Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

Д.Эад холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг

Прокурор                                                  Д.Ганчимэг

Шүүгдэгч                                                   Д.Энар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-д холбогдох эрүүгийн _______ дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Б овогт Д.Э.

Шүүгдэгч Д.Энь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт байрлах 30 дугаар байранд Б.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч Д.Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Д.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д.Э-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Д.Эын _______ тоот иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Хохирогч Б.Х нь эмчилгээний болон замын зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Халхгол сумын 3 дугаар багийн иргэн Д.Эби ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Иргэн Б.Хтэй 2020.10.26-ны өдөр өөрийнх нь буруугаас болж маргалдаж улмаар үснээс нь зулгаасан хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхээс оноосон 700,000 төгрөгийн торгуулийн ял нь иргэн надад арай хүнд байгаа тул ялыг хөнгөрүүлж торгуулийн доод хэмжээ болгон шийдвэрлэж өгч тусална уу. Иргэн Б.Хийн биед ноцтой хохирол учруулаагүй.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Эгаргасан тайлбар саналдаа: Миний хувьд 700 000 төгрөгөөр торгох шийтгэл нь төсвийн цалинтай надад хүнд санагдаж байна. Ам бүл 5. Мөн хохирогч Х нь иргэний журмаар надаас хохирол төлбөр нэхэмжилж байгаа. Тиймээс би энэ хохирлыг гаргаж өгөх хэрэгтэй болж байна. Торгуулийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Энь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, муудалцан улмаар эрүүл мэндэд нь умайн доргилт, цус алдалт, зүүн бугалганы цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлийг тус тус учруулсан. ...Хохирогч Х-ийн хувьд учирсан гэмтлээс болж 1 сар гаруй хугацаанд доошоо цус алдсан байдаг. Эмэгтэй хүний хувьд ноцтой зүйл гэж прокурорын зүгээс үзэж байна. ... Шүүх ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг тусгасан. Мөн иргэний журмаар баримтаа бүрдүүлж хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Эын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.Энь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт байрлах 30 дугаар байранд Б.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь умайн доргилт, цус алдалт, зүүн бугалганы цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э, хохирогч Б.Х нарын өгсөн мэдүүлэг, гэрч О.Ү, Д.Э, Х.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 825 дугаартай дүгнэлт бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүх шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дэх торгох ялын хэмжээ хязгаарт багтсан, мөн түүний үйлдсэн хэргийн  нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Эын “Торгуулийн хэмжээг багасгаж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17ы өдрийн 2021/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.НАРАНБАЯР

              ШҮҮГЧИД                                                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                     Ж.ДОЛГОРМАА