| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04616/И |
| Дугаар | 101/ШШ2022/03559 |
| Огноо | 2022-08-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/03559
| 2022 08 17 | 101/ШШ2022/03559 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Жа-д холбогдох
Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Ч,
Хариуцагч С.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Ч миний бие С.Ж 2008 онд танилцаад 2012, 2013 оны үед дотно харилцаанд орж, том хүүгээ нэг настай байхад нь буюу 2016 оны 5 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ч.О, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ж.Э, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Ж.Гнар төрсөн бөгөөд том хүүгээ төрөхөд нь надаар овоглож, хоёр бага хүү аав С.Ж-аар овоглосон. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй, нөхөр маань архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул одоо тус тусдаа амьдарч байгаа, сүүлийн үед бидний харилцаа хэвийн болж байгаа боловч хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Ж миний бие Т.Ч 2008 онд танилцаж, 7 жил үерхсэн бөгөөд 2015, 2018, 2020 онуудад Ч.О, Ж.Э, Ж.Ггэх 3 хүүтэй болсон, бид 2016 оноос хамтран амьдарсан. Хүү Ч.О ээжээрээ овоглодог бөгөөд миний хүүхэд мөн, ямар нэгэн маргаан байхгүй юм. 2022 оны 4 дүгээр сараас гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдарч, миний бие боломжоороо мөнгөн тусламж үзүүлж байгаа бөгөөд хоорондоо эвлэрсэн, харилцаа хэвийн болсон, гэр бүлээрээ хааяа уулзаж байгаа.
Иймд хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд гомдол санал байхгүй, зөвшөөрч байна гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаартай тодорхойлолт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Т.Ч-ийн иргэний үнэмлэх, 111111111, 00000000, 111111111 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбараа ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ч нь хариуцагч С.Ж-д холбогдуулан хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т.Ч, С.Ж нар нь 2008 онд танилцаж, 2012, 2013 оны үед дотно харилцаанд орж, улмаар тэдний дундаас 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ч.О, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ж.Э, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Ж.Гнар төрсөн, зохигчид нь 2016 оны 5 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн, хүү Ч.О-ийг төрөхөд эх Т.Ч-өөр овоглосон боловч С.Ж нь өөрийн хүүхэд мөн, маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан, зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хүү Ж.Э, Ж.Г нарыг төрөхөд эцэг С.Ж-аар овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хүүхдүүдийн 111111111, 00000000, 111111111 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоогдсон гэж үзнэ.
Зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан байх бөгөөд тодорхой шалтгааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хүүхдүүд насанд хүрээгүй байх ба одоо эх Т.Ч-ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн эмчийн тодорхойлолтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд эцэг С.Ж нь хүүхдүүдийн асрамжийн хувьд маргахгүй гэх тайлбарыг гаргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхдүүдийг төрсөн эх Т.Ч-ийн үлдээж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг С.Ж-аар хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг С.Ж нь хүүхдүүдийг эх Т.Ч-ийн асрамжид байдаг эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй бөгөөд Т.Ч нь С.Ж-ийн хүүхдүүдтэйгээ уулзах зэрэг өөрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ч.О, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Ж.Э, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ж.Гнарыг төрсөн эх Т.Ч-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ч.О, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Ж.Э, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ж.Г нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр төрсөн эцэг С.Ж-аар хүүхэд тус бүрээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 195,060 /нэг зуун ерэн таван мянга жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ч-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ