Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/75

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч О.А

Хохирогч нарын өмгөөлөгч Н.Б

Хохирогч Б.Т , Г.А , Д.Б

Иргэний нэхэмжлэгч О.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Г

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ын Э-д холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2025 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны .. сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс .., .. настай, э.эгтэй, .. боловсролтой, ...... мэргэжилтэй, . ам бүл., .... хамт Улаанбаатар хот, Б дүүргийн ..-р хороо, ..-р байрны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Б-ын Э /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 07 сарын 01-ний өглөө 05 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах 18-ын худаг гэх газарт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр ........ улсын дугаартай ....маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-т заасан “энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ... явахыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтыг зөрчсөний улмаас хажуугийн зорчих хэсгийн хөвөөнд зогсож байсан .... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн хажуугийн шороон хэсэгт явган явж байсан иргэн Б.Т , Г.А , Д.Б нарыг мөргөж, хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүнд, Г.А , Д.Б  нарыг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би болсон зам тээврийн ослын талаар өөрийн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн байгаа учир дахин мэдүүлмээргүй байна. Харин хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа, хохирогч нарыг энэ ослоос болж эмнэлэгт хэвтэж байхад нь миний зүгээс 1,500,000 төгрөгийг өгсөн байгаа. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулах болно гэжээ. /2-р хх-ийн 159-160/

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. 

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Даатгалаас 883,000 төгрөг, О-ээс 4,150,000 төгрөг нийт 5,033,000 төгрөг орсон, үлдэх эмчилгээний 1,933,500 төгрөгийг болон сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

Хохирогч Г.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Э-оос 6,062,000 төгрөг орж ирсэн, даатгалаас 1,488,000 төгрөг нийт 7,550,000 төгрөг орж ирсэн. Нийт 12,406,570 төгрөг нэхэмжилснээс өгсөн 7,550,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 4,856,570 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

Хохирогч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Э-оос 6,500,000 төгрөг, даатгалаас 1,653,040 төгрөг нийт 8,123,040 төгрөг орж ирсэн. Нийт 9,597,197 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 8,123,040 төгрөгийг хасаж тооцон 1,474,157 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ гэв.   

Иргэний нэхэмжлэгч О.С-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Жилийн өмнө аварт орсон. Хохирогч нарын ярьж байгаа зүйл үнэн. Намайг анхнаасаа л үл тоомсорлосон. Ясны бэртэл байхгүй тул надад гэмтэл гараагүй. Өмнөх шүүх хуралдааны өмнө 500,000 төгрөг орсон байсан. Шүүгдэгч намайг блоколсон байгаа. Үлдэх хохирлыг 5 сарын сүүлээр өгнө гэхэд нь за гэж хэлээд хүлээсэн. Тэгтэл өгөөгүй, бусад хүмүүст хохирол төлж байна, би ч мөнгө төгрөг хэрэглэх шаардлагатай гэж хэлсэн. Шүүгдэгч нь 4 хохирогчийг үл тоомсорлож байна. Одоо ажил хийх боломжгүй болоод байна. Огт уучлалт гуйж байгаагүй. Одоо 1,210,779 төгрөгийн нэхэмжилсэн үнээс 500,000 төгрөгийг авсан, одоо үлдэх мөнгөө нэхэмжилнэ гэв.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 06 сарын 30-ны өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос ... улсын дугаартай Приус 40 загварын тээврийн хэрэгсэлтэй найз А , таньдаг дүү Б , С  нарын хамтаар Замын-Үүд сум руу би өөрөө жолоо бариад явсан. Манай найз болон таньдаг дүү нар Эрээн хот руу явах гэж байсан болохоор бид нар хамт явсан. Тэгээд өглөө 05 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Эрдэнэ сум 18-н худаг гэх газарт бие засах зорилгоор төв замаас машинаа гаргаж замаа чөлөөлөн зогссон. Тухайн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр машинаа замаас чөлөөлж зогссон. Тэгээд найз А  бид хоёр буугаад бие засчхаад эргээд алхаж байтал дүү Б нь цагаан өнгийн тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд машинаас буугаад бид хоёр дээр иртэл гэнэт хар өнгийн машин ардаас ирээд мөргөсөн. Тухайн үедээ миний ухаан балартаж нэг сэрэхэд үл таних эмэгтэй толгой дээр ирчихсэн “эгчээ намайг уучлаарай би таныг мөргөчихлөө” гэж хэлээд уйлж байсан. Тэгээд мөргүүлсэн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Бид нарыг Дорноговь аймгийн Эрдэнэ сум 18-н худаг гэх газарт очих үед өглөө болчихсон байсан болохоор замаа чөлөөлж машинаа зогсоогоод биеийнхээ чилээг гаргаж, бие засаад эргээд хөдлөх зорилготой байсан. Тухайн ослоос болж миний хүзүүний доороосоо 2 дугаар нугалам хугарсан, нурууны дунд 3 ширхэг сэртэн яс хугарсан болохоор би босож удаан сууж чадахгүй хүзүүндээ байнгын бэхэлгээтэй байгаа. Хүзүүний яс хугарснаас болж хоёр гараа дээшээ өргөж болохгүй байгаа. Мөн баруун талын далны ар хэсэг, баруун талын ташаа хэсэг, баруун талын шагайны дээд хэсэг өвчтэй байгаа. Баруун талын чих сэтэрч оёдол тавиулсан. Миний унаж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Таван богд финанс Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Гэхдээ манай нөхөр Б-ын Ү-ын нэр дээр гэрээ байгуулж авсан. Манайх 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн машиныг 2024 оны 02 дугаар сарын 24-ний  өдөр урьдчилгаа мөнгийг нь төлж зээлээр авсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс намайг гарахад эмч зөвлөгөө өгсөн ба тус зөвлөгөөн дээр намайг удаан сууж болохгүй 2 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн. Би мөргүүлж гэмтсэн цагаасаа хойш 2 сарын хугацаанд босож явж болохгүй ажил хөдөлмөр хийх боломжгүй тул энэ хугацаанд өөрийн эрүүл мэндэд хийгдэх бүх эмчилгээний зардал болон олж болох орлого. Мөн тээврийн хэрэгслийн эвдэрсэн зүйлийг сольж засварлах зардлаа нэхэмжилнэ. Мөн би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд G chicken гэх нэртэй тахианы газар түрээсэлж ажиллуулдаг байсан уг газраа ажиллуулж чадахгүй болсон болохоор би гэрээ цуцалж 1 сарын түрээсийн болон барьцаа 1.000.000 төгрөг өө эргүүлэн авч чадаагүй. Д гэх нэртэй хачир дэлгүүрүүдээр борлуулдаг байсан. Уг асуудал болохын өмнө хачирны ногоогоо татаж авсан байсан боловч борлуулж чадаагүйгээс болж ногоо маань муудаж иссэн. Мөн банканд төлөгдөх ёстой байсан зээлээ төлж чадаагүйгээс болж зээлийн үндсэн төлөлт болон хүү алданги зэрэг зүйлийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөрийн сард олдог орлогыг би баримтаар болон дансны хуулгаар нотолж чадна. Мөн би нялх хүүхэдтэй ба өвчтэй байх хугацаанд өөрөө хүүхдээ хөхүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлаас болж би хүүхэд дээ хүүхдийн нэмэгдэл сүү авч өгч угжиж байгаа. Би мөргүүлж гэмтсэний улмаас хүүхдээ хөхүүлж чадалгүй хүүхэд дээ нэмэгдэл сүү авсан болохоор хүүхдийнхээ сүүний мөнгийг бас нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөргүүлэх үедээ би баруун талаараа унасан болохоор миний баруун талын чих сэтэрч чихэнд байсан монетон ээмэг алга болсон болохоор ээмгээ нэхэмжилнэ. Миний ээмгийг 2022 оны 05 дугаар сард манай ээж бэлэглэж байсан би грамм болон авсан үнийг нь мэдэхгүй байна. Одоо миний байдал нуруу, өвдөг, хөлийн өсгий, хүзүү, толгойн зүүн хэсэг, зөөлөн эдийн гэмтлүүдийн хавдар бүрэн гүйцэт буугаагүй өвчтэй зовуурьтай байнга хүзүүний хамгаалалттай явж байна. 1 цагаас дээш босоо байхаар нүд бүрэлзэнэ, толгой эргэнэ, хөл гар янгинаж өвдөнө. Хэвийн байдалдаа бүрэн орж чадахгүй их хэцүү байна. Мөн гэр бүлийн амьдралд маш хэцүү хүндрэлтэй үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй бас эдийн засгийн хувьд маш их хохирол учирч байна. Мөрдөн байцаалтын шатанд миний гаргаж өгсөн хохирлын баримтаар 3,227,677 төгрөгийн хохирог болсон, мөргүүлсэн машины хохирол болох 1,320,000 төгрөгийн хохирол гарсан байгаа, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо бүрэн барагдуулан нэхэмжлэх хүсэлтэй байна. Б.Э осол болсны дараа эмнэлэгт хэвтэж байхад 500,000 төгрөг шилжүүлсэн, осол болох үед миний баруун чихний 0,8 гр-ын монет түгжээтэй ээмэг алга болсон бусдаар өөр хохирол болон эмчилгээний зардал өгөөгүй өдий хүрч байна гэжээ. /1-р хх-ийн 22-24, 27-28/

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2024 оны 06 сарын 30-ний орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос найз болон дүү нартайгаа БНХАУ-ын Эрээн, Бээжин хот орохоор зорин явсан. Би 4 Улаанбаатараас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 18 худаг гэх газар хүртэл ямар нэгэн осол  авааргүй бүгд хамгаадах бүсээ зүүж, хурд багтай зөөлөн явж байгаад осол болдог газарт манай жолооч найз машинаа замаас гаргаж замын шороон хөвөөн дээр зогсож байсан. Машинд Т жолоо бариад жолоочийн хажуу талд Б , арын суудал дээр С  бид хоёр сууж явсан. Машинаас Т , А миний бие бид хоёр замын хажуу талд 30-40 метр зайд очиж бие засаж байгаад буцаад машиндаа суухаар алхаад явж байхад замаар цагаан өнгийн альпарт машин өнгөрч байсан. Тэгтэл Б тэр цагаан машиныг өнгөрөөгөөд машинаас буугаад бид хоёр дээр дөнгөж ирэх үед зогсож байсан манай машины араас хар өнгийн альпарт маркийн машин их хурдтай ирээд машины арын гэрлэн дохиог мөргөөд машины хажууд зогсож байсан бид гурвыг мөргөөд дайрсан. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн.    Одоо миний байдал нуруу, аарцаг, зүүн талын гуя дагж өвдөнө, толгойн өвдөнө, түнх зовуурьтай байнга өвчин намдаах эм тариа хийлгэж байгаа. Мөн гэр бүлийн амьдралд маш хэцүү хүндрэлтэй үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй эдийн засгийн хувьд маш их хохирол учраад байна. Мөрдөн байцаалтын шатанд миний гаргаж өгсөн хохирлын баримтаар 11,983,453 төгрөгийн хохирол гарсан байгаа, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо бүрэн барагдуулан нэхэмжлэх хүсэлтэй байна. Б.Э осол болсны дараа 2024 оны 07 дугаар сарын 05-ний өдөр эмнэлэгт хэвтэж байхад 500,000 төгрөг шилжүүлсэн, бусдаар хохирол болон эмчилгээний зардал өгөөгүй байгаа. Миний ярьсан зүйлс бүгд үнэн маш их гомдолтой байна гэжээ. /1-р хх-ийн 32-36, 39/

Хохирогч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдөр А , Б , Т эгчийн машинтай 22 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан бид нар замдаа явж байгаад үүрийн 05 цаг өнгөрч байхад осол болдог газарт замаас гарч зогсоод Т , А  хоёр түрүүлээд бие засахаар машинаас бууж бие засахаар гарсан. Харин би машины арын суудал дээр сууж байсан тэгтэл тэр гурвыг машины хажууд зогсож байхад манай машины араас их хурдтай хар өнгийн машин ирээд машины арын хэсгийг мөргөх үед би машинаас буух гээд хаалгаа онгойлгох гэтэл машины хажууд зогсож байсан А , Т , Б Эрдэнэ тэр гурвийг мөргөж дайрсан. Тухайн үед би машин дотор хүчтэй мөргөснөөс болж урд суудлын дэрийг мөргөж нэг хэсэг сонин болсон тэгээд өндийгөөд хартал тэр гурав газарт хэвтэж байсан. Би машинаас бууж хамгийн түрүүнд Т эгч дээр очиж тусламж үзүүлсэн. Ухаангүй гар нь татсан байдалтай сэрэхгүй байсан. Би сэрээх гэж гараараа цээжин дээр нь илж сэрээх гэж оролдсон. Тэгтэл Т сэргээд “би хаана байна яагаад энд хэвтэж байгаа юм бэ” гээд миний өөдөөс асуугаад гайхаад байсан. Т эгчийг сэргэнгүүт Б дээр очиход Б доошоо харсан байдалтай байхаар нь дээш нь эргүүлж сэрээх гэтэл ухаан балартсан сэрэхгүй байхаар нь цээжин дээр нь гараараа дарж сэргээсэн. Тэгтэл Б “юу болсон бэ яасан бэ би зогсож байсан шүү дээ” гэж асуусан тэгэхээр нь “та гурвыг машин мөргөсөн” гэсэн чинь “яаж байгаа юм бэ би биеэ дийлэхгүй байна” гэсэн дараа нь А  эгч дээр очиход А эгч ухаантай байсан хажуу талаараа харсан байдалтай байхаар нь “та гайгүй юу” гэж асуусан чинь “миний хөл болохгүй байна хөлөө дийлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг тайрмал богино үстэй хүүхэн “би хүн дайрчихлаа шүүдээ” гээд уйлаад цаашаа утсаар яриад байсан. Тэгээд би түргэн дуудаж удалгүй түргэн ирж Замын-Үүд сумын эмнэлэгт хүргэгдэн ирж эмнэлгийн анхан шатны тусламж авч байхад миний толгой эргээд зүүн хөл рүү дагж бадайраад явахаар доголоод байсан. Би осол болохоос өмнө гурван долоо хоногтой жирэмсэн байсан. Бид нар тэр орой нь Улаанбаатар руу галт тэргээр явж маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдөр гэмтэл согог үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт А , Т , Б гурав хэвтсэн намайг гэмтлийн эмч үзээд “дүүргийн эмнэлэгтээ үзүүлээд хяналтад ор” гэж зөвлөгөө өгсөн. Би эмнэлэгт хэвтээгүй харин ураг маань гэмтсэн байж магадгүй гэж 4 удаа рентген, томографт гэмтлээ үзүүлэхэд “2 нурууны мэдрэл дарагдсан нэг мөгөөрсөн цагариг урагдсан” гэж байсан. Дээр нь өвчнөө намдаах гэж сэтгэцэд нөлөөлөх мэдрэлийн өвчин намдаах эм тариа хэрэглэсэн учир ургийг цааш тээх боломжгүй болж тээж байсан ургаа мэс заслын ажилбар хийлгэж авхуулсан. Би шөнө амарч чадахгүй толгой өвдөнө, удаан зогсохоор ууц нуруугаар өвдөнө байнгын нурууны хамгаалах бүстэй явж байгаа өвчин намдаах эмээр дарагдаж байгаа, их хэцүү байна. Жолоочийн арын суудал дээр сууж явсан. Тэр гурвыг дайруулахад би машин дотор гарах гээд хаалга онгойлгох үед машины араас машин мөргөж хүчтэй Доргилт авсан. Би БНХАУ-ын Эрээн хот болон Бээжин хот руу бараандаа явж байсан. Т эгч машин зорчих хэсгээс бусдад саад болохгүй замаас гаргаж шороон хөвөөн дээр шахаж зогссон байсан. Маш их гомдолтой байна. Бие сэтгэл эд хөрөнгөөрөө маш их хохирч байгаа. Тиймээс буруутай этгээдээр энэ ослоос болж учирсан хохирлыг нэхэмжлэх болно гэжээ. /1-р хх-ийн 43-44/

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Улаанбаатар хотоос А , С , Т нарын хамт Т эгчийн машинтай 22 цагийн үед гарсан бид нар замдаа явж байхдаа хамгаалах бүсээ бүгд зүүсэн хурд багатай явж байгаад үүрийн 05 цаг өнгөрч байхад осол болдог газарт замаас гарч зогсоод Т , А  хоёр түрүүлээд бие засахаар явсан. Би машины толинд харахад цагаан өнгийн машин ирж байхаар нь өнгөрөөгөөд явсан хойно нь машинаас бууж А , Т хоёр дээр очтол манай машины араас их хурдтай хар өнгийн машин ирээд машины арын хэсгийг мөргөөд машины хажууд зогсож байсан А , Т , бид гурвийг мөргөж дайрсан. Тухайн үед дайруулснаас хойш нэг хэсэг ухаан алдаж юу болоод байгааг сайн мэдэхгүй хамаг бие маш ихээр өвдөж босож чадахгүй болсон байсан. Тухайн үед миний ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд С  намайг “сэрээрэй сэрээрэй битгий унтаарай” гээд сэгсэрч байсан. Тэгээд би ухаан орж эхэлсэн. Тэгтэл нэг тайрмал богино үстэй хүүхэн ирээд “би хүн дайрчихлаа шүү дээ” гээд “та зүгээр үү” гэж байсан. Тэр үед л энэ хүүхэн бид гурвыг дайрсан байна гэж мэдсэн. Тэгээд түргэн ирж Замын-Үүд сумын эмнэлэгт хүргэгдэн ирж эмнэлгийн анхан шатны тусламж авч байгаад тэр орой нь Улаанбаатар руу галт тэргээр явж маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Гэмтэл согог үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт 8 хоног эмчлүүлж байгаад гарсан. Одоо гэртээ хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгэж байгаа. Би шөнө амарч чадахгүй толгой өвдөнө, хамар битүүрнэ ууц нуруугаар өвдөнө, биеийн бүх хэсгээр зөөлөн эдийн гэмтэлтэй. Орой болохоор маш их өвддөг байнгын өвчин намдаах эмээр дарагдаж байгаа, мөн хүндэрч чадахгүй их хэцүү байна. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд машин зогсохоор нь бие засах санаатай араас ирж байсан машиныг өнгөрөөгөөд машинаас буугаад дайруулсан. Миний сууж явсан Т эгчийн машин зорчих хэсгээс бусдад саад болохгүй замаас гарч шороон хөвөөн дээр шахаж зогссон байсан. Маш их гомдолтой байна. Бие сэтгэл эд хөрөнгөөрөө маш их хохирч байна буруутай этгээдээр энэ ослоос болж учирсан хохирлыг нэхэмжлэх болно гэжээ. /1-р хх-ийн 48-49/

Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу хүн тээврийн үйлчилгээ явуулдаг ...маркийн тээврийн хэрэгсэлд 22 цагт суусан. Тухайн .. маркийн тээврийн хэрэгсэлд "Даа хүрээ" захын хажуу талаас суухад тухайн тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр би сууж, хойд талд 4 иргэн суусан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу явж байхад 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг өнгөрч байхад миний сууж явсан ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч тоормос гишгэж хурд саарах үед би урагшаа харахад урд талд явж байсан цагаан өнгийн .. улсын дугаартай .. маркийн тээврийн хэрэгсэлтэй 2-3 метрийн зайтай тулаад ирэх үед жолооч тээврийн хэрэгслийг баруун тийш дархад засмал замын хөвөөн дээр зогсож байсан ....... маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба тухайн ..маркийн тээврийн хэрэгслийн яг хойд талд нь зогсож байсан 3 эмэгтэй хүнийг тээврийн хэрэгслийн хамар хэсгээр мөргөх үед тэр 3 эмэгтэй шидэгдэж, мөн .. маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талыг ..маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж засмал замын хөвөөний баруун талд бууж зогссон. Тэгээд би жолоочид хандаж “чи хүн дайраад алчихлаа шүү дээ” гэж хэлээд өөрийн талын хаалгыг нээх гэсэн чинь онгойхгүй байхаар нь би жолооч талын хаалгаар буусан. Намайг машинаас бууж ирэхэд засмал замын хөвөөний баруун талд газар нөгөө машинд мөргүүлсэн 3 эмэгтэй шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Би тухайн үед айж цочирсон тул тухайн хүмүүс дээр очиж чадахгүй байсан. Миний суугаад явж байсан ..маркийн тээврийн хэрэгсэлд сууж явж байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэг гэмтэл шарх харагдахгүй байсан. Тэгээд эмнэлгийн машинтай эмч ирээд биеэ үзүүлэхэд надад ямар нэг гэмтэл шарх байхгүй байсан. Тэгээд би замын машинд суугаад Замын-Үүд сум руу ирсэн. Би яг тухайн үед яг хэдэн километрийн цагийн хурдтай явж байсан талаар хараагүй. Ямар чи байсан тухайн зам тээврийн осол гарахаас цаана бол 90 гаран километр цагийн хурдтай яваад байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар зогсоож шалгаагүй. Харин жолооч хэд хэдэн газар зогсож явсан гэжээ. /1-р хх-ийн 51-52/

Гэрч В  /W / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос хүн тээврийн үйлчилгээ явуулдаг .... маркийн тээврийн хэрэгсэлд 23 цагт суусан. Тухайн .. маркийн тээврийн хэрэгсэлд Баянзүрх дүүрэгт байрлах "Номин" худалдааны төвийн гадна талаас машинд суухад тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хамгийн арын талын суудал дээр суухад миний хажуу талд нэг зорчигч урд талын голын суудал дээр хоёр зорчигч, урд талын суудал дээр нэг зорчигч сууж явсан. Тэгээд Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу явж байхад 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг өнгөрч байхад миний сууж явсан.. маркийн тээврийн хэрэгслийн урд талд явж байсан цагаан өнгийн ... маркийн тээврийн хэрэгсэл тоормос гишгэж хурдаа хасаад байх шиг болж тухайн тээврийн хэрэгслийн ар талд 2-3 метрийн зайд миний сууж явж байсан ... маркийн тээврийн хэрэгсэл жолооч тоормос гишгэж тулаад ирэхэд жолооч сандарсан байх тээврийн хэрэгслийг баруун тийшээ дарсан. Энэ үед засмал замын баруун талын хөвөөн дээр .. өнгийн ... маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба мөн хөвөөний доод талаас 2 эмэгтэй хүн өгсөж явж байх шиг харагдаж, ... маркийн тээврийн хэрэгслийн хойд талд нэг эмэгтэй хүн зогсож байсан тул тээврийн хэрэгсэл хамар хэсгээр нөгөө 3 эмэгтэйг мөргөх үед тэр 3 эмэгтэй шидэгдэж, мөн ... маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талыг ..маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж засмал замын хөвөөний баруун талд бууж зогссон. Тэгээд би машинаас бууж ирэхэд нөгөө машинаар мөргөсөн 3 эмэгтэйн 1 нь миний сууж явсан ...маркийн тээврийн хэрэгслийн баруун талд, 1 нь зүүн талд, 1 нь хойд талд газарт хэвтэж байсан. Хойд талд хэвтэж байсан эмэгтэйн хүзүү, цээж хэсэгт гэмтэл авсан байсан. Баруун талд хэвтэж байсан эмэгтэйн баруун талын чих, толгойд гэмтэл авсан байдалтай ухаан санаа нь орж гараад байсан, хамгийн хүнд гэмтсэн эмэгтэй байх шиг байна лээ. Зүүн талд хэвтэж байсан эмэгтэй нуруу хэсэгт гэмтэл авсан байх шиг байсан. Би хамгийн хойд талын суудалд сууж явж байсан болохоор яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар харах боломжгүй байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Намайг сэрүүн байх хугацаанд ямар нэг цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгаагүй. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй биеийн байдал хэвийн сайн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газраар гэмтлийн зэргийн шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэжээ. /1-р хх-ийн 54-55/

Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд эхнэр Б-ийн хамт Улаанбаатараас Замын-Үүд сумын чиглэлд хот хооронд явдаг ...маркийн машинд суугаад явсан. Би ард талд голын суудал дээр сууж явсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг өнгөрч байсан байхаа би унтаад явж байтал гэнэт чимээ гарахаар нь сэрээд хартал хүн мөргөчихлөө гээд хүмүүс яриад байсан. Тэгээд би юу болсон талаар нь мэдсэн. Тэгээд машинаасаа буугаад хартал нэг эгч машины хаалганы хажууд хэвтэж байсан. Тэгээд би ойрхон байх километрийн заалтыг харчхаад буцаж ирээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгүүлсэн. Тухайн машинд жолоочтойгоо нийлээд 6 хүн явж байсан. Би жолоочийн хойд талын голд суугаад явж байсан. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Би унтаад явж байсан. 3 эмэгтэй хүнийг мөргөсөн байсан бөгөөд зам дээр зогсож байсан приус-40 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойноос нь мөргөсөн байсан. Гэгээ орчихсон үзэгдэх орчин таатай, мөн шулуун зам байсан. Замын хажуу талын хөвөөн дээр зогсож байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэжээ. /1-р хх-ийн 58-59/

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд нөхөртэйгөө хамт Улаанбаатараас Замын-Үүд сумын чиглэлд хот хооронд явдаг ... маркийн машинд суугаад явсан. Би жолоочийн ар талд суугаад явсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр 05 цаг өнгөрч байхад би унтаад явж байтал гэнэт нэг хүн орилох шиг болохоор нь сэрээд хартал сууж явсан машин маань замын хажуу талруу яваад орсон байсан. Тэгээд юу болсон талаар огт мэдээгүй айгаад машинаасаа хэсэг буулгүй сууж байгаад манай нөхөр машины хаалга онгойлгоод буутал машины зүүн талд нэг хүн, баруун талын дугуй хавьцаа нэг хүн, .... маркийн тээврийн хэрэгслийн наахан талд нэг эмэгтэй гээд 3 эмэгтэй газарт хэвтэж байсан. Би яг юу болоод өнгөрсөн талаар сайн мэдээгүй. Учир нь унтаад явж байсан. Тухайн машинд жолоочтойгоо нийлээд 6 хүн явж байсан. Би жолоочийн яг хойд талд суугаад явж байсан. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан жоохон хурдтай явж байсан гэж бодож байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй. 2 эмэгтэй нь нуруу өвдөөд байна гэж ярьж байсан. Нэг эмэгтэйг нь мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. /1-р хх-ийн 61-62/

Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд явж байгаад 06 цаг болж байх үед Замын-Үүд сум ороход 130 орчим километр дутуу явахад замын хажуу талд замаас гаргасан .. маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ард талд нь 3 эмэгтэй хүн зогсож байсан. Тэгэхээр нь хүн гүйж магадгүй гэж бодоод 85 орчим километртэй явж байгаад 60 луу ортол нь хурдаа хассан. Хурдаа хасаад тухайн тээврийн хэрэгслийг өнгөрөөд 100 орчим метр явж байтал ард талд түс гээд юм дугарахаар нь толиндоо хартал тухайн зогсож байсан ...-г ...маркийн тээврийн хэрэгсэл мөргөчихсөн байсан. Тэгээд эргэж “яав ийв” гээд яваад очтол нөгөө машины ард нь зогсож байсан 3 хүнийг мөргөчихсөн, тухайн машиныг мөн мөргөсөн байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудсан. Би тэр талаар мэдэхгүй байна. Ардаас нэлээн зайтай явж байсан. Яах ийхийн зуургүй араас хүрээд ирсэн гэхээр нэлээн хурдтай явсан байх гэж бодож байна. Тухайн ... маркийн тээврийн хэрэгсэл замаас бүрэн гарч зогссон байсан. Гадна зогсож байсан 3 эмэгтэй гэмтсэн байсан, өөр гэмтсэн хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй. Би 85 орчим километр цагийн хурдтай явж байгаад тухайн замын хажууд зогсож байсан хүмүүсийг хараад 60 километр орчим болтол хурдаа хассан гэжээ. /1-р хх-ийн 64-65/

Гэрч Н.Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчим Улаанбаатараас Замын-Үүд сумын чиглэлд хот хооронд явдаг .... маркийн машинд суугаад явсан. Би ар талын суудал дээр унтаад явж байтал 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 05 цаг өнгөрч байхад гэнэт дуу чимээ гараад явчихаар нь юу болов гээд сэрээд хартал миний сууж явсан машин замын хажууд зогсож байсан 3 эмэгтэйг мөргөсөн юм шиг байсан. Нөгөө 3 эмэгтэй газарт хэвтэж байсан. Тэгээд миний сууж явсан машины жолооч замын унаанд намайг суулгаж өгөөд би Замын-Үүд суманд ирсэн. Тухайн машинд жолоочтойгоо нийлээд 6 хүн явж байсан. Би хамгийн арын суудал дээр суугаад явж байсан. Би унтаад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн 3 эмэгтэй ёолоод газарт хэвтэж байсан. Би яг очиж хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. /1-р хх-ийн 67-68/

Гэрч Э.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн ослын талаар сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл би гэртээ Улаанбаатар хотод амарч байсан. Тэгтэл осол болдог өдрийн өглөөний 05 цаг 30 минутын үед манай эхнэр Э миний .... дугаарын утас руу залгаад “би хүн мөргөсөн” гэж айж сандарсан байдалтай ярьсан. Эхнэрээ “тайван бай, би хотоос гарлаа яг юу болсон юм бэ, юунаас болсон бэ” гэж асуусан чинь манай эхнэр “миний урд явсан тээврийн хэрэгсэл тоормослоод би мөргөхгүйн тулд засмалын хажууд байсан машины араар гараад зогсох гэсэн чинь машины цаана байсан 3 хүнийг харалгүй мөргөсөн” гэж надад тайлбарласан. Тэгээд би Улаанбаатар хотоос шууд гарсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Манай эхнэр өөрийн машинаараа Замын-Үүд Улаанбаатар хоёрын хооронд хүн тээвэр хийдэг ажилтай. Тухайн шөнө Улаанбаатар хотоос 5 хүн аваад Замын-Үүд оруулж өгөхөөр явж байсан гэжээ. /1-р хх-ийн 71-72/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн Даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-д 1,646,690 төгрөг, хохирогч Г.А-д 1,500,890 төгрөг, хохирогч Д.Б-д 1,641,050 төгрөг, хохирогч О.С-т 1,320,000 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал тус тус гарсан байна. Иймд гарсан зардлаас яллагдагч Боржигон овогт Б овогтой Э /РД: ..../-ээс төрд учирсан 6,109,192 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /1-р хх-ийн 76-77/

Иргэний нэхэмжлэгч Б.Ү  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг 18 худаг гэх газарт манай эхнэр Б.Т нь Улаанбаатар хотоос танил хүмүүстэйгээ явж байгаад үүрийн 05 цагийн үед засмалаас гаргаж аваарын дохио өгч бие засаж биеийн чилээгээ гаргаад машины хажууд Г.А , Д.Б нартай зогсож байхад нь араас ирж явсан тээврийн хэрэгсэл нь замаас гарч миний машины жолооч талын арын багаж, гупер, гэрэл, дохио, мөргөж машины цаана хажуу талд зогсож байсан манай эхнэр Б.Т , Г.А  , Д.Б нарыг дайрч биед хүнд болон хүндэвтэр гэмтлүүд учруулсан байсан. Манай эхнэр болон хамт явж байсан хүмүүс нь их олон тооны хүнд гэмтэлтэй Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч тэр өдрийнхөө орой Замын-Үүд сумаас вагоноор Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. Мөн хувийн эмнэлэг, гадуур бариа засал, эм тариа гээд маш их зардал гарсан тул энэ хэрэгт миний гэр бүлийн хүнийг хамт явж байсан хүмүүсийг мөргөж ийм болгосон 22-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э гэх хүнд гомдолтой байна. Дээр нь осол болсон цагаас хойш одоог болтол миний машины эвдрэл болон эхнэрт маань учруулсан хохирлыг барагдуулаагүй байна. Би энэ машиныг 2024 оны 01 дүгээр сард урьдчилгаа өгч банк бусаар худалдан авч байсан орж ирсэн шинэ машин байсан. Би банк бус байгууллагын сар бүрийн төлбөр тооцоог хийдэг, мөн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэрээ хийж худалдан авсан машин байгаа юм. Тиймээс одоо болтол хохирол барагдуулаагүй байгаа, мөн манай эхнэр Б.Т-д эмчилгээний болон бусад гарсан зардлыг төлж барагдуулаагүй байгаад маш их гомдолтой байна. Дээр нь нэмж хэлэхэд би машиныхаа эд ангийг шинээр авхуулж, засуулж авна гэжээ. /1-р хх-ийн 89-90/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 05/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 06-13/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 07 сарын 26-ний өдрийн шинжээчийн 02/329 дугаартай дүгнэлт: 1.Г.А-ын биед умдаг яс, суудлын яс, бүсэлхий 5-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1-р хх-ийн 114/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 07 сарын 26-ний өдрийн шинжээчийн 02/327 дугаартай дүгнэлт: 1.Б.Т-н биед хүзүүний С2-р нугалмын хугарал, баруун чихний дэлбэнд шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1-р хх-ийн 135-136/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 07 сарын 26-ний өдрийн шинжээчийн 02/330 дугаартай дүгнэлт: 1.Д.Б-ийн биед уушги няцрал, баруун 9, 10-р хавирганы хугарал, хэвлийд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1-р хх-ийн 160/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 08 сарын 12-ний өдрийн шинжээчийн 02/346 дугаартай дүгнэлт: 1.О.С-ийн биед L4/5 түвшинд жийргэвч цүлхийлт, L5/S1 түвшинд мөгөөрс урагдал, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. /1-р хх-ийн 169-170/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 сарын 18, 24,30-ны 1010, 1011, 1012, дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 176-178, 183-185, 190-192/

Шинжээчийн 2024 оны 08 сарын 02-ны өдрийн 52/02-24/152 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 202-204/

Ослын техникийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 210-213/

2024 оны 07 сарын 08-ны өдрийн 664, 659 дугаартай А  ХХК-ны  хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 216-221/

2024 оны 10 сарын 14-ны өдрийн ТХҮ-924/11052 дугаартай А ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 226-228/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 236/

... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн ... дугаартай гэрчилгээ, шүүгдэгч Б.Э-ы В ангиллын ...дугаартай жолооны үнэмлэх /1-р хх-ийн 249/

Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 03-05/

.... маркийн ...., ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /2-р хх-ийн 08-11/

Хохирлын баримтууд /2-р хх-ийн 14-132/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай .......... дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 145-152/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 163-167/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э  нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах 18-ын худаг гэх газарт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр ... улсын дугаартай .. маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-т заасан “энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ... явахыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтыг зөрчсөний улмаас хажуугийн зорчих хэсгийн хөвөөнд зогсож байсан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн хажуугийн шороон хэсэгт явган явж байсан иргэн Б.Т , Г.А , Д.Б нарыг мөргөж, хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүнд, Г.А , Д.Б нарыг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 06-13/, ослын техникийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 210-213/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 07 сарын 26-ний өдрийн шинжээчийн 02/329 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 114/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 07 сарын 26-ний өдрийн шинжээчийн 02/327 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135-136/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 07 сарын 26-ний өдрийн шинжээчийн 02/330 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 160/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-д холбогдуулан хохирогч Г.А , Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар буюу тус тусад нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн үйлдэлд зүйлчилсэн зүйл ангийг хүнд зүйл ангид нь нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцуулах хүсэлтийг улсын яллагч гарсан нь хуульд нийцэн гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй болно.

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Б.Т-ийн биед учирсан хүнд, хохирогч Г.А , Д.Б нарт хүндэвтэр гэмтэл, хохирогч О.С-ийн биед хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдоогүй боловч түүний биед L4/5 түвшинд жийргэвч цүлхийлт, L5/S1 түвшинд мөгөөрс урагдал, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол шүүгдэгч маргаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болно. Хэрэг шүүхийн шатанд хянагдаж байх хугацаанд шүүгдэгч нь хохирогч Д.Б-д 4,150,000 төгрөг, даатгалаас 883,000 төгрөг нийт 5,033,000 төгрөгийг, хохирогч Г.А-д шүүгдэгчээс 6,062,000 төгрөг, даатгалаас 1,488,000 төгрөг, нийт 7,550,000 төгрөгийг, хохирогч Б.Т-д шүүгдэгчээс 6,500,000 төгрөг, даатгалаас 1,623,040 төгрөг нийт 8,123,040 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С-т шүүгдэгчээс 500,000 төгрөгийг, Б.Үүрцайхад шүүгдэгчээс 420,000 төгрөг, даатгалаас 900,000 төгрөгийг нийт 1,320,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбар, хохирол төлсөн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Хохирогч Д.Б-ээс үлдэх 1,933,500 төгрөгийг, Г.А аас 4,856,570 төгрөгийг,  Б.Т ээс 1,474,157 төгрөг, иргэний нэхэмжлэгч Сэржмядагаас 710,779 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 6,108,630 төгрөгийг нэхэмжилсэнд шүүгдэгч маргаагүй болно. Иймд хохирогч Б.Түшин-Эрдэнэд 1,474,157 төгрөгийг, Г.А-д 4,856,570 төгрөгийг, Д.Б-д 1,933,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.С-т 710,779 төгрөгийг шүүгдэгч Б.Э-оос гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогч нарт учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан. Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар ...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цаг хугацаанд хохирогч нарын биед учирсан хохирлоос үүдэлтэй өвдөлт, зовуурь, нийгэмд оролцох оролцоо зэргийг харгалзан үзэж хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 1012 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Т-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд /1-р хх-ийн 176-178/,

 Шинжээчийн 2024 оны 09 сарын 24-ны өдрийн 1011 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.А-ын сэтгэцэд хор уршгийн гуравдугаар зэрэглэлд /1-р хх-ийн 183-185/,

Шинжээчийн 2024 оны 09 сарын 185-ны өдрийн 1010 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Б-ийн сэтгэцэд хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд /1-р хх-ийн 190-192/ тус тус хамаарч байх бөгөөд хохирогч нар нь шинжээчийн тогтоосон зэрэглэлийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо хүлээн зөвшөөрч нэхэмжилнэ гэжээ.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин,

гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогч нарт учирсан гэмтлийн зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг хохирогч Б.Т , Д.Б нарын хувьд тус бүр 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 7,920,000 төгрөгөөр, хохирогч Г.А-ын хувьд 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 13,200,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Э-оос гаргуулж хохирогч нарт,

Хохирогч Б.Т-ийн осол гарах үед жолоодон явсан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Ү-ын өмчлөлийнх болох нь хохирогч Б.Т болон иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдсон. Уг ослын улмаас хохирогч Б.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд 1,320,000 төгрөг учирсан нь А ХХК-ны  хөрөнгө, даатгалын хохирлын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 659 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 220-221/-ээр тогтоогдсон. .. улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг Б.Ү  нь Т ББСБ-ийн зээлээр худалдаж авсан, тус банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тус тээврийн хэрэгсэл нь бүртгэлтэй боловч эзэмшигч нь Б.Ү  болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 11/ зэргээр тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгч Б.Ү-д 1,320,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан тул түүнд төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.   

Мөн 1-р хавтаст хэргийн 76-77 дахь талд авагдсан баримтуудаар хохирогч нарын эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Т-д 1,646,690 төгрөг, хохирогч Г.А-д 1,500,890 төгрөг, хохирогч Д.Б-д 1,641,050 төгрөг, хохирогч О.С-т 1,320,000 төгрөг нийт 6,108,630 төгрөгийг зарцуулсан. Тус төлбөрийг шүүгдэгч нь төлөөгүй тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-оос 6,108,630 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн, тэнсэнгийн хугацаанд хохирол, хор уршгийг арилгахыг даалгах” дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг өөрийн хэмжээнд бага багаар төлж байгаа байдал, бага насны буюу 3 настай хүүхэдтэй, нөхөр нь хаяад явсан зэргийг харгалзан үзэж тэнсэж өгнө үү.” гэсэн санал,

хохирогч нарын өмгөөлөгчөөс “Хохирогч нарын эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулах” гэсэн саналыг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон хувийн байдал, гэмт хэрэг гарснаас хойш хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол хор уршгийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлж байна гэх боловч энэ талаар нотолсон баримтаа хэрэгт хавсаргаагүй болно. Өөрөөр хэлбэл 7 хоногт 1,800,000-2,200,000 төгрөгийн орлого олдог гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч түүний цалин орлого нотлох баримтын хүрээнд тодорхойгүй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э—д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, тээврийн хэрэгслийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гадагш зорчихыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-оос 9,394,157 төгрөгийг /1,474,157+7,920,000/ гаргуулж хохирогч Б.Т-д, 18,056,570 төгрөгийг /4,856,570+13,200,000/ хохирогч Г.А-д, 9,853,500 төгрөгийг /1,933,500+7,920,000/ хохирогч Д.Б-, 710,779 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.С-т, 6,108,630 төгрөгийг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгож, хохирогч Б.Т , Г.А , Д.Б , иргэний нэхэмжлэгч О.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы эзэмшлийн битүүмжлэгдсэн ... улсын дугаартай .... . маркийн тээврийн хэрэгслийг хэвээр үлдээж, гэмт хэргээс учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авхуулахаар .... улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Т.Үүрцайхад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б