Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

                       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгч С.Р-ын өмгөөлөгч С.Н-,

Шүүгдэгч С.З-ийн өмгөөлөгч Е.М-,

Шүүгдэгч С.Р-, С.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Р-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З- нарт холбогдох эрүүгийн 2513000270159 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт С-н Р-, регистрийн дугаар: Б3....;

2. Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар /Ховд/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.х овогт С-ы З-, регистрийн дугаар: Б3.......;

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Р- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацартхаван хавдартай, зүүн доод зовхинд цусхуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтлүүд бүхий гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.З- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславч мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацарт хаван хавдартай, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.Улсын яллагч Я.Д-гаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, шүүгдэгч С.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шинжээч эмчийн зүгээс гаргасан дүгнэлт, мэдүүлгээр хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг хөнгөн болон хүндэвтэр зэрэгт хамаарах хэмээн ангилан тогтоосон. Иймд шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотойгоор нэхэмжилсэн төлбөрийг мөрдөн байцаалтын шатанд 3,000,000 төгрөг, шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэмэлтээр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан баримтаар хохирогч нь нэхэмжлэл гаргахгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах нэмэлт хохирол, хор уршгийн төлбөр байхгүй болно. Хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч А.А- нь эмчлүүлж буй талаар мэдүүлэгтээ дурдсан бөгөөд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зорилгоор явсан тухай нөхцөл байдал тодорхой байна. Иймд хэрэв цаашид тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ шаардлагатай болох тохиолдолд А.А- нь уг зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэх тухай саналыг шүүхэд гаргаж байна. Мөн уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан 30,000 (гучин мянган) төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан тул иргэний нэхэмжлэгчийн хувьд гаргуулах төлбөргүй болохыг дүгнэлтэд нэмж тусгаж байна.” гэв.

 

2. Шүүгдэгч С.Р- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Алдаа гаргасан байна. Шүүхэд дахиж ирэхгүй шүүхээс болон бусад хүмүүсээс уучлалт гуйж байна.” гэв.

 

3. Шүүгдэгч С.З- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэг удаа уучилж өгөхийг хүсэж байна, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

 

4. Шүүгдэгч С.Р-ын өмгөөлөгч С.Н- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч С.Р- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа маргаагүй бөгөөд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид тухайн үед шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд учирсан 4,000,000 төгрөгийн хохирлоос 3,000,000 төгрөгийг уг хэрэгт хамтран холбогдож буй этгээдийн хамт мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан, үлдсэн 1,000,000 төгрөгийг өнөөдөр талууд 500,000 төгрөгөөр тэнцүү хуваан төлж барагдуулсан болно. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд, тухайн үед шүүгдэгч нар архидан согтуурсан байдалтай байсан бөгөөд хохирогчийн зүгээс тэдэнд доромжлол бүхий үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч С.Р- нь тухайн үед хохирогчийн зүгээс хэл амаар доромжилсон, орилж хашхирсан зэрэг зүй бус үйлдэл гаргасан нөхцөл байдал байсны улмаас түүний биед гар хүрч зодсон боловч энэ нь хууль бус үйлдэл болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Тэрбээр цаашид дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй гэдгээ шүүхийн өмнө мэдэгдэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзвэл Ховд аймагт барилгын туслах ажилтнаар ажилладаг, тогтмол орлоготой, ээж болон оюутан дүүгийн хамт амьдардаг бөгөөд ар гэрийн нөхцөл байдлын хувьд ээж нь үйлчлэгч, эмээ нь өндөр настай, өрхийн эдийн засгийн нөхцөл хүндэвтэр байна. Шүүгдэгч өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдож, хорих ял эдэлж байсан ба ял эдлэх хугацаандаа засан хүмүүжүүлэх ангид хамрагдаж, холбогдох сургалтад суусан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн өдөөн хатгасан, доромжилсон байдал нь шүүгдэгчийн уур бухимдлыг өдөөж, улмаар биед нь халдах шалтгаан болсон ч энэ үйлдэл нь хууль бус болохыг шүүгдэгч ухамсарлан ойлгож, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.

 

5. Шүүгдэгч С.З-ийн өмгөөлөгч Е.М- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаарх маргаахгүй байгаа бөгөөд учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2513000270159 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:

6. Иргэн А.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

7. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-19 дэх тал/,

8. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

9. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 91, 133 дахь тал/,

10. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

11. Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

13. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 55-61 дэх тал/,

14. Шинжээч эмч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

15. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дахь тал/,

16. Яллагдагч С.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/,

17. Яллагдагч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэргийг,

 

18. Харин шүүгдэгч С.Р-, С.З-, тэдний өмгөөлөгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн  судлуулаагүй болно

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

20. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Р-, С.З- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

21. Шүүгдэгч С.Р- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацартхаван хавдартай, зүүн доод зовхинд цусхуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтлүүд бүхий гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч С.З- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславч мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацарт хаван хавдартай, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

22. Иргэн А.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

23. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-19 дэх тал/,

24. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй үйлчилгээний газарт ганцаараа очиж үйлчлүүлсэн юм. Энэ хугацаанд би гадаа гарч тамхи татаад зогсож байтал миний хажууд хэсэг залуучууд хоорондоо маргалдаад байхаар нь би “та нар одоо болиоч” гэж хэлсэн чинь саарал өнгийн ноосон цамцтай, хар өнгийн жинсэн өмдтэй залуу над руу дайрахаар нь би түүнээс зугтаж дотогшоо гүйж ортол миний хойноос нөгөө залуу хөөж ирээд намайг барьж аваад миний толгой руу гараараа олон удаа цохиж, миний хувцаснаас минь татаж чангаагаад надтай ноцолдож зодоод байхаар нь тэнд байсан хүмүүс бид нарыг салгаж аваад гадагшаа гаргасан юм. Тэгээд би тухайн залуучуудын явж байсан машиныхан дугаарыг харж авах гэж араас нь гартал дээрх үл таних залуу дахиж над руу дайрч гүйгээд ирэхээр нь би “Думан” руу зугтаж ороход миний хойноос гүйцэж ирээд намайг “Думан”-ы коридорт татаж унагааж байгаад толгой руу болон зүүн талын бөөр лүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон ба тэр үед би байрнаасаа босоод “Думан”-ы үйлчилгээний хэсэг рүү орж текийг давж нөгөө залуугаас салж аваад цагдаад дуудлага өгсөн юм. Мөн тухайн дээрх хувцастай үл таних залуу намайг зодож байхад тэнд байсан хүмүүс салгах гэж байх явцдаа тэр залуутай хамт явж байсан цагаан суурьтай хөх өнгийн цаа бугын зурагтай өндөр нуруутай залуу миний зүүн талын нүд болон хацар луу хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон. Би тэр залуучуудыг огт танихгүй юм байна. Текний цаагуур орж арай гэж тэд нараас зугтаж чадсан. Тухайн залуучуудад зодуулсны улмаас миний үүдэнд шүд хөдөлсөн, тархи толгой хавдаж, зүүн талын нүд хөхөрч хавдсан, хамар мурийсан, цээж болон хүзүүнд цус хүрч зулгарсан гэмтлүүд учирсан байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

25. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Думан бааранд байхдаа С.Р-, С.З- гэх залуу намайг зодож баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал, баруун хацарт хаван хавдартай дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэг зулгаралттай гэмтлүүдийг С.Р- нь маш олон удаа миний толгойны баруун хэсэг рүү гараараа цохиж, мөн газар унагааж байгаад толгой руу хоёр удаа өшиглөж зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Харин зүүн доод зовхи, зүүн хацар зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийн С.З- гэгч нь мөн Думан бааранд байхдаа миний толгой болон нүүрний зүүн хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж зодоод учруулсан. ...Гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Би гэмт хэрэгт өртсөнөөс хойш одоог хүртэл эмчилгээ хийлгүүлж, хохирлоо барагдуулаагүй байна. Надад эмчилгээтэй холбоотой одоохондоо гаргаж өгөх баримт байхгүй. Цаашид биед эрүүл мэнддээ учирсан хохирлоо барагдуулан авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул эмчилгээнээс шалтгаалж хохирлын хэмжээг гаргуулж жич нэхэмжлэх болно..., ...Яллагдагч нар нь миний эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлбөр болгож 3,000,000 төгрөгийг миний ........... дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримтууд байхгүй. Би одоо Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгүүлэх гэж байна. Цаашид 1,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 91, 133 дахь тал/,

26. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед найз Ж.Ж-ийн хамт Өлгий сумын 11 дүгээр багт байх Думан үйлчилгээний газрын бааранд орсон бөгөөд тэнд байхдаа манай Ногооннуур сумын хуурай ах С.Р-той тааралдсан. Улмаар Думан баар дотор С.Р-той юм ярьж сууж байгаад С.Р-, Ж.Ж- хоёр пиво уусан, харин би уугаагүй. Думан бааранд хэсэг сууж байгаад С.Р-, Ж.Ж- бид гурав гэртээ харих гээд гадагшаа гартал бид нарын хойноос цагдаад гомдол гаргасан А.А- гэх залуу гарч ирээд бид нар луу “та нар яах гээд байгаа юм бэ” гэж орилоод Ж.Ж-ийн цээж рүү нэг удаа цохихоор С.Р- болон Ж.Ж- нар нь А.А- гэх залууг дагаж Думан баар луу гүйж орсон. Би тэр үед хамт ороогүй бөгөөд гадаа машиндаа сууж байсан юм. Ж.Ж- С.Р- хоёр 5-6 минутын дараа гарч ирээд машиндаа суугаад яваад өгсөн. Би сүүлд дотогшоо ороогүй болохоор тэнд ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. Ж.Ж-, С.Р- нараас юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл болоогүй л гэж хэлсэн. Мөн С.Р-, Ж.Ж- нарын хамт А- гэх хочтой манай Ногооннуур сумын залуу гарч ирсэн. Тэгээд бид нар машиндаа сууж хөдлөөд гэр гэртээ харих гэж явж байхад Ж.Ж- рүү цагдаагаас залгаж улмаар бид нар цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

27. Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой 20-21 цагийн үед найз Б.Н-ийн хамт гадуур явж байгаад Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Думан бааранд очиж үйлчлүүлсэн юм. Тухайн үед бид хоёр Думан бааранд манай нутгийн залуу С.Р-той тааралдсан. Улмаар Б.Н- бид хоёр С.Р- болон түүний найз С.З- нартай нэг ширээн дээр хамт суугаад С.Р- болон С.З- нар нь пиво уусан бөгөөд уг пивоноос нь би нэг аяга уусан, харин Б.Н- уугаагүй. Тэгээд бид хоёр хамт тамхи татахаар Думан баарны үүдэнд гартал үл таних 2 залуу хоорондоо маргалдаж байсан ба дотроос үл таних залуу буюу гомдол гаргагч А.А- нь гарч ирээд бид нар дайрч “яасан бэ, ямар асуудал болсон бэ?” гэж хэлээд миний цээж рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд С.Р- нь А.А- рүү дайрах үед А.А- нь зугтаад дотогшоо ортол С.Р-, С.З- нар нь араас нь хөөж орсон бөгөөд би ч хойноос нь дагаж орсон. Тэгээд Думаны дотор ороод С.Р- нь А.А-тэй зодолдсон ба ихэвчлэн С.Р- А.А-ийг цохиж зодсон, харин С.З- нь хажуугаар ороод ганц хоёр удаа цохиж зодсон. Харин би С.Р-ыг А.А-ээс салгаж аваад гадагшаа гараад явах гэж байтал А.А- буцаж бид нарын хойноос гарч ирэхээр С.Р- түүнийг хөөгөөд дотогшоо ороод А.А-ийг коридорт гүйж байхад хувцаснаас татаж унагаасан ба А.А- босоод л дотогшоо ороод текний цаагуур орж нуугдсан ба тэр хооронд С.Р- хэд хэдэн удаа цохиж амжсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

28. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай “...А.А-ийн биед баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийпт тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацарт хаван хавдартай, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

29. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 55-61 дэх тал/,

30. Шинжээч эмч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.А-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс баруун хацрын ясны цөмөрсөн хугарал ньХохирлын зэрэгтогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул дангаараа хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал зэрэг гэмтлүүд нь тус бүр Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтэд дурдагдсан бусад гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй, ... Дээрх бүх гэмтлүүд хатуу мохоо болон мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Баруун хацар орчмын хаван хавдар, хацар ясны цөмөрсөн хугарал, тархины доргилт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар орчмын хаван хавдар болон цус хуралт, мөн хамрын таславчийн баруун тийш муурийлт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдэлээр, дээд уруулын хаван хавдар, шүдний сулрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдэлээр тус тус үүсгэгдэх боломжтой, ... Баруун хацар орчимийн хаван хавдар, хацар ясны цөмөрсөн хугарал, тархины доргилт гэмтлүүд нь нийлээд хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна, ... зүүн дээд, доод зовхи, зүүн хацар орчимийн хаван хавдар болон цус хуралт, мөн хамрын таславчийн баруун тийш муурийлт зэрэг гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

31. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яллагдагч С.Р-, С. С.З- нь нар бүлэглэж 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацарт хаван хавдартай, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч А.А- нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 40,000 төгрөгний тусламж үйлчилгээ авсан болох нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/21 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Р-, С.З- нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлжөгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дахь тал/,

32. Яллагдагч С.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз С.Р-той Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төв дээр уулзаж, орой С.Р-той хамт тус сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний газарт очиж үйлчлүүлсэн. Тэр үед бид хоёр Думан үйлчилгээний газарт манай Ногооннуур сумын залуучууд болох Ж.Ж-, Н- нартай тааралдаж, улмаар дөрвүүлээ хамт нэг ширээнд сууж пиво ууцгаасан. Тэгээд байж байгаад Ж.Ж- нь тамхи татах гээд Н-тэй хамт гараад явж байхад түүн рүү үл таних залуу буюу хохирогч А.А- нь Ж.Ж-ийг заамдаж аваад зууралдаж байхыг хараад Ж.Ж-ийг зодох гэж байна гэж бодоод С.Р- бид хоёр хамт тэдгээрийн хажууд очиж салгах гэтэл А.А- нь С.Р- бид хоёр луу дайраад хараалын үг хэлж, хэл амаар доромжлоод байхаар нь С.Р- нь хохирогч А.А-ийг заамдаж аваад түүнийг цохиж эхэлсэн ба тэнд байсан хүмүүс С.Р-, А.А- нарыг салгаж авсан боловч А.А- нь үрэглжлүүлээд бид  нарыг хэл амаар доромжилж дайраад байхаар нь миний уур хүрээд текний урд зогсож байхдаа А.А-ийн зүүн талын нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Түүний дараа бид нар одоо явъя гэж бодоод Думанаас гарч машиндаа суугаад явах гэж байтал А.А- нь бас бид нарын хойноос гарч ирээд бид нар луу хандаж орилоод байхаар нь С.Р-, Ж.Ж- нар нь А.А- рүү гүйсэн бөгөөд А.А- тэр хоёроос зугтаад буцаж Думан руу орсон. Би тэд нарын араас нь ойролцоогоор 5 орчим минутын дараа орсон бөгөөд тэнд үйлчлүүлж байсан хүмүүс С.Р-, Ж.Ж- нарыг аваад гарч байсан. Харин А.А- нь текний хажууд зогсож байсан. Тухайн үед би дотогшоо хоцорч орсон болохоор тэнд юу болсон талаар мэдэхгүй байна. Түүнээс хойш ямар нэгэн асуудал болоогүй. Намайг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсаныг буюу зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин А.А-т нэг удаа гарч хүрч цохисон маань үнэн. Энэ асуудлаас хойш С.Р- бид хоёр хохирогч А.А-т учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаад, түүний өөрийнх нь данс руу нь С.Р- бид хоёр тус тусын данснаасаа 1,500,00 төгрөг, нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/,

33. Яллагдагч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би найз С.З-тэй уулзсан бөгөөд бид хоёр анх Рояал пабд орж хамт пиво ууж байгаад 23 цаг болж байх үед Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Думан бааранд очсон. Тухайн үед Думан бааранд манай Ногооннуур сумын дүү нар болох Ж.Ж-, Н- нар нь сууж байсан. Улмаар Ж.Ж-, Н- нар нь бид нарын сууж байсан ширээн дээр ирж суугаад нэг шил пивоноос жоохон уугаад буцаад гарах гэж байтал Ж.Ж- нь тухайн баарны зөөгчтэй бага зэрэг үл ойлголцол болоод маргалдсан юм шиг байна лээ. Харин тэр үед хохирогч буюу А.А- нь хажуунаас орж ирээд бид нарт хараалын үгийг урсгаж, ямар нэгэн шалтгаангүйгээр хэрүүл өдөөд дайраад хүний үг ойлгохгүй, болиоч гэсэн ч ойлгохгүй байсан учраас би текний урд талд зогсож байхдаа цээж нь рүү нэг удаа цохисон бөгөөд хамт явж байсан Ж.Ж-, Н- нар нь намайг салгаж аваад гадаа гарсан. Тэр үед би тухайн үед өмсөж байсан куртикээ сууж байсан ширээн дээр үлдээгээд явсанаас санаад куртикээ авах гэж дотогш ортол А.А- нь дахиад л хэл амаар доромжилж, үгээр идээд байсан болохоор нь “чи одоо болиоч” гэж хэлээд дахиж нэг удаа цээж рүү нь цохисон. Тэгээд найзууд намайг салгаж аваад гарч байхад А.А- нь бас л орилж хашхираад байсан учраас С.З- нь очиж А.А-ийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Дараа нь бид нар баарнаас гараад машиндаа суугаад явах гэж байтал А.А- бид нар хойноос дагаж гарч ирээд бид нар луу хандаж хараалын үг хэлж, хэл амаар доромжлоод хашхираад байсан учир Ж.Ж- нь араас нь гүйсэн бөгөөд бид нар араас нь дагаж гүйгээд үүдний хаалгаар дөнгөж ороод би А.А-ийг барьж авах гээд цамцнаас татахад газар унаад, дахиж босч ирээд гүйхээр нь араас нь гүйж очоод текийг давах гэж байхад нь нүүр лүү нэг удаа алгадаад, нэг удаа гараа цохисон. Тэрнээс хойш дахиж А.А-ийг зодсон асуудал болоогүй. Машиндаа суугаад явцгааж байхад цагдаагаас залгаж бид нарыг дуудсан. Улмаар бид нар цагдаагийн газарт ирсэн. Намайг Эрүүгийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсаныг буюу зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.З- бид хоёр А.А-ийг нийлж байгаад зодсон асуудал огт болоогүй, Ж.Ж-, Н- хоёр намайг А.А-ээс салгаж аваад явж байтал С.З- нь өөрөө очиж А.А-ийг нэг удаа цохисон. Энэ асуудлаас хойш С.Р- бид хоёр хохирогч А.А-т учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаад түүний өөрийнх нь данс руу нь С.З- бид хоёр тус тусын данснаасаа 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч С.Р- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч С.З- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

34. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

35. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 

Шүүгдэгч С.Р-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд: 

36. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

37. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

38. Шүүгдэгч С.Р- нь хохирогч А.А-ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийпт тархины доргилт, нэг шүдний сулрал, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун хацарт хаван хавдартай, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруулын хаван хавдартай, зүүн эгэм орчим цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.  

 

Шүүгдэгч С.З-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд: 

39. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

40. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

41. Шүүгдэгч С.З- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

42. Шүүгдэгч С.З-ийн үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд үүссэн хохирлын зэрэг тогтоолгох” журмын 3.1.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 3.1.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

43. Шүүгдэгч С.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

44. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хуулийн мэдлэггүй байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон хохирогчийн зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

45. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

46. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

47. Шүүгдэгч С.Р-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч С.З-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх ба хохирогч А.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

48. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А- нь цаашид нэхэмжлэх хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

49.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч С.З-ийн хувьд гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа бөгөөд мөн шүүгдэгч С.Р-ын үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, харин С.З-ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-д мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах, дээрх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг,

50. Шүүгдэгч С.Р-ын өмгөөлөгч С.Н-аас: “...прокурорын гаргасан дүгнэлтийн хүрээнд торгох ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Мөн оногдуулах торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно” гэх дүгнэлтийг,

51. Шүүгдэгч С.З-ийн өмгөөлөгч Е.М-ээс: “...прокурорын эрүүгийн хариуцлагын талаар гаргаж байгаа саналын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч нараас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

52. Шүүгдэгч С.Р- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.З- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

54. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Р-, С.З- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн; 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

55. Шүүгдэгч С.З- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч С.Р- нь урьд нь ял шийтгүүлж байсан болох нь  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

56. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Р-, С.З- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч С.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

57. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-, С.З- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

58. Шүүгдэгч С.Р-, С.З- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

59. Шүүгдэгч С.Р-, С.З- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

60. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Р-, С.З- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х- овогт С-н Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ш.х овогт С-ы З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-, С.З- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-, С.З- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч С.Р-, С.З- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А- нь цаашид нэхэмжлэх хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Р-, С.З- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК