Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 129/шш2021/00192

 

 

                                                                             129/ШШ2021/00192

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ш.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Б-д холбогдох

Газар эзэмших эрхийг өвлүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001 тоот гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн Ш.П- би тус багийн хэсгийн ар гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 700 мкв газар эзэмшдэг. Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. Энэ газарт 2006 оноос хойш өвөлжилж байгаа. Гэтэл миний эзэмшлийн энэ газарт 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан Даваагийн Д.С- гэдэг хүн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан юм байна. Үүнийг би мэдэх боломжгүй. Д.С- нь амьд ахуйдаа тус багийн Налгар гэдэг газар өвөлжилж, хаваржиж байсан. Д.С- нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өвчний учир нас барсан байдаг ба түүний хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр хүүхдүүд нь Иргэний хуульд заасан хугацаанд өвлөгчид өвлөгдөх эд хөрөнгийг буюу газар эзэмших эрхийг хүлээн аваагүй, хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байгаа тул хууль ёсны өв залгамжлагчдыг уг газар эзэмших эрхийг өвлөхөөс татгалзсан байсан гэж үзэж байна. Тэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй. Дээрхи нөхцөл байдал байсаар байтал нотариатын үүрэг гүйцэтгэгч З.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой газар эзэмших эрхийн гэрчилгээг нас барсан Д.С-ийн хүү С.М-ад бичиж олгосон байна. Нотариатын үүрэг гүйцэтгэгч З.Б-нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д заасны дагуу Өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдлийг хийх эрхгүй атлаа энэхүү нотариатчийн үйлдлийг хийж Д.С-ийн Мөнхбатад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, энэ нь хууль зөрчсөн бусдад илт хууль бус давуу байдал олгосон үйл ажиллагаа юм. Энэ үйлдлээс шалтгаалан миний газар эзэмших эрхэд сөргөөр нөлөөлөх байдал үүсээд байгаа. С.М- болон бусад Д.С-ийн өв залгамжлагчид түүнийг нас барснаас хойш хугацаанд газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаагүй. Харин Д.С-ийн дүү болох Улаанбаатар хотын харъяат иргэн Д.Халзан нь Эрдэнэмандал суманд ирж мал маллах болсноор түүний санал санаачилгаар өвлөхөөс татгалзсан газар эзэмших эрхийг өвлөх хүсэлт гарсан, үүнийг өвлөх эрх олгох нотариатын үйлдэл хийх эрхгүй нотариатын үүрэг гүйцэтгэгч хийж олгосон нь буруу гэж үзэж байна. Энэ нь эхнээсээ хуульд заагаагүй эрх эдэлсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Өвлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь авах, түүнийг олгосонтой холбоотой баримт, бүртгэл нь төрийн албан хаагчид байгаа, шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт тавьж нотлох баримтаар гаргуулан авах хүсэлттэй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын тамгын газрын дарга буюу нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-ийн Монгол овогт Даваагийн Д.С- нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан учир өвлүүлэгчийн хүү болох Монгол овогт Д.С-ийн Мөнхбатад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул  багийн Хайлаастайн амын хэсгийн ар хэмээх газар байршилтай малын хашаа /өвөлжөө/ зориулалттай 700 мкв талбайтай газар эзэмших эрхийг өвлүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр” гэсэн огноогоор бичиж олгосон 001 тоот гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд нотариатын үүрэг гүйцэтгэгч З.Б-миний бие 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн сумын Засаг даргын 68 дугаартай захирамжаар аав Д.С-т олгосон газрыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Алаг-Уул багийн иргэн Д.С-ийн Мөнхбатад өвлүүлэх эрхийн гэрчилгээг олгосон. Д.С- нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Уг малын хашаа /өвөлжөө/-ны зориулалттай газар нь нэхэмжлэгчийн хашааны газартай ямар нэгэн давхцал байхгүй талаар аймгийн ГХБХБ-ын газрын холбогдох мэргэжилтэнүүдийн дүгнэлт болон удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон үйлдэл юм. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд сөргөөр нөлөөлөх байдал үүсээгүй бөгөөд газар эзэмшигчид илт хууль бус давуу байдал олгоогүй. Тухайн маргаан үүсгэж байгаа иргэдийн газар эзэмшлийн асуудалд миний бие аль нэг этгээдэд давуу байдал олгох болон нөлөөлөх эрх, санал бодол байхгүй бөгөөд уг газрыг эзэмших өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч З.Б-2021 оны 01 сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр зөвшөөрч байгаа. Нэгдүгээрт эдгээр хүмүүс эв зүйгээр зохицох боломжууд хангалттай байсан. Хугацаа ч хангалттай байсан. Энэ хоёр хүний маргаан өнөөдөр эхэлж байгаа маргаан биш. Сүүлийн 2, 3 жил үргэлжилж байгаа маргаан. Энэ нэхэмжлэлийг өмнө нь Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан. Тэгээд нэхэмжлэлээ татаж авч байсан. Хоёрдугаарт эдгээр хүмүүсийн дунд надад ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ ний нуугүй гэдгээ илэрхийлж байна. Энэ үйлдлийг хүчингүй болгоход цаад талын хүмүүс гомдлоо гаргаад иргэнийхээ журмаар асуудлаа шийдүүлээд явна биз. Би энэ хоёр хүнээс болж нилээн олон удаа шүүх хуралдаанд дуудагдсан. Өмнө нь сумын Засаг даргад маш олон удаа дуудагдсан. Төрийн албан хаагчийн хувьд л явж байна. Иргэн хүний хувьд залхаж байна. Тухайн үед би яагаад энэ үйлдлийг хийсэн гэхээр надад хоёр хүчин зүйл байна гэж үзэж байна. Нэгдүгээрт хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг би мэдээгүй байсан, хоёрдугаарт би хагалгаанд орсон. Би хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг тухайн үед мэдээгүй байсан, хоёрдугаарт тухайн үед миний өөрийн бие муу хагалгаанд орох байсан учраас хүний ажил удаах юм даа гэдэг үүднээс хийж өгсөн. Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өв залгамжлалын гэрчилгээ олгосон. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Улаанбаатар хотод Улсын 2 дугаар эмнэлэгт хэвтэж яаралтай хагалгаанд орсон. Тэгээд намайг хот явах гээд ажил дээр юмаа цэгцлээд байж байхад орж ирсэн. Би хот яваад хагалгаанд орох нь тодорхой байсан учраас хүний ажлыг маш удаан хугацаанд удаах юм байна гэж бодоод хийж өгсөн. Ийм л үйлдэл гэжээ.

Нэхэмжлэгч Ш.П- 2021 оны 03 сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нотариатаар өвлүүлэх эрх сэргээснийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Д.Халзан гэдэг хүн зүв зүгээр байж байгаад ноднин 2019 онд намар 11 дүгээр сард гарч ирэнгүүтээ шууд манай хүүгийн гэрийн гадаа хашаа барьж буусан. Тэгээд өвлүүлэх эрхээ сэргээлгэж, тэгээд бидний эрхийг хууль зөрчиж зөрчөөд байна. Урьд өмнө нь амар тайван, сайхан амьдарч байхад энэ хүн дүү нараа уруу татсан. С.М- нь зүв зүгээр ээжтэйгээ хамт Баянгол гэх өөр газар өвөлжиж байсан. Гэтэл энэ хүн гэв гэнэт уруу татаж хууль зөрчиж өвлөх эрхээ сэргээсэн байх магадлалтай гэж үзэж байна. Зүв зүгээр сайхан амьдарч болоод байж байхад, аав нь нас бараад 7, 8 жил болж байгаа. Д.С- амьд сэрүүн байхдаа ч тухайн газар хашаа бариагүй байсан. Гэнэтхэн энэ хүн хүрч ирж, өвлүүлэх эрхийг сэргээж, миний эрхийг зөрчөөд байна. Би үүнийг хууль зөрчсөн, Ж.Батмөнх эд нар хуйвалдсан байх гэж хардаж байна. Аягүй бол хахууль авсан ч юм уу, гэхдээ хэн мэдэх вэ? би ямар харсан биш, тэгж хардаж байна. Тэрнээс өвлүүлэх эрх сэргээгүй байсан бол энэ асуудал гарахгүй байсан. Зүгээр одоо амьдардгаараа амьдарч байх байсан. Би эд нарыг зүгээр сайхан зайтай өвөлжөөгөө бариад бууж байсан бол би юм ярихгүй. Заавал манай хүүгийн гэрийн үүдэнд хашаа барьж, тэгээд хэл амаар доромжилж, хүүхдүүд нь хонь малаа аваад зайл гэж элдэв бусаар доромжилдог. Тэгээд энэ намар манай хүүхдийн толгойг цоо цохиж хаяад, бид нарт өвөлжөөн дээрээ буух ямар ч боломж байхгүй, бид нар намаржаан дээрээ хүйтэнд даарч өвөлжсөн. Наана чинь зураг нь байгаа. Манай хүүгийнх манайхтай айл. Одоо ч гэр нь байгаа. Манай хүүгийн эхнэр 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Одоо хүртэл тэр хүүхэд нь ирж чадахгүй байна. Дөнгөж төрсөн нярай хүүхэд гэртээ ирж чадахгүй байна. Та нар бодоод үздээ эмэгтэй хүмүүс байна. Манай бэр одоо хүртэл ирээгүй. Тэр багийн дарга н.Түвшинсайхан, хэсгийн дарга нар бүгд мэдэж байгаа. Одоо хүртэл нялх хүүхэдтэй хүн гэртээ ирж чадахгүй байна. Та нар боддоо, эмэгтэй хүмүүс байна. Ингэж миний эрх зөрчигдөж байна. Зүв зүгээр Улаанбаатарт ажлаа хийж байсан хүн хүрч ирээд дүү нараа уруу татаж, зүгээр байж байсан хүмүүсийг авчирч, би буух газраа бууж байна гээд. Үнэхээр Д.Халзан гэдэг хүний аав нь Д.С- гэдэг хүн өөрсдөө хүрч ирээд, Социализмын үед мал маллаж байсан бол би ярих вэ дээ. Би жаахнаасаа 14, 15 наснаасаа аавтайгаа хамт мал маллаж, түүнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа. Зах зээл гэж гарч 1989 онд агент болсон. Би  тэрнээс хойш хувиараа мал маллаж, 2006 онд өөрийнхөө бууцыг сэргээж хашаа барьж байсан. Манайхыг хашаа барихад нэг ч хашаа байгаагүй. Тэгээд ийм л юм болоод байна. Үүнийг үнэн зөв шийдэж, бид нарыг амар тайван сайхан амьдруулах талаар та нар хуулийнх нь дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Миний жаахан мэндэлсэн хүүхэд одоо болтол гэртээ ирээгүй Улаанбаатар хотод байна. Сая би авчрах гэсэн яаж авчрах вэ дээ, гэр орон, ийм хүйтэн газар, нялх амьтан, дөнгөж 2, 3 сар хүрч байгаа нялх амьтныг авчраад яах вэ гээд, одоо хотод байгаа. Ирж чадахгүй байна. Ингээд миний эрх иймэрхүү маягтай зөрчигдөөд байж байна. Хуулийнх нь дагуу шийдэж өгнө үү гэжээ. 

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.П- “Газар эзэмших эрхийг өвлүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001 тоот гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд бичгээр өгсөн болно. Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бөгөөд зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй болно.

            Нэхэмжлэгч Ш.П- нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-уул багийн Хэсгийн ар гэх газар малын хашаа, өвөлжөөний зориулалтаар 700 мкв газар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000695107 дугаартай гэрчилгээгээр / хх-89х/ тогтоогдож байна.

            Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-уул багийн Хайлаастайн амны Хэсгийн ар гэх газар байршилтай малын хашаа, өвөлжөөний зориулалттай 700 мкв газрын газар эзэмших эрхийг Монгол овогт Даваагийн Д.С- 2013 оны 12 сарын 07-ны өдөр нас барсан учир хүү Монгол овогт Д.С-ийн Мөнхбатад өвлүүлсэн өвлөх эрхийн 001 дугаартай гэрчилгээг 2020 оны 01 сарын 10-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан

- 2020 оны 01 сарын 10-ны өдөр гэсэн огноотой 001 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний эх хувь / хх-60х/

-2019 оны 01 сарын 10-ны өдөр гэсэн огноотой 001 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулаагүй хуулбар хувь / хх-59х/

- 2020 оны 01 сарын 08-ны өдөр гэсэн огноо бүхий  Д.С-ийн Мөнхбаяр, Д.С-ийн Наранцэцэг нарын “ Өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлт” /хх-63-64х/

- 2020 оны 01 сарын 09-ны өдөр гэсэн огноо бүхийн Хажидын Бадамхандын “ Өвлөх эрхээс татгалзах тухай” хүсэлт /хх-65х/

- 2020 оны 01 сарын 08-ны өдөр гэсэн огноо бүхий С.М-ын “Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт” / хх-66х/

-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 151/00077 дугаартай “Монгол овогт Даваагийн Д.С-ийг нас барсныг бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа” / хх-69х/

-Монгол овогт Даваагийн Д.С-т Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрт Алаг-уул багийн Хайлстайн амны Хэсгийн ар гэх газар малын хашаа, өвөлжөөний зориулалтаар 700 мкв газар эзэмшүүлэхээр 2012 оны 05 сарын 17-ны өдөр олгосон 0248860 дугаартай гэрчилгээ / хх-71х/ зэрэг баримтууд болон хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, 2021 оны 01 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

 Архангай аймгийн Эрдэнэмандал сумын газрын даамлын 2021 оны 02 сарын 03-ны өдрийн тодорхойлолт болон 6515002601, 6515000695 нэгж талбарын дугаартай кадастрын зургуудаар /хх-105-107х/ нэхэмжлэгч Ш.П-гийн эзэмших эрхийн гэрчилгээтэй Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-уул багийн Хайлстайн амны Хэсгийн ар гэх газар байршилтай 700 мкв газар болон өвлөх эрхийн гэрчилгээгээр С.М-ад эзэмших эрхийг өвлүүлсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-уул багийн Хайлстайн амны Хэсгийн ар гэх газар байршилтай 700 мкв  газар нь хоорондоо давхцахгүй болох нь тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч Ш.П-гийн эрх ашиг хөндөгдөөгүй мэт боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “С.М-ад Хэсгийн ар газар газар эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосноос би хаваржаан дээрээ өвөлжиж өвөлжөөний газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна” гэж тайлбарлаж байгаа болно.

             

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй бөгөөд үүнийг зөрчиж хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийг өвлүүлсэн 001 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэл хийжээ.

 

Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо 2019 оны 01 сарын 20, 2020 оны 01 сарын 20 гэсэн огноо бичсэн 001 тоот гэрчилгээ олгосон байх бөгөөд хариуцагч 2021 оны 01 сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ Би хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг тухайн үед мэдээгүй байсан, хоёрдугаарт тухайн үед миний өөрийн бие муу хагалгаанд орох байсан учраас хүний ажил удаах юм даа гэдэг үүднээс хийж өгсөн. 2020 оны 01 сарын 10-ны өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-йн 001 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 01 сарын 10-ны өдөр олгож буй үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг зөрчсөн, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдол байсан боловч нотариатын үйлдэл гүйцэтгэсэн байна. Иймд Нотариатын  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасныг баримтлан шүүх сонирхогч этгээд болох Ш.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-ийн “Газар эзэмших эрхийг өвлүүлсэн 001 тоот өвлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 01 сарын 10-ны өдөр олгосон” нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч З.Батмөнхөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах санал гаргаагүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан хариуцагч З.Б-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Ш.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-өөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.П-д олгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.1.6, 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг баримтлан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газрын дарга бөгөөд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч З.Б-ийн “С.М-ад 2020 оны 01 сарын 10-ны өдөр өвлөх эрхийн 001 тоот гэрчилгээ олгосон” нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-өөс  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.П-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН