Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

 

 2025         06           05                                    2025/ШЦТ/414

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Х , Г.О , тэдгээрийн өмгөөлөгч Ч.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”12-р” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д  овогт Б ийн Х , Д  овогт Г ы О  нарт холбогдох эрүүгийн 2505 019555 0813 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

.......................................................................................................................

........................................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х , Г.О  нар нь бүлэглэн  2025 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд ..................................................  байрны гадна хохирогч Ч.Ж ын биед хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Г.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х , Г.О  нар нь бүлэглэн  2025 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд ..................................................  байрны гадна хохирогч Ч.Ж ын биед хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-3  дахь тал/,

 

2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ж ын 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би Монгол хэлээр уншиж бичиж бүрэн чадна. Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би найз Д ий хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах таньдаг айлд архи ууж байгаад 2025 оны 3 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд гараад бид 2 гараад манай найз намайг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. ны гадна хүргэж өгөөд явсан. Би нэлээд согтуу байсан болохоор нарын санахгүй байна найзаасаа салснаа санаж байгаа гэр лүүгээ орж байснаа санаж байгаа тэр 2-н дунд юу болж өнгөрсөн эсэхийг санахгүй байна. Өглөө сэрэхэд миний нүд, ам хөхөрсөн, гинж маань алга болсон байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Нэлээн их уусан. Амны дотор тал нэлээд язралттай, зүүн нүд хөхөрсөн, зүүн хацар улайсан, толгойны зүүн талын хэсгээр янгинаж өвдөөд байна, би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-26 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ж ын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: “...Манай найз намайг 2025 оны 3 дугаар сарын 15-ны шөнийн 02 цагийн үед манай гэр болох ..................................................  байр луу орох өгсдөг шатанд дээр хүргэж ирээд зогсож байхад үл таних хоёр залуу над дээр ирээд таныг оруулаад өгье та муудсан байна гэж хэлээд миний хоёр талаас сугадаад шатаар гарсан. Тэр үед манай найз болох Ц.Д  байрны нь хүүхдүүд байгаа байна гэж бодоод тухайн хоёр залуутай намайг үлдээгээд явсан гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад тухайн хоёр залуу намайг согтуу байгааг далимдуулаад тухайн хоёр үл таних залуугийн арай махлаг бололтой, хар өнгийн ноосон малгайтай, залуу нь намайг барьчхаад зуураад гэр лүү оруулахгүй байсан. Тэгээд би тухайн үед гараас мултрах гэхэд тухайн махлаг, хар өнгийн ноосон малгайтай залуу нь намайг миний санаж байгаагаар нэг удаа цохисон. Дараагаар нь тухайн хоёр залуу нийлээд гартаа байсан 2 литрийн хэмжээтэй пивоор миний нүүр хэсэг рүү хоёулаа цохиод байсан. Тэр үед нүдний шилтэй залуу нь намайг газар унагаахад миний дээрээс тухайн хоёр залуу цохиж байснаа зугтаад яваад өгсөн. Тэр үед миний ухаан балартаад газар нийлээн хэвтэж байгаад байрны орцоор орж гэр лүүгээ орсон. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Хацар хэсэг хавдаж шалбарсан. Мөн дух, эрүү хэсэг шалбарч, уруулын дотор хэсэг язарсан байсан. Би тухайн хоёр үл таних хүний биед халдаж зодож цохисон зүйл байхгүй байсан. Би тэр үед зодуулаад босоод ирэхэд миний савхин куртикний зах ханзраад байхгүй болсон. Мөн миний хүзүүнд байсан монетон гинж алга болсон байсан. Би ямар нэгэн эмнэлгийн түргэн тусламж үйлчилгээ аваагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Өөрөөс алга болсон гинж. Мөн би тухайн үед эрүүл мэндээрээ хохирсон байсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Д ий өгсөн: “...Би Ч.Ж  гэх хүнийг би танина бид хоёр найзлаад 6 жил болж байна. Бид хувиараа хамтран барилгын гадна шилэн пасад цэвэрлэгээний компанитай. Би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр найз Ч.Ж ыг гэрээс нь очиж аваад гадуур ажилчдадаа хувцас болон ажлын хүмүүстэй уулзаж байгаад орой 17 цагийн үед ажлын хүний гэр нь болох яармагт гэрт нь уулзаад тэндээ архи ууж байгаад цагийг нь сайн мэдэхгүй байна. Ч.Ж  бид хоёр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан тул дуудлагын жолооч дуудаад миний машинаар хамгийн эхэнд Ч.Ж ыг гэрийнх нь гадаа ирээд оруулж явж байтал араас үл таних хоёр залуу гартаа пиво барьчихсан явж байгаад бид хоёр дээр ирээд манай найзыг шууд ахаа манайд орж ууя гээд хоёр талаас сугадаад дээшээ орц руу нь өгсөөд явсан. Тэгээд тухайн хоёр залууг манай найзыг таньдаг юм байна гэж юм. бодолгүйгээр явуулчхаад. Буцаад дуудлагын жолооч дээр очоод машиндаа суугаад харьсан. Манай найз тухайн надтай уулзах үед хүзүүнд гинж байсан ба орой нь архи уучхаад гэр лүү нь орох үед дуудлагын жолооч манай найзыг юм аа мартав гээд хэлэх үед хүзүүнд нь монетон гинж байсныг нь би харсан. Ямар зүйлээс болоод тэгснийг нь санахгүй байна. Гэнэт гарч ирээд манай найзыг хоёр талаас нь сугадаад орсон. Өөр нэмж ярих зүйл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахлах шинжээч эмч Ц.Бадралын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 725/4438 “...Ч.Ж ын биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүүнд зулгаралт, зүүн хацар, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 3-аас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-51 дэх тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.О ын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн хүний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Х  мен адил Х  тухайн хүний зүүн шанаа хацар хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Би тухайн хүнийг эргүүлж байгаад газар унагаасан. Би тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надаа гэм буруугын асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Тухайн болсон зүйл нь миний буруутай зүйлээс болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Х ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн хүн ямар ч шалтгаангүйгээр бид хоёрыг хаанахын хоёр бацаан бэ гэх зэргээр томроод байхаар нь тухайн хүнийг үгээр явуулж байгаад бүр салахгүй байхаар нь О  бид хоёр нэг нэг удаа нүүр хэсэг рүү цохиж газар унагаагаад явсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Яллагдагч Н.О ын Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 105 дахь тал/,

Яллагдагч Б.Х ын Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн106 дахь тал/,

 

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 107-108, 109-110 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.О , Б.Х  нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ж ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохгүй /хавтаст хэргийн 28 дахь тал/ гэсэн боловч шүүгдэгч нар нь хохирогчид 4,500,000 төгрөг төлж барагдуулсан /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/ байх тул шүүгдэгч Н.О , Б.Х  нарыг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокурорын зүгээс тухайн торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосон санал гаргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “...Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х , Г.О  нарт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийн Х , Д  овогт Г ы О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х , Г.О  нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Х , Г.О  нарт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч Б.Х , Г.О  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х , Г.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХТҮВШИН