаа. Яг тухайн үедээ давчидсан уу яасан. Нэг дүүгээ алдчихаад одоо үлдсэн дүүгээ бодсон уу. Ямарваа нэгэн гомдол, санал байхгүй, сэтгэл санааны хохирол байхгүй. Би өөрийн арчаагүйгээс болоод ийм үйлдэл хийсэн байна гэж харж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Хохирогч Д.Э* мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Гомдол санал байхгүй. Би өөрийн буруугаасаа болсон болохоор би эхнэртээ гомдол, санал гэх зүйл байхгүй. Эхнэрээ дарамтад оруулж, миний буруугаас энэ асуудал үүссэн. Дүү нь нас барсан байхад үлдсэн дүүг нь “ална, буудна” гэсэн болохоор эхнэрийн сэтгэл санаа давчдаж ийм байдалд хүрсэн. Миний буруугаас бүх зүйл болсон...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн: “...Д.Э-ны биед бүсэлхийн дээд хэсгээс цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, өрц, элэгний 7-р сегментийг хатгагдаж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-д, 4.1.14-т тус тус зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

Хохирогч Д.Э* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ асуудал миний буруугаас болсон. Эхнэр бид хоёр хамт амьдраад 31 жил болж байна. Гэр бүл дотор жижиг, сажиг хэрүүл байдаг. Гэхдээ энэ хэмжээнд хүрч байгаагүй. Бид хоёрын хооронд муудалцсан зүйл нь эхнэрийн эгч, дүү нарыг Солонгос Улс руу явуулж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэж байсан. Миний ээж нас барахад хүрч ирэхгүй “Үхээрийн бузар тусна” гэж байхад их гомдож байсан. Эхнэр бид хоёрын хувьд янз бүрийн асуудал байхгүй. 2008 онд бууны асуудал гарч байсан. Тэр нь эхнэрийн төрсөн 2 дүүг айлгах гэсэн юм. Саяхан ийм зүйл болсон нь айлгах л гэж ийм зүйл боллоо. Өөрийн буруугаас болоод эхнэрээ ийм зүйлд оруулсанд харамсаж байна...” гэх,

Шүүгдэгч Т.У* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би эхээсээ зургуулаа. 2024 оны 10 сарын сүүлээр миний дараах дүү нас барсан. 01 сар гараад 49 хоног нь дуусаж байсан. Би нөхөртэйгөө визэнд ороод миний виз гараад нөхөрийн виз гараагүй. Тэгээд нөхөр хэлэхдээ “Миний виз гарах боломж 100 хувь байсан. Чиний дүү чинь миний визэнд асуудал гаргалаа” гээд миний пасспортыг ураад, хүүгээр шатаалгасан. Тэгээд “Урьд хийж чадаагүй зүйлээ хийж буудаж ална” гээд хөдөө байгаа дүүгээсээ буу асуусан. Тэгээд нэлээн маргалдаж байгаад унтсан. 17-ны өглөө 07 цагийн үед босож ирээд “Дүүг чинь буудна” гээд хувцсаа өмсөөд байсан. Тэр үед дүүгээ алдаад удаагүй байсан болохоор сэтгэл санаа давчдаад юу болсныг мэдээгүй. Манай дүүгийнх манайхаас ойрхон байдаг. Одоо явж очоод алах байх гэж бодоод юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд “Ээжээ” гээд, манай нөхөр “Хүн аллаа” гээд 2-3 удаа хүчтэй цохисон. Тухайн үед юу болсныг санадаггүй. Тэгээд тайвшраад эмнэлэгт очсон...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

“Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.

Шүүгдэгч Т.У* нь маргалдах явцдаа нөхөр Д.Э-ыг хутгалсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч санаатай гэмт хэргийн нэмэгдэл шинж болох сэтгэл санааны гэнэтийн цочролд орсны улмаас уг үйлдлийг хийсэн эсэхийг нарийн дүгнэн үзэх шаардлага тавигдаж байна. Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдол санаатай гэмт хэргээс дараах байдлаар ялгаж үздэг.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах буюу “аффект” гэдэг нь сэтгэцийн огцом өөрчлөлт, сэтгэлийн гэнэтийн хөдлөл, хүний сэтгэл хөдлөлийн онцгой илэрхийлэл, маш хүчтэй богино хугацааны сэтгэл хөдлөл, айдас, уур, богино хугацааны солиорол, улангасах, бухимдаж, бачимдах зэргээс болж хурдан илэрдэг сэтгэцийн богино хугацааны явц, ухамсрын ноцтой өөрчлөлт, үйл ажиллагаагаа хянах чадвараа алдах үйл явц гэж тодорхойлдог.

Эрүүгийн эрх зүйд “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” шинжийг анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт гэж үздэг. Учир нь хэрэг учрал болсон нөхцөл байдал, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц нөлөөллийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна, дээрх нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсар, сэтгэхүйтэй хүн ийм нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтол юм.

Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан ч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдгаараа “хэрэг хариуцах чадваргүй байдал”-аас ялгагддаг тул ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюулаараа ямагт бага байдгийг харгалзан хууль тогтоогч Эрүүгийн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрч тодорхойлсон байна.

Иймд “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн” улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар ихэд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон үедээ хийсэн үйлдлийг ойлгохоор байна.

Шүүгдэгч Т.У* хутгыг зэвсэгийн шинжтэйгээр хэрэглэн халдахаас өмнө хохирогч Д.Э* нь “Одоо ер нь би танай дүүтэй тооцоо бодно, буудна, би ерөөсөө өмнө амжаагүй үйлээ одоо гүйцээнэ” мөн шүүгдэгчийн БНСУ-ын виз бүхий гадаад пасспортыг урж шатаан доромжилж зүй бус үйлдэл гаргасан, шүүгдэгч нь дүүгээ алдсанаас хойш зан байдлын хувьд тогтворгүй болсон нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Э* нь шүүгдэгч Т.У-ийг дээрх байдлаар доромжилсон үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар: 

Шүүгдэгч Т.У* нь бусдад төлөх төлбөргүй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД