Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/394

 

 

 

 

 

 

 

 

 2025          06           02                                    2025/ШЦТ/394

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч М.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”11-р” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х  ургийн овогт Д ий Эт холбогдох эрүүгийн 2509 00000 0737 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..........................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............ ” дунд сургуулийн спорт танхимд хохирогч О.М ын нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............ ” дунд сургуулийн спорт танхимд хохирогч О.М ын нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.М ын өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ............  сургуулийн спорт зааланд Дундговь аймгийн 10 жилийн сургуулийн нэг төгсөлтийн найз нөхөд зүс таних залуусын хамтаар волейболын тэмцээнд бэлтгэж заал авч тоглоцгоосон бөгөөд манай төгсөлтийн залуу болох Э нь хамт тэмцээнд бэлдэж буй биднийг хэл амаар доромжлоод байсан тул би Эт хандаж "чи юу гээд бид нарыг харааж зүхээд байгаа юм бэ" гэж хэлэхэд учир шалтгаангүй миний биед халдаж нүүр хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний баруун нүд орчим хөхөрсөн, баруун хацар хавдсан, хамар орчимд зовуурьтай, толгой их хөндүүрлэж өвдөж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/5522 дугаартай: “...О.М ын биед баруун хоншоорын хөндийн урд, гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар  хороо, ............  сургуулийн спорт заланд байхдаа үл ялиг асуудлаас болж М тай маргаан үүсгэн, улмаар зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохиж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Хохирогч О.М ын цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн хохирол төлбөр хүлээж авсан тухай хүсэлт /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Хохирогч О.М ын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

Яллагдагч Д.Эын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 36, 43 дахь тал/,

 

2025 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 50 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн зардалтай холбоотойгоор баримтаар нэхэмжлээгүй боловч яллагдагчаас нийт 12,000,000 төгрөг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 37 дахь тал/, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,160,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан /шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн/ байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Д гийн Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХТҮВШИН