Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/01143

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Ивээл хотхоны 41а байрны 707 тоотод оршин суух, ЖЛ83021414 регистрийн дугаартай, Харгана овогт Өлзийцэцэгийн Батзоригийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6-р баг 1-р хорооллын 1-15 тоотод оршин суух, ЖЛ81102618 регистрийн дугаартай, Баруун хуасай овогт Юндэндоржийн Цэрэнчимэдэд холбогдох,

Гэрээний үүрэг 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 4 сард Цэрэнчимэдээс Цагаан-Овоо сумын төвд байрлах 700 м.кв газрыг 3 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 1.500.000 төгрөгийг түүний эхнэр Болортуяагийн дансанд шилжүүлсэн боловч уг газар нь өөр хүний нэр дээр байсан учраас наймаагаа буцсан юм. Гэтэл Ю.Цэрэнчимэд нь урьдчилгаа болгон өгсөн 1.500.000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд Ю.Цэрэнчимэдээс 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.Цэрэнчимэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө.Батзоригийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ би энэ мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй байна. Учир нь би 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс эхлэн Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажилд ороод байна. Цалингийн зээл авахад 6 сар ажилласан байх шаардлагатай гэсэн. Тиймээс цалингийн зээлээ авч чадах болохоороо дээрх мөнгийг төлөх хүсэлтэй байна. 2017 оны 1 сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг төлнө. Үлдэх 1.000.000 төгрөгийг цалингийн зээлээ аваад төлөх боломжтой. Ө.Батзоригт төлөх 1.500.000 төгрөг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Батзориг нь хариуцагч Ю.Цэрэнчимэдээс газар худалдан авахаар тохиролцон урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлсөн боловч уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь эрхийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар гэрээнээсээ татгалзан 1.500.000 төгрөгөө буцаан нэхэмжилжээ.

Хариуцагч Ю.Цэрэнчимэд нь урьдчилгаа болгон авсан 1.500.000 төгрөгийг Ө.Батзоригт буцаан төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Батзоригийн 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ю.Цэрэнчимэд  хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ю.Цэрэнчимэд нь нэхэмжлэгч Ө.Батзоригт гэрээний үүрэг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Цэрэнчимэдээс улсын тэмдэгтийн хураамжид 19.475 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 19.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Батзоригт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ