| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 197/2025/0407/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/375 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/375
2025 05 27 2025/ШЦТ/375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,
улсын яллагч М.Бамбадорж,
шүүгдэгч Т.А , түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”11-р” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Т ийн А д холбогдох эрүүгийн 2506 02339 0972 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.....................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ............ ны нутаг дэвсгэр, ............ тоотод хохирогч О.Хуягтбаатартай маргалдан толгой, мөр хэсэгт нь заазуурдаж түүний биед тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, мөр, бугалга, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ............ ны нутаг дэвсгэр, ............ тоотод хохирогч О.Хуягтбаатартай маргалдан толгой, мөр хэсэгт нь заазуурдаж түүний биед тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, мөр, бугалга, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Х ын өгсөн: “...Би А ыг машинтай явуулахгүй гэж хориглоод бид хоёр гэртээ буцаад ороход А ын найз гэх З гээд эмэгтэй гэрт зогсож байсан, би гэрт түрүүлээд орсон араас А орж ирээд гал тогооны шургуулганаас ногоон иштэй, дунд зэргийг хэмжээтэй ганц байдаг заазуурыг авахыг хараад багана тойроод зугтаасан чинь араас толгойн дагз хэсэгт 2 удаа цохиод, миний толгойноос их хэмжээний цус гарсан, цусаа хараад эвгүй болсон, толгой эргээд хачин байсан учраас орон дээр хэвтэж байсан чинь А миний зүүн талын мөрөнд 1 удаа тэр заазуур дахин 1 цохиж мөр хэсгээс цус гарсан. Намайг заазуур цохих үед З гээд найз нь байж байсан, хэн нь ч анхны тусламж үзүүлж 103-т дуудлага өгөөгүй. А манай төрсөн дүү Нандинбаатарыг дуудаад дүү ирж байж 103, 102-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Х ын дахин өгсөн: “...Би шүүх хуралдаанд оролцохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн сэтгэцэд учирсан гэм хор тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Солонгын өгсөн: “...Тухайн өдөр би найз А тай уулзъя гэж яриад А ын гэрт нь очихоор болсон ба уулзахад А , М гэдэг эмэгтэйн хамт явж байсан. Би 1 шил вино, 500гр-ын архи авсан. Харин А 1 шил вино авсан. Тэгээд бид нар гэрт нь очиход А ын нөхөр нь гэртээ хоол хийж байсан тэрийг нь идээд 2 шил виног А бид хоёр уусан, нөгөө авсан байсан 500 гр-н архийг М , А ын нөхөртэй хамт хувааж уусан юм. Би гэртээ хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх байсан учраас яараад 2 шил виног ууж дуусаад гэр лүүгээ явсан. Намайг байх хугацаанд А нөхөртэйгөө хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 2624 дугаартай: “...О.Хуягтбаатарын биед тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, мөр, бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...". Дээрх гэмтлүүд нь... Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.А ын яллагдагчаар өгсөн: “...Би маш их гэмшиж байгаа, гэм буруугийн асуудал дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, манай охин удахгүй төрөх гэж байгаа болохоор эмнэлэгт цай шөл зөөх ажилтай байгаа учраас энэ хэргийг маань хялбараар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа, миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Яллагдагч Т.А ын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 91 дэх тал/,
2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй /хавтаст хэргийн 26 дахь тал/, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,260,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан /шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн/ байх тул шүүгдэгч Т.А ыг бусдад төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Т ийн А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.А д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН