Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/02178

 

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/02178

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ................................... байрлах, улсын бүртгэлийн ............, регистрийн .......... дугаартай, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ................, өөрийн байранд байрлах, регистрийн ................ дугартай, И ерөнхий газарт холбогдох,

“Т” ХХК болон И ерөнхий газрын хооронд байгуулагдсан ..........тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон ........ тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т” ХХК-иас даатгалын хураамжид авсан 241.500.000 төгрөгийг И ерөнхий газарт буцаан шилжүүлэх, И ерөнхий газраас нөхөн төлбөрт авсан 12.532.929 төгрөгийг “Т” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С , Э.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Г.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь И ерөнхий газраас заралсан ...... дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан бөгөөд тус байгууллагатай ..... тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, ........ тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон .............. тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан. Манай компани нь  ИНЕГ/УЗ/ТББ/Ү-37/19 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын явцад өөрийнхөө үйл ажиллагаатай холбогдох захиалагч И ерөнхий газарт шаардсан бүхий л баримт бичгийг тухай бүр гарган өгч танилцуулж байсан. Даатгалын гэрээний хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар уг даатгалын гэрээний хүрээнд манай байгууллагад нийт 241.500.000 төгрөгийн даатгалын хураамж төлсөн. Харин “Т” ХХК нь даатгуулагчаас нийт 23 ширхэг нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч шалгаж үзээд нэр бүхий 21 даатгуулагчид 12.532.929 төгрөгийг олгож, 1 даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзаж, харин нэг нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлбэр дутуу байсан тул уг асуудлыг шийдвэрлээгүй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөх бус хэлцэл гэж үзэж байна. Нэг. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 тоот тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүл мэндийн даатгал” буюу “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал”-ын хэлбэр, бүтээгдэхүүн нь урт хугацааны даатгалд хамаарахаар заасан. Харин “Т” ХХК болон И ерөнхий газрын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр зохицуулж байгаа харилцаа нь И ерөнхий газрын ажилтнуудын “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал” байх бөгөөд агуулгаараа энэ төрлийн даатгалын хэлбэр нь дээр дурдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн даатгал” байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн нь урт хугацааны даатгалд хамаарч байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу захиалагч И ерөнхий газар нь тендер сонгон шалгаруулалтыг үнэлж, зөвхөн урт хугацааны даатгалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн хувьд худалдан авах ажиллагааг явуулж, сонгон шалгаруулах ёстой байжээ. Гэтэл манай компани 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ТЗ 201/12 тоот ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ба урт хугацааны даатгалын тусгай зөвшөөрлийг зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос аваагүй төдийгүй агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын гэрээний харилцаа нь манай компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай завшаарал аваагүй үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, манай компани эрх бүхий байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацаат даатгалын төрөл болох эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл авалгүй даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хүндэтгэн үзэх үндэслэл бүрдсэн. Хоёр. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт болох “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 4.7.1-т “Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь эрхлэх сайн дурын даатгалын хэлбэрт өөрчлөлт оруулах тухай бүр, мөн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулахаас өмнө, даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хэмжээнд тооцоолол, эрсдэл, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүд өөрчлөгдсөн тухай бүр Хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн даатгалын бүтээгдэхүүний нөхцөл шаардлага бүхий загвараар тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулна” гэж заасан. Энэхүү зохицуулалтын хүрээнд аливаа даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний нөхцөлийг аливаа төрийн байгууллага, аж ахуйн нэгж бус харин даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий даатгалын компаниуд тодорхойлж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэн, зөвшөөрөл авсны дараа зах зээлд борлуулдаг. Харин “Т” ХХК болон И ерөнхий газар хооронд байгуулсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийн бүтээгдэхүүний нөхцөл нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдээгүй болно. Нөгөөтэйгүүр, И ерөнхий газраас .................дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг явуулж, Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээний нөхцөлийг дангаараа дур мэдэн тодорхойлж, тухайн даатгалын төлөр, хэлбэрийн үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдийг сонгон шалгаруулсан, мөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдээгүй бүтээгдэхүүний нөхцөлөөр гэрээ байгуулсан нь илтэд хууль бус болж, Иргэний хууль болон Даатгалын багц дүрмийг зөрчжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд “Т” ХХК нь 2007 оны ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ба урт хугацааны даатгалын тусгай зөвшөөрлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалыг зах зээлд борлуулах зөвшөөрөл авахгүйгээр И ерөнхий газартай даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаар байна. Иймээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл бүрдсэн байх тул бид 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, ...... тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдээс татгалзаж, энэ тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг тул манай компаниас даатгалын хураамжид авсан 241.500.000 төгрөгийг И ерөнхий газарт буцаан шилжүүлж, И ерөнхий газраас нөхөн төлбөрт авсан 12.532.939 төгрөгийг буцаан шилжүүлэх үр дагавар үүсэхээр байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “Т” ХХК нь И ерөнхий газрын хооронд байгуулагдсан .....тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, .... тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С , Э.М  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар захиалагч нь тендер, сонгон шалгаруулалтыг зарлахдаа ямар үйлчилгээ авахыгаа өөрөө тодорхойлж, тендерийн бичиг баримтаа боловсруулах ёстой. Гэтэл И ерөнхий газар нь дээрх хуульд заасан шаардлагыг хангахуйц тендерийг зарлаагүй, улмаар манай байгууллага хуульд нийцээгүй сонгон шалгаруулалтад оролцож, гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Харин ч биднийг “Заасан шаардлагыг хангаагүй этгээд” хэмээн татгалзах боломжтой байсан. Нөгөө талаар, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахгүйгээр уг гэрээнүүдийг хийсэн нь хууль болон холбогдох дүрмийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй. “Т” ХХК нь заавал Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, гэрээ байгуулах ёстой байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тус шүүх хуралдаанаар зөвхөн .......... тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсч байна” гэжээ.

Хариуцагч И ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И ерөнхий газар нь ердийн даатгалын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын тусгай зөвшөөрөлтэй “Бодь даатгал” ХХК-тай 2017-2018 оны хооронд, “Т” ХХК-тай 2018-2019 оны хооронд тус тус гэрээ байгуулан хамтран ажилласан. Монгол Улсад урт хугацааны даатгалын тусгай зөвшөөрөлтэй “Нэйшнл лайф даатгал” ХХК дангаараа үйл ажиллагаа эрхэлдэг бол бусад 15 даатгалын компаниуд бүгд ердийн даатгалын тусгай зөвшөөрөлтэйгээр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байна. Даатгагч нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг даатгуулагчийн өмнөөс хүлээх үүрэг хариуцлагыг даатгуулагчтай харилцан тохиролцож даатгалын гэрээг байгуулдаг. Гэтэл “Т” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн гэрээний үүргээс татгалзаж байгаа нь нэг талын ашиг сонирхлыг дээгүүр тавьж, ашгийн төлөө гаргасан үйлдэл гэж үзэж байна. Нэг. “Т” ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-т дээрх даатгалын гэрээг урт хугацааны даатгалд хамаарахаар заасан гэжээ. Гэвч энэхүү “Сайн дурын даатгалын хэлбэр” нь Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор батлагдан мөн адил мөрдөгдөж байсан болно. Даатгалын ерөнхий гэрээний 7.2-т “Даатгагч болон даатгуулагчийн хооронд гарсан даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргаантай асуудлыг гэрээний талууд хэлэлцээрийн аргаар зохицуулахыг эрмэлзэнэ” гэж заасныг баримтлан И ерөнхий газраас “Т” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийхэд даатгагч талын төлөөлөл Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны ... дугаар тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг мөрдөж ажилладаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Хоёр. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2. Урт хугацааны даатгал, 2.5 “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал хамаарна” гэж заасан байдаг. И ерөнхий газар болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан эрүүл мэндийн даатгалын дэд гэрээний даатгалын зүйл нь даатгуулагчийн ажилтны эрүүл мэнд байдаг. Энэ тохиолдолд даатгагч нь даатгалын гэрээний нөхөн төлбөрийг И ерөнхий газарт бус түүний ажилчдын хувийн дансанд шилжүүлдэг болно. Ийнхүү энэхүү даатгалын гэрээ нь урт хугацааны даатгалын хэлбэрт хамаарахгүй юм. Гурав. “Т” ХХК-иас 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнээс татгалзах “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/225 тоот албан тоотыг И ерөнхий газарт ирүүлсэн даруйд гэрээтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороонд “Т” ХХК нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд И ерөнхий газартай эрүүл мэндийн даатгалын гэрээнүүдийг байгуулах даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх талаар 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Тодруулга хүсэх тухай” 02/432 тоот албан бичгийг хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/756 тоот албан бичгийг ирүүлсэн ба уг бичигт “”Т” ХХК нь гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хэлбэрт хамаарах “Хувийн эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаар тогтоолоор бүртгүүлсэн”-ийг тодорхойлж, “Т” ХХК-ийн Хороонд бүртгэлтэй даатгалын гэрээний төслийг хавсралтаар ирүүлсэн. Энэхүү Хороонд бүртгүүлсэн “Даатгалын гэрээний төслийн 9 дүгээр зүйлд “Хувийн эрүүл мэндийн даатгалын нөхцөл”-ийг задлан тусгасан байдаг бөгөөд энэ нь И ерөнхий газар болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний “Даатгалын зүйл, Даатгалын хамгаалалт, Даатгалын нөхөн төлбөр”-тэй тохирч байгаа болно.  Дөрөв. И ерөнхий газар нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчдийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэрээний маргааныг шийдвэрлүүлэхээр 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газарт хүргүүлсэн “Гомдол гаргах тухай” 02/519 тоот албан бичгийн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .............дугаар албан бичгээр ирүүлэхдээ “”Т” ХХК нь гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хэлбэрт хамаарах “Хувийн эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаар тогтоолоор бүртгүүлсэн тул бүртгүүлсэн даатгалын гэрээний нөхцөл шаардлагын дагуу дээр дурдсан даатгалын гэрээг байгуулах боломжтой гэдгийг дахин нотолсон. Иймээс “Т” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хэлцэл гэж заасныг баримтлан гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Тав. И ерөнхий газар нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг ханган эдийн засгийн үр ашигтай, шуурхай дарааллыг бий болгон Нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээллийн болон нислэгийн зөвшөөрөл олгох үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг онцгой байгууллага юм. Энэхүү тасралтгүй ажиллагааг “Эрүүл мэндийн шаардлага”-аар гэрчилгээжсэн тусгай мэргэжлийн нислэгийн удирдагч, инженер техникийн ажилтнууд үзүүлдэг ба 2020 онд тус албаны 168 нислэгийн удирдагч “Т” ХХК-ийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орж, И дүрэм ИНД-67-ын дагуу гэрчилгээжих шаардлагатай 137 нислэгийн удирдагч нар үйлчилгээ авч чадахгүй хүлээж байна. “Т” ХХК-ийн гэрээнээс татгалзсан шийдвэр нь байгууллагын төлөвлөсөн ажил, цаг хугацааг алдагдуулж, нисэхийн аюулгүй ажиллагааг ноцтой зөрчих эрсдэлийг үүсгэж байгаа тул И ерөнхий газар болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан Эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэдгийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Оргил шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооноос авсан даатгагчийн тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн даатгалын хэлбэрт тохирох даатгалын гэрээг даатгагч болон даатгуулагч хоорондоо байгуулах боломжтой. Санхүүгийн зохицуулах хороо 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 58 дугаартай тогтоолоор “Т” ХХК-нд эрүүл мэндийн /арилжааны/ даатгалын хэлбэрээр ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Ердийн даатгалын хэлбэр нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207 дугаар тогтоолоор баталсан гэнэтийн осол, эмчилгээний даатгал хэлбэрийн тайлбарт “Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч, эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна” гэж заасан. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан маргаан бүхий тухайн гэрээнүүд нь ердийн даатгалын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын хэлбэрт хамаарах тул “Т” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгайлан урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. Иймд “Т” ХХК болон И ерөнхий газрын хооронд байгуулагдсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, ............ тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч И ерөнхий газарт холбогдуулан, ““Т” ХХК болон И ерөнхий газрын хооронд байгуулагдсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т” ХХК-иас даатгалын хураамжид авсан 241.500.000 төгрөгийг И ерөнхий газарт буцаан шилжүүлэх, И ерөнхий газраас нөхөн төлбөрт авсан 12.532.929 төгрөгийг “Т” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь зөвхөн 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах дүгнэлтийг хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

И ерөнхий газар болон “Т” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 619919028146-7 дугаар бүхий “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээгээр И ерөнхий газрын 300 ажилтнуудын Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг /40-өөс дээш нас болон доош нас гэж ангилсан/, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ердийн болон архаг хууч өвчин, халдварт өвчин, бүх төрлийн гэнэтийн ослоос шалтгаалсан өвчлөлөөс үүдэн гарах оношлогоо, эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээ, амбулаторийн эмчилгээ, хавдрын эмчилгээ, эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ гэх 7 төрлийн эмчилгээ, үйлчилгээг даатгалд хамруулахаар заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн энэхүү дэд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг гаргаж байгаа боловч дэд гэрээний “Ерөнхий заалт” хэсэгт “Энэхүү дэд гэрээ нь ........... тоот гэрээний хавсралт бөгөөд даатгалын ерөнхий гэрээний хамт хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж зааснаас үзэхэд тухайн дэд гэрээг дангаар нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо нэгдүгээрт “Энэхүү гэрээ нь урт хугацаат даатгалын төрөлд хамаарах тул бид ийм хугацаат даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг аваагүй”, хоёрдугаарт “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 дугаар тогтоолоор баталсан дүрмийн дагуу бид тухайн даатгалын гэрээгээ зах зээл дээр борлуулахаас өмнө Хороонд бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлээгүй” гэжээ.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Даатгалыг урт хугацааны даатгал болон ердийн даатгал гэж ангилна” гэж заасан байх бөгөөд Монгол Улсын хэмжээнд ганцхан байгууллага уг урт хугацааны даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаар талууд маргаагүй.

Харин ““Т” ХХК нь хариуцагч И ерөнхий газартай байгуулсан эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2.5-д заасан урт хугацааны даатгалын хэлбэрт хамаарахаар байна” хэмээн маргаж байгаа боловч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 619919028146-7 дугаар бүхий “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-ний даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт дурдсан 7 төрлийн даатгалын төрөл нь шууд утгаараа тус заалтад хамаарна гэснийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-т ердийн даатгалын ангилалд “Гэнэтийн осол, эмчилгээний даатгал буюу аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч, эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна” гэж заасан байх ба талуудын хооронд байгуулсан эрүүл мэндийн даатгалын дэд гэрээний хавсралт 2-ын агуулгаас үзэхэд энэхүү ердийн даатгалын ангилалд хамаарах үйлчилгээ үзүүлэхээр тусгасан ажээ.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .......3 тоот албан бичгээр И ерөнхий газарт хариу ирүүлэхдээ ““Т” ХХК нь тус хорооноос 2007 оны .. дугаар тогтоолоор бүртгүүлсэн даатгалын гэрээний нөхцөл шаардлагын дагуу дээр дурдсан гэрээг байгуулах боломжтой” гэж дурдсан байна.  

Тэгэхээр урт хугацааны даатгалын төрөлд хамаарах эрүүл мэндийн даатгалын гэрээг 1 жилээс дээш хугацаагаар даатгуулагчтай байгуулахаар ойлгогдож байгаа бөгөөд харин “Т” ХХК-ийн хариуцагчтай байгуулсан эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ нь зөвхөн нэг жилийн хугацаанд хэрэгжихээр заасан байх тул үүнийг “урт хугацааны даатгал”-д хамааруулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот “Даатгалын багц дүрэм”-ийг батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 4.7.1-т “Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь эрхлэх сайн дурын даатгалын хэлбэрт өөрчлөлт оруулах тухай бүр, мөн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулахаас өмнө, даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хэмжээний тооцоолол, эрсдэл, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүд өөрчлөгдсөн тухай бүр Хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн даатгалын бүтээгдэхүүний нөхцөл шаардлага бүхий загвараар тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулна” гэж, мөн 4.7.2-т “Хороонд энэ журмын 4.7.1-д заасан бүртгэлийг хийлгэхдээ “Бөглөх бүрдүүлэх заавар”-ын дагуу энэ журмын 1 дүгээр хавсралт (ГСЗХ04004 маягтын дагуу өргөдөл гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (З)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлсэн байна” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү журмын агуулгаас үзэхэд “Т” ХХК нь И ерөнхий газартай тухайн эрүүл мэндийн дэд гэрээг байгуулахаас өмнө уг гэрээг бүртгүүлэх, эсхүл 2007 оны 58 дугаар тогтоолоор бүртгүүлсэн даатгалын гэрээний нөхцөлөөс өөрөөр тодорхойлсон нөхцөлийг харилцан тохиролцох гэж байгаагаа Хороонд мэдэгдэж, энэ талаар бүртгэл хийлгэх, түүнчлэн уг бүртгэлийг хийлгүүлэх үүргийг “Т” ХХК өөрөө хүлээсэн байна.

Тэгэхээр энэхүү журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр нэгэнт гэрээ байгуулсныг Санхүүгийн зохицуулах хороо хяналт, шалтгалтынхаа явцад илэрүүлэх, холбогдох журмынхаа дагуу хариуцлага тооцох эсэхийг тусдаа шийдвэрлэх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь И ерөнхий газартай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх асуудал биш, ингэж бүртгүүлэхийг “зохих этгээдийн зөвшөөрөл” гэж үзэх боломжгүй.

Мөн И ерөнхий газрыг анхнаасаа хуульд заасан журмын дагуу тендер, сонгон шалгаруулалтыг явуулаагүй хэмээн нэхэмжлэгч маргах боловч уг сонгон шалгаруулалтыг хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх хянах ба харин тухайн сонгон шалгаруулалт нэгэнт хийгдээд “Т” ХХК-тай гэрээ байгуулсан байх тул тендер, сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичгүүдэд шүүх тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Нөгөө талаар, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох ба Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан агуулгаас үзэхэд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад мэдэгдсэн байхыг заасан бөгөөд үүнээс үзвэл “Т” ХХК болон И ерөнхий газрын хооронд байгуулагдсан эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өгөх шаардага байхгүй, харин тухайн талууд өөрсдөө Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байна.

Мөн Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл буюу гэрээ нь Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны баталсан холбогдох дүрэм, журамд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч И ерөнхий газарт холбогдох “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Шүүх хуралдааныг хойшлуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай” хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч И ерөнхий газарт холбогдох “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Шүүх хуралдааныг хойшлуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай” хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                             Í.ÃÝÐÝËÒÓßÀ