Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 424

 

С.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар магадлалтай, С.А-д холбогдох 1719001570017 дугаартай эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаярын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мэргэн авой овогт С-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол” зэргийг шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.А-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаярын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/18 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь шүүгдэгч С.А нь бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцоно гэж мэдүүлсээр байхад түүний эрхийг зөрчиж, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.А-ыг өмгөөлөгчгүй оролцуулан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч С.А- шүүх хуралдаанд би бичиг үсэг мэдэхгүй, өмгөөлөгчтэй оролцоно гэсэн санал хүсэлт гаргасан талаар тэмдэглэгджээ.

Мөн магадлалд шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэрэг асуудлыг дахин шалгаж тогтоох шаардлагатай байна гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргийг дараах нотлох баримтуудаар хангалттай нотолж тогтоосон. Тухайлбал:       хохирогч З.Л, гэрч М.М, Д.А, О.Г, Ю.Б, Б.А, Ө.Б, Г.Ц, гэрч Т.Б, Г.Б, Т.О, Х.Х, Л.Б, Г.М, Д.А, Н.Б, гэрч Б.Н, С.Д, Х.М, М.Б, Ю.Б, Б.Н, Ж.С, Ж.С, Ж.Н, Ж.Э, С.О нарын шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч С.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед хохирогчийн гэрээс гараад Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах цэцэрлэгийн хашаанд очсон, уг багт байрлах “Баярлалаа” дэлгүүрээс архи авсан, уг дэлгүүрийн орчим байрлах хогийн цэг дээр дугтуйтай мөнгө хаясныг хог цэвэрлэж байсан хүмүүс олсон гэх үйл баримт нь гэрч О.Г, С.О, Н.О, Н.Н, Л.Б, Ю.Б нарын мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Гэтэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хавтаст хэрэг авагдсан хангалттай нотлох баримтуудаар С.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон байхад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзээгүй, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг, мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэргээс ялгагдах нэг онцлог шинж нь нууц далд аргаар үйлдэгддэгээрээ ялгаатай зэргийг хэрэг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад уг зөрүүг арилгаагүй, хохирлын хэмжээг нарийн шалгаж тогтоож чадаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрэв хяналтын шатны шүүх хэргийг нотлогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж, хохирлын хэмжээг зөв тогтоосон байна. Учир нь хавтаст хэргийн 112 дугаар талд байгаа хохирогч З.Л-ийн мэдүүлэгт дурдсан болон хавсаргасан тооцоогоор нэр бүхий 31 иргэнээс 5,400,000 төгрөг бэлгэнд авсан ба үүнээс жагсаалтын 24 дүгээрт байгаа Төмөр замын гал унтраах анги буюу гэрч Н.Б-ийн мэдүүлэгт дурдсан 175,000 төгрөг, Ш.Б-ийн мэдүүлэгт дурдсан 70,000 төгрөгийг тус тус хасч, хохирлын хэмжээг үндэслэлтэй гаргасан. С.А-ын үйлдэл тогтоогдсон, ямар нэгэн маргаан байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаярын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн С.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1105 тоотод оршин суух З.Л-ийн байшингийн найранд уригдан очихдоо түүний жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээнээс 5,195,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол” зэргийг шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч С.А нь хохирогч З.Л-ийн  байшингийн найранд уригдан очихдоо түүний жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээнээс 5,195,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримтыг мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон байх бөгөөд уг байшингийн найранд уригдаж очсон 31 хүнээс өгсөн мөнгөний талаар мэдүүлэг авч, хохирлын хэмжээг тогтоосон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН