| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0140/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
2025 05 28 2025/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2530000000137 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, Тариалангийн 906 тоот хашаанаас Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хавиргын булаг хүртэлх зайд "Toyota Prius-XW20" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 1,92 хувийн согтолттойгоор жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, Тариалангийн 906 тоот хашаанаас Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хавиргын булаг хүртэлх зайд "Toyota Prius-XW20" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 1,92 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 01 х), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 04 х), 1,92 хувийн согтолттойг харуулсан гэрэл зураг (хх-ийн 05), Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 03-р х), ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 06-11-р х), гэрч О.Баасанжавын мэдүүлэг (хх-ийн14-15-р х), гэрч Б.Хүрэлсүхийн мэдүүлэг (хх-ийн18-19-р х), Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/3Ш/349 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар (хи-йн 46-49-р х), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 38 х) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,92 хувийн промилли спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан, 002677 гэрчилгээтэй зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зураг болон дүрс бичлэгээр баталгаажуулсан, тэрээр 2024 оны 05 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 2024/ЗШ/349 дугаартай шийтгэвэр зэргээр нотлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, Тариалангийн 906 тоот хашаанаас Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хавиргын булаг хүртэлх зайд "Toyota Prius-XW20" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 1,92 хувийн согтолттойгоор замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд тохирсон, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Прокуророос санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх, уг хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч ******* дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР