| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0109/э |
| Дугаар | 2025/ШЦТ/124 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/124
2025 05 28 2025/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ы *******д холбогдох 2526000000125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, ****настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, "****** цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д ц**** ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн *****тоотод оршин суух хаягтай,
Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан **** овгийн Б*Ц /РД:ЙИ*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар 02-20 ӨВР улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1. Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Б.******* нь 0220 ӨВР улсын дугаартай тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож явсан. Драгер багаж үлээлгэх гэхэд шалгуулахгүй гээд зайлсхийсэн. Тухайн жолоочоос юу уусан талаар асуухад пиво уусан, 500 метр зайд тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
2. Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд "... Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр драгер багаж үлээхээс татгалзсан..." гэсэн /хх 4-5-р хуудас/,
3. Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл /хх 6-р хуудас/,
4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-р хуудас/,
5. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 32-40-р хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “..Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан цаг хугацаандаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт гэрч Б.******* буюу цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ шүүгдэгч Б.*******г зогсоож шалгасан. Улмаар саатуулсан ажиллагаатай холбоотой мэдүүлэг, согтуурлыг багажаар шалгах гэхэд татгалзаж байгаа тэмдэглэл, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл, мөн өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх шүүхийн шийтгэх тогтоол, мөн согтуурлаа шалгуулахаас татгалзаж байгаа дуу дүрсний бичлэг зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогддог. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж үздэг. Энэ тухайд шүүгдэгч Б.******* нь согтуурал шалгах багажийг үлээхээс татгалзсан шалтгаанаа тодорхой тайлбарладаггүй. Гэхдээ тухайн цаг хугацаанд пиво уусан, машин бариад 500 метр явсан гэдэг тайлбарыг хэлдэг. Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.. ” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:”... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхэлж оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаан нь шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгосон тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Үүнийг үндэслэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруугийн асуудал дээр тусгайлсан санал байхгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэл нь өөрөө согтуурал шалгасан тэмдэглэл, дуу дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа учраас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэсэн саналтай” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар 02-20 ӨВР улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх” үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Б.******* нь 0220 ӨВР улсын дугаартай тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож явсан. Драгер багаж үлээлгэх гэхэд шалгуулахгүй гээд зайлсхийсэн. Тухайн жолоочоос юу уусан талаар асуухад пиво уусан, 500 метр зайд тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд "... Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр драгер багаж үлээхээс татгалзсан..."гэсэн /хх 4-5-р хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл /хх 6-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 32-40-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцоо хүргүүлэх тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “.Шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух нутаг дэвсгэр буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгч Б.******* нь урьд шүүхийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ба тус шүүхийн шийдвэрээс 2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлж дууссан. Харин 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан үлдэгдэл ял байна. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын эдлээгүй үлдсэн ял нь 1 жил 1 сар 16 хоног байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.*******г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг түүний оршин суух нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 1 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар хасах ял дээр түүний эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 16 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн дуу, дүрсний бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах саналыг мөн гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:”... Шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас дараах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Шүүгдэгч Б.*******гийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бусдад төлөх төлбөргүй, өөрийн буруутай үйлдлээ дүгнэж хойшид засарч хүмүүжих боломжтой зэрэг хувийн байдлыг нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байна. Учир нь улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд шүүгдэгч Б.******* нь тодорхой албан тушаал, ажил төрөл эрхэлдэг, өөрийн гэсэн орлоготой. Хувийн байдлын тухайд цаашид засарч, хүмүүжих боломжтой. Ажлын тухайд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс хязгаарлах хэмжээгээр ажил төрөл хийдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ял нь эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс тэнсэх саналыг гаргаж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдалд тохирч байна гэж үзэж байгаа боловч шүүгдэгчийн тухайд тодорхой төрлийн ажлыг ажил олгогчийн тушаалаар томилогдож, тодорхой хэмжээгээр цахилгаан түгээх хязгаарлалтын ямар нэгэн байдлаар гэмтэл гарч байгаа тохиолдолд тухайн бүрэлдэхүүнд орж ажиллах хэмжээний албан тушаалтан учраас энэ зорчих эрхийг хязгаарлах ялын радиусыг давах хэмжээний ялын төрөл байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчид тохирох боломжгүй. Өөрөөр хэлбэл ял шийтгэлийг шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байдлаар буюу өөрийнх нь эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр ял оногдуулах ийм зарчим Эрүүгийн хуульд заасан байдаг. Ийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял нь эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа учраас шүүгдэгчийг тэнсэх ийм боломж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялын санкцитай байгаа учраас эрх зүйн байдалд нь тохируулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанаас хэтрүүлэхгүйгээр тэнсэх боломжтой учраас энэ дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт холбогдуулж шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн тухайд прокуророос өмнө болон одоо байгаа үйлдэлд нь холбогдуулаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацааны тооцоог гаргасан байгаа учраас үүн дээр өмгөөлөгчийн зүгээс 1 жил 1 сар 29 хоногийн хугацаан дээр энэ үйлдэл дээр нь 1 жилээс хэтрүүлэхгүйгээр нэмж 2 жил 2 сараас хэтрүүлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг оруулж байна” гэсэн дүгнэлтийг
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан эсэх хайлтаар (хх-ийн 18-27 дугаар хуудас) шүүгдэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эрх хасах ялаа эдэлсэн гэсэн мэдээлэл дурдагдсан байх тул шүүгдэгчийг шүүх хуралдаан болох өдөр хүртэл 04 сар 01 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаа эдэлсэн гэж тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 01 сар 29 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг, мөн хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн байгаа ч шүүгдэгчийн хувийн байдал, өмнө Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхэд ял шийтгүүлсэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ы *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солих болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА