2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1679

 

 

 

 

 

2025        06           24                                       2025/ШЦТ/1679

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г-т холбогдох эрүүгийн “*” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.                

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Г

          Монгол улсын иргэн,

         Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч О.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цаг 10 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын замд “* *улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /ДР:1.55%/  үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.               

Гэм буруутайд тооцох тухайд:

     Шүүгдэгч О.Г* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

      Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цаг 10 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын замд “* *улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /ДР:1.55%/  үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэрч Д.Э* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гадаа хүйтэн болохоор нь гадаа байсан машинаа О.Г* ахаар грашд байрлуулахаар жолоодуулан явуулсан. Тухайн үед О.Г* ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Харин  2024 оны 12 дугаар сарын 28-ны орой согтуу явж байгаад цагдаагийн албан хаагч нарт баригдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан байна. Манай ахын найз өмнө нь архи дарс хэрэглэдэггүй, авто баазад ажиллаж байгаа гээд сүрхий яваад байхаар нь машинаа итгээд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

           гэрч Ш.Х*р мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...О.Г* ахыг хэрэгт холбогдсон талаар сая сонсож байна. Бид хоёр  6 сар гаруй хамт ажиллаж байсан. Гайгүй дөлгөөхөн зантай, өглөө оройдоо таардаг байсан. Сайн мэдэхгүй элдэв муу зан ажиглагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

          Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн /цагдаа/ зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Т-ын 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драйгер багж үлээлгэхэд /1.55%/  /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

           Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Т-ын “Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

           О.Г-ийн  жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны * дүгээр сарын 15-ны өдрийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 128-131 дүгээр тал/,

            Шүүгдэгч О.Г* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би ганцаараа амьдардаг. Олон жил хорих ял эдлэж, сэтгэл санаагаар унасан байдалтай явж байгаад энэ асуудалд холбогдсон...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, энэ төрлийн зөрчилд өмнө холбогдож байсан, согтуурлын хувь зэргийг харгалзан шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн  зүйлийн  4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Хэнтий аймаг дахь  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *дүгээр сарын 15-ны өдрийн **дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон тухай” шүүгчийн захирамжаар О.Г-ийн эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон нийт 106 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдлэж дууссаны дараа тоолохоор шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал: 

            Шүүгдэгч О.Г* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:   

Шүүгдэгч О.Г* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн  зүйлийн  4 дэх хэсэгт  заасныг тус тус журамлан Хэнтий аймаг дахь  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *дүгээр сарын 15-ны өдрийн *дугаартай шүүгчийн захирамжаар О.Г-ийн эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 106 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдлэж дууссаны дараа тоолсугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД