Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхад овогт Бавуугийн Дүүрэнжаргалд холбогдох эрүүгийн 201725011603 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-14 гудамж, 214 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Урианхад овогт Бавуугийн Дүүрэнжаргал, /РД:НФ83032619/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Дүүрэнжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхонд Б.Батхүлэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Дүүрэнжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Баянзүрх дүүрэг дэх “Саруул” хотхонд ажлынхаа эгчийнд хоол идсэн. Тэндээс гараад ажлынхаа Батхүлэг эгчтэй маргалдаад шүдэнд нь гэмтэл учруулсан гэв.

Шүүгдэгч Б.Дүүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай байгууллагын хаалтын баяр болоод ажил дээрээ бөөнөөрөө архи уусан. Үүрээр 5 цагт Ялалт, Мөнхжаргал, Сувд-Эрдэнэ, Бат-Ориг нарын хамт Заяа эгчийн гэрт хоол идэх гээд орсон. Тэгээд Заяа эгчийн гэрт 0.75 л хар Чингис архи нэгийг уусан. Тэндээс би ганцаараа гараад дэлгүүрт тамхи авах гээд ороод худалдагч эгчтэй нь маргалдсан. Маргалдаж байтал нэг залуу гаднаас орж ирээд намайг гаръя гээд хатгаад байсан. Ингээд ТҮЦ-ээс гартал араас нэг хүн боохоор нь тавиулах гэж ноцолдож байгаад хохирогч гэх Батхүлэгийг санаандгүй цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хх 32-35 дугаар хуудас/,

Хохирогч Б.Батхүлэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед би ажлынхаа хувцасыг сольчихоод гараад ирсэн чинь үүдний харуул Энхтуяа гэх зүс таних ахыг Дүүрэнжаргал гэх залуу заамдчихсан зогсож байхаар нь би гүйж очоод салгах гээд голоор нь орсон чинь юу ч хэлэлгүй миний нүүр рүү нэг удаа цохисон. Ингээд би цохиулаад манараад доошоо суусан чинь нэг шүд хөдөлгөөн ороод нэг хиймэл шүд нь хугараад уначихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 16-17 дугаар хуудас/,

Гэрч Г.Оюунжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Утасны дугаарыг нь санахгүй байна, над руу залгаад толийг чинь согтуу хүн хугалчихлаа, чи гараад ирэх үү гэхээр нь гараад очсон чинь миний 56-72 улсын дугаартай Приус 20 машины жолооч буюу баруун толийг хугалчихсан нэг согтуу өндөр бор залуу байсан...” гэх мэдүүлэг. /хх 18 дугаар хуудас/,

Гэрч П.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 7 цаг өнгөрч байхад нэг согтуу өндөр залуу ганцаараа хашгираад улаан өнгийн машины толийг хугалчихсан. Би улаан машин дээр очоод эзэн рүү нь залгаж дуудсан. Батхүлэг, жолооч эмэгтэй бид гурвын голоор гарах гэж байгаад шууд намайг тохойлдоод элэг рүү цохиод эргэж хараад Батхүлэгийн үүдэн шүдийг цохисон. Батхүлэгийн амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 19-20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹4905 актадБ.Батхүлэгийн биед 1 шүдний сулрал, уруулд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Дүүрэнжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхонд Б.Батхүлэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Дүүрэнжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Дүүрэнжаргалд холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээр дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Шүүх шүүгдэгч Дүүрэнжаргалд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Дүүрэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.