Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0932

 

 

 

 

 

 

 

 

     2022         12          09                                    128/ШШ2022/0932

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б****

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*****, О.Д*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч С.Б****аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийг томилогдсоных нь дараа цалин хөлсийг бууруулахгүй байх хориглолтыг биелүүлээгүй, буурсан цалин хөлсний зөрүүг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхгүй байгаа, шүүгчийн цалин хөлсний хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуульд нийцүүлж шүүгчийн цалинг бууруулахгүйгээр цалингийн төсвийг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлээгүй, Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг 12 дугаар сарыг бүхэлд нь оруулж тооцон нийт 6,131,490 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах, шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        2.Нэхэмжлэгч С.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилладаг ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс миний цалинг сар бүр 553,000 төгрөгөөр дутуу олгож байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цалин дутуу олгосон учрыг лавлахад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Монгол улсын шүүхийн тухай хуульд заасан цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор цөөхөн шүүгчийн цалин буурч буй асуудал шийдвэрлэгдэнэ, нөхөн олгогдоно гэж тайлбарлаж байсан тул хүлээцтэй хандаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шүүхүүдийн ажилтай танилцан шүүхээр явж уулзалт хийх үеэр мөн цалин буурч олгогдож буй талаар ярьж асуудлыг даруй шийдвэрлэж өгөх асуудлыг тавьж байсан. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлд цалин буурсан асуудлыг шийдвэрлэх, дутуу олгоод байгаа 2,212,000 төгрөгийг олгохыг хүссэн өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй, хариу өгөөгүй болно. Урьдын байдлаар ажиллаж буй шүүгчийн цалинг ямар ч шалтгаангүйгээр бууруулан олгож буй нь шүүгчийн хараат бус байдалд халдаж буй хэрэг билээ. Шүүгчийн цалин нэмэгдээгүй, нэмэгдэл бодох аргачлалаас болж зарим шүүгчийн цалин буурч байгаа бөгөөд хэрэв ингэж тооцоход цалин буурахаар бол төсөв захирагч цалинг хасаж олгох үндэслэлгүй бөгөөд үүнийг дараах заалтуудаар үндэслэж байна . Үүнд:

1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.",

2. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй." шүүгч бидний цалин дараа жилдээ дор хаяж өмнөх оныхтойгоо адилаар төсөвлөгдөж байгаа.

3. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Төрийн албаны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ." 9.2-т " Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин” гэжээ.

Нэхэмжлэгч С.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэлдээ: “Нэхэмжлэгч С.Б**** би Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа доорх эрх зүйн үндэслэлийн дагуу өөрчилж байна. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтооход шүүгч миний цалин хөлс сард 553,000 төгрөгөөр буурч тогтоогдсон билээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шатанд шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй байх зарчим , үзэл баримтлалыг зарим Улсын Их Хурлын гишүүн , Ажлын хэсгээс асуудал дэвшүүлэх явцад " энэ асуудлыг Улсын Их Хурал тогтоол гаргах замаар цалин хөлс нь буурч байгаа шүүгч нарын асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэснийг нь үндэслэн энэ хууль батлагдсан гэж ойлгосон. Энэ ч учраас би Монгол Улсын Шүүхийн тухай хууль батлагдсаны дараа буурсан цалин хөлсний зөрүүг нөхөн олговрын замаар гаргуулан авах хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан боловч миний асуудлыг шийдвэрлэхгүй , хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.

Тодруулбал , бидний мөрдвөл зохих олон улсын гэрээ болох Шүүхийн хараат Бус Байдлын Монтреалын Тунхаглалын 2.21-ийн "б"-д "Шүүгчийн цалин хөлсний хэмжээ нь тэдний эрх зүйн байдал, өндөр нэр хүнд, хариуцлагад тохирсон хангалттай хэмжээнд байх бөгөөд үнийн түвшний өсөлттэй уялдуулан тогтмол тохируулга хийнэ" гэж, 2.21-ийн "с"-д "нийтийг хамарсан эдийн засгийн арга хэмжээ авахаас бусад тохиолдолд шүүгчийн цалинг бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад нь бууруулж болохгүй" гэж, Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээ /Шүүхийн шударга байдлын бүлгэмийн Замбиа улсын Лусака хотноо зохион байгуулагдсан хурлаар батлагдсан/ баримт бичгийн 14-ийн 14.1-т " Шүүгчийн цалин хөлс нь тусгай эрх зүйн байдал , албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой бөгөөд эдгээр хүчин зүйлстэй тохирч байгаа эсэхийг тогтоох зорилгоор тогтмол үнэлж байвал зохино" гэж, 14-ийн 14.2-т "Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэврийн хэмжээг хуулиар баталгаажуулах бөгөөд томилогдсоных нь дараа бууруулж өөрчлөхийг хориглоно" гэж тус тус заасан байдаг. Манай улсын соёрхон баталсан эдгээр Олон Улсын гэрээ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр өндөр хүчин чадалтай үйлчлэх бөгөөд шинэ хууль батлагдсантай холбоотойгоор зарим шүүгчийн цалин хөлс нь хэмжээний хувьд буурсан тохиолдолд дээрх зарчмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авах ёстой юм. Шүүгчийн цалин хөлсийг тогтоох аргачлал өөрчлөгдсөн бол, энэ тохиолдолд дээрх Шүүхийн хараат бус байдлын Монтреалын тунхаглал , Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу "шүүгчийг томилогдсоных нь дараа бууруулж өөрчлөхийг хориглох" заалтын дагуу буурсан цалин хөлсийг өмнө авч байсан хэмжээнд нь тооцож олгох асуудлыг шийдвэрлэх, өөр бусад хууль зүйн шийдлийг олох талаар Улсын Их Хуралтай харилцах шийдвэрлэх ёстой байхад ийм үйлдэл хийхээс татгалзсан нь нэгдэн орсон Олон Улсын гэрээ, тунхаглалыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн бүрэн эрхийн хүрээнд ч асуудлыг шийдвэрлэх боломжтой. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Шүүгчийн албан тушаалын цалин , нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэж заасан. Цалингийн нэмэгдэл тогтоох аргачлал өөрчлөгдөх үед шүүгчийн цалин буурвал бууруулахгүй байх асуудлыг цалин нэмэгдлийг олгох журамд оруулж шийдвэрлүүлэх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөл Их хуралд тавих байсан, тавиагүй байдаг. Мөн түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах үүднээс Шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.1-т зааснаар шүүхийн үйл ажиллагааны төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх, 74.1.3-т заасны дагуу шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй, гэтэл энэ дагуу цалин хөлс нь буурч буй шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсөвт суулгаж шийдвэрлэх боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т зааснаар шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйн улмаас одоог хүртэл хохирсоор байгаа бөгөөд мөнгөн хохирлын хэмжээ нь буурсан цалин хөлсний зөрүүгээр тодорхойлогдож байгаа ба 2022 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын 18 хүртэл хугацааны цалин хөлсний зөрүү 3,483,249 төгрөг, 7 дугаар сарын 18-аас 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтын мөнгөний зөрүү 1005,910 төгрөг , 9 сарын 26-аас 11 сарын 11 хүртэл хугацааны цалин хөлсний зөрүү 993,095 төгрөг, нийт 5,482,254 төгрөг болж байна. Хохирлоо нөхөн төлүүлэх зохицуулалт манай Монгол улсын хууль тогтоомжоос гадна олон улсын баримт бичигт, тухайлбал, "Шүүхийн хараат бус байдлын талаарх Нэгдсэн үндэстний байгууллагын суурь зарчмууд"-ын 16-д Өөрийн хууль бус ажиллагааны улмаас бий болоогүй хохирлын талаар шүүгч төрөөс нөхөн олговрыг үндэсний хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй. Шүүгчид нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амссан мөнгөн хохирлоо нэхэмжлэх хувийн халдашгүй дархан эрх эдэлнэ заасан байна. Иймд Шүүгчийг томилогдсоных нь дараа цалин хөлсийг бууруулахгүй байх хориглолтыг биелүүлээгүй , буурсан цалин хөлсний зөрүүг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхгүй байгаа , шүүгчийн цалин хөлсний хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуульд нийцүүлж шүүгчийн цалинг бууруулахгүйгээр цалингийн төсвийг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлээгүй, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 5,482,254 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах шийдвэрлүүлэх саналаа өргөн барих , олон улсын гэрээ , Монгол улсын Шүүхийн шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү.” гэжээ. 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Анхан шатны шүүхэд гаргасан "Шүүгчийн цалин бууруулж олгож буй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгон, дутуу олгосон цалингийн 3,318,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах хариу тайлбар гаргаж байна . Үүнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүгчийн цалин хөлсийг олгохдоо 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан " Шүүгчид нэмэгдэл олгох журам", Улсын Их Хурлын 2006 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчид зэрэг дэв олгох тухай журам" зэрэг эрх зүйн актыг үндэслэж байсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт "Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна" гэж заасны дагуу ажилласан жилээс хамаарч шүүгчийн цалин нэмэгдэж иржээ. Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ", 46.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно" гэж тус тус заасан. Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор "Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг тус тус шинэчлэн баталсан. Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор тухайн шүүгчийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Шүүгчийн албан тушаалын цалин , нэмэгдлийн хэмжээг Улсын Их хурал тогтоодог бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь батлагдсан хууль тогтоомжийн дагуу цалин хөлсийг тооцож олгох үүрэгтэй юм.

Нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн үндэслэлийн талаар: Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.", 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй" гэсэн заалтууд нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон цалин хөлс авч буй шүүгчийн хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Улсын Их хурлаас Улсын төсөв батлахтай холбоотой харилцааг зохицуулсан тул нэхэмжлэгчийн асуудалд хамааралгүй юм. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 9.1-т "Төрийн албаны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.", 9.2-т "Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүр мөсөн зогсоох үндэслэл болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна. Төрийн албаны зардал бууруулсан гэсэн үндэслэлээр цалин хөлсний хэмжээ буураагүй тул энэ заалт нь тухайн маргааны зүйлд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцож олгохдоо дээрх үндэслэлээр бууруулан олгосон зүйл байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т " төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох," заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл зөрчсөн байна гэсэн үндэслэл гаргасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар нэг захиргааны шийдвэр гаргаагүй бөгөөд энэ зохицуулалт нь албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн албан хаагчийн эрхийг хамгаалсан заалт бөгөөд эдгээр заалтыг үндэслэн цалин хөлсийг бууруулаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 102.1.1-т "ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх" заалтыг зөрчсөн тухайд ижил албан тушаалд ажиллаж буй шүүгчид сүлжээгээр тогтоогдсон ижил цалин хөлс авдаг бөгөөд төрийн алба хаасан хугацаа, докторын зэргээс хамаарч нэмэгдэл хөлс нь өөр байхаар хуульчлагдсан байдаг бөгөөд шүүгчийн цалин нэмэгдэл хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөл бус улсын их хурал тогтоодог байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 102.1.4-т "хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх" заалт зөрчсөн тухайд: Шүүхийн тухай хууль, Улсын Их хурлын тогтоолын дагуу цалин хөлсийг тооцож олгож байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ялгаварлан гадуурхах хууль бус үйлдэл гаргаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7-т "Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэсэн хуулийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль тогтоомжоор тогтоосон эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг бууруулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 114.1-т " Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох цалин хөлс болон үндсэн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор олгоно." хуулийн хэсгийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын тоо хэмжээтэй холбоотойгоор цалин хөлсийг зөрүүтэй олгосон зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-т " Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно." гэснийг зөрчөөгүй буюу нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдол байхгүй байна .

Хөдөлмөрийн тухай хуулийн 127.2-т "Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно." гэснийг зөрчсөн тухайд: Нэхэмжлэлд дурдсан тохиолдолтой холбоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн цалин хөлс буурах болсон шалтгаан нь үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас үүсээгүй бөгөөд энэхүү зохицуулалтаар хамгаалагдсан эрх зөрчигдсөн гэх үндэслэлгүй юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр, захиргааны акт, эс үйлдэхүй гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн цалин хөлсийг тооцож олгохдоо нэхэмжлэгчийн үндэслэл болгосон хуулийн заалтуудыг зөрчиж олгосон үйлдэл хийгээгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5 - д " Энэ хуулийн 52.2.4 - т заасан нэхэмжлэлийн шаардлага , түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна " 52.5.1- т " захиргааны акт , захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох , эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн", 52.5.2 - т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх" гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ямар шийдвэр, эс үйлдэхүйтэй холбоотой болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн цалин хөлс өөрчлөгдсөн шалтгаан нь Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тогтоолоор Шүүгчийн албан тушаалын цалин , нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам шинэчлэгдэн батлагдсантай холбоотой бaЙraa тул нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа "Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтооход шүүгч миний цалин хөлс сард 553,000 төгрөгөөр буурч тогтоогдсон билээ" гэж түүний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг тодорхой дурдсан байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цалин хөлс тогтоохтой холбоотой ямар нэгэн захиргааны акт гаргаагүй бөгөөд эс үйлдэхүй хийгээгүй харин хууль батлагдсантай холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгчийн уг шаардлагаас дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгон дурдсан шүүгчийн хараат бус байдлын талаарх Монтреалын тунхаглал , Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ биш байна. Өөрөөр хэлбэл эдгээр баримт бичгийг заавал дагаж мөрдөхөөр Монгол Улс үүрэг хүлээгээгүй тул хууль зүйн үндэслэл болохгүй юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор шүүгчийн үндсэн цалинг, 2021 оны 04 дүгээр тогтоолоор "Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", " Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг тус тус батлан мөрдүүлж байгаа тул хуулийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн төсвийг боловсруулж, батлуулахдаа шүүгчдийн цалин хөлсний хэмжээг бууруулаагүй. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн асуудал буюу цалин хөлс буурсан асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсантай холбоотой байх тул нэхэмжлэлд дурдсан цалин хөлсний бүрэлдэхүүн өөрчлөгдсөн гэх үндэслэл нь уг заалттай холбоотой биш байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.1 дэх заалтад " Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж , энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх", 74.1.3 дахь заалтад "шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх", 73.4 дэх хэсэгт "Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээтэй хамааралгүй заалт байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчтэй холбоотой буюу эрх зүйн байдлыг нь дордуулсан ямар нэг захиргааны акт гаргаагүй, эс үйлдэхүй хийгээгүй гэж үзэж байгаа ба нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С*****-ийн Б****аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийн цалинг бууруулж олгож буй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгон, дутуу цалингийн 3,318,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргажээ.

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хуулийн заалтуудад нийцүүлж цалин буурч буй шүүгчийн асуудлыг бууруулахгүйгээр шийдвэрлэх арга хэмжээ авах байтал аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, надад учирсан нийт 4,489,159 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар тодруулсан байна.

1.2.Улмаар 2022 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... Шүүгчийг томилогдсоных нь дараа цалин хөлсийг бууруулахгүй байх хориглолтыг биелүүлээгүй, буурсан цалин хөлсний зөрүүг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхгүй байгаа, шүүгчийн цалин хөлсний хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуульд нийцүүлж шүүгчийн цалинг бууруулахгүйгээр цалингийн төсвийг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлээгүй, Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 5,482,254 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах, шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү” хэмээн өөрчилсөн.

1.3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо “Шүүгчийг томилогдсоных нь дараа цалин хөлсийг бууруулахгүй байх хориглолтыг биелүүлээгүй, буурсан цалин хөлсний зөрүүг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхгүй байгаа, шүүгчийн цалин хөлсний хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуульд нийцүүлж шүүгчийн цалинг бууруулахгүйгээр цалингийн төсвийг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлээгүй, Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг 12 дугаар сарыг бүхэлд нь оруулж тооцон нийт 6,131,490 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах, шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү” гэжээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Шүүгчийг томилогдсоных нь дараа цалин хөлсийг бууруулахгүй байх хориглолтыг биелүүлээгүй, буурсан цалин хөлсний зөрүүг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхгүй байгаа, шүүгчийн цалин хөлсний хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуульд нийцүүлж шүүгчийн цалинг бууруулахгүйгээр цалингийн төсвийг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлээгүй, Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Нэхэмжлэгч С.Б**** нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилладаг ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 553,000 /таван зуун тавин гурван мянга/ төгрөгийн цалин дутуу олгож байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж тодруулахад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор цөөхөн шүүгчийн цалин буурч буй асуудал шийдвэрлэгдэнэ, нөхөн олгогдоно гэж тайлбарлаж байсан талаар нэхэмжлэлдээ дурджээ.

            3.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, ашиг сонирхлыг хамгаалах асуудал хариуцсан гишүүн Л.Э*****, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах асуудал хариуцсан гишүүн А.Н***** нарт хандаж “... ердийн байдлаар ажлаа хийж буй хүний цалин хөлсийг бууруулах ямар ч үндэслэлгүй байхад бууруулж олгосон тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс надад дутуу олгосон цалин хөлс болох 2,212,000/553,000х4/ төгрөгийг олгуулж өгнө үү, олгох асуудлыг шийдвэрлүүлж өгнө үү”[1] хэмээн өргөдөл гаргаж байсан болон Шүүхийн ерөнхий зөвлөлд ээлжийн амралтаа авахаас өмнө хандаж байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ч хариуцагчтай холбогдож байсан гэж шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргадаггүй.

            3.3.Харин хариуцагч тал Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргаагүй, шүүхэд хандсан учир шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

3.4.Маргааны гол зүйл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[2] 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна” гэх зохицуулалт Монгол Улсын Шүүхийн тухай хууль[3] батлагдан гарснаар дээрх заалт хүчингүй болсон, үүнтэй холбоотойгоор бодит байдал дээр нэхэмжлэгчийн цалин хөлс буурсантай холбоотойгоор үүссэн асуудал байна.

            3.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-д “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана”, Дөчин есдүгээр зүйлийн 3-д “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, мөн зүйлийн 4-д “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж тус тус заажээ.

            3.6.Шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулж байсан хууль хүчингүй болж, хууль шинэчлэн батлагдсан хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдалд халдах, түүний эрх зүйн байдлыг дордуулах нь хууль тогтоомжид нийцэхгүй тул хэргийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.[4]

            3.7.Тодруулбал, шүүгчийн албаны хараат бус байдлын бүрдэл хэсэгт[5] 1/шүүгчийг бүх насаар нь томилох, 2/шүүгчийн цалинг бууруулахгүй байх, 3/шүүхийн үйл ажиллагааны зохион байгуулалтын ажлыг шүүгч нар хянах, 4/шүүгчийн халдашгүй байдал, 5/шүүгчдийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх нөхцөл, 6/шүүгчийг тэтгэвэрт гаргах нөхцөл, 7/шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, 8/шүүгчийн материаллаг хангамж, нийгмийн хамгаалал зэрэг багтдаг.

            3.8.Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн хууль тогтоогчдын санаа, зорилгыг авч үзэх юм бол Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгаа суурь зарчим болох шүүгчийн цалинг бууруулахгүй байх асуудалд байр суурь нэгтэй байхаас гадна энэхүү асуудлыг хэлэлцэх явцдаа нийт шүүгчдийн эдийн засаг, эрх зүйн байдлыг дордуулахгүйг анхаарч, цалин буурахаар байгаа шүүгчдийн цалин хөлсийг бууруулахгүй байх арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал оруулж ирсний үндсэн дээр шийдвэрлэхтэй холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” гэсэн томьёоллоор баталжээ.

            3.9.Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн цалин хөлс бууруулахгүй байх суурь зарчмыг зөрчиж, хууль тогтоогчийн буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

            3.10.Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн.”, мөн зүйлийн 70.2-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн, тухайлбал 70.2.3-д “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, “шүүхийн санхүү, эдийн засгийг баталгааг хангах” чиг үүрэг нь хариуцагчид хадгалагдаж байна.

            3.11.Түүнчлэн мөн хуулийн 73 дугаар зүйлд Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд бүрэн эрх гэдэг ойлголтод хэрэгжүүлэх эрхээс гадна хүлээх үүрэг давхар агуулагддаг тул хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах, шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь хариуцагчийн үүрэг мөн гэж үзнэ.

            3.12.Хариуцагчаас шүүх хуралдааны явцад “... Энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш Үндсэн хуулийн маргаан байж магадгүй гэж харж байна. Яагаад гэвэл Шүүхийн тухай хууль батлагдахдаа Үндсэн хуульд заасан шүүгчийн эдийн засгийн баталгаа, хараат бус байдлыг дордуулсан гэж харж байна.” гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал байгааг хүлээн зөвшөөрч байна.

            3.13.Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хууль Үндсэн хууль зөрчсөнтэй холбогдуулан маргаагүй, харин хуулийн хэрэгжилтийн явцад Шүүхийн ерөнхий зөвлөл цөөн шүүгчийн тэр дундаа нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал үүссэнийг Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхээр арга хэмжээ аваагүйтэй маргаж байна.

            3.14.Энэ тохиолдолд хариуцагч байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг захиргааны хэргийн шүүх тогтоох бөгөөд шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх нь хариуцагчийн үүрэг атал хариуцагч шүүх хуралдаанд “...Цалин буурсан, цалингийн зөрүү үүссэн гэдэг үндэслэлээр тогтоол гаргах Улсын Их Хуралд хүргүүлж болохгүй. Бид Шүүхийн тухай хуулийг үндэслэх ёстой.” хэмээн хуулийн зохицуулалтыг агуулга, зорилгоор нь биш явцууруулан тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

            3.15.Нөгөөтэйгүүр хэрэв хариуцагчийн тайлбараар Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бол энэ талаар хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүргээ мөн адил биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болно.

            3.16.Иймд нэхэмжлэгчээс хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            4.Энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг 12 дугаар сарыг бүхэлд нь оруулж тооцон нийт 6,131,490 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            4.1.Шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон буюу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүн нь хохирол, эсхүл олгох ёстой байсан цалин хөлс аль нь болохыг тодруулахад хохирол гаргуулахаар шаардаж байгаа болохоо нэхэмжлэгч илэрхийлсэн. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлын дүнтэй маргадаггүй тул захиргааны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосонтой холбогдуулан нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5,648,228.6 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

            4.2.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхдээ шүүхээс шийдвэр гарах хүртэл хугацаагаар биш харин 2022 оны 12 дугаар сарыг бүхэлд нь оруулан тооцож нэхэмжилснээр шүүх шийдвэрлэх боломжгүй, учир нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэдэгт нэхэмжлэгчид учирсан тооцож болохуйц, харагдахуйц бодитой хохирлыг ойлгохоос бус, ирээдүйд олох байсан ашиг орлого зэрэг шууд бус хохирлыг хамааруулдаггүй[6].

            4.3.Харин нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас хохирсон хэвээр тохиолдолд хохирлыг үргэлжлүүлэн нэхэмжлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            5.Шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шаардлагын тухайд:

            5.1.Хэдийгээр Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасныг тогтоосон ч шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

            5.2.Учир нь хариуцагч байгууллагад дээр дурдсан асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх бүрэн эрх хууль тогтоомжоор олгогдоогүй, гагцхүү шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлүүлэх бололцоотой байх тул захиргааны байгууллагын эрх хэмжээнээс давсан асуудлаар даалгах шийдвэр гаргах боломжгүй гэж үзэв.

            5.3.Гэвч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд үлдсэн цөөн хэдэн шүүгчийн цалин хөлс буурч байгаа асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцсэнийг цохон тэмдэглэж, энэ асуудалд өмнөх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн хэлэлцүүлэгт оролцох замаар шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байснаас үл хамаарч хариуцагч байгууллага үргэлжлүүлэн ажиллах ёстой буюу төрийн алба шуурхай, тасралтгүй байх зарчим мөн энд хэрэгжих ёстойг дурдах нь зүйтэй байна.

            6.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, 73.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б****аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 5,648,228.6 /таван сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун хорин найман төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх “Шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА

 

[1] Хэргийн 8-9 дэх тал

[2] 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд энэ хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

[3] Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/, 2021 оны 01 дүгээр сарын 15

[4] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг

[5] Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг

[6] Захиргааны процессын эрх зүй, Гочоогийн Банзрагч, Улаанбаатар, 2019, 217 дахь тал