Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/02173

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/02173

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Í.Ãýðýëòóÿà äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí шүүх õóðàëäààíààð, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ................. тоотод байрлах, улсын бүртгэлийн .............., регистрийн .............. дугаартай, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ....................., өөрийн байранд байрлах, Э ерөнхий газарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 21.006.000 төгрөг гаргуулах тухай   нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Л.У  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2016 оны 2 дугаар сард Нийслэлийн Нийгмийн даатгалын газартай “Албан тасалгааны хөшиг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тухайн байгууллагын албан хэрэгцээнд зориулж, чанарын шаардлага хангасан нийт 37 цонхны хөшиг, давхар жалюзын хамт гэрээнд заасан хугацаанд хөшиг нийлүүлэх ажлыг хийсэн. Одоог хүртэл тухайн байгууллагын албан тасалгаануудад ажилчдын тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэн, албан ажлын хэрэгцээг хангаж, ашиглаж байгаа. Гэтэл худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу одоог хүртэл 14.006.000 төгрөгийг төлөөгүй байна. Манай байгууллага нь төрийн байгууллагуудын зохион байгуулалт, өөрчлөлтөөс шалтгаалан худалдсан бараа, бүтээгдэхүүний үнийг авч чадахгүй, олон сар, жилээр хохирч байна. Дээрх хугацаанд манай зүгээс холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч байгууллагатай төлбөр төлөх хугацааны талаар тохиролцож чадаагүй тул дээрх ажиллагаа амжилтгүй болж дууссан. Иймд гэрээнд заасан барааны үнэ 14.006.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, нийт 21.006.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, З.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээг Нийслэлийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд хэн гарын үсэг зурж, баталгаажуулсан нь ойлгомжгүй, байгуулсан хүний гарын үсгийн тайлал байхгүй. Уг гэрээг байгуулснаас хойш ямар байдлаар шаардах эрхээ хэрэгжүүлж байсан нь тодорхойгүй. Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн албан тоотод “Манай байгууллагаас нэхэмжил” гэсэн байгаад үндэслэн дээрх төлбөрийг Э ерөнхий газар төлөх боломжгүй. Уг гэрээ нь 2016 онд байгуулагдах үед хариуцагч байгууллага байгуулагдаагүй байсан бөгөөд үүний дараа балансаар өр төлбөрийг бидэнд шилжүүлсэн баримт байхгүй. Гэрээний үнийг төлөх ёстой талаар санхүүгийн баримт манайд байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хөшигийг манайд хүлээлгэн өгсөн акт болон энэ талаар баримт авагдаагүй. Харин нэхэмжлэгч хэзээ явуулж байсан нь тодорхойгүй буюу он, саргүй, гарын үсэггүй албан бичгүүдийг хэрэгт ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн 2016 онд байгуулагдсан гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дуусгавар болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай байгууллагаас гэрээний үнийн дүнг шаардаж байгаагүй, хэрэгт гаргасан уг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг нь хариуцагч байгууллагад ирээгүй. Иймд гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэнтэй хэзээ байгуулсан нь тодорхойгүй, ямар бараа материалыг хэнд, хэзээ хүлээлгэн өгсөн, уг гэрээний зүйлийг хэрхэн тооцоо нийлж талууд хүлээлцсэн нь тодорхойгүй, ямар балансаар манай байгууллагад уг өр шилжсэн талаар баримтгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч Э ерөнхий газарт холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 21.006.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “З” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 16/03 дугаартай “Албан тасалгааны хөшиг худалдах, худалдан авах гэрээ”-г Нийслэлийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 14.006.000 төгрөгийн үнэ бүхий нийт 37 цонхны хөшиг, давхар жалюзыг нийлүүлсэн, гэрээнд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга гарын үсэг зурж, холбогдох тамга дарагдсан байх тул хүчин төгөлдөр “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзлээ.

Хэдийгээр гэрээнд “Гарын үсгийн тайлал байхгүй” хэмээн хариуцагч маргаж байгаа боловч уг гэрээнд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын гарын үсэг зурагдсан, мөн “Нийслэлийн Нийгмийн даатгалын газар” гэсэн тамга дарагдаж, баталгаажсан байх тул уг хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн хэргийн 9 дүгээр хуудаст “Тооцооны үлдэгдлийн баталгаа №1” гэсэн баримтыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын нягтлан бодогч Ё.Ө, мэргэжилтэн Э.С нар гарын үсэг зурж баталгаажуулан, холбогдох санхүүгийн тамга дарсан байх тул нэхэмжлэгч байгууллагыг “Бараагаа хэнд, хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, хүлээлгэн өгсөн акт байхгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, мөн уг тооцооны үлдэгдлийн баталгаанд “Хан-Уул дүүргийн “Нийгмийн хамгааллын байр”-ны 6-9 дүгээр давхрын нийт 273,8 м.кв талбайн цонхны хөшиг хийлгэхтэй холбоотой өглөг 14.006.000 төгрөг гарсныг харилцан батлав” гэжээ.

Түүнчлэн хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай” тэмдэглэл, мөн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэл тус тус авагдсан байна.

Үүнээс үзэхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь “Монгол Улсын Засгийн газрын А/32 тоот тогтоолоор Нийслэлийн Нийгмийн даатгалын газар нь хоёр хуваагдаж, Э ерөнхий газарт Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын хөрөнгө, өр төлбөрийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-т заасныг үндэслэн ажиллагаа явуулахаас татгалзав” гэж, харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь “... Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өргөдөл гаргагч талын төлөөлөгч Л.У , уригдсан талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр нар хүрэлцэн ирж, ярилцаад үнийн дүнгийн хувьд тохиролцож, төлөх хугацааны хувьд маргаантай байсан учир өргөдөл гаргагчийн төлөөлөгч асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасан тул ажиллагааг амжилтгүй болсон гэж үзэж, дуусгавар болгов” гэжээ.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “З” ХХК нь 2018 оны 7, 8 дугаар сард холбогдох шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байсан болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тасалдсан, мөн зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул нэхэмжлэгч “З” ХХК-ийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/111 тоот албан бичигт “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, залруулга хийх тухай” 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 46 тоот тогтоолоор аж ахуйн материал буюу өрөөний хөшиг 14.006.000 төгрөгийн өртөгтэй хөрөнгийг Э ерөнхий газарт балансаас балансад шилжүүлж, түүний хөрөнгө бэлтгэхтэй холбоотой өглөг буюу өрөөний хөшигний өглөгийг 2017 оны жилийн эцсийн тайлангийн үлдэгдэл хүлээлцэх актаар баталгаажуулж, хүлээлгэн өгсөн болно. Иймд Э ерөнхий газар хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн болно” гэж дурдсанаас үзэхэд хариуцагч Э ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор байгуулагдсан боловч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын зарим эд хөрөнгө тухайн байгууллагад шилжсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Манай байгууллага уг өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй, хариуцагчаар оролцвол зохих этгээд биш” хэмээн маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь “... балансаар өр төлбөрийг бидэнд шилжүүлсэн баримт байхгүй. Гэрээний үнийг төлөх ёстой талаар санхүүгийн баримт манайд байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хөшигийг манайд хүлээлгэн өгсөн акт болон энэ талаар баримт авагдаагүй” гэж маргасан боловч хариуцагч байгууллага өөрөө тайлбарын үндэслэлээ нотолсон холбогдох санхүүгийн баримтаа ирүүлээгүй, өөрөөр хэлбэл, хэрэв Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас тухайн байгууллагад хөшигийг санхүүгийн баримтаар шилжүүлэн өгөөгүй бол энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нь дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Нөгөө талаар, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлын улмаас нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааныхаа үнийг өдий хүртэл хугацаанд аваагүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй байна.

2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 16/03 тоот гэрээний 21.7-д “Төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцоно” гэж талууд тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь гэрээний үүрэг 14.006.000 төгрөгийн алданги 7.000.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасантай нийцсэн байх тул алдангийг мөн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э ерөнхий газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 14.006.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, нийт 21.006.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ерөнхий газраас 262.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-нд олгох нь зүйтэй.

Хэргийн 10-14, 16-18 дугаар хуудаст авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э ерөнхий газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 14.006.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, нийт 21.006.000 /хорин нэгэн сая зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 /хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ерөнхий газраас 262.950 /хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-нд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА