| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0145/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
2025 06 03 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал
Улсын яллагч Д.Дашням
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530001390152 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг "*******" гэх газар оршин суух хаягтай, урьд
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, *******н овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цаг 28 минутын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг Петровис шатахуун түгээх станцын хойд талын шороон замаар Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж буюу 2,40 хувийн согтолттойгоор замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
2530001390152 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1-2-р хуудас),
Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол (хавтаст хэргийн 5-р хуудас),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8-р хуудас),
"Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан" 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10-р хуудас),
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-19-р хуудас),
Alcotest-7510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24-р хуудас),
Гэрч ******* "...2025 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчимд Эрдэнэцагаан сумын төвийн зүүн хойд захын гэр хорооллоор эргүүлд явж байгаад Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Индранель" хүнсний дэлгүүрийн зүүн талаас гэр хороолол дундаас гарч ирэхэд "Индранель" хүнсний дэлгүүрийн баруун талын засмал замын хажуу талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд приус-20 маркийн цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай гэрлийн шонг мөргөсөн байдалтай зогсож байсан. Тухайн үед очоод тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу очиж хаалгыг нээхэд дээлтэй улаан өнгийн хантаазтай үстэй хурганы арьсан малгайтай залуу согтуу байдалтай байсныг тээврийн хэрэгслээс буулгасан. Ингээд тухайн жолоочийг цагдаагийн тасаг дээр авчирч согтуурал шалгагч драйгерь багаж үлээлгэн согтолтын зэргийг шалгаж тогтоосон. Тухайн үед жолоочийн согтуурлын зэрэг 2,40 хувьтай гарсан. Үүний дараа би ослын газрын үзлэг хийж приус 20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39-р хуудас),
Яллагдагч ******* "... 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай Эрдэнэцагаан сумын "Давааны ар" дор адуучин тэмцээн болсон. Тэгээд тэр орой нь сумын төв рүү би өөрийн эзэмшлийн тоёота приус-20 маркийн ******* улсын
дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 23 цагийн үед орсон. Тухайн үед сумын төв рүү орж бензин тос авчхаад найз гэрээр орсон. Тухайн үед хамт "Хараа" нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд хаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд хөдөө гарах гэж яваад Петровис шатахуун түгээх станцын хойд талд замын хажуу талын шонг мөргөөд зогссон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ тасартлаа согтуу бол байгаагүй. Тухайн явж байсан замаа бүтэн тойрох гэж байгаад шон мөргөөд зогссон. Тухайн үед ойролцоогоор 400-500 метр зайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59-р хуудас)
Шүүгдэгч ******* Цагдаагийн Ерөнхий газрын ТPS сангийн лавлагаа /хх-ийн 107 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 65-76 х /
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЗШ/56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 77-89 х /
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/203 дугаартай шийтгэврийн хуулбар / хх-ийн 94-97 х /
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 х/
Шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102-103 х/
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 сарны 03-ны өдрийн ялын тооцооны хуудас зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цаг 28 минутын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг Петровис шатахуун түгээх станцын хойд талын шороон замаар Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж буюу 2,40 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
"Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан" 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл ,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Alcotest-7510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрч Б.Саейнгэнэний "... дэлгүүрийн баруун талын засмал замын хажуу талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд приус-20 маркийн цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай гэрлийн шонг мөргөсөн байдалтай зогсож байсан. Тухайн үед очоод тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу очиж хаалгыг нээхэд дээлтэй улаан өнгийн хантаазтай үстэй хурганы арьсан малгайтай залуу согтуу байдалтай байсныг тээврийн хэрэгслээс буулгасан..." гэх
Яллагдагч ******* "... хамт "Хараа" нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд хаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд хөдөө гарах гэж яваад Петровис шатахуун түгээх станцын хойд талд замын хажуу талын шонг мөргөөд зогссон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ тасартлаа согтуу бол байгаагүй. Тухайн явж байсан замаа бүтэн тойрох гэж байгаад шон мөргөөд зогссон. Тухайн үед ойролцоогоор 400-500 метр зайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон..." гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.40 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын ТPS сангийн лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/203 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч Б.Батсуурийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цаг 28 минутын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг Петровис шатахуун түгээх станцын хойд талын шороон замаар Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж буюу 2,40 хувийн согтолттойгоор жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ... “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж үлдсэн 2 жил 3 сар 14 хоногийн ял дээр 1 жилийн ялыг нэмж нэгтгэх саналтай байна .. гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь 2025/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар, 02 жил 3 сар 14 хоногийн үлдэгдэл ялтай болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 сарны 03-ны өдрийн ялын тооцоогоор тус тус тогтоогдож байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил сар 3 сар 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******н овогт *******д хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан ******* эдлээгүй үлдсэн 2 жил сар 3 сар 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 (хоёр) жил 9 (ес) сар, 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР