Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2022/0055

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: К.Т,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга,

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

              Гуравдагч этгээд: Б.К нарын хоорондох төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Т, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Толбо сумын Засаг дарга Н.Е, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нуржол, гуравдагч этгээд Б.К, түүний өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

             1. Нэхэмжлэгч К.Т тус шүүхэд  Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, Толбо сумын Засаг дарга нарт холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 45 дугаар тогтоол (1), Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот захирамжийг (2) тус тус хүчингүй болгож, Толбо сумын Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд намайг томилуулахаар нэр дэвшүүлэхийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах (3)” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

             2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн  шаардлагатай холбогдуулан гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөлд гаргасан байх ба  гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй тухай хариуг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/1124 дугаартай албан бичгээр авч урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Миний бие 1989 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, 2019 онд Идэр их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй тус тус төгссөн. Миний бие 1989 онд Толбо сумын “Улаан туг” нэгдэлд туслах нягтлан бологчоор ажлын гараагаа эхэлж, улсад 36 жил, төрийн албанд 31 жил мэргэжлээрээ тасралтгүй ажилласан.

3.2. Толбо сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.С нь 2022 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөний дараа Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уг сул орон тоог нөхөх зорилгоор төрийн албаны шалгалт зохион байгуулсан. Би урьд өмнө салбар зөвлөлөөс 2021 оны3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад орж 70% оноогоор тэнцэж, салбар зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн юм.

3.3. Би Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллах зорилгоор салбар зөвлөлөөс зарлагдсан төрийн албаны тусгай шалгалт өгч 62.66% оноогоор тэнцэж, уг орон тоонд ажиллах болзол шаардлагыг хангасан. Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг ажилд томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн  ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил  ажилласан байх” гэж заасан байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь шаардлага хангахгүй байгаа төрийн албанд  огт ажиллаж байгаагүй, туршлагагүй Б.К гэгчийг маргаан бүхий орон тоонд нэрийг нь дэвшүүлснээр  холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.4. Иймд, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 45 дугаар тогтоол, Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот захирамжийг тус тус хүчингүй болгож, Толбо сумын Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд намайг томилуулахаар нэр дэвшүүлэхийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгнө үү.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно” гэж  5-6 шаардлагыг зааж өгсөн. Мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д 31.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд 31.1.1-д “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж зааж өгсөн. Хуульд өөрөөр заагаагүй бол гэдгийг нягталж шалгахын тулд бусад салбар хуулиудад ямар зохицуулалтууд байгаа бэ гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлан нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доогүй жил ажилласан байх” гэсэн зохицуулалт бий.

4.2. Маргаан бүхий албан тушаалын албан тушаалын тодорхойлолтод Төрийн албаны зөвлөлийн тогтоол, сумын Засаг даргын албан тушаалын тодорхойлолт батлах тухай захирамжид заасан болзол шаардлагаас гадна Сангийн сайдын тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч тавигдах” журмыг баримтлах ёстой байсан. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн салбарын зүгээс Сайдын сайдын тушаалын хавсралтаар баталсан журмыг батлаагүй нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд мэргэжлээрээ 28-31 жилийн хугацаанд ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гуравдагч этгээдийн зүгээс төрийн албанд ажиллаж байгаагүй, хувийн байгууллагад 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласан байдал нь тогтоогдож байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад, 28 жилийн төрийн албаны туршлагатай хүн бий, нөгөө талд 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласан хүн байна. Бид нарын зүгээс ажилласан жилийн туршлагаас хамаараад уг албан тушаалд томилох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

5. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 4 хүн өрсөлдөж, шалгалтын дүнгээр өндөр үнэлгээ авсан Б.Кгийн шалгалтын дүнг салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, салбар зөвлөлийн 2022 оны 45 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Нийт зарлагдсан 10 ажлын байранд 22 иргэн бүртгүүлэхээр материал ирүүлж, 5 ажлын байранд 10 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн. Маргаан бүхий Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд 6 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн ба 4 хүн шалгалтад өрсөлдсөн болно.

5.2 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгосны дагуу Толбо сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг улсын хэмжээнд нэг жишиг загвараар тодорхойлсон байдаг ба уг албан тушаалын тодорхойлолтыг баримтлан сонгон шалгаруулж, томилгоо хийж, мөрдөж ажиллаж байна. Сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “мэргэжил” хэсэгт “Эдийн засагч /0311/, нягтлан бодох бүртгэл /041101/, банк санхүү, даатгал /0412/, “туршлага” хэсэгт “туслах түшмэлийн албан тушаалд эсвэл мэргэжлээрээ ажилласан байх” гэсэн шаардлага тавигдсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн ерөнхий нягтлан бодогчийн шаардлагууд тавигдаагүй, зөвхөн Санхүүгийн албаны даргын албан тушаалаар зарлагдаж нөхөгдөж байгаа.

5.3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 2.3.2-т “төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхнө” гэж заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн, мэргэжлээрээ ажилласан тусгай шаардлагыг хангасан 6 иргэнийг бүртгэж шалгалтад өрсөлдүүлсэн. Бүртгүүлсэн 6 хүнээс шалгалт өгөх өдөр 4 хүн орсон. Шалгалтын нийт дүнгээр Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд өрсөлдсөн Б.К 72 оноо, К.Е 63.66 оноо, К.Т 62.66 оноо, Т.Ө 49.66 оноо тус тус авч, өндөр оноо авсан Б.Кг тухайн албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.

5.4. К.Т нь тухайн үед тусгай шалгалтад бүртгүүлж, тухайн албан тушаалд өрсөлдөх боломжийг нь хангасан, тусгайл шалгалтад орж өрсөлдсөн бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 2-т заасан .хууль дээдлэх. үндсэн зарчмыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан дарааллын дагуу тусгай шалгалтад орсон иргэдээс хуулиар тогтоосон шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т чадахуйн зарчим гэж  иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах, асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн тулгуурлахыг 25 дугаар зүйлийн 25.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол улсын иргэнийн сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэсэн хуулийн хүрээнд сонгон шалгаруулж, хамгийн өндөр оноо авсан иргэн нэр дэвшсэн тул К.Ты эрх ашиг нь хөндөгдөөгүй болно.

5.5. Иймд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны “Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд Б.Кг нэр дэвшүүлсэн тухай” 45 дугаар тогтоол, тогтоолыг хүргүүлсэн 2022 оны 79 дүгээр албан бичиг, уг тогтоолыг үндэслэн гарсан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, мөн нэхэмжлэгч К.Тыг Санхүүгийн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

6. Хариуцагч Толбо сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Тус сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.С нь 2022 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөний дараа салбар зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уг сул орон тоог нөхөх зорилгоор төрийн албаны шалгалт зохион байгуулсан. Салбар зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 4 хүн өрсөлдөж, шалгалтын дүнгээр өндөр үнэлгээ авсан тул сумын оршин суугч Б.Кг салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэр дэвшүүлэн хүргүүлсэн. Үүний дагуу Толбо сумын Засаг даргын орлогч Т.Досымбек нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дугаар захирамжаар Б.Кг тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон юм.

6.2. Толбо сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд дээрх албан тушаалын тодорхойлолтод тавигдсан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, мөн Сангийн Сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн  ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-д заасан шаардлага хангасан хүн маргаан бүхий албаны тушаалд томилогдох учиртай юм.

6.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй мэт харагдаж байгаа боловч бидний зүгээс салбар зөвлөлөөс хүргүүлсэн тогтоолыг үндэслэн Б.Кг Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон ба салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 28 дугаар тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Тогтоол хүргүүлэх тухай” 79 тоот албан бичгүүд хүчин төгөлдөр байгаа тул К.Ты нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

7. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Салбар зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын боловсролын шаардлагад  эдийн засаг /0311/, нягтлан бодох бүртгэл /041101/, банк, санхүү, даатгал /0412/, туршлагын шаардлагад туслам түшмэлийн албан тушаалд эсвэл мэргэжлээрээ ажиллаж байх гэсэн шаардлага тавигдсан. Би бакалаврын боловсролтой зэрэгтэй, 2020 оны 1 дүгээр сард Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн. 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл “Бармакс” ХХК-д мэргэжлээрээ нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай. Би эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан учир сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн. Шалгалтын комисс намайг шаардлага хангасан гэж үзэж бүртгэсэн юм.

7.2. Шалгалт 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан. Тухайн шалгалтад К.Т, Т.Ө, К.Е бид дөрөв бүртгүүлж орсон. Шалгалтын дүнгээр би 72 оноо, К.Е 63.66 оноо, К.Т 62.66 оноо, Т.Ө 49.66 оноо авч онооны дарааллаар би нэгдүгээр байр эзэлсэн. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд миний нэрийг дэвшүүлж, тухайн албан тушаалд томилохыг Толбо сумын Засаг даргад санал болгосон.  Дээрх тогтоолыг үндэслэн Толбо сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дүгээр захирамжаар намайг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилсон. Би одоо ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа.

7.3. К.Т нэхэмжлэлдээ Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлсэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсхүл санхүү, төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй гэж маргажээ. Маргаан бүхий орон тоо нь ерөнхий нягтлан бодогчийн орон тоо биш Санхүүгийн албаны дарга гэсэн орон тоо байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Нөгөө талаар шалгалтын зард хавсаргасан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар зөвшөөрсөн сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод дээр дурдсан шаардлагууд тавигдсан болохоос Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг ажилд томилох чөлөөлөх журамд заасан шаардлага огт тавигдаагүй. Би албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж шалгалт өгч хамгийн өндөр оноо авч тухайн албан тушаалд нэр дэвшиж томилогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж биелүүлэх боломжгүй гэв.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” бий. Уг журмын 4.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянаж, зөвшөөрсөн тухай тогтоол гаргаж, батлах зөвшөөрлийг олгоно. Албан тушаалын тодорхойлолтыг хянахтай холбоотой зарим ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөр гүйцэтгүүлж болно. Салбар зөвлөл холбогдох ажиллагааг гүйцэтгэж, тэр тухай танилцуулга, саналаа Төрийн албаны зөвлөлд тогтоосон хугацаанд хүргүүлнэ” гэж заасан. Уг зохицуулалтын хүрээнд Төрийн албаны зөвлөл 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 42 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгосны дагуу Толбо сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-н өдрийн А/02 дугаар захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг захирамжаар баталсан.

8.2. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвшөөрөл болон Толбо сумын Засаг даргын баталсан албан тушаалын тодорхойлолтыг харьцуулж үзэхэд, хууль, журам зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс албан тушаалын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй буй нөхцөл байдал харагдаж байна. Гэтэл Толбо сумын Засаг даргын захирамжаар баталсан албан тушаалын тодорхойлолт өнөөдөр  хүчин төгөлдөр байгаа. Хэрвээ уг албан тушаалын тодорхойлолтыг зөвшөөрөхгүй байсан бол хуулийн хугацаанд холбогдох албан тушаал, шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хоёрдугаарт, албан тушаалын шалгалтад орсон шалгалтын дүнд маргахгүй байгаа, уг шалгалт хуулийн хүрээнд явагдсан нөхцөл байдал харагдаж байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолтын хүрээнд шалгалт зохион байгуулсан бөгөөд талууд үүнийг хүлээж зөвшөөрч, шалгалтад оролцсон.

8.3. Шалгалтын гол зарчим нь хамгийн өндөр оноо авсан этгээдийг тухайн албан тушаалтанд нэр дэвшүүлэхэд оршино. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Мөн нэхэмжлэгч талын зүгээс Сангийн сайдын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан журмыг Төрийн албаны тухай хуульд заасан хуульд өөрөөр заагаагүй бол гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Гэтэл Сангийн сайдын уг тушаал нь тухайн харилцааг зохицуулсан журам болохоос биш хууль биш. Мөн тухайн Сангийн сайдын тушаалаар баталсан журамд Ерөнхий нягтлан бодогч гэж бий. Харин өнөөдрийн маргаан бүхий албан тушаал нь Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаал болно. Холбогдох шалгалт зарлагдаад зохион байгуулагдсан албан тушаал бол Санхүүгийн албаны дарга гэдэг албан тушаал болно. Үүнийг шүүх шийдвэр гаргахад харгалзах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Толбо сумын Засаг даргад холбогдуулан  гаргасан “Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 45 дугаар тогтоолыг (1), Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот захирамжийг (2) тус тус хүчингүй болгож, Толбо сумын Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд намайг томилуулахаар нэр дэвшүүлэхийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах (3)” шаардлага бүхий нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг ажилд томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн  ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил  ажилласан байх” гэж заасан байхад  салбар зөвлөл нь төрийн албанд  огт ажиллаж байгаагүй, туршлагагүй, шаардлага хангахгүй байгаа Б.К гэгчийг маргаан бүхий орон тоонд нэрийг нь дэвшүүлснээр  холбогдох хуулийг ноцтой зөрчсөн. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад орж тэнцсэн, төрд 36 жил, мэргэжлээрээ 31 жил ажилласан миний бие уг албан тушаалд нэр дэвшигдэн томилогдох ёстой” гэж  тайлбарлан маргажээ.

3.  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  төрийн жинхэнэ албаны 10 ажлын байрны тусгай шалгалтыг зохион байгуулсан, уг 10 ажлын байр дотор нэхэмжлэгчийн маргаж буй Толбо сумын Санхүүгийн албаны даргын албан тушаал багтсан, уг албан тушаалд нийт 4 иргэн өрсөлдөж гуравдагч этгээд  72,0 оноогоор , иргэн К.Е 63,66 оноогоор, нэхэмжлэгч 62.66 оноогоор, Т.Ө 49,66 оноогоор тус тус  тэнцсэн, салбар зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолоор эхний байранд орсон гуравдагч этгээдийг Толбо сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, улмаар Толбо сумын Засаг даргын орлогч нь уг тогтоолыг үндэслэж  2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/64  дугаартай захирамжаар гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилсон зэрэг үйл баримтууд нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн тусгай шалгалт явуулсан тухай дугаар-2022/ТШ/01  тайлан, төрийн захиргааны байгууллагын тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудас, “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоол, Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Бахытхан овогтой Күнсулуг Санхүүгийн албаны даргаар томилох тухай” Б/64 дүгээр захирамж зэрэг нотлох баримтуудаар болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус  тогтоогдож байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”,  23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолын  1 нэгдүгээр хавсралтаар баталсан  “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 3.5.1-т “төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолтод тусгагдах тусгай шаардлагыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шаардлагыг баримтална”,   4.1-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянаж, зөвшөөрсөн тухай тогтоол гаргаж, батлах зөвшөөрлийг олгоно... ” 5.1-т “Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална” тус тус заажээ.

5. Маргаан бүхий сумын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан, уг тогтоолын 1 дэх заалтаар  сумдын Засаг дарга нарт  сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг хавсралт ёсоор батлахыг зөвшөөрсөн, тухайн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “туршлага” хэсэгт “туслах түшмэлийн албан тушаалд эсвэл мэргэжлээрээ ажилласан байх” гэж заасан,  дээрх тогтоолыг үндэслэж Толбо сумын Засаг дарга 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан,   салбар зөвлөлд сул орон тооны захиалгыг өгөхдөө уг   албан тушаалын тодорхойлолтыг хавсаргасан, хариуцагч салбар зөвлөл нь гуравдагч этгээдийг тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан  тусгай шаардлагыг хангасан гэж үзэн шалгалтад бүртгэсэн зэрэг нь  хуулийн болон журмын дээрх заалтуудтай нийцжээ.

7. Тодруулбал, гуравдагч этгээд нь тусгай шалгалтад орохоос өмнө буюу 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл “Бармакс” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан нь “Бармакс” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг мэргэжлээрээ ажилласан, маргаан бүхий албан тушаалын “туршлага”-ын шаардлагыг хангасан гэж үзсэн хариуцагч салбар зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй байна.

8. Хариуцагч салбар зөвлөл  маргаан бүхий  албан тушаалын тусгай шалгалтын үр дүнгээр хамгийн өндөр оноо авсан гуравдагч этгээдийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь, улмаар хариуцагч  Толбо сумын Засаг дарга нь салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэж  уг албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн  26.1-т заасан “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”,  27 дугаар зүйлийн  27.3-т заасан “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэсэнтэй тус тус нийцсэн тул салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 45 дугаар тогтоол  болон Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй, уг захиргааны актуудын  улмаас  нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдөөгүй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 25.1, 26.1, 27.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К. Т Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Толбо сумын Засаг даргад холбогдуулан  гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 45 дугаар тогтоолыг, Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот захирамжийг  тус тус хүчингүй болгож, Толбо сумын Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд намайг томилуулахаар нэр дэвшүүлэхийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША